| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2018/00428/И |
| Дугаар | 591 |
| Огноо | 2018-08-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 591
2018 оны 08 сарын 29 өдөр Дугаар 139/ШШ2018/00591 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, шүүгч Ц.У, шүүгч Г.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7-р баг, 11-р байр, 3 тоотод оршин суух, Б овогт Сын Э /РД:ЦВ68051802/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7-р баг, 11-р байр, 6 тоотод оршин суух, Т овогт Тийн Од холбогдох гэм хорын хохирол 1.064.142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 сарын 16-ны өдөр 139/2018/00428/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, хариуцагч Т.О, нарийн бичгийн дарга Б.Д , иргэдийн төлөөлөгч Ц.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 сарын 29-ний өдөр манай дээд айл болох Т.Оийнхээс парны халуун ус их хэмжээгээр алдаж манайх гэр орондоо амьдрах нөхцөлгүй болж 2 сар айлаар амьдарч энэ өвлийг хүндхэн өнгөрөөсөн юм. Дээд айлынхан хохирол учруулснаа бүрэн мэдсэн боловч одоо болохоор хохирол төлөхгүй гээд загнаад байгаа юм. Манайх байрныхаа хохирлыг үнэлгээний төлбөр 50.000 төгрөг төлж “Уваа уул Аудит” ХХК-иар 983.000 төгрөгийн хохирол учруулсан талаар дүгнэлт гаргуулсан. Тэмдэгтийн хураамж 21.142 төгрөг, нотариатын төлбөр 3,000 төгрөг бүгд 1.064.142 төгрөгний төлбөр гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Т.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 сарын 29-ний өдөр миний бие Улаанбаатар хотод явсан үед гэрийн гал тогооны пар хагарч ус алдсан нь үнэн. Тухайн үед нөхөр Т.Мөнхбат байж ус алдалтыг зогсоосон. Энэхүү байранд 2014 оноос хойш амьдарч байгаагийн хувьд халаалт маш муу байдаг. Халахгүй байгаа шалтгаан олон жил болсон шугам сүлжээг солих шаардлагатай байна гэж үзэж айл бүрээс мөнгө хурааж ... айл бүр параа солих гэж мөнгө хураахад нэхэмжлэгч Э мөнгө өгөөгүй “манай өөрийн гэр халаалт сайн гэдэг ” хариултаар бүх айлын мөнгө буцаагдаж “Дундговь Ус ” ОНӨҮ газар хамтран хийх ажил буцаагдсан. Тухайн үйл ажиллагаа явагдсан бол манай пар солигдох байсан. Үүнээс улбаалан яагаад нэг давхрын айл Эынх халаад дээшээ халаалт ирдэггүй талаар тодруулахад тухайн айл засвар хийх явцдаа халаалтын урсгалын системийг хувиараа дур мэдэн өөрчилж нийтийн эзэмшлийн шугам сүлжээнд өөрт ашигтай байдлаар богино холболт хийж дээд давхарууд уруу халаалт оруулахгүй, халаалт авахын тулд дээд айлууд ус татуулж усны алдагдалд орох зэрэг зөрчлүүд гарсан болно. Уг дүгнэлтийг тухайн шалгалт хийж явсан баг бүрэлдэхүүнүүд хэлж байсан ба энэ тухайгаа аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэж манай байгууллагаас энэ айлд шаардлага тавьсан ч хэрэгжүүлэхгүй байна гэсэн хариуг өгсөн. Дээрх шалтгаануудын улмаас манай гэр бүл 3 нялх үрсийн эрүүл мэндийн хувьд ч маш хохиролтой 3 дах жилдээ явж байна. Халаалт ирэхгүйн улмаас 3 өрөө байрны 1 өрөөнд бид амьдардаг. Байнга нэмэлт халаалт хэрэглэдэг. Эын өргөдөлтэй танилцахад тухайн айл маань өөрөө маш дулаахан өвөлждөг. Энэ жил л зутарч өвөлжсөнөө дурдсан. Энэ агуулга нь бас нэгийг бодох л зүйл юм. Өөрийн эрх ашгийн төлөө шугам, сүлжээг өөрчилж хувийн сэтгэгдлээр нийтийн эзэмшилд халдаж байсан нь харагдаж байна. Миний бие нь тухайн үед байгаагүй гэсэн ч бид ойлголцож энэхүү асуудал дээр хүлээцтэй хандаж байсан ч тухайн иргэн нь удаа дараа гэрт дайрч, доромжилж дарамталж, хувийн нэр хүндэд халдсан. Миний бие Аудитын гаргасан дүгнэлт, үнэлгээг зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэлийн дагуу мөнгийг төлөх боломжгүй болно. Өөрийн орлого нь амьжиргааны болон тухайн байранд амьдарч эрүүл мэндийн зардалд хүрэлцдэггүй. Гэр бүлийн хүн тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэггүй учир санхүүгийн хувьд хохирлыг барагдуулж чадахгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Т.Оээс гэм хорын хохирол 1.064.142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Т.О нь гэм хорын хохирол гарах үндэслэл нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс бий болсон гэж үзэж 1.064.142 төгрөг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж маргажээ.
Хариуцагч Т.Оийн эзэмшлийн орон сууцны байрны парнаас ус алдаж нэхэмжлэгч С.Эын өмчлөлийн Дундговь аймаг Сайнцагаан сумын 7-р баг 11-р байрны 03 тоот хаягт орших орон сууцанд 983000 төгрөгний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна. /ХХ-5-11, 14-16/
Хариуцагч Т.О нь өөрийн эзэмшиж байгаа орон сууцыг “Суурь” ХХК-ны өмчлөлийн орон сууц гэж тайлбарлаж байгаа боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч С.О нь гэм хорын хохирол 983000 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 3000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн зардал 50000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 28142 төгрөг, нийт 1064142 төгрөгийг нэхэмжилж байх боловч үнэлгээний зардал 50000 төгрөг төлсөн баримтыг тус шүүхэд ирүүлээгүй, УТХ-г давхардуулан тооцож нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс гэм хорын хохирол 983000 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 3000 төгрөг, нийт 986000 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн УТХ-д төлсөн 28142 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас УТХ-д дутуу төлөгдсөн 72 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах, 28142 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Т овогт Тийн Оээс 986.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б овогт Сын Э /РД:ЦВ /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 78.124 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. ИХШХШТХ-н 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.142 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дутуу төлөгдсөн 72 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод, 28142 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х
ШҮҮГЧИД Ц.У
Г.Б