Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1221

 

                                                                                                                     

 

 

 

 

 

 

        2022         8            18                                       2022/ШЦТ/1221

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч Х.З нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.З холбогдох эрүүгийн 2206 01876 2286 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Х.З нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хамт байсан найз Б.З-г архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлээ хянах чадваргүй байхад нь түүний эзэмшлийн гар утас, монетон бөгж зэрэг эд зүйлийг шууд санаатай, шунахайн сэдэлтрээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж хохирогч Б.З-н өмчлөх эрхэд 784.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.З шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “... дүрс бичлэгт байгаагаар хохирогч Б.З нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй харагдах ба бичлэгийн 00 минут 09 секундэд өөрийн бөгжийг караокены ажилтанд өгч байв. 00 минут 16 секундэд караокены ажилтан бөгжийг тек дээр буцааж тавьж байх ба ... 03 минут 11 секундэд хажууд нь байсан Х.З гэгч нь тек дээр байсан Б.З-н бөгжийг аваад баруун гартаа барьж байгаад гар утсаа гаргаж ирээд утсаар ярьж байгаа нь бичигдсэн байна. ... бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд 01 минут 14 секундэд ...Б.З тек дээр гар утсаа үлдээгээд гарч байгаа нь бичигдсэн байх бөгөөд 01 минут 16 секундэд Х.З нь хохирогч Б.З-н гар утсыг авч цамныхаа баруун талын халаасанд хийгээд Б.З-д утсыг нь өгөлгүй хаалгаар гарч явж байгаагаар 01 минут 24 секундэд бичлэг дуусч, хэрэгт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

 

Хохирогч Б.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бид нар хүний 5 ширхэг пиво уучхаад 03:58 цагт гарахаасаа өмнө нь би 3 ширхэг пиво нэмж худалдаж авах гэтэл миний мөнгө дуусчихсан байсан учир өөрийн монетон бөгжөө тайлаад барменд нь “гэр ойрхон юм чинь түр үлдээгээд маргааш оруулж ирээд өгчихье" гэж хэлж үлдээгээд тэр үедээ утсаа текен дээр нь тавиад тэндээс гараад манай гэр лүү орж хоол хийж идчихээд 04 цагийн үед З утсаа аваад найзтайгаа ярьчхаад 05 цаг өнгөрөөгөөд унтсан юм шиг байна лээ. Маргааш өглөө нь би 09 цагийн орчимд сэрэхэд миний утас байхгүй. Х.З, Мөнгөншагай нар нь явчихсан байсан бөгөөд би 16 дугаар хорооллын ажил руу очиж асуухад ажлынх нь хүн нь "манайд өглөө 07 цагт орж ирээд 3 хоногийн чөлөө авчхаад Замын-Үүд рүү явна гэж хэлээд явсан" гэж надад хэлсэн. Буцаж ирээд “0 " караоке дээр ирээд камерыг шүүтэл миний бөгж болон утсыг аваад халаасалж байгаа нь бичигдсэн байсан. Улмаар тэд нар луу залгахад утсаа авахгуй, залгасан дугаар болгоныг блоклоод байсан. Хяналтын камерын бичлэг дээр Х.З нь үлдэгдэл тооцоогоо өгчхөөд миний гар утас, бөгжийг авч халааслаад гарсан байсан. Би тухайн үед их согтсон байсан ба гар утсаа ч үлдээснээ мэдэхгүй, тэд нарт найдаад гараад явчихсан байсан. Болсон явдлаас хойш 7 хоногийн дараа З дугаар луу нь “Чи яагаад миний угас бөгжийг авч байгаа юм бэ” гэж асуухад "Би аваагүй шүү дээ. Ширээн дээр чинь гар утастай чинь хамт үлдээсэн" гэж хэлэхээр нь "Хяналтын камерын бичлэгт байна шүү дээ" гэж мессеж бичихэд над руу залгаснаа "За уучлаарай. З би хэрэгт орчихсон байгаа учраас чиний утас бөгжийг авчихсан юм аа. Юмнуудыг чинь мөнгөний хэрэг болоод зарчихсан. Өмнөговьд ажил хийж байна. Надад 1 сарын хугацаа өгчих" гэж хэлснээс нь хойш би 20 хоног хүлээж байна. Хамгийн гол нь надтай холбоо барихгүй байгаа учраас би өргөдөл гаргаж байна." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Х.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдрийн өглөө миний урд шөнө нь уусан байсан архи гараагүй байсан ба тэр архиныхаа халуундаа дахиж архи авч уух гэтэл мөнгөгүй байсам учир түүний эд зүйлсийг нь өгөөгүй аваад явчихсан. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би түүнд учруулсан 748.000 төгрөгийг Б.З-н өөрийнх нь эзэмшлийн банкны данс руу шилжүүлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуулас),

 

Гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас),                     

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын тогтоол, прокурорын санал (хавтаст хэргийн 83, 84-85, 86, 87 дугаар хуудас),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

           

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 43 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 33 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтас хэргийн 35-51 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Х.З нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хамт байсан найз Б.З-г архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлээ хянах чадваргүй байхад нь түүний эзэмшлийн гар утас, монетон бөгж зэрэг эд зүйлийг шууд санаатай, шунахайн сэдэлтрээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж хохирогч Б.З-н өмчлөх эрхэд 784.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоолгох саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Х.З нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хамт байсан найз Б.З-г архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлээ хянах чадваргүй байхад нь түүний эзэмшлийн гар утас, монетон бөгж зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 784.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлангаар 784.000 төгрөгийн үнэлгээ гарсан ба хохирогч Б.З-д 784.000 төгрөгийг дансаар шилжүүлжээ. (хавтаст хэргийн 85 дугаар хуудас)

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х.З-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

                       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Х.З нь хохирогч Б.З-д нийт 784.000 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Х.З нь хохирогчийн эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Х.З нь хохирогч Б.З-д 784.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Х.З-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Х.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”“оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг танилцуулж, Х.З уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Х.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”“оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Х.З нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Х.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Шүүгдэгч Х.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Х.З-г тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.З нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ