Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2018/00126

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хорооллын ... байрны ... тоотод оршин суух, Г- овогт О-ийн Ө-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ... хороо, ... тоотод оршин суух, Э- овогт Ц-ийн Н-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.582.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, хариуцагч Н.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Н- нь 2015 оны 11 дүгээр сард О.Ө-ээс нийт 6.200.000 төгрөгийг 1 сарын хугацаагаар, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Үүнээс 1.000.000 төгрөгийг буцааж төлсөн. Үлдэх 5.200.000 төгрөгийг хугацаанд нь төлж чадахгүй сунгаж явсаар 7.680.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх тооцоо гарсан ба уг тооцоог хариуцагч өөрөө гаргасан байна. Үүнээс хойш 2018 оны 2 дугаар сард 98.000 төгрөгийг төлж 7.582.000 төгрөгийн үлдэгтэй байгаа тул уг мөнгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: О.Ө-ийн нэхэмжлэлтэй, Ц.Н-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.582.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 582.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь 7.000.000 төгрөгийг төлөхөөр талууд эвлэрсэн болно. Эвлэрэн хэлэлцсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, хариуцагч Ц.Н- гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч О.Ө- нь хариуцагч Н.Н-гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.582.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, 2 тал гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байна. 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дэхь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй  гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1.Г- овогт О-ийн Ө-ийн нэхэмжлэлтэй, Э- овогт Ц-ийн Н-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.582.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 582.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь үлдэх 7.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7.000.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 126.950 төгрөгийг хариуцагч Ц.Н-гаас гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч  сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар  энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.    

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ