Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
Хэргийн индекс | 105/2022/1239/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1258 |
Огноо | 2022-08-24 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1258
2022 8 24 2022/ШЦТ/1258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Ш , Б , Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сутай овогт Батболдын Ш , Дарханууд овогт Баттулга Б , Хиргис овогт Гансүхийн Э нарт холбогдох 2206 02639 2281 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш нь Г , Б нартай бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б-ийг найз Э алгадаж хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хувийн маргаан үүсгэж зүүн нүдний хэсэгт гараараа нэг удаа цохиод орон дээр унагааж, хүзүүг боож байгаад баруун, зүүн нүдний орчимд болон хацар дээр гараараа хэд хэдэн удаа цохиж улмаар Б-ийн биед нь зулайд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дух баруун, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б нь Ш , Г нартай үйлдлээрээ бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч З.Б-ийг найз Э алгадаж хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хувийн маргаан үүсгэж Б нь баруун зүүн шанаа, эрүү хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж улмаар З.Б-ийн биед нь зулайд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дух баруун, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г нь Ш , Б нартай бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч З.Б-ийг найз Э алгадаж хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хувийн маргаан үүсгэж Г нь халуун тогооны тагаар толгой тус газар нь нэг удаа цохиж, Ш , Б нар нь нүүр болон толгой, шанаа хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж улмаар З.Б-ийн биед нь зулайд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дух баруун, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш , Б , Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргасныг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ш шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.
Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.
Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч З.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Э нь найз Э алгадлаа гээд орилоод ирэхээр чи 2 хүүхдээ дагуулчхаад ямар олигтой амьтан байх вэ дээ гээд хэлсэн чинь түүний найз залуу Ш нь чи миний найз бүсгүйг элдвээр хэлж доромжиллоо гээд зүүн нүдний хэсэгт гараараа нэг удаа цохиод орон дээр унагаасан. Тэгээд хажуугаас Б , Ш 2 нийлээд орон дээр дарж байгаад нүүрэн хэсэгт цохиж байтал Энэбишийн дүү Дэлгэрдалай салгаад миний урдуур ороод нөгөө 2 залууг гараараа хойш түлхэж байтал Э гэх эмэгтэй миний толгойны зулай хэсэгт хатуу зүйлээр 1 цохитол Э тэр эмэгтэйг салгасан. Тэгтэл нөгөө Ш гэх залуу Д хажуугаар орж ирээд миний хүзүүг боож байгаад баруун, зүүн нүдний орчимд болон хацар дээр гараараа хэд хэдэн удаа цохиж гэмтээсэн. Харин Б гэх залуу нь баруун зүүн шанаа, эрүү хэсэгт гараараа хэд хэдэн цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),
Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Б миний баруун хацар руу гараараа хүчтэй 1 удаа алгадаад автал Э салгах гээд дундуур ортол Эрдэнэбулгын бас алгадаад, 2 золбин дагуулж ирсэн гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Э нь 2 дагавар хүүхэдтэй болохоор тэрийгээр нь доромжлоод байхаар нь халуун тогооны таглаа аваад толгой тус газар нь нэг удаа цохисон Ш чи миний хайртай бүсгүйг юу гээд байгаа юм бэ гээд Б барьцалдаад, Б болохоор чи яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бэ гэж хэлтэл өөдөөс нь дайраад тэр 3 зууралдаад маргалдаад байсан. ...Б толгой руу Э тогооны тагаар 1 удаа цохиж байгааг харсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 28 дугаар хуудас),
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл Булгаагийн найз залуу Ш босож ирээд Б орон дээр дарж байгаад нүүрэн хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би очоод Булгаагийн нөхрийг салгаад авсан чинь цаанаас нь Б , Б толгойны шанаа хэсэг рүү нь 2 удаа цохихоор нь чи одоо болиочээ гэсэн чинь зодохоо больчихсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7890 дугаар: “... ДҮГНЭЛТ З.Б-ийн биед зулайд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дух баруун, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дугаар хуудас),
Шүүгдэгч Ш ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би шууд очоод зүүн нүдний хэсэгт нь 1 удаа цохиход дүү Дэлгэрдалай салгах гэж дундуур орж байхад дахиад нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. ... Б зүүн нүдний хэсэгт нэг удаа, нүүрэн тус газар нь нэг удаа тус тус гараараа атгаж байгаад цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),
Шүүгдэгч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би Б нуруун дээр гарч сууж байгаад хойноос нь толгойн зүүн, баруун шанаа хэсэгт 2 гараараа нэг удаа цохитол Дэлгэрдалай намайг араас татаад салгасан... би Б баруун, зүүн шанаа хэсэгт ээлжлээд нэг нэг удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас),
Шүүгдэгч Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Б босоод дайрах гээд байхаар нь би гарт таарсан юмаа аваад толгой хэсэгт нь нэг удаа цохисон... Б толгой хэсэгт халуун тогооны тагаар нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас),
Хохирогч З.Б хохиролд 2.000.000 төгрөгийг авсан гомдол, саналгүй гэх гар бичмэл (хавтаст хэргийн 133 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, (хавтаст хэргийн 132 дугаар хуудас),
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83, 94, 100 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 86, 106 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82, 93, 99 дүгээр хуудас),
Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 84, 95, 101 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “...Шүүгдэгч Ш , Б , Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ш , Б , Г нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ш , Б , Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж хохирогч З.Б-ийг найз Э алгадаж хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хувийн маргаан үүсгэж, шүүгдэгч Ш нь зүүн нүдний хэсэгт гараараа нэг удаа цохиод орон дээр унагааж, хүзүүг боож байгаад баруун, зүүн нүдний орчимд болон хацар дээр гараараа хэд хэдэн удаа цохиж, шүүгдэгч Б нь баруун зүүн шанаа, эрүү хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, шүүгдэгч Г нь халуун тогооны тагаар толгой тус газар нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан байна.
Хохирогч З.Б Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7890 дугаар дүгнэлтээр “зулайд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дух, баруун, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш , Б , Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” үйлдсэн гэж заасан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ш , Б , Г нар нь бүлэглэж хохирогч З.Б-ийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч З.Б Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7890 дугаар дүгнэлтээр “зулайд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дух, баруун, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ш , Б , Г нар нь бүлэглэж хохирогч З.Б-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ш , Б , Г нар бүлэглэж нь хохирогч З.Б-ийн эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Ш , Б , Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш , Б , Г нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Харин шүүгдэгч Ш , Б , Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн тул давхар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан.
Улсын яллагчаас Ш , Б , Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Ш , Б , Г нар нь хохирогчийн эрүүл мэндэд халдахдаа үйлдэл, сэдэлт, зорилгоороо нэгдсэн байх тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч З.Б нь гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Ш , Б , Г нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ш , Б , Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ш , Б , Г нар нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ тус тус зурсан байна.
Шүүх шүүгдэгч Ш , Б , Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш , Б , Г нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш , Б , Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ш , Б , Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш , Б , Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш , Б , Г нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ш , Б , Г нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш , Б , Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш , Б , Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ