Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2024/0251/З |
Дугаар | 221/МА2024/0382 |
Огноо | 2024-06-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0382
Н.О-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон:Шүүгч Ц.Сайхантуяа,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ананд
Нэхэмжлэгч: Н.О-
Хариуцагч: СХ дүүргийн Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 363 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2024/0251/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О-гээс СХ дүүргийн Засаг даргад холбогдуулан “СХ дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн Н.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 363 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан СХ дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн Н.О-д холбогдох хэсгийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23 өдрийн 0363 дугаартай шийдвэрээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О-гийн гаргасан нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий захиргааны акт болох СХ дүүргийн Засан даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай захирамжийн Н.О-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэвч дээрх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Н.О-д СХ дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн А/349 дүгээр захирамжаар Улаанбаатар хот, СХ дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах нэгж талбарын 180262**** дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-22010***** дугаарт бүртгэж, иргэний газар эзэмших эрхийн 000109949 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон. Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр СХ дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 01116-2020/09151 дугаар "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" байгуулсан. Гэвч хариуцагч Нийслэлийн СХ дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаар захирамжаар иргэн Н.О-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заалтад заасныг тус тус үндэслэн захирамж гаргасан. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээс судлан үзэхэд, хариуцагч хуульд заасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27-д заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, түүний улмаас нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчлүүдийг гаргасан гэх үйл баримтад үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байна гэжээ.
Харин шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбаруудаас хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасан заалтыг зөрчсөн талаарх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй.
1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ", Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5.4 дэх хэсэгт "Газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх" гэснийг хариуцагч нь зөрчиж гэрээг огт дүгнээгүй талаар хариуцагч нь маргаагүй.
2. Мөн хариуцагчаас ирүүлсэн СХ дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 2020 онд 14,332 төгрөгийн, 2022 онд 17,006 төгрөгийн нийт 14, 332 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэж тэмдэглэгдсэн.
Гэхдээ хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх СХ дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5/1787 дугаар албан бичгээр өмнөх газар эзэмших байсан этгээд болох Д.Д- нь Н.О-д газар эзэмших эрхээ шилжүүлж нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2,675,400 төгрөгийг тушаасан бөгөөд нэхэмжлэгчтэй 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр СХ дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 01116-2020/09151 дугаар "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" байгуулсан байх тул нэхэмжлэгчийн хувьд газрын төлбөр төлөх үүрэг нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн үүснэ, гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн.
Харин нэхэмжлэгч Н.О-гийн хувьд төрийн цахим шилжилттэй холбоотойгоор газрын албанаас ирүүлсэн цахим нэхэмжлэхийн дагуу буюу И-Монголиагаар 2021 онд газрын төлбөр болох 57,000 төгрөгийг, 2022 оны газрын төлбөрийг 2023 оны газрын төлбөртэй нийлүүлж ирсэн нэхэмжлэхийн дагуу бүрэн төлсөн.
Гэвч газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэсэн үндэслэлээр цуцалсан боловч хариуцагч нь газрын төлбөр төлөөгүй гэх үйл баримтад хамаарах нотлох баримтуудыг шүүхэд гаргах өгөх, мөн тодруулах, нягтлах үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэн нэхэмжлэгч нь газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.
3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх зөрчлийн тухайд энэхүү зөрчлийг тогтоохдоо газар эзэмшүүлэх гэрээг хэзээ байгуулж, баталгаажуулсан талаар болон гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байсан эсэх хууль зүйн факт голлох ач холбогдолтой гэж шүүхээс дүгнэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхэд өгсөн талуудын тайлбараас үзвэл, иргэн Н.О- нь өөрийн эзэмшлийн газарт зуслангийн зориулалттай амины орон сууц
барихтай холбоотойгоор иргэн Н. Нямсамбуугаас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 380 бальтын цахилгааны шугамыг 3,000,000 төгрөгөөр худалдан авсан.
Мөн "Х-И" ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу "Улаанбаатар хот. СХ дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн зусланд барих амины орон сууцны зориулалттай барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулсан ба уг ажлын хөлсөнд 1.800.000 төгрөг төлсөн.
Үүний дараа өөрийн зуслангийн газарт 90 м.кв иж бүрэн байшин, 51 м.кв террас бүхий иж бүрэн гүйцэтгэлтэй байшин бариулахаар "ХМ” ХХК-тай2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 09 дугаартай "Барилгын ажил гүйцэтгэх" гэрээ байгуулж, барилгын ажлын зургийн төлбөрт 400,000 төгрөг төлсөн. /энэхүү гэрээгээр Канад байшин барих бөгөөд хөрс ухах, газар цоолох, суурь цутгах зэрэг ажиллагаа хийгдэхгүй, газар дээр байшин барих бүх зүйл бэлэн болоход 3 хоногт баригдах боломжтой/
Шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс "... Цар тахлын үед газар дээрээ барилга байгууламж барих боломжгүй байсан, мөн тухайн газар нь цэвдэгтэй тул байшин барихад хүндрэлтэй.. гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн зүгээс "дрон нисгэж агаараас хээрийн судалгаа хийсэн..." гэж тайлбарласан боловч зөрчлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд аль хугацааг зөрчилд оруулан тооцсон эсэх, газраа ашиглаагүй хугацаа нь нэхэмжлэгчээс хамаарсан эсэх зэргийг сонсох ажиллагааны хүрээнд хэлэлцэж шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасныг зөрчсөн гэж шууд дүгнэх боломжгүй гэж дүгнэсэн.
Дээрх нотлох баримтууд болон шүүхэд өгсөн тайлбарууд зэрэг бүхий л нотлох баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч нь Газар эзэмших гэрээг байгуулж газар эзэмших эрхийг олж авснаасаа хойш тухайн газар дээрээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар газар эзэмшиж эхэлсэн, тус өдрөөс хойш ердөө 2 сарын дараагаас буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн нийтэд илэрхий баримт болох Ковид-19 цар тахал халдварт өвчин гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоосон.
Гэвч дээрх газар олгосон хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын хооронд Ковид-19 гэх цар тахлын өвчин гарсантай холбогдуулан Засгийн газраас хөл хорио тогтоосон үйл явдал бий болсон. Энэхүү хугацаанд газар эзэмшиж буй иргэд Газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглах нь битгий хэл гэрээсээ ч гарах боломжгүй нөхцөл байдалтай 1 жилийн нүүрийг үзсэн байдаг.
Хэдий тийм ч дээрх нөхцөл байдал арилж нийтэд вакцинжуулалт явагдаж, хөл хорио тавигдмагц нэхэмжлэгч Н.О- нь тус газар дээрээ байшин барих зорилгоор эхлээд тог татуулж, хөрсний шинжилгээ хийлгэж, зуслангийн байшин бариулахаар ажил гүйцэтгэх гэрээг хийж тухайн газар дээрээ тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэхээр байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэг болон Газар эзэмшүүлэх гэрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг "гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарсан нөхцөл байдлын улмаас эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан бий болжээ.
Мөн зүйл хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг зориулалтын дагуу газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор чинь тухайн газар дэрээ гэрээнд заасан нөхцөл бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэжээ.
Харин хариуцагчаас газар эзэмшнээс хойш яг аль хугацаанд газраа зориулалтын дагуу 2 л тайлбар нь ойлголтой гэдгийг тодорхойлж чадаагүй, 2 жил ашиглаагүй үндэслэл тайлбар нь ойлгомжгүй, нотолгоогүй, гэрээг дүгнээгүй байхад газраа ашиглаагүй гэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нь цуцалсан нь үндэслэлгүй.
4. Хариуцагч СХ дүүргийн Засаг дарга нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасны дагуу Засаг даргын аливаа шийдвэр, үйл ажиллагаа гагцхүү хууль дээдлэх зарчмын дагуу хуульд үндэслэсэн байх учиртай бөгөөд төрөөс үндэслэлгүйгээр иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдахгүй байх баталгаа болох учиртай.
Гэвч хариуцагч СХ дүүргийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаар захирамжийг гаргахдаа захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл,
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасан.
СХ дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчид түүний эзэмшил газрыг захирамжид заасан үндэслэлээр хүчингүй болгох талаар урьдчилан мэдэгдээгүй, тайлбар мэдээлэл егөх боломжоор хангалгүйгээр сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлд зааснаар тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдлыг тодруулж тогтоохгүйгээр, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, сонсох ажиллагааг явуулж нэхэмжлэгчид мэдэгдээгүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд болох Н.О- нь тайлбар, санал гаргаж чадаагүй тул хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг нь хязгаарласан шийдвэр гаргасан.
Маргаан бүхий "СХ дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамжийг Захиргааны байгууллага нэхэмжлэгч Н.О-д огт мэдэгдээгүй, газар эзэмших эрхийг нь дуусгавар болгосон захирамж гарсан эсэх талаар Н.О- нь өөрийн эзэмшил газар дээрээ амины орон сууцыг барих үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа Газрын албаны мэргэжилтнээс анх 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдөр мэдсэн байдаг.
Хэрэв эзэмшил газар дээрээ барилга барих үйл ажиллагаагаа идэвхтэй хийж байгаагүй бол нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг цуцалсан талаар огт мэдэхгүй байсаар байх боломжтой байсан.
Иргэнтэй холбоотой гаргасан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай Захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар Захиргааны актыг нэхэмжлэгч Н.О-д өөрт нь гардуулсан эсхүл түүний улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны буюу байнга оршин суугаа гэрийн хаягаар шуудангаар хүргүүлсэн, утсаар мэдэгдсэн бол хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн талаар тэр даруй мэдэх боломжтой байсан. Гэтэл дээрх маргаан бүхий СХ дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай захирамжийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд хүргүүлсэн, гардуулсан, мэдэгдсэн зүйл огт байхгүй байна.
Мөн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т (Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол... эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх) гэж заасны дагуу Өглөөний сонины 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №169, 170 нүүрт хэвлүүлж мэдэгдсэн тайлбар ирүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 (хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй)-д заасан үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг А/749 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж байна. Харин СХ дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн А/749 дугаартай захирамжийг нэхэмжлэгч Н.О-д мэдэгдсэн, гардуулсан гэж үзэх боломжгүй юм.
Учир нь Захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл хийсэн өдрөөс захиргааны актыг мэдсэн байх боломжтой, энэ үеэс маргаан бүхий актыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргах, санал гаргах боломжтой байсан гэж үзэж байгаа боловч тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл хийсэн гэдэгт ганцхан Өглөөний сонины 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №169, 170 (3724,3785) дугаарт нийтлэн зарласан нь учир дутагдалтай байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг нэхэмжлэгч Н.О-д өөрт нь гардуулсан эсхүл түүний улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны буюу байнга оршин суугаа гэрийн хаягаар шуудангаар хүргүүлсэн, утсаар мэдэгдсэн, цахим хэлбэрээр мэдэгдсэн бол хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн талаар тэр даруй мэдэх боломжтой байсан.
Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасан нь өөрөө захиргааны актыг гардуулах ерөнхий шаардлагыг зохицуулсан заалт боловч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-Т Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно" гэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан байх бөгөөд хэрэв 20-оос доош тооны Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд байвал Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т дахь хэсгийг хэрэглэж, 20-оос дээш тооны этгээд байх тохиолдолд мөн хуулийн 43.6 дахь хэсэгт зааснаар мэдэгдэж болно.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах гэсэн нь сонсох ажиллагааг хийх ерөнхий зохицуулалт боловч Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан байх бөгөөд хэрэв 20-оос доош тооны Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд байвал Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1 хэсгийг хэрэглэж, 20-оос дээш тооны этгээд байх тохиолдолд мөн хуулийн 27.2.1 дахь хэсэгт зааснаар мэдэгдэх нь хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж буй этгээдэд захиргааны байгууллага нь сонсох ажиллагааг хийх болон захиргааны актыг мэдэгдэхдээ өөрийн үзэмжээр мэдэгдэх арга хэрэгслийг ашиглах боломжтой зохицуулалт байна.
Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 дах хэсэгт "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэсэн Захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг зааж өгсөн байх бөгөөд дээрх хуулийн заалтууд нь өнөөдрийн байдлаар Захиргааны ерөнхий зарчимтайгаа нийцэхгүй байна.
Мөн хуульд зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж байгаа ч сонинд хэвлүүлж гаргах нь хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж буй этгээдэд мэдэгдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан гэж үзэхгүй учир нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д заасны дагуу Өглөөний сонины 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №169, 170 нүүрт хэвлүүлж мэдэгдсэнээр тайлбар ирүүлээгүй нь ойлгомжтой асуудал бөгөөд өнөө цагт сонин уншиж захиалдаг хүн байхгүй болсон.
Тиймээс ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШТ2024/0158 дугаар тогтоолоор Н.О-д газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын А/749 захирамжийг мэдэгдсэн талаарх баримт байхгүй байхад Өглөөний сонинд нийтэлснээр мэдсэн гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан гэж дүгнэсэн.
Хэрэв Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх заалтыг ашигласан байгаа бол тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл хийсэн гэдэгт ганцхан Өглөөний сонины 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №169, 170 (3724,3785) дугаарт нийтлэн зарласан нь учир дутагдалтай байна.
Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэдэг нь албан ёсны сайт, зурагт, сошиал орчинд эсхүл шуудан болон тэдгээр урьдчилан мэдэгдэх гэсэн бусад сонголтыг Захиргааны
байгууллага огт хэрэглээгүй учир нэхэмжлэгчийн хууль, ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх нөхцөл байдал бий болсон. Захиргааны ерөнхий хуулийн 28.2-т Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааr хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй буюу хэрэв захиргааны байгууллага сонсох ажиллагааг хууль заасны дагуу хийхгүй байх үндэслэл бий бол түүнийгээ тайлбарлах үүрэгтэй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 28.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй байхад сонсох ажиллагааг огт хийхгүйгээр Газар эзэмших эрхийг цуцалснаар санал гаргах, тайлбар хийх боломжийг олгоогүйгээр Н.О-гийн газар эзэмших эрхийг нь цуцалсан тухай захирамж гаргасан байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23 өдрийн 128/ШШ2024/0363 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Н.О-гээс СХ дүүргийн Засаг даргад холбогдуулан “СХ дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн Н.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... 2020 оны 8 дугаар сараас шилжүүлж авсан, ... 2020 оны 11 дүгээр сараас ковидын хөл хорионд 2 жил гаруй байсан, ... хөл хорионы дараа зуслангийн байшин барих зорилгоор Хаан банкнаас зээл авч газартаа зуслангийн байшин барихаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, төлбөрийг шилжүүлсэн ... тог татуулахаар холбогдох газруудад хандаж явахдаа манай газрыг цуцалсан гэдгийг мэдсэн, ... өмнөх газар эзэмшигчийн төлбөрийн үлдэгдэл байна, ... сонсох ажиллагааны мэдэгдлийг сонинд нийтлүүлснээр мэдэгдсэн гэж үзэх боломжгүй” гэж тайлбарлан маргажээ.
2.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулжээ.
2.2. СХ дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаар захирамжаар Газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй хавсралтад дурдсан 111 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Уг хавсралтын 25-д Нямцэрэнгийн Отгонхүүгийн газар эзэмших эрхийг “дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтэд зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн 180262**** нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр СХ дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Д.Д-аас өөрийн эзэмшлийн газрыг Н.О-д шилжүүлж, гэрчилгээ олгуулах хүсэлтийг, Н.О-гээс Д.Д-аас шилжүүлэн авсан газрыг өөрийн нэр дээр шинээр гэрчилгээ гаргуулахаар тус тус хандсан байх бөгөөд СХ дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5/1787 дугаар албан бичгээр “Д.Д- нь Н.О-д газар эзэмших эрхээ шилжүүлж 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2.675.400 төгрөгийг тушаасан” гэх тодорхойлолтыг СХ дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа үндэслэл тус бүрт хамаарах нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгч газрын төлбөрийг хэзээнээс эхэлж төлөх үүрэгтэйг, хэдий хугацааны төлбөрийг төлөөгүйг, мөн хуульд заасан хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх зэрэг шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй, мөн шийдвэр гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байхад нэхэмжлэгчид гаргах гэж буй шийдвэрийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар танилцуулж санал тайлбар гаргах боломжийг олгон сонсох ажиллагааг хийх хуулиар хүлээсэн үүрэгтэй.
2.5. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дээрх хуульд заасан ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй нь хууль бус байна. Тухайлбал,
Хэрэгт СХ дүүргийн Татварын хэлтсээс СХ дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5/1787 дугаар албан бичигт “Д.Д- нь Н.О-д газар эзэмших эрхээ шилжүүлж 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2.675.400 төгрөгийг тушаасан” гэж тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчид газар эзэмших эрх СХ дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/349 дүгээр захирамжаар үүссэн байх бөгөөд тэрээр 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр СХ дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 01116-2020/09151 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгчийн хувьд газрын төлбөр төлөх үүрэг нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн үүссэн гэж үзэхээр байна.
2.6. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана:”, 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг” гэж зааснаар газар эзэмшигчийн газрын төлбөр төлөх үүрэг газар эзэмших гэрээ байгуулагдсан үеэс эхлэн үүсэхээр байна.
2.7. Хариуцагчаас нэхэмжлэгч газрын төлбөр төлөөгүйг хэрхэн тогтоосон талаар огт тайлбарлаагүй байх бөгөөд газар эзэмшүүлэх гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь газрын төлбөрт жилд 57330 төгрөг төлөх үүрэгтэй талаар заасан, хэрэгт авагдсан СХ дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №01116-2020/09151 Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 2020 онд 14.332 төгрөгийн, 2022 онд 17.006 төгрөгийн, 2023 онд -17.006 төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн атлаа нийт үлдэгдэл нь 14.332 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэж тэмдэглэсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2020-2023 он дуусталх хугацаанд нийт 14332 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзэхээр байх бөгөөд уг төлбөр нь 2020 оны газрын төлбөрийг үлдэгдлийн дүнтэй тохирч байгаагаас үзвэл уг төлбөр өмнөх эзэмшигчийн төлөөгүй үлдэгдэл үү, эсхүл нэхэмжлэгч 2020 онд газар эзэмших эрх шилжүүлэн авсны дараах төлбөрийн үлдэгдэл үү гэдэг нь ойлгомжгүй, энэ талаар хариуцагчаас баримтад тулгуурлан нягтлан шалгаагүй байх тул маргаан бүхий актын энэ талаарх үндэслэлийг шүүх зөв гэж үзэх үндэслэлгүй байна.
2.8. Мөн нэхэмжлэгч нь “2020 оны 11 дүгээр сараас ковидын хөл хорионд 2 жил гаруй байсан, ... хөл хорионы дараа зуслангийн байшин барих зорилгоор Хаанбанкнаас зээл авч газартаа зуслангийн байшин барихаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, төлбөрийг шилжүүлсэн” гэж тайлбарлаж байх бөгөөд 2020 оны 09 дүгээр сараас тухайн газрыг эзэмшиж эхэлснээс хойш Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Коронавируст (COVID-19) халдвар дотооддоо тархсан, лабораторийн шинжилгээгээр батлагдаж, бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон нь нийтэд илэрхий үйл баримт байх бөгөөд нэхэмжлэгчид СХ дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдртийн А/349 дүгээр захирамжаар газар эзэмших эрх үүссэн, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр СХ дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 01116-2020/09151 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан хугацаанаас маргаан бүхий акт гарсан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны 2 жилийн хугацаа нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай /2020 оны/ хуулийн үйлчлэх хугацаа буюу 2022 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх цар тахлын хөл хорио тогтоосон үе хамаарч байх тул уг хугацааг бүхэлд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жил гэж үзэхэд учир дутагдалтайгаас гадна уг хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй байх нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.9. Гэтэл анхан шатны шүүх “... Хариуцагч нь нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгахдаа дээр дурдсан төлбөрийг өмнөх эзэмшигч Д.Д-, эсхүл Н.О- төлөх байсан эсэхийг тогтоогүйгээс гадна Н.О-гийн газар эзэмшиж байсан хугацаа болох 2020, 2021, 2022 онуудын аль оны хэдэн төгрөгийн төлбөр төлөх үүргийг зөрчсөнийг бүрэн дүүрэн нягтлаагүйгээр шийдвэр гаргасан нь буруу, ... аль хугацааг зөрчилд оруулан тооцсон эсэх, газраа ашиглаагүй хугацаа нь нэхэмжлэгчээс хамаарсан эсэх зэргийг сонсох ажиллагааны хүрээнд хэлэлцэж шийдвэрлээгүй, ... сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, оролцоог хангаагүй гэж маргасан үндэслэлийг хүлээн авсан ...” гэж маргаан бүхий актыг хууль бус болохыг тодорхойлсон агуулгатай дүгнэлт хийсэн атлаа “ ... бодит нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тогтоох зорилгоор холбогдох ажиллагааг дахин хийж, шинэ акт гаргах нь зүйтэй” гэсэн дүгнэлт, үндэслэлээр маргаан бүхий актыг дахин шинэ акт гартал 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
2.10. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж, 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус зааснаар хэрэв маргаан бүхий акт хууль бус болох нь мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдсон тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох, харин хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тэрхүү нэмж тодруулан зүйлийн цар хүрээ нь шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шинжлэх, судлах боломжоос хэтэрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй захиргааны актыг /шийдвэрийг/ тодорхой хугацаа зааж түдгэлзүүлж шийдвэрлэх үүрэгтэй.
2.11. Энэ тохиолдолд хариуцагч нь маргаан бүхий шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэл болж буй газрын төлбөр төлөөгүй гэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр бодитоор нягтлан шалгаж тогтоогоогүй, газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэх хугацааг тооцохдоо нийтийг хамарсан цар тахлын хөл хорио тогтоосон хугацааг хамруулан тооцсон нь буруу, мөн хуулийн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэсэн нөхцөлд цар тахлын хөл хорио тогтоосон хууль үйлчилж байсан нөхцөлийг харгалзан үзээгүйгээс хариуцагчийн гаргасан шийдвэр үндэслэл бүхий болоогүй байхад анхан шатны шүүх хариуцагч шийдвэр гаргах ажиллагаанд мөрдөх хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлсэн эсэх, шийдвэр үндэслэлтэй эсэхэд огт дүгнэлт хийлгүйгээр хариуцагчийн шийдвэрийнхээ үндэслэл болсон баримтыг гаргаж өгөөгүй, шийдвэрийн үндэслэлээ нотлоогүй байдлыг нь цаашид хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай үндэслэл болон тэрхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэрхэн хэтэрсэн гэх үндэслэлд хамааруулж СХ дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн Н.О-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 363 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан СХ дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/749 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн Н.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ