Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/657

 

2022          6             21                                     2022/ШЦТ/657     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс:185/2022/0617/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Г.Цогтмагнай,

шүүгдэгч Э.Э /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн 2209000000895 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ... ХХК-ийн захирал ажилтай ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Э.Э /РД:/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Э нь 2022.04.17-ноос 04.18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй баараар үйлчлүүлж байхдаа цуг үйлчлүүлж байсан найз Г.Г-г “найз н.Кумиг казах гэж яс үндсээр гадуурхсан” гэх шалтгаанаар пивоны шилээр толгойн тус газар нь цохиж биед нь баруун чих, чихний цэцгээс эрүү хүрсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн үйл явдал нь 4 сарын 17-ны өдөр болсон бөгөөд манай найз Бүрэнжаргалын төрсөн өдөр болж байсан. Бид нар эхлээд караоке ороод дараа нь бар орсон байгаа. Ингээд үйл ажиллагаа дуусаад би пиво уусан байсан тул манайд жолоочоор орсон залуу болох Кумиг дуудсан. Куминыг ирэхээс өмнө бид нар хаашаа явахаа ярьж байсан бөгөөд Кумиг ирэхэд хохирогч нь манай найзыг доромжилсон ба намайг чи Казак залуутай уулздаг болчихсон юм уу гэж хэлсэн. Тэгээд би архи хэрэглэсэн байсан тул биеэ барьж чадахгүй хохирогчийн толгой руу цохисон байгаа. Миний буруу. Хохирогчийг эмчилгээний зардал, мөнгө төгрөг авах уу гэхэд хэрэггүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө манай нэг найз н.Дүүрэнжаргалын төрсөн өдөр болж найзууд маань дуудсан учир караокед очиж уулзсан юм. Тэгээд тухайн караоке нь хаахаар болоод тэндээсээ гараад н.Дүүрэнээ, н.Анхаа, н.Хулан, н.Ганзориг бид нар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн үед бид нарыг Э.Э баар руу хүргэж өгчхөөд "Гэртээ харилаа" гээд явсан юм. Тэгээд 1 цагийн дараа Э.Э буцаад хүрээд ирсэн юм... манай найзууд нэг нэгээрээ "харилаа" гээд явсаар байгаад н.Ганзориг, Э.Э бид 3 бааранд үлдсэн юм. Тэгээд байж байхад Э.Э нь жолоо бариулж байгаа дуудлагын жолоочоо "Ороод ирээч" гэж дуудсан... Э.Э-н дуудлагын жолооч ч юм уу, найз нь ч юм уу нэг залуу орж ирээд хамт суусан. Тэр залууг орж ирэхээс өмнө бид нар казахуудын тухай ярьж байсан ба тэр залууг орж ирэхээр нь би гар барьж мэндлээд бас "Казах тэ” гэж хэлчхээд зүгээр сууж байсан чинь Э.Э гэв гэнэт намайг толгой руу пивоны шилээр цохичихсон. Цохисон шил нь хагарсан. Тэгээд миний баруун талын шанаа хэсгээс цус гараад тогтохгүй болохоор нь тэр хэдтэй хамт баарнаас гараад Э.Э-н машинтай "Гэмтлийн эмнэлэг"-т очиж үзүүлээд оёдол тавиулсан юм. Э.Э-н дуудаж оруулж ирсэн залууг нь намайг "Яс үндсээр ялгаварлан гадуурхлаа" гэж уурлаад миний толгой руу цохичихсон. Өөр шалтгаан бол байхгүй... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Э.Э бид 2 найз нөхдийн харилцаатай учир хохирол, эмчилгээний зардлын асуудлыг хоорондоо ярьж тохирно.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4 дэх тал)

Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 17-ны орой манай нөхөр Г.Г нь машинаа засаж байгаа газарт "Сэлбэг аваачиж өгнө" гээд гэрээс гараад явсан юм. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө 08-09 цагийн хооронд Г.Г гэртээ эргэж ирсэн. Эргэж ирэхдээ Г.Г нь баруун талын хацартаа оёдол тавиулсан, баруун талынх нь чих сэтэрсэн, толгой нь хагарсан, хамаг хувцас нь цус болчихсон, хүнд зодуулсан байдалтай гэртээ орж ирсэн. Ингээд би болсон асуудлын талаар Г.Г-с асуухад "Урьд нь шөнө талбайн тэнд ... нэртэй бааранд найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж орсон юм, найз Э.Э-н найзыг "казах" гэж хэлсний төлөө Э.Э намайг пивоны шилээр цохиж, хагарсан шилээр нүүр зүссэн" гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Г.Г-н толгой тархи нь өвдөөд гэртээ хэвтэж өнжсөн. Өчигдрөөс буюу 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс "Цэргийн төв эмнэлэг"-т "Гэмтэл согог"-ийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Миний бие Э.Э-н 86113046 дугаарт залгаж Э.Э-тэй утсаар ярихад нөхөр Г.Г-н хэлж ярьснаар бүгдийг ярьж байна лээ... "Г.Г-г манай найзыг үндэс угсаагаар доромжилсон болохоор нь шилээр цохисон" гэж хэлсэн... Манай нөхөртэй нэлээд хэдэн жил найзалж байгаа хүн байгаа юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал)

Гэрч Т.Гумырзакын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Э.Э нь хажуудаа сууж байгаа залуугийн толгойг пивоны шилээр цохиж хагалсан. Толгойноос нь цус гарч байсан... Тэгээд цус гараад байхаар нь бид нар тэр залууг машиндаа суулгаад "Гэмтлийн эмнэлэг"-т хүргэж өгсөн..." (хавтаст хэргийн 13 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч
Б.Ганзоригийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6019 дугаартай: “Г.Г-ын биед баруун чих, чихний цэцгээс эрүү хүрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг тогтоогдсон гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлдэл, олон үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэсэн дүгнэлт
(хавтаст хэргийн 15-16 дахь тал)

Яллагдагч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... "манай нэг казак найз ирж байгаа" гэж хэлсэн чинь "чи казак хүнтэй найзалдаг болоо юу" гэсэн. Тэгээд Г.Кумиг ирэхэд Г.Г нь казах гээд гадуурхсан өнгө аястай харьцаад байхаар нь би пивоны шил барьж аваад Г.Г-н толгой руу нь цохичихсон. Цохих үед пивоны шил хагарсан. Нэг удаа л цохисон. Цохингуут Г.Гын баруун талынх нь шанаа хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь өөрийнх нь цамцаар дараад бид нар баарнаас гарцгааж "Гэмтлийн эмнэлэг" орж үзүүлээд хацарт нь оёдол тавиулсан... "Найз нь эмчилгээний зардлыг төлж барагдуулна чи хэлчихээ гэхэд Г.Г нь яахын бэ найз нь мөнгө авахгүй гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Э-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Э.Э нь 2022.04.17-ноос 18-нд шилжих шөнийн 04-05 цагийн үед  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лакс нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа цуг үйлчлүүлж байсан өөрийн компанийн менежер ажилтай найз Куми буюу Т.Гумырзакыг “яс үндсээр нь гадуурхаж харьцлаа” гэх шалтгаанаар хохирогч  Г.Г-тэй маргалдан улмаар пивоны шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун чих, чихний цэцгээс эрүү хүрсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Э.Э нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Э.Э-н хувьд согтуурсан үедээ бусадтай зүй бус харьцаж, асуудлыг эв зүйгээр бус хүч бяраар шийдвэрлэх гэсэн түрэмгий зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Г нь шүүгдэгчээс эмнэлгийн төлбөр, хохирол нэхэмжлээгүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч  Э.Э-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж байгаа боловч хохирогч Г.Г-н тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Э.Э-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Э.Э-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.Э нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.Э-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг 4 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Э нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                         

1. Шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч Г.Г нь шүүгдэгч Э.Э-н үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР