Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/551

 

 

 

 

 

 

­

 

 

  2022         05          24                                     2022/ШЦТ/551

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр;

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: С.Болорзул;

 

Шүүгдэгч: Ц.О;

 

Шүүгдэгч: Г.Г;

 

Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч: Ц.Д ;

 

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч: Ш.Б ;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

1. Шүүгдэгч Ц.О: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 690 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай тогтоолоор эдэлж дууссан.

 

2. Шүүгдэгч   Г.Г: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Ц.О, Г.Г нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол 3 дугаар сургууль руу гарах явган хүний гарцаар гарч байсан хохирогч Л.Бгийн халаасанд байсан “Самсунг М-13” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 449.100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Ц.О, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “Ц.О-тай бүлэглэж хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25, 34/, хохирогч Л.Бгийн мэдүүлэг /хх-ийн 29/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-49/, камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /хх-ийн 61-66, 81-82/, Ц.О-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 68, 74-76/, Ц.О-ын өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-71, 90-93/, Ц.О-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/, Г.Г-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 67, 77-78/, Г.Г-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Ц.О-ын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хохирогч Л.Бгийн хүсэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.О нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны шөнийн 22 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг,  “”  төвөөс Монгол 3 дугаар сургууль руу чиглэлтэй явган хүний гарц орчим Л.Бгийн халааснаас “Samsung М12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 449.100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Л.Бгийн /хх-ийн 29/: “...би 2021 оны 09 дүгээр сарын 13-ны

орой 22 цаг 30 минутад  “”” ажлаасаа гараад Хангай хотхон руу алхаж явсаар байгаад “ ”-аас 3 дугаар сургууль руу гардаг гарцан дээр зүүн талын халаасанд гар утсаа үзтэл байхаар нь цаг харчихаад буцаагаад халаасандаа хийсэн. Тэгээд зам гараад 3 дугаар сургуулийн буудал дээр иртэл халаас нэг л хоосон болчихоор нь үзтэл rap утас байхгүй болсон байсан. ...гарцан дээр зогсож байхад яг миний ард нэг залуу байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 48-49/,

 

 Г.Г-ын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 16-17/: “...Би найз Нгаас түр машиныг нь авах гээд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэр орчимд очсон. Надад 900.000 төгрөг байсан. Н эхнэрийгээ хагалгаанд орох гээд мөнгө тутаад байна гэхээр нь би 350.000 төгрөг түүнд зээлэх болоод ойрхон байрлах ХААН банкны АТМ рүү хамт ороод мөнгө шилжүүлж өгчихөөд гадаа байсан машиныг нь би авсан. Тэгээд цаашаа Н 3 дугаар сургууль руу явж байснаа гэнэт буцаад явахаар болоод Нг аваад Баянбүрд дээр буулгачихаад би Баянхошуу руу явсан. ...Би тухайн хэрэгт оролцоогүй...” гэх мэдүүлгээр,

 

 Ц.О-ын яллагдагчаар мэдүлсэн /хх-ийн 8-9/: “...энэ хэргийг үйлдэхдээ би ганцаараа байсан. ...Би гарцаар гарах гэж яваад гар утсыг нь унтраачихаад Г.Г руу залгасан чинь “хөдлөөгүй байна” гэхээр нь “наанаа зогсож бай, би Баянбүрд орох ажилтай болчихлоо” гэж хэлээд очоод суучихсан. Г.Г юу ч мэдээгүй...”  гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25, 34/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсноо, шүүгдэгч Ц.О нь хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг өөрөө мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Харин дээрх хулгайн гэмт хэрэгт Г.Г-г хамтран оролцсон гэж прокурор яллаж дүгнэсэнтэй шүүх санал нийлэхгүй байна.

 

Ц.О нь ганцаараа хохирогч Л.Бгийн халааснаас гар утсыг нь хулгайлж авснаа тодорхой мэдүүлж, үйлдсэн хэргээ хүлээдэг бөгөөд Л.Бгийн халааснаас гар утсыг нь хулгайлж авсан болохыг хохирогчийн мэдүүлэг, Ц.О-ын өөрийнх нь өгч буй мэдүүлэг, алдагдсан эд зүйлийн үнэлгээ зэрэг үйл баримтууд л зөвхөн нотлож буйгаас хэргийн шууд гэрч үгүй, хэргийн газрын үзлэгээр хэргийн ул мөр, Г.Г-ын оролцооны талаар баримт сэлт илрээгүй юм.

 

Прокурор камерийн бичлэг, уг бичлэгт  үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан “Г.Г нь хохирогчийг  Ц.О-д зааж өгч байгаа” (хх-ийн 66) гэх баримтад үндэслэж Г.Г-г буруутгаж байх боловч энэ нь түүнийг гэмт хэрэгт хамтран оролцсоныг хараахан нотлохгүй, таамгийн шинжтэй байх бөгөөд камерийн бичлэгээр Ц.О, Г.Г нар  хамт байгааг нотлох боловч чухам ямар нөхцөл байдалд хохирогчийг судлан олж харсан, зааж буй зүг нь тухайн хохирогчийг зааж буй эсэх, цаана явж буй хүн нь хохирогч мөн эсэх талаар ч тодорхойгүй байна.

 

Энэ нөхцөл байдалд Г.Г нь хохирогчийг судлан олж, Ц.О-д зааж өгч, түүнийг хулгайн хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, үйлдлээрээ нэгдэн оролцсон   гэсэн прокурорын дүгнэлт ч бодитой байж чадахгүйгээс гадна хулгайн гэмт хэрэгт Г.Г хамтран оролцсон талаар хөдөлбөргүй барим сэлт, мэдээлэл байхгүй тул түүнийг энэ хэрэгт буруутгах үндэслэл сул байна гэж шүүх үзэв.

 

Иймээс прокуророос Г.Г-г Ц.О-тай бүлэглэж бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Г тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдохгүй буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

Шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Ц.О-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хэргээс “бүлэглэж” гэсэн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, хангалттай тогтоогдож буй ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт нь Ц.О-д ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Ц.О-ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Харин шүүгдэгчийн хувийн байдал нь ялын бодлогыг хэрэгжүүлэхэд үр нөлөө бүхий эрүүгийн хариуцлагын төрөл, эдлэх хэлбэрийг тогтооход хамааралтай байх тул үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Ц.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Л.Б нь “шүүгдэгч Ц.Оаас 450.000 төгрөгийг хүлээн авлаа. ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Ц.О-ын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Прокуророос шүүгдэгч Ц.О-д Эрүүийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “бүлэглэж үйлдсэн” гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч   Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ын 6 (зургаа) хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Ц.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ