Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0514/Э |
Дугаар | 2022/ШЦТ/549 |
Огноо | 2022-05-24 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Амармөрөн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/549
2022 5 24 2022/ШЦТ/549
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:185/2022/0514/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
улсын яллагч Б.Амармөрөн,
шүүгдэгч С.Э, С.М /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.М, С.Э нарт холбогдох эрүүгийн 2209000180811 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, "..." бааранд менежер ажилтай, урьд өмнө нь ял шийтгэлгүй, ам бүл 2, ... хотхонд оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... тоотод оршин суудаг, С.Э /РД:/
Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажи хийлгэх ял шийтгүүлж байсан, ам бүл 2, ... хотхонд оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... тоотод оршин суудаг, С.М /РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч С.Э, С.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах “...” зочид буудалд хохирогч М.Т-ийн нүүр хэсэгт гараараа, толгойн хэсэгт архины шилээр цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирогчид гаргаж өгсөн баримтын дагуу эмчилгээний төлбөрт 300.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч М.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зүс таних С.М-тэй чатаар харилцаад уулзахаар болоод өөрийн найз болох Дөлгөөн, Мөнгөншагай нарыг дуудаад Модны-2-т байрлах нэрийг нь мэдэхгүй Паб-д Мөнгөншагай, Дөлгөөн, С.М нартай пиво ууж суугаад тэгээд тухайн газраас харих төлөвлөгөөтэй байж байсан чинь С.М-н ихэр болох С.Э нь залгаад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд байна хүрээд ир гээд дуудсан. Тэгэхээр нь Дөлгөөн, Мөнгөншагай, С.М нарын хамт тухайн зочид буудалд очсон. Тэгээд очиход С.Э байж байсан бид нар нийлээд тухайн зочид буудлын өрөөнд 0,75 граммын Соёрхол нэртэй архи 2 шилийг хувааж ууцгаасан. Тэгээд удалгүй Дөлгөөн Мөнгөншагай хоёр унтаад өгсөн байсан. Тэгтэл гэнэт С.Э миний толгойруу архины шилээр 2-3 удаа цохисон, тэгсэн миний толгой хагараад нил цус гоожсон, уг архины шил миний толгойг цохиход хагарсан, хагарсан шилээр С.Э нь миний гар нуруу хүзүү орчмоор зүссэн. С.Э бол гар хөлөөрөө намайг цохиогүй дан шилээр зүссэн, С.М нь миний нүд хамар хэсэгт 1-2 удаа өшиглөөд хамар хугалж, нүдний ухархай хэсэгт гэмтэл учруулсан. С.Э архины шилээр миний толгой руу цохисноос болоод хариу үйлдэл үзүүлж чадахгүй байсан. С.М миний нүүр хэсэгт 1-2 удаа өшиглөж гэмтэл учруулсан. Нүдний ухархай цөмөрсөн, хамрын үзүүр хугаралтай, хоёр бугалга орчимд оёдолтой, хүзүү гарын хэсэгт зүсэгдсэн сорвитой байна. Толгой өвдөж байгаа" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 80 дугаартай: "...М.Т-ийн биед хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хана хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүсэгдсэн шарх, зүүн гарын 1-р хуруу баруун, зүүн бугалга, зулайн хуйх, нурууны зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-39 дэх тал)
Яллагдагч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...М.Т С.М бид хоёр руу архины шилийг пааран дээр хагалаад хоёр бацаан овоо болчихжээ бөгсөнд чинь хатгаад өгье гэхээр нь ширээн дээр байсан шилийг барьж аваад М.Т-ийн толгой руу хагалаад гарыг нь зүссэн юм. Тэгээд байж байтал С.М хажуу талаас орж ирээд М.Т-ийн нүүр рүү өшиглөөд хаясан юм. Тэгсэн Мөнгөншагай нь гарч зугтаад улмаар буудлын үйлчлэгч цагдаа дуудсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4 дэх тал)
Яллагдагч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгж байтал М.Т архины шил хагалаад хоёр дүү овоо болжээ зүсээд хаячихъя гэж хэлсэн. Тэгсэн чинь С.Э архины шил барьж аваад М.Т-ийн толгой руу цохиод улмаар би гүйж очоод М.Тийн нүүр рүү 1 удаа өшиглөсөн юм. Тэгсэн чинь Мөнгөншагай гарч зугтаад буудлын үйлчлэгч хараад цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал)
Хохирогч М.Т-ийн: “миний бие С.Э, С.М хоёрт зодуулсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хавтаст хэргийн 84 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч С.Э, С.М нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч С.Э, С.М нар нь согтуугаар, бүлэглэж 2021.11.29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудалд хохирогч М.Т-ийг гар хөлөөрөө болон архины шил, түүний хагархайгаар цохих, зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хана хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүсэгдсэн шарх, зүүн гарын 1-р хуруу баруун, зүүн бугалга, зулайн хуйх, нурууны зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч С.Э, С.М нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.Э, С.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Э, С.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэн, асуудлыг хүч бяраар шийдэх гэсэн танхай балмад, догшин хэрцгий зан байдал нь шууд нөлөөлжээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч М.Т нь шүүгдэгч нарт “гомдол санал байхгүй...” гэдгээ хавтаст хэргийн 84 дэх талд илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Э, С.М нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгч нар нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй байгаа боловч хохирогч М.Т-ийн тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч С.Э, С.М нараас нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч С.Э, С.М нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Э, С.М нар нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч С.Э, С.М нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин М.Т болмогц тэдний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг 3 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Э, С.М нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин М.Т болтол С.Э, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.М, С.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, С.М нарт тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.Э, С.М нарт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин М.Т болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, С.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдгээрт анхааруулсугай.
5. Хохирогч М.Т нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч С.Э, С.М нараас нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч С.Э, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР