Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 740

 

                                                           

 

 

 

 

 

2019          7              23                                            2019/ДШМ/740

                                                       

Б.Г-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Яринпил,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сэрсмаа, түүний өмгөөлөгч О.Болормаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/728 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Г-д холбогдох эрүүгийн 1906000000416 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д овгийн Б-ын Г, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............. дүүргийн ...... дугаар хороо, ............... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 431 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 209 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 3 хоногийн ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан /РД:ЦГ......................../;

Б.Г нь согтуурсан үедээ 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 81 дүгээр байрны гражид 47 настай эрэгтэй М.Алтангэрэлтэй маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овгийн Б-ын Г-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-гийн 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 73 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Г нь оршуулгын зардалд 10.040.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Яринпил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг доорх үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах нь, ялтан Б.Г нь хохирогч М.Алтангэрэлийн амь насыг хохироосон нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон боловч яллах дүгнэлт болон шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль хэрэглэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай байна. Үүнд:

Гэрч Б.Баярмагнайгийн “...Хуягаа гэж дууддаг залуу, ...машин дотроо зүс харж байсан 2 залуугийн хамт гуравуулаа архи уугаад сууж байсан. Хяналтын камер хараад байж байсан чинь Хуягаа тэр хоёроос салаад дээшээ 1 давхар луу гараад шатны дээд талаас тэр хоёрыг хараад зогсож байсан. Тэгтэл Хуягаатай орж ирсэн туранхай биетэй залуу нь ноосон малгайтай залуугаа эхлээд нэг удаа цохиж авсан юм. Тэгсэн чинь нөгөө ноосон малгайтай залуу нь зөрүүлээд нөгөө залуугаа нэг удаа цохисон чинь тэр залуу нь газарт унаад өгсөн. Ноосон малгайтай залуу нь нөгөө хоёрынхоо араас орж ирэхдээ би та хоёрыг цохихгүй. Би та хоёрыг хайрлаж байна гээд байсан. Уг цохиулдаг залуу нь уйлаад дайраад байсан...” /хх 23/,

гэрч Р.Очирхуягийн “...Гг хүрээд ир гэж утсаар дуудсан. Тэгээд Г бид хоёр миний машиныг угаагаад дуусаад гарах гэж байтал Алтангэрэл надтай үүдэн дээр таарсан. Тэгээд бид 3 “архи уух уу” гэж ярилцаад, Алтангэрэл 0.75 литрийн Хараа нэртэй архи авч ирж Алтангэрэлийн машинд уусан. Тэгээд орой 17 цагийн үед Алтангэрэл машинаа унаж явна гээд байхаар нь Г түлхүүрийг аваад явсан. Алтангэрэл машинаа онгорхой хаяж болохгүй, чи Гг дуудаж өг гэхээр би жижүүрийн утсаар Г рүү залгаад “түлхүүрийг нь авч ирж өг” гэж хэлсэн. Удалгүй Г жижүүрийн өрөөнд ирсэн. Тэгэхээр нь “машиных нь түлхүүрийг өг” гэж Г-д хэлэхэд согтуу хүнд түлхүүрийг нь өгөхгүй байсан. Тэр 2 граж дотор маргасан. Би тэр үед түрүүлж гараад шатан дээр тэр хоёрыг хартал нэг нь газар уначихсан байсан. Тэгээд гүйгээд хартал Алтангэрэл газар уначихсан байсан. Тэгээд жижүүр ирээд цагдаад дуудлага өгсөн...” /хх 26/,

Г гэрчээр “...2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед би Хуягаагаас мөнгө авахаар очсон. Тэр үед Хуягаа машинаа угааж байсан. Алтангэрэл орж ирээд Алтангэрэлийг архинд явуулсан. 0.75 литрийн архи авч ирсэн. Архиа хувааж ууж дуусаад, Алтангэрэл машинтайгаа архинд яваад Алтангэрэлийн машинд хувааж уусан. Тэгээд явахаар болж Алтангэрэлийг машинаа бариад явчина гэж бодоод түлхүүрийг нь суглаж авчихаад явсан юм. Миний утас руу залгаад “түлхүүр аваад ир” гээд хараалын үг хэлээд байсан. Тэгээд түлхүүрийг өгөх гээд машин дээр нь очиход гражид жижүүртэй зогсож байсан. Тэгтэл Алтангэрэл миний баруун шанаа хэсэг рүү цохихоор нь би зөрүүлээд зүүн гараараа баруун шанаа хэсэг рүү нь цохисон. Алтангэрэл унаад өгсөн ба жижүүр цагдаа дуудаад Алтангэрэлийг эмнэлэг рүү, намайг цагдаа руу аваад явсан...” гэж тус тус мэдүүлсэн байдаг.

Түлхүүрийг авч явснаас болоод уурлаад Алтангэрэл намайг цохисон байх. Өмнө нь Алтангэрэлтэй маргаж, муудалцаж байгаагүй болно гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийхэд маргалдах шалтгаан бол Алтангэрэлийн машины түлхүүрийг авч явснаас үүсэлтэй байна. Яагаад түлхүүр авч явсан нь нөхөрөө согтуугаар машин жолоодож осол аваар гаргачих бий гэж болгоомжилсных. Өөр ямар ч шалтаг шалтгаан тогтоогдохгүй байна.

Ийм нөхцөлд хүнийг санаатай алсан нь тогтоогдож байна гэж хууль хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Б.Г-гийн гэм буруутай үйлдэл “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь хэргийн үйл баримт (факт), гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрээрээ үгүйсгэгдэж байх ба энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчийн амь насыг бусниулсан зорилго, сэдэлтийг тогтоох нь чухал.

“Хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл байдаг. Б.Г-гийн гэм буруутай үйлдэл хүнийг санаатай алах гэмт хэрэг гэхээс илүүтэйгээр “Бусдыг болгоомжгүй алах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид нийцэж байна.

Б.Г тухайн үед хүнийг санаатай алъя гэсэн санаа зорилго байгаагүй, хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийгээгүй, зөрүүлж цохисноос гарах үр дагаварт хайхрамжгүй хандсан хэлбэртэй байх тул “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн зүйлчлэлийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, “Бусдыг болгоомжгүй алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэсэн зүйл ангиар хөнгөрүүлэн зүйлчилж хууль хэрэглэж өгөхийг хүсье...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сэрсмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдолтой байна. Болдог бол амийг амиар нь солих саналтай байна. Хүний түлхүүрийг авч явчихаад эргээд ирсэн байдаг. Анхан шатын шүүх 10 жилийн ял оногдуулсан. Прокурорын зүгээс 13 жилийн хорих ял өгсөн. Анхан шатны шүүгч шүүгдэгчид хэлэхдээ “чи өмнө нь гэмт хэрэг үйлдсэн хүн байна, түлхүүрийг нь аваад явсан юм бол тэр чигээрээ яагаад яваагүй юм бэ” гэсэн. Тэр чигтээ явчихсан байсан бол талийгаач өнөөдөр байх ч байсан юм уу мэдэхгүй. Яринпил өмгөөлөгчийг талийгаач бид хоёр танина. 20 жилийн өмнө би үйлчлүүлж байсан. Сүүлд нэмэлтээр өмгөөлөгчөөр орсон байсан. Манай нөхөр таксинд явдаг байсан. Нэгдүгээр эгнээгээр явсан, гэрлэн дохио зөрчсөн асуудал байдаг байсан л байх. Хүнийг захиргааны арга хэмжээ авхуулдаг яахаа алдсан хүн байсан юм шиг ярьж болохгүй. Шүүгдэгчийн ар гэрээс нэг ч хүн ирж уулзаагүй. 10.040.000 төгрөг бол талийгаачийн оршуулгын зардалд зарцуулсан мөнгө. Өнөөдөр би өмгөөлөгчдөө нэг ч төгрөг өгөөгүй явж байна. Сүүлд оршуулгын ажилд зориулж уншуулсан номны мөнгөний баримт байгаа. Хүний амыг мөнгөөр хэмжих бодол алга...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сэрсмаагийн өмгөөлөгч О.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг эсэргүүцэж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 728 дугаартай шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй, үнэн зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хүнийг санаатай алаагүй, ...зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй.

Учир нь, хавтас хэрэгт авагдсан камерийн бичлэг болон шүүгдэгч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт санамсар болгоомжгүйгээр талийгаач Алтангэрэлийн амь насыг хөнөөсөн гэж хэлээгүй. Анхан шатны шүүхээс хүндрүүлж үзэх нөхцөл байдал байсан. Шунахайн сэдэлтээр гэж үзвэл үзэх л байсан. Яагаад бусдын тээврийн хэрэгслийн түлхүүрийг авчихаад өгөхгүй байгаад байгаа юм бэ, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс талийгаачийг тээврийн хэрэгсэл жолоодож яваад 20 гаруй удаа захиргааны арга хэмжээ авхуулсан байсан гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар талийгаачийн хувийн байдлын талаарх баримтыг цуглуулсан байдаг. Үхсэн хүн үг хэлэх биш гэж хандаж байгаа юм байна. Зүйлчлэлийг өөрчлөх ямар ч боломжгүй, мөн хохирол төлбөр барагдуулсан, орон сууцны зээлийг талийгаачийн ар гэрийнхэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг анхан шатны шүүх шийдвэрлэсэн гэж байна. Хохирлыг бүрэн барагдуулаагүй. 10.040.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байдаг. Зарим прокурорын шатанд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээгүй...” гэв.

 

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 728 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Б.Г нь согтуурсан үедээ 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 81 дүгээр байрны гражид 47 настай эрэгтэй М.Алтангэрэлтэй маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

яллагдагчаар Б.Г-гийн: “...Очирхуяг “түлхүүрийг нь авчираад өгчихгүй юу даа” гэж ярьсан. Эргэж очиход талийгаач намайг зүүн гараараа баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд би баруун шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Талийгаач тэр үед газарт унасан, цементэн шал байсан. Талийгаач газарт унаад хөдөлгөөн хийгээгүй, дуу авиа гараагүй. Талийгаач хурхираад байгаа юм шиг чимээ гарсан...” /1хх 85-87/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сэрсмаагийн: “...нөхөр Алтангэрэлтэй 11 цаг 40 минутын үед гэрээс гараад намайг ажлын үүдэнд буулгасан. Эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан. Эмч нь “түргэнээр ирсэн, амь тариа хийгээд 20 цагт хагалгаанд орсон” гэж хэлсэн. Хагалгаанд орсон эмч нь “гавлын яс цуурсан, няцарсан, их хэмжээний цус харвалттай байсан болохоор хагалгаанд орсон” гэж хэлсэн. Эмч хэлэхдээ “энэ хүн найдваргүй, бүх арга хэмжээг авсан” гэсэн. “Хавсарсан гэмтэлтэй болохоор аппаратаар уушгийг нь амьсгалуулж, зүрхийг нь ажиллуулж байна. Цаашдаа найдваргүй учир ар гэрээс нь хүн дуудаж харуул” гэж хэлсэн. Хагалгааны дараагаас өндөр халуурч байгаад 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1 цаг 55 минутад нас барсан... " /1хх 17-20/,

гэрч Б.Баярмагнайгийн: “...Ер нь бол н.Хуягаа байнга шахуу архи уудаг, н.Хуягаа архи уух үед тэр 2 залуу зарим үед хамт явж байдаг юм. ...Улмаар тэр 3 байрнаас гарч, ороод л хоорондоо хэрэлдээд л, чанга чанга яриад байсан. Хуягаа гаднаас анх манай өрөөнд дагуулж орж ирсэн шар өнгийн өмдтэй залуутай орж ирсэн. Харин араас нь ноосон малгайтай залуу 5-аас 6 минутын дараа орж ирсэн ба тэр 3 гражийн нойл орж бие зассан ба одоо гарлаа гэхээр нь эхнэр бид хоёр өрөө лүүгээ орсон. Тэгээд хяналтын камер хараад байж байсан чинь Хуягаа тэр хоёроос салаад дээшээ 1 давхар луу гараад шатны дээд талаас тэр хоёрыг хараад зогсож байсан. Тэгтэл Хуягаатай орж ирсэн туранхай биетэй залуу нь ноосон малгайтай залуугаа эхлээд нэг удаа цохиж авсан. Тэгсэн чинь нөгөө ноосон малгайтай залуу нь зөрүүлээд нөгөө залуугаа нэг удаа цохисон чинь тэр залуу нь газарт унаад өгсөн. Тэгэж унахдаа аймар чанга чимээ гарсан. Тэгэхээр нь би гүйгээд гартал уг залуу нь газарт өмдөндөө шээчихсэн байдалтай хэвтэж байсан. ...Цохиулсан залуу нь хурхирч байгаа юм шиг чимээ гаргаад байсан ба цохисон залуу нь наадах чинь унтаад өглөө гээд байсан..." /1хх 23-24/,

гэрч Р.Очирхуягийн: “...2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Алтангэрэл 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад ирсэн. Бид 3 архиа хувааж уусан. Алтангэрэлийн машинд суусан. Алтангэрэл нь машинаа унаж явна гээд байхаар нь Г түлхүүрийг нь аваад явсан. Алтангэрэл “машин онгорхой, хаяж болохгүй, чи Гг дуудаж өг” гэхээр нь би жижүүрийн утсаар Г рүү залгаад “машиных нь түлхүүрийг өг” гэж хэлсэн. Удалгүй Г ирсэн. “Машиных нь түлхүүрийг өг” гэж хэлэхэд Г “согтуу хүнд түлхүүр өгөхгүй” гэж байсан. Тэр 2 граж дотор хоорондоо маргалдаад байсан. Би тэр үед “гаръя” гэж хэлээд түрүүлж гараад шатан дээр гараад нөгөө хоёрыгоо шатнаас харахад нэг нь газар уначихсан байсан. Тэгээд доошоо гүйгээд хартал Алтангэрэл газар уначихсан байсан..." /1хх 25-26/,

гэрч Н.Мөнхцогтын: “...Камерийн бичлэгийг шүүж үзэхэд нэг нэг цохилцож байгаа бичлэг байсан...” /1хх 29-30/,

гэрч Ц.Сарантуяагийн: “...“түлхүүрийг нь өгөх гээд очсон чинь түлхүүр авлаа гээд цохиод авдаг байна шүү дээ. Тэгэхээр нь би буцаагаад цохиод авсан чинь уначихаад сэрдэггүй” гэж байсан..." /1хх 33-34/,

шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: "...баруун зулай, дух, хоёр тал бөмбөлгийн дотор гадаргуу чамархайн аалзан хальсан доорх цус хуралт зэрэг гэмтлүүд нь толгойн баруун талд буюу нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин 2 тал бөмбөлгийн дух, чамархайн тархины эдийн няцрал нь унах үед үүснэ. Нийт 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь нас аврах боломж багатай..." /1хх 45-46/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...М.Алтангэрэлийн цогцост баруун гулай, чамархай ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, хоёр талын бөмбөлгийн дотор гадаргуу, дух, зулай, чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, баруун дух, чамархайн хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь зүүн бөөрний уйланхай өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон...” 620 дугаартай дүгнэлт /1хх 40-41/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1хх 12-15/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 54-56/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 57-60/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 62-65/, өвчний түүх /1хх 88-100/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Яринпилийн “...“Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэсэн зүйл ангиар хөнгөрүүлэн зүйлчилж хууль хэрэглэж өгөхийг хүсье...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодруулан хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэх нотлох баримт хэрэгт алга.

 

Харин хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 

Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

 

Шүүгдэгч Б.Г нь амь хохирогч М.Алтангэрэлтэй маргалдан түүний толгойн тус газар цохисон үйл баримт тогтоогдож байх бөгөөд амь хохирогч нас барсантай шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 81 дүгээр байрны гражид 47 настай эрэгтэй М.Алтангэрэлтэй маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж алсан гэж анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүнгэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Г-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасантай нийцсэн болно.

 

Анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэл шүүгдэгч Б.Г-гийн гэм буруугийн хэлбэрт тохирсон, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигджээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/728 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ