Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 194

 

 

Д.Э-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03604 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Э-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Ү-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 000 ам.доллар буюу 73 444 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Х.Ү-тай зээлийн гэрээ байгуулж түүнд 30 000 ам.долларыг нэг жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болно. Зээлдэгч нь зээлж авсан 30 000 ам.долларыг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үндсэн зээлийг төлөлгүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Зээлдэгч буюу хариуцагчийг үндсэн зээлээ төлөхийг удаа дараа шаардахад удахгүй төлнө гэсээр өнөөдрийн хүрч байх тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж 30 000 ам.доллар буюу 73 444 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 53 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй тохирсон. Гэрээний дагуу нийт 36 удаагийн гүйлгээгээр 58 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас нийт 59 140 000 төгрөг төлсөн. 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэмж 10 000 ам.доллар авсан гэдэг. Тухайн үеийн ханшаар 18 810 000 төгрөг болдог. Үүний хүү нь сард 940 500 төгрөг байсан. Төлөөд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 10 000 ам.доллараа хүүгийн хамт төлсөн. Иймд зээлийн үүрэг биелэгдсэн. Нийт 30 096 000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу нийт 24 708 000 төгрөгийн илүү төлөлт хийсэн. 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэрээ нь өмнөх хэлцлийг халхавчлах зорилгоор нөхөж хийсэн гэрээ юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2013 оны 53 000 000 төгрөгийг гэрээний талаар хэлж байна. 20 000 ам.долларт хүү төлөхгүй гэсэн бөгөөд энэ дагуу 20 000 000 төгрөгтөө хүү төлсөн. 30 000 ам.доллар биш харин 10 000 ам.доллар авсан гэж ярьсан. Хэрэв 30 000 ам.доллар өгсөн бол өөрөө нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээнд гарын үсэг зурсанаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч зураагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Х.Ү-д холбогдох 2014 оны 8 дугаар зүйлийн 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 73 444 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 525 175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч нэхэмжлэгчид төлвөл зохих нийт 117 511 680 төгрөгөөс 67 274 200 төгрөгийг төлж үлдэгдэл 50 237 480 төгрөгийг огт төлөөгүй болох нь хариуцагчийн гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байиа. Гэтэл анхан шатны шүүх "…Гэрээний 20 000 ам.долларт холбогдох хэсэг нь Иргэний хуулыйн 282 дугаар зүйлийн 282.4-т нийцэхгүй..." хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас хариуцагч 2014 оны 8 дугаар сарьш 10-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчээс 30 000 ам.доллар зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч зээлийн хүүд cap бүр 3 000 000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдоно. 30 000 ам.долларын зээлийн хүүд cap бүр 3 000 000 төлсөн талаар хариуцагч маргадаггүй болно. Мөн анхан шатны шүүх "...2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нь сард 500 /10 000*5/ ам.доллар буюу гэрээний хугацаа болох 12 сард нийт 6 000 ам.долларыг зээлийн хүүд төлөх үүрэг үүссэн байна. Иймд энэхүү зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээлд 10 000 ам.доллар, хүүд 6 000 ам.доллар, нийт 16 000 ам.доллар төлөх үүрэгтэй... гэж дүгнэн тухайн 16 000 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцож 39 170 560 төгрөгийг хариуцагч нэхмэжлэгчид төлөх үүрэгтэй байна хэмээн хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг илт багасгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн, шүүх “…нэхэмжлэлд дурдсан гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагчийн төлсөн төлбөр нь уг гэрээний дагуу үүссэн төлбөр төлөх үүргийн хэмжээнээс их байх тул хариуцагчийг үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй..." хэмээн дүгнэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Х.Ү-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 ам.доллар буюу 73 444 800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 53 000 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний 4-т нэмэлт нөхцөлд буцаан төлөлтийг  20 000 ам.долларыг ам.доллараар төлөх буюу хүү төлөхгүйгээр, 20 000 000 төгрөгийг хүүтэй нь хамт төлөхөөр тохиролцсон үйл баримт хэргийн 20 дугаар талд авагдсан зээлийн гэрээ болон талуулын тайлбараар тогтоогдсон байна.                        /хх-5-6, 17-18, 20 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчид 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 30 000 ам.долларыг, нэг жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, хариуцагч татгалзлаа нэхэмжлэгчээс 30 000 ам.доллар зээлээгүй, 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ нь өмнөх хэлцлийг халхавчлах зорилгоор нөхөж хийсэн гэж тайлбарлан мэтгэлцжээ.           

           

Хариуцагч Х.Ү дээрх зээлийн гэрээний дагуу 20 000 ам.долларыг нэхэмжлэгч Д.Э-д буцааж төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, харин 112 804 200 төгрөг төлсөн нь тогтоогдсон энэ талаар талууд маргахгүй байна.

 

Эхний зээлийн гэрээний дагуу зээлсэн 20 000 ам.доллар дээр нэмж 10 000 ам.долларыг нэхэмжлэгч хариуцагчид зээлдүүлэхдээ 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр 30 000 ам.долларыг 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон байна.

 

Талууд 20 000 ам.долларыг өмнө нь хүлээж авсан, 10 000 ам.долларыг дээрх гэрээ байгуулагдахад авсан үйл баримт тогтоогдсон тул хариуцагч нь 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 30 000 ам.долларыг авсан гэж үзнэ.

 

Хариуцагч эхний зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 20 000 000 төгрөг, зээлийн хүүд 5 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Талууд 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө болох 30 000 ам.долларт энэхүү зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн хүүг тохиролцсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл болон зээлийн хүүг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүх буруу дүгнэлт хийснийг залруулах боломжтой.

 

Шүүх дээрх үйл баримтыг буруу дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул эхний гэрээний зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 5 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөг, 2 дахь гэрээний зээл 30 000 ам.доллар, зээлийн хүү 18 000 ам.доллар, нийт 48 000 амдоллар буюу 117 511 680 төгрөг, бүгд 142 511 680 төгрөг /48 000х2 448.16=117 511 680+25 000 000/-өөс хариуцагчийн төлсөн 112 804 200 төгрөгийг хасч тооцон 29 707 480 төгрөгийг хариуцагч Х.Ү-с гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 737 320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан мөнгөний ханш өөрчлөгдсөн гэж үзэх нөхцөл байдал бий болоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг гадаад валютаар илэрхийлж гаргасан тул тухайн өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцох учиртай.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ү-с 29 707 480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 737 320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Х.Ү-с 306 487 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525 175 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ