Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1255

 

                                                                                                                                                          

 

 

 

 

 

           

 

 

 

    2022           8            24                                         2022/ШЦТ/1255

           

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Г.Чанцалдулам,   

шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Н холбогдох 2206 00000 2458 дугаар хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Н нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д зах дотор 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ш.Э-ын гээгдүүлсэн 0 банкны төлбөрийн картыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр 0 данснаас 16 удаагийн зарлагын гүйлгээг хийж завшсаны улмаас 708.000 төгрөгийн хохирол, 700 төгрөгийн хор уршиг учруулан алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Да хүрээ захаар машин тэрэг сонирхож явж байх үедээ өөрийн 0 банкны 0 тоот дансны виза картаа гээгдүүлсэн байсан. ...16 удаагийн гүйлгээгээр нийт 708.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Их хүч нэртэй компани Хишиг дэлгүүрээс 9 удаагийн гүйлгээ хийгдсэн мөн 24 дүгээр хорооны Мөнгөн хүлэг нэртэй аж ахуй нэгжийн пос машинаас 7 удаагийн гүйлгээ хийгдсэн байсан. Миний хаяж гээгдүүлсэн карт чиптэй учир код хийлгүйгээр пос машинд уншуулж гүйлгээг хийж болдог гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас),

 

Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2022 оны 07 дугаар сарын 05-ний өдөр Мөнгөн хүлэг зах дээр байж байхад 18 цаг 20 минутад зүс таних Н гэх залуу нотариат хийх гэсэн юм карт уншуулж мөнгө гаргаад өг гэсэн үүний дагуу 0 банкны чиптэй карт уншуулж 50.000 төгрөгөөр 7 даа уншуулж 350.000 төгрөг Н өгсөн. ...Н ганцаараа байсан өөр хүн байгаагүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст Ш.Э хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудас),

0 банкны 0 дугаарын Депозит дансны хуулга (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Хохирогч Ш.Э хохирлоо бүрэн барагдуулж авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 40, 41, 42 дугаар хуудас),

           

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30  дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

Улсын яллагч “...шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Н нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д зах дотор 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ш.Э-ын гээгдүүлсэн 0 банкны төлбөрийн картыг Г.Н авсан байна.

 

Шүүгдэгч Г.Н хохирогч Ш.Э-ын гээгдүүлсэн 0 банкны виза картын 0 тоот депозит данснаас нийт 16 удаа зарлагын гүйлгээг хийж, 708.000 төгрөгийг авсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.

 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ”, 1.1 дэх заалтад “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж иргэний үндсэн үүргийг хуульчилж өгсөн.

           

“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн эзэмшлээс хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлдэг.

 

“Завших” гэмт хэргийн үндсэн шинж нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба хохирогч Ш.Э-ын гээгдүүлсэн 0 банкны виза картын 0 тоот депозит данснаас нийт 16 удаа зарлагын гүйлгээг хийж, 708.000 төгрөгийг шүүгдэгч Г.Н авсан байх бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Н нь хохирогч Ш.Э-ын 0 банкны виза картын 0 тоот депозит данснаас нийт 16 удаа зарлагын гүйлгээг хийж, 708.000 төгрөгийг авсан буюу гээгдэл эд хөрөнгийг завшсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба “Завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Ш.Э нь “хохирлоо барагдуулсан. Гомдол, санал байхгүй.” гэсэн байх тул шүүгдэгч Г.Н-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Г.Н уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Г.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч Г.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Г.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                          М.ТҮМЭННАСТ