Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/689

 

 2022          6          29                                      2022/ШЦТ/689   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс: 185/2022/0642/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Д.Мөнхтогоо,

шүүгдэгч Г.М /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн 2209004730836 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 сарын 21-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан Бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт 255 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 653 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан Г.М /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15-р хороо, ... тоотод байрлах Б.Н-н гэрт хамтран амьдрагч Б.Э-тэй маргалдан улмаар толгойн тус газар нь төмрөөр цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйханд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Би одоо цемэнтээр хашаа хийж байгаа. Өдрийн 80.000 төгрөгийн цалинтай ажил юм. Манай эхнэрийн биеийн байдал муу тул эмнэлэгт хэвтээд гарсан. Одоо бид хоёр 3-15 насны 4 хүүхдийн хамт амьдарч байгаа. Бид хоёр 8 жил хамт амьдарч байгаа. Манай эхнэр архи уухаараа намайг найзуудынхаа өмнө доромжлоод байдаг юм. Би одоо дахин ийм асуудал гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би хоёр хүүхэдтэйгээ Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 81-22Б тоотод байрлах дүүгийндээ ирсэн. Нөхөр Г.М араас ирсэн. Тэгээд би, Г.М, манай дүү, дүүгийн нөхөр бид 4 архи ууцгаагаад унтсан. Маргааш буюу 2022 оны 02 сарын 08-ны өдөр бид нар дахиад архи уусан. Тэгээд Г.М бид хоёр маргалдсан, юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Намайг зодох гээд гэр тойруулаад хөөгөөд байснаа, галын дэгээ төмөр аваад толгой руу цохисон..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-31 дэх тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2901 дугаартай "...Б.Эийн биед зүүн зулайн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дахь тал)

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

Яллагдагч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өглөө 1 шил архи аваад найзынхаа гэрт уугаад сууж байгаад би малгайгаа буруу харуулаад өмсчихсөн юм. Гэтэл эхнэр харчхаад малгайг шүүрч аваад гэрийн үүдэнд тавьж байгаад дээрээс нь гишгэсэн юм. Тэгэхээр нь би чи яагаад хүний тэргүүнд хүрч байгаа юм гээд дэгээ төмрөөр цохичихсон юм. ... Бид хоёр хамт амьдраад 8 жил болж байна. Гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, 2 том хүүхэд маань эхнэрийн дагавар хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Г.М нь согтуугаар 2022.02.08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод байрлах иргэн Б.Н-н гэрт өөрийн хамтран амьдрагч эхнэр Б.Э-тэй үл ялих зүйлээр шалтаглан хурц маргалдан улмаар түүний толгойн тус газар нь галын дэгээ төмөр /шилээвэр/-өөр цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйханд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Г.М-ийн хувьд хохирогч буюу эхнэр Б.Э-тэй хамт архи ууж, үр хүүхдүүдээ асарч энэрэх, тэжээн тэтгэх үүргээ умартан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, үүссэн асуудлыг хүчирхийлэл, уур бухимдлаар шийдвэрлэх гэсэн арчаагүй, тэвчээргүй, дээрэнгүй гэмт зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Э-д шүүх хуралдааны зар мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх үзсэн болно.

Хэдийгээр шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй байгаа боловч хохирогч Б.Э-ийн тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Г.М-ээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Г.М-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.М-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч Б.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Г.М-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР