| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2016/0051/Э |
| Дугаар | 0047 |
| Огноо | 2016-11-15 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 0047
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
нарийн бичгийн дарга Б.Соронзонболд,
Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* ******* холбогдох 201618010109 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч Монгол улсын иргэн ******* аймгийн харъяат, 0000 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 0000 тоотод оршин суух, ял шийтгүүлж байсан, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн Сум дундын 3 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, МЙ-- регистрын дугаарын иргэний үнэмлэхтэй, ******* ******* *******,
Шүүгдэгч Н.******* нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Дарханаас Эрдэнэт чиглэлийн төв засмал замын ******* дахь км-т өөрийн эзэмшлийн 71-84 улсын дугаартай "Хюундай Аванти " маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.2, 2.5 дахь хэсэгт заасныг зөрчиж ******* жолоодож явсан ******* УБӨ улсын дугаартай" Тоёота камри" маркийн тээврийн хэрэгслийг шүргэж зам тээврийн осол гарган, осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтийн хэсгээс/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
2.Гэрч мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,
3.Гэрч мэдүүлэг /хх-н 52-р хуудас/
4.Гэрч мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,
5.Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,
6.Шүүгдэгч Н.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
7.Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,
8.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-32 хуудас/,
9.2016 оны 08-р сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-42 хуудас/,
10.2016 оны 10-р сарын 11-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45 хуудас/,
11.Хохирол төлсөн баримт /хх-ийн 61-65-р хуудас/,
12.******* аймгийн ******* сумын Хөтөл 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67-р хуудас/,
13.******* аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 69-р хуудас/ зэрэг баримтыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч нь зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* өгсөн "...Би 2016 оны 08-р сарын 11-ний өдрийн өглөө 08 цаг орчимд Улаанбаатар хотоос Булган аймгийн нутаг Хутаг-Өндөр сумд очихоор өөрийнхөө ******* УБӨ улсын дугаартай хар өнгийн Тоёота Камри маркийн машинаа жолоодон яваад 14 цаг орчимд ******* аймгийн ******* сум өнгөрөөд Орхон голын гүүр дөхөж явтал намайг цайвар өнгийн Приус 20 маркийн машин гүйцэж түрүүлэхээр нь би 60 километр цагийн хурдтай явж байгаад хурдаа сааруултал яг араас нь цайвар өнгийн Солонгос машин миний машины зүүн хоёр хаалга, крилог шүргэж шахахад миний машин замын баруун гар тал руу буюу хойд талын далан руу унах үедээ замын хамгаалалтын шон /түмбэ/ мөргөж осол гаргасан. Би осол болох үед машиндаа ганцаараа аюулгүйн бүсээ зүүчихсэн явсан ба далангаас доошоо унасан учраас миний машиныг шүргэсэн машины дугаар болон марк, өнгийг нь сайн хараагүй. Тухайн машины ослын газрыг шууд л орхиж зугтаасан учраас би ******* сум дахь сум дундын цагдаагийн тасгийн утсыг олж залгаад дуудлага өгсөн. Зам тээврийн ослын улмаас азаар миний биед гэмтэл учраагүй миний машины баруун урд гэрэл болон тухайн хэсгийн эд ангиуд цааш чихэгдэж эвдэрсэн, зүүн талын хоёр хаалга, короло зурагдаж хонхойсон. Намайг гомдол гаргасан учраас цагдаа нар удалгүй ирж ослын газарт үзлэг хийгээд цагдаагийн тасагт ирснийхээ дараагаар машинд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг гаргуулах зорилгоор үнэлгээний компанид шинжээч томилж Дархан хотын үнэлгээний газарт машиныг аваачин үзүүлж үнэлгээ хийлгэсэн... би одоо машиндаа учирсан эвдрэл гэмтлийн дүгнэлтэд дурдагдсан 2 460 000 төгрөг болон үнэлгээний төлбөр 60 000 төгрөг, замын зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-48-49/,
Мөрдөн байцаалтад гэрч өгсөн "...Би 2011 оны 10 дугаар сард 71-84 улсын дугаартай Хюндай Аванти маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг худалдан аваад Дархан Хөтөл хоёрын хооронд тендерт явж байгаад 2016 оны 06 дугаар сард машинаа солих болсон тул Н.******* өөрийнхөө 71-84 улсын дугаартай Хюндай Аванти маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 5 сая төгрөгөөр худалдаалсан юм. 2016 оны 08 дугаар сарын дундуур би Н.*******оос машинаа үлдэгдэл 2 500 000 төгрөгийг авахаар ярьсан чинь Н.******* мөнгийг маань удаахгүй өгнө. Би 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр машинаараа машин шахаад замын хажуу тал руу оруулчихсан юм. Осол гаргасан талаараа цагдаад мэдэгдмээр байна. Та цагдаад энэ талаар хэлээд өгөөч гэж хэлэхээр нь би түүнийг цагдаагийн байгууллагад өөрөө очиод наад асуудлаа хэлсэн чинь дээр гэж зөвөлсөн... 2-3 хоногийн дараа би Н.*******оор тоглох зорилгоор цагдаа нар чамайг хайгаад байна чи очиж уулзаагүй юм уу гэж хэлсэн чинь би өнөөдөр очиж уулзах гээд өвөлжөөнөөсөө Хөтөл рүү явж байна. Өвөлжөөн дээр юм хийгээд хэд хоног саатчихлаа гэж хэлсэн тул би түүнийг чи замын байцаагч Үнэнбаатартай уулзаарай гэж хэлсэн юм. Н.******* нь миний машиныг худалдаж авахдаа надад 2 500 000 төгрөгийг өгч аваад үлдэгдэл мөнгийг нь 09 дүгээр сард өгнө гэж хэлсэн. Н.******* нь 09 дүгээр сарын эхээр надад үлдэгдэл мөнгөө өгчихсөн. Бид хоёрын хооронд ямарч өр авлагын асуудал байхгүй. Осол болох үед би машинаа ******* бүрэн шилжүүлээд өгчихсөн. ******* аймаг руу явж эзэмшигчийн нэрийг нь л солиулж амжаагүй байсан юм. Н.******* ослын талаар надад тодорхой зүйл яриагүй ямартай ч ганцаараа явж байгаад л Орхоны гүүрны наана машин шүргэсэн гэсэн..." гэх мэдүүлэг /хх-51/,
Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 08-р сарын 11-ний өдөр гэх хүнээс 2016 оны 06 дугаар сарын эхээр худалдан авсан 7184 улсын дугаартай саарал өнгийн Аванти маркийн машиныг ганцаараа жолоодон яваад Кабинтай толгойн цаад энгэрт нутаглаж байгаа найз очоод 5 литр айраг аваад ******* аймгийн Орхон сумын төвд байдаг гэрт очсон чинь гэртээ байхгүй гэр нь хүнгүй байсан тул түүнийг ирэхийг хүлээгээд машин дотор сууж байхдаа 5 литр айрагныхаа 3-4 литрийг нь ганцаараа уучихсан. эхнэр нь ******* аймгийн Орхон сумын Орхон голын гүүрны орчим загас зардаг тул ыг тэнд байж магадгүй гэж бодоод Орхон сумын төвөөс Орхон голын гүүрний чиглэлд би ганцаараа машинаа жолоодон явж байгаад Орхон голын гүүр орохын өмнө байдаг тойрог замын эхэнд хар өнгийн жижиг тэргийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл өөдөөс машин гараад ирэхээр нь баруун тийшээ шахаад ортол хар өнгийн машин надад шахагдаад замын баруун гар тал руу замаас гараад явчихсан. Би тухайн машиныг толиндоо харсан чинь онхолдоогүй замын хажууд зүгээр зогсож байх шиг болохоор нь зогсолгүйгээр цаашаа яваад Орхон голын гүүр гараад 2 цаг орчим зогсож байгаад буцаад иртэл замаас гарсан машин байхгүй болчихсон байхаар нь ашгүй хүн амьтан бэртээгүй юм байна гэж бодоод шууд л гэртээ ирээд амарсан. Ослын улмаас миний жолоодон явсан 71-84 улсын дугаартай Аванти маркийн машины урд гуперийн баруун буланд бага хэмжээний бараан өнгийн будаг шүргэлцсэний улмаас сэв бол үүссэн, түүнээс өөр ямар ч эвдрэл гэмтэл учраагүй. Би осол болсны дараа маш их сандарсан учраас ослын газарт зогсолгүйгээр шууд цаашаа яваад энэ асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Осол болсноос хойш би хөдөө байдаг өвөлжөөн дээрээ өвөлжөө бариад 6 хоносон юм. Би 2016.08.17-ны өглөө тэй утсаар ярьсан чинь цагдаа нар надаас 71-84 улсын дугаартай тээврийн хэрэгслээ хэнд зарсан гэж асуугаад хайгаад байсан чи цагдаатай ирж уулзаарай гэж хэлсэн учраас би 19-ний өглөө цагдаа дээр өөрөө ирээд Үнэнбаатар гэх хүнтэй уулзсан… Үнэнбаатар байцаагч надаас тайлбар авах үед нь өөрийгөө шууд буруутай гэж хэлж чадахгүй байсан учраас машин дотор надаас өөр 2 хүн явсан гэж хэлсэн. Надаас нэр асуугаад байхаар нь би гэх нэр зохиогоод хэлчихсэн. Яг үнэндээ би ганцаараа явж байсан юм. Та гэгчийг олохоор ажиллаад байгаа болохоор удахгүй худлаа нэр зохиож хэлснийг маань мэдчих байх гэж бодоод сая ослын талаар болсон зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн юм. Би осол болох үед машиндаа ганцаараа явж байсан. Осол болох үед согтоогүй байсан. Жаахан л айраг уучихсан байснаас ухаан санаа зүгээр байсан. Сандарсан учраас л осол гарсан газрыг орхиод цаашаа явчихсан юм. Би өөрийгөө зам тээврийн осол үйлдсэн талаар хэнд ч хэлээгүй…” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найз дээрээ очих гээд жаахан айраг аваад явсан. Найз дээрээ очиход найз байхгүй байсан. Найзыгаа хүлээнгээ жаахан айраг уусан. Тэгээд буцаж яваад орой гэртээ очоод амарсан. Дараа нь рүү ярихад чамайг цагдаа асуугаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дээр 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ирсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй... 71-84 дугаартай машин бариад найзаасаа 5 литр айраг аваад ******* аймгийн Орхон сум орсон. Тэгээд гүүрэн дээр ирээд найзыгаа хүлээх зуур айрагнаасаа жаахан уусан. Тэгээд буцаад явахдаа машин гүйцэд түрүүлэхээр нь сандрахдаа шахсан. Гэтэл тэр машин замын хажуу руу орсон... Хохиролд 2 460 000 төгрөг өгсөн... жолоо бариад 3 жил болж байна… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэх мэдүүлэг
Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтийн "...
1.******* УБӨ улсын дугаартай Хамри маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
2.71-84 улсын дугаартай Хюндай Аванти XD маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.2 Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино. 2.5 в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ… гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан..." гэх дүгнэлт /хх-45/,
Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний "Капитал зууч" ХХК-ний гаргасан 2016 оны 08-р сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх37-38/,
2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-9/,
Мөрдөн байцаалтын үед хохирол төлсөн талаарх баримтууд /хх-61-65/ болон шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Н.*******ын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.*******ыг зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтааах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.******* нь урьд өмнө 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 01 жилийн жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан болох нь хавтаст хэргийн 70 дугаар хуудаст авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялгүй болсон байна. Иймд шүүгдэгч Н.*******ыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Хохирогч нь хохиролд тээврийн хэрэгсэлдээ учирсан хохирол 2 460 000 төгрөг, үнэлгээ гаргуулахад төлсөн төлбөр 60 000 төгрөг болон замын зардлаа нэхэмжилнэ /хх-51 ар тал/ гэж мэдүүлсэн боловч 60 000 төгрөг төлсөн, замын зардлын талаарх нэхэмжлэл болон нотлох баримтуудыг мөрдөн байцаалт болон шүүхэд ирүүлээгүй байна. Харин 2 460 000 төгрөгийг шүүгдэгч Н.*******оос авч өөрийн эзэмшлийн машинаа бүрэн засч хохиролгүй болсон гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хавтаст хэргийн 50 дугаарт мэдүүлсэн байна. Үүнээс харахад шүүгдэгч Н.******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгасан байна.
Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлж, гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ сайн дураараа илчилж ирсэн зэрэг байдлууд нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* хорих ял оногдуулж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, Н.*******ыг Цагдаагийн байгууллагын хяналтад хүмүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан 7184 СЭҮ улсын дугаартай Хюундай Аванти маркийн тээврийн хэрэгсэл нь эзэмшилд байгаа болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх-34/ тогтоогдож байгаа ч уг тээврийн хэрэгслийг 2016 оны 06 сард Л.ээс шүүгдэгч Н.******* худалдан авч үлдэгдэл мөнгийг 2016 оны 09 сард төлж барагдуулсан ******* аймаг руу явж эзэмшигчийг нь сольж амжаагүй талаар гэрч Л. /хх-51 ар тал/ мэдүүлсэн байна. Иймд дээрх машиныг эзэмшлийн машин гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* *******ыг зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Н.*******ыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.******* оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.******* оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг ******* аймгийн ******* сум дахь сум дундын цагдаагийн тасагт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.******* нь хохирогч ******* нэхэмжилсэн 2 460 000 төгрөгийг төлж барагдуулснийг дурдсугай.
6.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.******* цагдан хоригдоогүй зэргийг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар дугаарын жолоочийн үнэмлэх, дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.******* буцаан олгосугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгч Н.******* авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА