Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2021/0027

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б,           

Хариуцагч: Та Ж сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Та Ж сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дугаартай “Г.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Бгийн өмгөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ш.Б,  хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2019 онд “Иргэдэд газар эзэмших давуу эрх олгох тухай” санал гаргасныг багийн Иргэдийн Нийтийн Хурлаас дэмжиж, Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцээд, улмаар 2019 онд 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн давуу эрх олгох тухай 65 дугаар тогтоол гарсан. Энэхүү тогтоолын хавсралтаар 28 дугаарт Гэндэндарамын Болормаа миний нэр орсон. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сумын Засаг даргын А/165 тоот захирамжаар Жаргалант сумын Агьтын хөндий 146/345 хаягт байрлах нэгж талбарын 4120042344 дугаар бүхий 100,0 га газрыг үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Э-1414000252 дугаарт бүртгэж гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. Миний бие газраа хууль ёсоор эзэмшиж, ашиглаж эхэлсэн бөгөөд газрын төлбөрөө тогтмол төлдөг, хууль болон гэрээнд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлж, аливаа зөрчил гаргаж байгаагүй. Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дугаартай захирамж нь тариалан эрхлэгч, газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Үүнд: 1. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал авах зэргээр оролцоог нь хангасан байхыг шаардана. Гэтэл сумын Засаг даргаас газар эзэмших эрхийн зөрчил гаргасан, цуцлах үндэслэл бүрдсэн эсэх болон Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар надад огт мэдэгдээгүй бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн огноотой захирамжийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сумын газрын албанд очиж гардаж аваад мэдлээ. 2. Захиргааны байгууллагаас иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай. Гэтэл захирамжийг гаргахдаа хуульд үндэслээгүй, мөн хуульд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явагдаагүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн. Тухайлбал захирамжийн үндэслэх хэсэгт Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоол, Авилгатай тэмцэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 05/12680 дугаар албан бичгийг тус тус үндэслэж байгаа. Газар эзэмших эрх хүчингүй болгосон захирамжийг гардаж авахдаа л дээрх бичгүүдийг анх удаа үзэж, хуулбарыг нь гаргуулж авлаа. Харин хууль бол бүх иргэдэд хамааралтай, олж үзэх боломжтой, дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай болохын хувьд бусдын эрхийг хөндөж байгаа аливаа шийдвэр хуульд үндэслэсэн хууль ёсны байхыг шаарддаг. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан захиргааны актад тавигдах шаардлагуудыг хангаагүй, хуулийн ямар заалт зөрчсөн талаар тодорхой тусгаагүй, хуульд үндэслээгүй, эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/358 тоот албан бичгээр хариу өгч, уг бичигт “Сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дугаартай захирамжийг хүчингүй болгож орон нутгийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг сэргээж 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариу мэдэгдэх гэсэн. Гэвч сумын Засаг дарга нь дээрх хугацаанд маргаан бүхий 2021 оны А/61 дугаартай захирамжийг хүчингүй болгоогүй. Төв аймгийн Засаг даргын тамгын газарт энэ талаар тодруулга хүсэхэд. Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07/409 дугаартай албан тоотоор захиргааны хэргийн шүүхэд хандана уу гэх хариу өгсөн. Г.Б миний гаргасан гомдлын хариу болох Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/358 тоот албан бичгийг үзээд сумын Засаг даргын гаргасан захирамж нь Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд үндэслээгүй, хууль бус болохыг тогтоосныг зөв гэж үзэж байгаа. Учир нь миний бие Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу дээд шатны захиргааны байгууллага болох аймгийн Засаг даргад гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан бөгөөд аймгийн Засаг даргын дэргэдэх ажлын алба буюу мэргэжлийн байгууллага нь гомдлыг шалгаж, эрх зөрчигдсөн болохыг шалган тогтоосон байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно. Захиргааны хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох, эрх үүргийг дээд шатны захиргааны байгууллага хэрэгжүүлж шууд шийдвэрлэхээр заасан байна. Гэтэл Төв аймгийн Засаг даргад гаргасан гомдлын хариуд Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 07/358 тоот албан бичгээр Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсөн хэрнэ хүчингүй болгоогүй, харин чиглэл өгсөн байна. Өөрөөр хэлбэл дээд шатны захиргааны байгууллага хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын     22-ны өдрийн А/61 дугаартай захирамжийг шууд хүчингүй болгоогүйгээс одоог хүртэл уг захирамж хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээрээ, миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөөр байна. Хэдийгээр дээд шатны захиргааны байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох чиглэлийг хугацаатай өгсөн боловч сумын Засаг дарга уг тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй байгаа тул шүүхэд хандах нь зөрчигдсөн эрхээ шууд сэргээлгэх боломж төдийгүй эрхийн хамгаалалтын ерөнхий шаардлагад нийцнэ гэж үзэж байна. Иймд Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дугаартай Г.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч сумын Засаг дарга Н.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: “1. Иргэн Т.Болормаад Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын        15-ны өдрийн А/165 дугаар захирамжаар тариалангийн газар давуу эрхээр олгохдоо Монгол улсын Засгийн газрын 2020 оны 28 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Тариалангийн газар давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ын 6, 7, 10 дахь хэсэгт заасныг зөрчиж, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас давуу эрхээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулаагүй, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 65 дугаар тогтоолыг үндэслэн газар олгох захирамж гаргасан нь Газрын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолыг зөрчсөн.               2. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай”, тогтоолын 1 дэх хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан давуу эрхээр газар эзэмшүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туяацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... давуу эрхийн журмыг дагаж мөрдөөгүй, хурлын тэргүүлэгч  долоон хүнээр тогтоол батлуулсан. Журмаар нэг өрхөд 100 га гэсэн байхад, нэг өрхийн гурван хүнд тус бүр 100 га газрыг нэг өдөр эзэмшүүлсэн байсан. Тэгээд нэг гэр бүлийн гурван хүнд нийт 300 га газар эзэмшүүлсэн байгааг нь хэлээд, хүүгийнх нь нэр дээрх 100 га газрыг нь үлдээж, эхнэр нөхөр хоёрын нэр дээрх газрыг цуцлахаар тохирсон байсан. Гэтэл одоо нэхэмжлэл гаргаад байна” гэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Өмнөх Засаг дарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 27 төлөөлөгчийн эрхэд халдаж, өөрийн хамаарал бүхий Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч 7 хүнээр тогтоол гаргуулж, хууль зөрчиж ашиг сонирхлоор хандсан. Давуу эрхээр газар эзэмшүүлэх журам зөрчсөн байсан” гэсэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч  Ш.Буянжаргал шүүх   хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар акт зорилгодоо нийцсэн эсэхийг тогтоодог. Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн нь нэг гэр бүлийн гурван иргэнд 300 га эзэмшүүлсэн байсан, мөн холбогдох журам зөрчиж газар эзэмшүүлсэн болохыг Авлигатай тэмцэх газраас тогтоосны дагуу Засаг дарга эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн” гэж тус тус тайлбарлажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчээс “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дугаартай Г.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтад холбогдуулан үзвэл Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/165 дугаар “Г.Бд тариалангийн газар давуу эрхээр эзэмшүүлэх тухай” захирамжаар Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 багийн Наран хэсэг б3-01 тоотод оршин суугч иргэн Тугчин овгийн Гэндэндарамын Болормаа /ШЖ68080269/-д Баянбулаг 3-р баг Агьтийн хөндийн 146/345 га-аас үр, тарианы зориулалтаар 100 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж,[1] 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.[2] 

Харин Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дүгээр “Г.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Баянбулаг     3-р баг Агьтийн хөндийд 146/345 га-гаас үр тарианы зориулалтаар 100 га газар эзэмшигч Г.Б нь тариалангийн газрын давуу эрхээр эзэмшүүлэх журам зөрчсөн гэж Сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.[3]

Энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захиргааны актын үндэслэлд Төв аймаг дахь Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар “Давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай” тогтоолыг дурдсан ба уг тогтоолд Багийн нийтийн хурлаас гарсан саналыг судлан үзэж тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийн хамтын зохион байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгаж, тогтоолын хэрэгжилтийн талаар жил бүрийн газар зохин байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэд тусган тайлагнаж байхыг сумын Засаг даргад даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 05/12680 дугаар “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар” албан бичийг үндэслэл болгосон ба уг албан бичигт Төв аймгийн Жаргалант сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан “...Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2017 оноос иргэдэд тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж “Давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай” тогтоол гарган, хэрэгжүүлж ажиллахыг тус сумын Засаг даргад даалгаж байсан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-аар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон бүрэн эрхэд халдсан, сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн иргэдэд давуу эрхээр газар эзэмшүүлж байсан нь “Тариалангийн газрыг эрхээр эзэмшүүлэх журмыг зөрчсөн байна...” гэж тусгажээ.

Үүнд нэхэмжлэгчээс “...Маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/358 тоот албан бичгээр хариу өгч, уг бичигт “Сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дугаартай захирамжийг хүчингүй болгож орон нутгийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг сэргээж 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариу мэдэгдэх гэж хугацаатай үүрэг чиглэл өгсөн байна. Гэвч сумын Засаг дарга нь дээрх хугацаанд маргаан бүхий 2021 оны А/61 дугаартай захирамжийг хүчингүй болгоогүй, одоог болтол эрх зөрчигдсөн хэвээр байна.” гэж,

хариуцагчаас “...Иргэн Т.Болормаад Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/165 дугаар захирамжаар тариалангийн газар давуу эрхээр олгохдоо Монгол улсын Засгийн газрын 2020 оны 28 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Тариалангийн газар давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ын 6, 7, 10 дахь хэсэгт заасныг зөрчиж, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас давуу эрхээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулаагүй, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 65 дугаар тогтоолыг үндэслэн газар олгох захирамж гаргасан нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолыг зөрчсөн. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай”, тогтоолын 1 дэх хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан давуу эрхээр газар эзэмшүүлнэ” гэж заасныг зөрчин гэр бүлийн хамтын хэрэгцээнд биш зөвхөн Г.Бгийн нэр дээр олгосон зөрчил байна гэж үзсэн” гэж тус тус маргажээ.

Хариуцагч Засаг даргаас дээрх маргаан бүхий актыг гаргахдаа хуульд нийцсэн арга журмын дагуу акт гаргаагүйгээс нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хөндсөн захиргааны акт гаргасан  болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Үүнд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим хангагдаагүй болох нь маргаан бүхий актад Засаг даргын акт гаргах эрх хэмжээ заасан хуулийн заалтаас өөр шийдвэрлэж буй асуудлын талаар хууль эрх зүйн үндэслэл бариагүйгээс гадна мөн дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит байдлыг тогтооно”, 24.2-т “ Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “ Захиргааны акт захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.6-д “ Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж тус тус зааснаар хуульд заасан зохих ажиллагааг хийгээгүй, шүүх хуралдаанд тайлбарласнаар нэг өрхөд эзэмшүүлсэн газар нь журамд зааснаас илүү байсныг тохиролцож шийдвэрлэсэн гэсэн боловч баримтгүй, газар эзэмшүүлэх ажиллагаа нь зохих журмын дагуу олгогдоогүй болохыг бодит байдлаар баримтжуулан тогтоогоогүй, шууд Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан гэснээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн аймгийн Засаг дарга  урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн энэ асуудлаар гаргасан гомдлыг шийдвэрлэсэн. Үүнд Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын         02-ны өдрийн 07/358 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр шийдвэрлэн хариу өгөхдөө, Жаргалант сумын Засаг дарга Н.Энхболд, Газрын даамал Л.Цэцэгмаа нарт “Сумын Засаг даргын 2021 оны А/61 дүгээр захирамжийг хүчингүй болгож орон нутгийн иргэний хууль ёсны эрх ашгийг сэргээж 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор мэдэгдэх”-ийг үүрэг чиглэл болгосон байна. Харин Жаргалант сумын Засаг дарга дээрх хугацаанд маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дугаартай захирамжийг хүчингүй болгоогүй, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас сумын Засаг дарга, газрын даамал нарт чиглэл хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд хариу хүргүүлээгүй болох нь шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “ ... Засаг дарга Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргатай утсаар холбогдож ярилцсан, өөр ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэсэн тайлбар, мөн Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07/409 дугаар албан бичиг[4] зэргээр нотлогдож байна.

 

Үүнээс Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” хянан шийдвэрлэхээр заасан, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана” гэж, 98.1.3 дахь хэсэгт “захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах”, 98.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж  тус тус заасныг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх сэргээгүй байна.

 

Дээрхээс үзвэл Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дугаартай захирамж зохих хуульд үндэслэн гараагүй, уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэж хуульд заасан эрхийг нь хангаагүй, энэ агуулгаараа дээд шатны захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх сэргээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6, 98 дугаар зүйлийн 98.1 дүгээр зүйлийн 98.1.3, 98.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Ж сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/61 дугаартай захирамжийг хүчингүй хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгосугай.

 

        3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 25-р хуудас

[2] Хавтаст хэргийн 8-9-р хуудас

[3] Хавтаст хэргийн 10-р хуудас

[4] Хавтаст хэргийн 26-р хуудас