| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2022/1221/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1264 |
| Огноо | 2022-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1264
2022 08 24 2022/ШЦТ/1264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, Нарийн бичгийн дарга М.Баттэргэл Улсын яллагч Х.Э Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Н холбогдох эрүүгийн дугаар 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол хотхоны Сүмбэр-Орд худалдааны төвийн гоо сайхны газарт хиймэл сормуус хийлгэх үйлчилгээ авч байхдаа “сормуус шингэн хийлээ” гэх шалтгааны улмаас гоо сайхны газрын эзэн Ц.Г маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гар утас барьсан байсан гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 2-р шүдний хугарал, зүүн дээд 4-р шүдний булгарал, доод уруулд язрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд : “2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн үед манай үйлчлүүлэгч болох нэг эмэгтэй орж ирээд сормуус хийлгэнэ гээд манай охин нэг нүдэнд нь хийж дуусгаад толинд хардаа гэсэн чинь шингэн байна, би энэнээс илүү өтгөн сормуус хийлгэх байсан гээд орилж чарлаад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд гоо сайханы орон дээр хэвтэж байсан. Би очоод өөр газар хийлгэчих гэсэн чинь босож ирээд гар утас барьсан гараараа нүүрэн тус газар буюу аман хэсэгт цохисон тэгээд миний үүдэн шүд унасан, уруул язарч хавдсан. Тэгээд нөгөө хүүхэн гарч зугтах гэсэн манай ажилчид орж ирээд манай харуул Б цагдаа дуудаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. “...урьд нь гаргасан шүдний 480.000 төгрөг төлүүлэх, шүдний мөнгө гаргуулж шүд хийлгэх 2 шүд тагнаагүй шүд 1.400.00 төгрөг нэхэмжилж байна” гэв” /хх 18-19,-90/ гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4263 дугаартай шинжээчийн “Ц.Г биед баруун дээд үүдэн 2-р шүд шүдний хугарал, зүүн дээд 4-р шүдний булгарал, доод уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 нөлөөлнө” /хх 37-38/ гэх дүгнэлт, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.З “Манай ээж Монгол хотхоны Сүмбэр худалдааны төвийн 2 давхарт гоо сайханы салон ажиллуулдаг байхад би хувиараа сормуус хийдэг байсан. Хэрэг гардаг өдөр хэдний өдөр байсныг санахгүй байна ээжийг зодсон гэх эмэгтэй шингэн сормуус хийлгэнэ гэсний дагуу нэг талыг хийж дуусгасны дараа толинд харуулсан чинь илүү шингэн байна, нэмж сормуус хийлгэмээр байна гэсэн. Тэр үед манай ээж чи өөрөө анх шингэн сормуус хийлгэнэ гэсэн байж одоо ийм юм ярилаа гэснээс болж маргаан эхэлсэн. Тэгээд ээж толинд харуулсан чинь нөгөө эмэгтэй нүд ам руу чичиллээ гэж хэлээд босч ирээд тэр хоёр хоорондоо маргалдаж харилцан түлхэлцэж байгаад тэр эмэгтэй утас барьсан гараараа хацар руу цохисон чинь ээжийн амнаас цус гараад шүд унасан. Тухай үед манай ээж тэр эмэгтэйн гинжнээс татаж тасалсан эсэхийг анзаараагүй, тэр үйл явдал маш богино хугацаанд болсон учраас хараагүй ” гэх мэдүүлэг, /хх 60/, зэрэг болно. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол хотхоны Сүмбэр-Орд худалдааны төвийн гоо сайхны газарт хиймэл сормуус хийлгэх үйлчилгээ авч байхдаа “сормуус шингэн хийлээ” гэх шалтгааны улмаас гоо сайхны газрын эзэн Ц.Г маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гар утас барьсан байсан гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 2-р шүдний хугарал, зүүн дээд 4-р шүдний булгарал, доод уруулд язрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4263 дугаартай шинжээчийн “Ц.Г биед баруун дээд үүдэн 2-р шүд шүдний хугарал, зүүн дээд 4-р шүдний булгарал, доод уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан Шүүгдэгч Д.Н нь хохирогч Ц.Г эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч Д.Н нь хохирогч Ц.Г эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Д.Н үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Улсын яллагч: “Шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 600.000 төгрөгөөр торгох ” гэх саналыг гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. Шүүх шүүгдэгч Д.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг анх удаа тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн нөхцөл байдал, цаашид гарах хохирлын төлөхөө илэрхийлж байгаа байдал, гэм буруу дээр маргахгүй урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. Бусад асуудлаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Н нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Ц.Г нь шүүгдэгч Д.Н гэм хорын хохиролд 191.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Хохирогч Ц.Г нь гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах нэхэмжлэл байвал баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч Д.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Н 191.000 /зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гаргуулж хохирогч Ц. Г /-д олгуулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Г нь гэм хорын хохиролтой цаашид гарах нэхэмжлэл байвал баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГ А