Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/243

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0231/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт С-н Б-д холбогдох эрүүгийн 2218002040257 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол  Улсын иргэн, Б овогт С-н Б /РД:........../, ....... оны .......... дүгээр сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ....... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн .......... сумын ...... дүгээр баг, ....... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны ...... дугаар сарын ......-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд нь шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Б-н өгсөн: ...хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрч хамт амьдарч байгаа. Улсын яллагчтай  600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон... гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

 

Хохирогч Г.Л-ы  өгсөн: “...Би ...... оны ...... дүгээр сарын ......-ний өдөр .......... цагийн үед Дархан сумын .... дугаар багт байдаг охиныхоо гэрээс Дархан сумын ...... дүгээр баг ........ тоотод байдаг гэртээ ирэхэд манай нөхөр С.Б нь архи уусан согтуу байсан. Намайг манай нөхөр С.Б нь “янхан пизда минь чи ах дүү нартаа хэлээрэй, бас цагдаагаа дуудаарай” гэж хэлээд хараагаад байсан тэгэхээр нь би юм хэлэхгүй сууж байгаад, чи битгий хуцаад бай гэж хэлтэл “чи яасан их хүн хуцуулдаг пизда вэ” гэж хэлээд гараа атгаж байгаад миний нүүр болон толгойн тус газарт 4-5 удаа цохисон. Тэгээд миний өмсөж байсан хувцасны халаасанд байсан машины түлхүүр булааж авсан. Намайг гадаа гарахад “машинд суу” гэж хэлэхээр нь би надаар машин бариулах гэж байгаа юм байна гэж бодоод машин дотор орж суухад миний үснээс зулгааж машины голын хайрцаг мөргүүлсэн. Би машинаас зугтаж буугаад хашаа давж гараад гудамжинд явж байсан үл таних хүний гар утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 12 дэх тал/,

 

Гэрч Г.Г-н өгсөн: “...Би ..... оны ..... дүгээр сарын .....-ний орой .... цагийн үед ......хороололд найзынхаа гэрт байхад манай ээж над руу залгаад аав чинь согтуу ирээд намайг зодчихлоо гэхээр нь би яваад очсон чинь хоёр цагдаа ирчихсэн аав гэрт байхгүй, гараад явчихсан байсан. Тухайн үед ээжийн уруул нь хавдаад хөхөрчихсөн бас гартаа толгойныхоо нэлээн их үсийг атгачихсан, аав чинь намайг зодоод явчихлаа гээд уйлчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Г.Л-д яаралтай тусламж үзүүлсэн тухай эмнэлгийн хуудас /хавтаст хэргийн 21-22  дахь тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...... оны ....... дүгээр сарын ........-ны өдрийн ...... дугаартай Г.Л-ы биед тархи доргилт, зүүн нүд, уруул, хөх, уруулын дотор салстад цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 “...Одоо надад гомдол, санал байхгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн багадсан тул эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хохирогч Г.Л-с гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 81 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Б нь 20.... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Дархан-Уул аймгийн ...... сумын ..... дүгээр баг ...... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч С.Б-н үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч С.Б, хохирогч Г.Л нар нь эхнэр, нөхөр буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 61 дэх тал/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч С.Б нь эхнэр Г.Л-ы бие махбодод халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Л-ы эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Л-ы “...гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйл байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 81 дэх тал/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч С.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэргээр нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч С.Б нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б-н хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт С-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б-д оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ИХТАМИР