Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/609

 

2022           6            08                                   2022/ШЦТ/609

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0399/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн “2202001060091” дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д менежерээр ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн 9-р хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 16-р хороо, ... тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9-р сарын 18-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Б /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сард Орхон аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол агууламжтай 24.4 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаас уг “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 23.6 грамм цэвэр жинтэй бодисыг 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 0.8 грамм цэвэр жинтэй бодисыг 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... оффисын барилгын байрны урд талын автомашины зогсоолд байрлуулсан ... улсын дугаартай “Тоёота Хайлюкс” маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. 2019 онд энэ төрлийн хэрэгт холбогдож байсан. Мансууруулах бодисыг 2-3 удаа хэрэглэж байсан. Өвсийг хадгалсан байсан машин аавынх байсан бөгөөд тэр машиныг худалдсан.” гэв.

Хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 2 дахь тал)  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: "...хэрэг болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоосгоны үйлдвэрийн гудамжны ... тоот ертөнцийн зүгээр баруун зүгт харсан мөнгөлөг өнгийн төмөр хаалгатай хашаа байх ба хашаанд ороход хашааны хойд хэсэгт улаан хүрэн өнгийн амины орон сууц, хашааны зүүн урд хэсэгт гэр байшингийн баруун талд амбаар тус тус байрласан зохион байгууллалтай. Б.Б нь гэрийн түлхүүрээ алга болгосон гэх ба өөрөө байшингийн баруун талын цонхоо түлхэж онгойлгож дотогш нэвтэрсэн...Өрөөний голд байх орон дээрээс хар өнгийн ууттай өвс мэт зүйл гарч ирснийг цахилгаан жин дээр тавьж жинлэхэд 18.8 граммтай байсныг 2 гэж дугаарлан хурааж авав. Орны толгой хэсгийг хөдөлгөж араар нь үзэхэд цагаан өнгийн уутай өвс мэт зүйл гарч ирснийг цахилгаан жин дээр хэмжихэд 21.2 граммтай байсныг 3 гэж дугаарласан хурааж авав. Өрөөний зүүн хананд байрлуулсан ханийн шкафны хойд хэсгийн шкафны дээд тавиур дээр зах ирмэг нь түлэгдэж харалсан АШ 381502 серийн дугаартай 50-тийн мөнгөн дэвсгэрт байсныг 4 гэж дугаарлан зиплок түгжээ бүхий уутанд хийж хурааж авав...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 4-8 дахь тал)

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: "...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ... оффисийн барилгын байрны ертөнцийн зүгээр урд талд авто машины зогсоол дээр зогссон ... улсын дугаартай хөх өнгийн "Тоуоtа Нuluх" маркийн тээврийн хэрэгсэл байх ба машины эзэмшигч Б.Б-ийн сайн дураар хар тамхи, мансууруулах бодис байгаа юу байгаа бол гаргаж өгөхийг хүсэхэд Б.Б автомашины голын хайрцагнаас цахилгаан тамхины хар өнгийн цахилгаантай сав гарган ирж дэлгэхэд дотроос нь шаргал өнгийн төмөр гаанс, гялгар уутанд боосон өвс мэт зүйл 2.1 грамм гаргаж ирснийг шаргал өнгийн төмөр гаансыг 1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 2.1 грамм заасан өвсийг зиплок түгжээ бүхий уутанд хийж 2 гэж дугаарлаж хурааж авав...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 15-21 дэх тал)

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд "... Б.Б-ийн биеэс биологийн дээж буюу түүний шээснээс дээж авч тест ашиглан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 5 дугаар багана буюу ТНС/ Мариухан/ илэрсэн...гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 27-29 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

Гэрч Л.Г-н "...би 2021 оны 11-р сард Б.Б-тэй хамт Орхон аймагт өөрийн хамаатан Энхгэрэл гэх эгчдээ юм аваачиж өгөхөөр хамт явсан нь үнэн. Тухайн Улаанбаатар хотоос оройдоо гарсан ба Б.Б-ийн унаж байгаа ... улсын дугаартай "Тоёота Хайлукс" маркийн тээврийн хэрэгсэлтэй нь хөдөлсөн...гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 944 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн сахлын татуурганы ир, "2" гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл "3" гэсэн хаягтай цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл "4" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн АШ 381502 гэсэн серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт "1" гэсэн хаягтай гаанс "2" гэсэн хаягтай цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодиснууд нь сэтгэцэд нөлөөлөх бодсын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

"2" гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 18.8 г, цэвэр жин нь 11.8 г, "3" гэсэн хаягтай цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 21.3 г, цэвэр жин нь 11.8 г "2" гэсэн хаягтай цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 3.1 г цэвэр жин нь 0.8 г байна гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 47-50 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 954 дугаартай дүгнэлтэд:

1 .Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Б.Б ЙЮ91072011 2022.1.27 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэсэн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 57-59 дэх тал)

Шүүх сэтгэц эмгэг судлалын 198 дугаартай дүгнэлтэд: Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дахь тал)

"Тоуоtа Hilux” маркийн автомашиныг 14,489,350 төгрөгөөр үнэлсэн "Дамно" хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 69-71 дэх тал)

Яллагдагч Б.Б-ийн: "...прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг ойлгож мэдлээ. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Миний гэр болон машинаас өвс илэрсэн нь үнэн. 2021 оны 11 сард би тухайн үедээ найзалж байсан Гантуяа гэх эмэгтэйтэй Орхон аймаг руу хамаатныд нь хамт очоод буцах замдаа бие засах гэж зогсох үедээ өвс байхыг хараад гялгар уутаар түүж авсан. Ингээд Тоосгоны үйлдвэрийн 94-а тоот хашаа байшинд буюу гэртээ авчирж хадгалж байсан. Энэ өвснөөс тасдаж авч хэрэглэж байсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сард Орхон аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол агууламжтай 24.4 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 23.6 грамм цэвэр жинтэй бодисыг 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоосгоны үйлдвэрийн гудамжны 94 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 0.8 грамм цэвэр жинтэй бодисыг 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... оффисын барилгын байрны урд талын автомашины зогсоолд байрлуулсан ... улсын дугаартай Тоуоtа Нiluх маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон, хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь Монгол улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, хүн амын эрүүл мэндийн байдалд хор, хохирол, үр дагавар өндөр дагуулдаг гэмт хэрэг байгаа. Тодорхой төрлийн хохирол учруулахгүй ч гэсэн нийгмийн аюултай гэмт хэрэг юм. Хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй бодисыг хэрэглэж, хадгалсан. Эргээд монгол хүний удмын санд нөлөөлдөг бодис учраас үүнийг хуулиар хориглож өгсөн байгаа. Б.Б нь өмнө нь ижил төрлийн хэргээр ял шийтгүүлж байсан.  Энэ дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах талаар гаргасан оролцогчийн хүсэлтийг үндэслэн тэдгээрийг хаана хадгалахыг шүүх, прокурорын шийдвэрт тусгайлан зааж болно” гэж тодорхой заасан. Тухайн автомашины өөрийн эзэмшлийнх биш учраас битүүмжлэх хууль зүйн бололцоогүй. Автомашиныг зах зээлийн үнэлгээг Б.Б-с гаргуулах саналтай байна. Б.Б-ийн үйлдлийн хувьд хадгалсан, бэлтгэсэн гэсэн гэмт хэргийн 2 шинжийг хангаж байгаа учраас хорих ял оногдуулах нь зүйтэй” гэсэн саналыг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцогт нь: “...Б.Б нь түүсэн өвсийг өөрөө татсан, өөр бусад хүмүүс рүү дамжуулж, зарж борлуулаагүй. Бусдаас худалдаж аваад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн үйлдэл гаргаагүй. Гагцхүү өөрөө хэрэглэсэн. Дээрх байдлыг харгалзан үзнэ үү. Энэ төрлийн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 төрлийн ял оногдуулахаар заасан буюу 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 1-5 жил хугацаагаар хорих ял оногдуулах ялын санкцтай. Иймд дээрх байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах, мансууруулах бодис хэрэглэхийг давхар хязгаарлаж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.Б нь урьд 2017 онд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр мөн энэ төрлийн гэмт хэрэгт буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэгт  ял шийтгүүлж байсан бөгөөд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь хувийн байдлын хувьд өөртөө дүгнэлт өгөөгүй, хар тамхи хэрэглэх хорт зуршлаасаа ангижраагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдсэн орсон бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Б-д хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа сахлын татуурганы ир, уутны хамт 18.8 грамм “өвс”, уутны хамт 21.2 грамм “өвс”, зах ирмэг нь түлэгдэж харласан AU1381502 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, шаргал өнгийн гаанс, уутны хамт 2.1 грамм өвс, харлаж бохирлогдсон мөнгөн цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй байна.

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар мансууруулах бодисыг хадгалсан ... улсын дугаартай Тоуоtа Нiluх маркийн автомашины зах зээлийн үнэлгээгээр тооцож 14 489 350 төгрөгийг  Б.Б-с гаргуулах санал гаргасан бөгөөд хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 90х/-гаар шүүгдэгчийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байгаа байдал, уг автомашин тухайн үед шүүгдэгчийн эцэг Батсүхийн эзэмшилд байж байгаад бусдад зарагдсан гэх тайлбар мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгчид хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Б-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа сахлын татуурганы ир, уутны хамт 18.8 грамм “өвс”, уутны хамт 21.2 грамм “өвс”, зах ирмэг нь түлэгдэж харласан AU1381502 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, шаргал өнгийн гаанс, уутны хамт 2.1 грамм өвс, харлаж бохирлогдсон мөнгөн цаас зэрэг хар тамхи түүнийг татах зориулалт бүхий эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР