Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/700

 

 2022          7            01                                      2022/ШЦТ/700     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0120/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч С.Болорзул,

хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Э.Хэрлэнхүү,

гэрч С.Цэцэгмаа,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 1909030441328 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймаг Улиастай хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Д

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Д нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хөдөө аж ахуйн яамны хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл бичиж өгнө гэж хуурч хохирогч Д.М-с 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкны дансаар 1,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан мэхэлж, нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэгэнт тухайн үед миний гаргасан алдаанаас энэ хэрэг үүссэн тул би гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй. Би хүн бүхний хохирлыг барагдуулахын төлөө ажиллаж байна. Би өнөөдөр өмгөөлөгчөө дэмжиж оролцож байна. Цэцэгмаа гэж гэрчийн хувьд мэдүүлэг нь зөрүүтэй байдаг.” гэв.

Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 4 дүгээр сард Хөдөө аж ахуйн яамны нөөцөлсөн махны үйлдвэрийн төсөл өгсөн. 2018 оны 05 дугаар сард урьдчилгаа хураамж 5 сая төгрөг төлсөн. Миний үйл ажиллагаа 5-11 сар хүртэл явагдсан. Мөн би шаардлагатай 11 төрлийн баримт бичиг гаргаж өгсөн бөгөөд энэ баримтаа олж авч чадаагүй. Тэгээд тэрхүү баримт бичгийг өөр зүйлд ашиглах боломжтой гэдгийг сонсоод бичиг баримтуудаа олж авахаар 2019 оны 05 дугаар сард цагдаад хандсан. Энэ хугацаанд хэрэг дээр 6 байцаагч солигдсон бөгөөд янз бүрийн асуудал үүссэн. Завхан Улаанбаатар хоёрын хооронд маш олон удаа ирж очсон. Одоо би зөвхөн залилуулсан 5 сая төгрөгөө Б.Д-с нэхэмжилж байна.” гэв.

Гэрч С.Цэцэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хотод англи хэл сурах гэж ирсэн бөгөөд Д.М ах намайг Хөдөө аж ахуйн яаманд аваачаад өгчих гээд бичиг баримт өгсөн. Үүнийг нь би хэлсний дагуу Хөдөө аж ахуйн яаманд аваачиж өгсөн. Удалгүй тухайн төсөл буцаагдсан гэхээр нь би очиж авсан. Дотор нь нугалсан баримт байсан бөгөөд тухайн хоёр баримтаар төсөл буцсан байсан. Тэгээд төсөл бичдэг хүнийг хайхад Б.Д гэж хүнийг Түвшинжаргал олж өгсөн. Тэгээд яваад очиход Б.Д би төсөл бичиж өгнө гэж хэлсэн. Удалгүй урьдчилгаа мөнгө гэж 5 сая төгрөгийг Б.Д нэхсэн. Тэгээд би энэ талаар Д.М ахад хэлсэн бөгөөд Б.Дгээс данс аваад Д.М өгөхөд тухайн дансаар эхлээд 3 сая төгрөг өгсөн. Удалгүй Б.Д дахиад мөнгө нэхээд 2 сая төгрөг авсан. Гэхдээ сүүлийн данс нь өмнөх данснаас өөр данс байсан. Тэгээд би нутаг буцлаа та төслөө бичээд яаманд өгөөрэй гэж Б.Д-д хэлсэн. Учир нь Б.Д бас манай нутаг болж таарсан тул итгэж үлдээсэн. Үүнээс хойш нутагтаа байж байхад гэнэт цагдаа сэргийлэх болсон. Тэгэхээр Б.Д зүгээр л залилан хийсэн байсан гэдгийг би ойлгосон. Би Д.М ахын ажлыг бүтээх гэж виски хүртэл өгч байсан. Би дундаас нь ямар нэгэн мөнгө аваагүй.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2018 оны 3 сарын эхээр зүс таних Цэцэгмаатай утсаар холбогдоход Цэцэгмаа нь “таны 2017 оны ажлыг бүтээж өгч чадаагүй, энэ жил танд тус болмоор байна. Таны Хөдөө аж ахуйн яамны хөнгөлттэй зээлд хамрагдах төслийн ажлыг бүтээж өгье гэж хэлсэн. Би тэр үгэнд нь итгээд өөрийн төслийн материалаа Цэцэгмаад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа эргэж холбогдоод “Танд мөнгө байна уу, ажил бүтээхэд 5.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Цэцэгмаа гэх хүнд анх 1.500.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн. Сүүлд 2018 оны 08 дугаар сард 3.500.000 төгрөгийг өгсөн. Нийт 5.000.000 төгрөг өгсөн. Би дүү нарынхаа дансыг өгье гэж хэлээд 5022131501, 5009343556 гэх данс өгөөд хувааж хийгээрэй гэсэн тэгээд шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш нэг, хоёр хоногийн дараа Цэцэгмаа над руу залгаад "Оюунтөгс гэх хүнтэй уулзах гэж байна та гайгүй үнэтэй 2 шил виски аваад Соёл урлагийн их сургуулийн гадаа аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр вискиг нь аваад Соёл урлагийн их сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байх “БИ БИ КҮ” ресторанд очиж 8900.... дугаар руу залгахад нэг өндөр эмэгтэй надтай уулзсан. Тэр үеэс хойш би хүлээж байсан ба Цэцэгмаа нь таны ажил бүтнэ болно гэх хэлсээр байгаад сүүлдээ миний дугаараас залгахаар утсаа авахгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Би өөрөө биечлэн Хөдөө аж ахуйн яаманд очиж жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн мэргэжилтэн холбогдох ажилтнуудтай уулзаж өөрийн төслийн талаар лавлахад миний төсөл очоогүй байсан. Би гомдолтой байна. Цэцэгмаагаас 5.000.000 төгрөгөө авмаар байна. Надад харуулсан эдгээр материалууд манай компанийн бичсэн төсөл яг тэр чигээрээ байна. Зураг, хөрөг, үг үсгийн алдаа, цаасны хүрээ нь хүртэл тэр чигээрээ миний төсөл мөн байна. Надад харуулсан энэ материалууд нь манай компаний бичсэн төсөл яг тэр чигээрээ байна. зураг хөрөг, үг үсгийн алдаа, цаасны хүрээ нь хүртэл тэр чигээрээ нь өгч байсан юм. Манай компаний бичсэн төсөл нь таны үзүүлсэн ... ХХК-ийн тамгатай төсөлтэй ямар ч зөрүүгүй адилхан байна. Манай компани нь анх 1,500,000,0000 төгрөгийн үнийн дүнтэй төсөл бичиж байсан. Тэгээд манай компани зээлийн 30 хувийг гаргаж боломжгүй байсан учраас 1,350,000,000 төгрөг болгон өөрчлөн бичсэн юм. Түүнээс өөрөөр бол зөрүү гаргаагүй. Огнооны хувьд яаманд өгөхдөө өөрчилж бичиж байсан юм. Энэ үзүүлээд байгаа төсөл нь яах аргагүй манай компаний өөрсдийн бичсэн төсөл мөн байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 14-15, 61, 80-81, 154 дахь тал)

Гэрч С.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 онд намайг хотод явж байтал Д.М гэдэг хүн Жижиг дунд үйлдвэрт төсөл явуулсан тэгээд хөдөө аж ахуйн яаман дээр хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би өгөх гээд хөдөө аж ахуйн буудал дээр ирсэн чинь нөгөө материал нь дутуу байсан. Тэгэхээр нь би Д.М гэх хүн рүү яриад таны материал дутуу байсан гэж хэлтэл дүү нь нэмэлт материал авчирч өгөхөөр нь Хөдөө аж ахуйн яамны 102 тоотод төсөл хүлээн авч байсан газар оруулж өгсөн. Тэгээд сарын дараа 70-тай утасны дугаар руу Д.М гэх хүний төсөл яасан байна гээд асуутал Д.М гэх хүн өөрөө 30 хувиа гаргана гээд төслөө бичээгүй байна гээд төсөл нь буцаагдсан. Тэгэхээр нь би Д.М гэх хүнтэй яриад таны төсөл буцаагдсан байна гэж хэлтэл намайг очоод авчих гэсэн. Тэгээд би очиж материалыг нь авсан. Тэгэхэд надаар нарийн цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Тэгээд Д.М ахад “таны төсөл буцсан. Та өөр хүнээр дахиад төсөл бичүүлчих” гэтэл ах нь “Завхан аймгаас орж ирж чадахгүй байна. Чи төсөл бичих хүн олоод үлдээчих гэж хэлсэн. Тэгээд би дүүгээсээ тэр материалыг нь аваад Б.Д гэх хүнд өгсөн. Тэгээд Б.Д гэх хүн энэ данс руу мөнгө хийгээрэй гээд дансаа явуулсан. Тэгээд тэр данс руу нь Д.М гэх хүн мөнгө хийсэн байх. Би тэр дансыг хэн хэн гэдэг хүнийх гэдгийг нь мэдэхгүй байна. Би холбож л өгсөн. Тухайн үед 350.000.000 төгрөгийн нэг хувиар бичнэ гэж хэлж байсан. Би өөрөө Д.М гэх хүнтэй холбогдоорой гэж хэлсэн. Б.Д надад хэлэхдээ виски авч ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.М гэх хүнд хэлсэн. Тэгээд тэр хүн аваад манай дүүд өгсөн байна лээ тухайн үед материалыг нь вискитэй манай дүү Б.Д гэх хүнд аваачиж өгсөн. Б.Д гэх хүү над руу дансны дугаар явуулахаар нь би тэр дансны дугаарыг нь явуулсан. Би яамнаас буцсан хуучин төслийг нь өгөөд шинээр шаардлагын дагуу бичээд өгөөрэй гэж хэлсэн. Би Б.Д-д “...” ХХК-ийн Хөдөө аж ахуйн яамнаас буцсан материалыг нь өгөөд, дараа нь төслийг нь хурдлуулаад өгөөч гэж л уулзсан. Тэгж уулзахад “таны төслийг бичиж байгаа, ажилчиддаа өгсөн байгаа” гэж хэлсэн. Би бол тэр бичсэн төслийг нь огт хараагүй. Надад юу ч өгөөгүй. Тэр төслийнх нь нийт үнийн дүн 1,350,000,000 төгрөгийн үнэлгээтэй бөгөөд үүнээс төсөл бичихэд үнийн дүнгийн 1 хувь гээд 13,500,000 төгрөгөөр тохирсон. Би энэ талаар нь Д.М-д хэлэхэд өөрөө зөвшөөрч байсан. Тэгээд Б.Д нь урьдчилгаа авч байж ажилчиддаа мөнгийг нь өгч байж бичүүлнэ гээд надад 2 өөр дансны дугаар өгөхөөр нь би тэр дугаарыг нь Д.М руу явуулж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 16-17, 111-112 дахь тал)

Гэрч Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яг он сарыг нь сайн санахгүй байна. Манай эгч Цэцэгмаа над руу утсаар яриад би завгүй яваад байна. Тэгээд би эгчийн хэлсний дагуу Соёл урлагийн их сургуулийн хажуу талын нэг хоолны газар ороод виски өгөх хүнийг нь хүлээгээд байж байтал нэг махлагдуу өндөр биетэй ах ирээд надад хоёр шил виски өгчхөөд гарсан. Тэгэхээр нь би тэр вискийг аваад цааш нь дамжуулж нөгөө өгөх хүнд өгсөн. Өөр зүйл болоогүй ээ. Энэ асуудал хоёр жил орчмын өмнө болохоор би сайн санахгүй байна. Тухайн үед Цэцэгмаа эгчтэй цуг байр түрээсэлж амьдардаг байсан. Тэр үеэс ярианаас нь сонсоход яаманд ажилладаг Б.Д-ийн хүнээр төсөл бичүүлэх гэж өгсөн сурагтай байсан. Би л тэгж ойлгосон. Би тэр Б.Д гэдэг хүн сайн танихгүй. Цэцэгмаа эгч төсөл бичдэг хүн байна уу гэхээр нь фэйсбүүкт зар тавьтал Б.Д над руу залгасан. Тэгээд би Б.Д-г Цэцэгмаа эгчтэй холбож өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал)

Гэрч Ж.Оюунтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай нөхөр Г.Дэлгэрмөрөн хааяа миний дансыг ашигладаг байсан. Би өөр хүнд өөрийн банкны картаа өгдөггүй юм. Тухайн үед манай нөхөр Дэлгэрмөрөн “...” ХХК-ийн захирал Б.Д гээд хүний жолоочоор ажилладаг байсан. Тендер мөнгө гэх утгатай орсон бол тэр Б.Д гэх хүн манай нөхрийг картаа өгч бай гэж хэлээд дансаар нь мөнгийг авахуулсан байж магадгүй ээ. Миний мэдэхийн л махны бизнес хийдэг хүн байсан Байгалмаа гэдэг хүн манай нөхрийн төрсөн дүү. Одоо Ачтан эмнэлэгт сувилагч хийдэг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал)

Гэрч Г.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би энэ дансыг ашигладаггүй байсан юм. Манай ах Дэлгэрмөрөн өөрөө банкны картгүй байсан болохоор надаас картаа түр хэрэглүүлээч гэж миний энэ картыг авсан. Манайх Дэлгэрмөрөнгийн захирал болох Б.Д гэдэг хүн миний энэ дансаар мөнгө оруулж гаргадаг байсан. Тэгээд мөнгө орох юм бол хэлээрэй таны данс руу хэдэн төгрөг хийлээ шүү гэх зэргээр миний дансыг ашиглаж байсан. Тэр үед нь Б.Д гэх хүний хийж авсан мөнгө байх, манай ах Дэлгэрмөрөн нь Б.Д хүний жолооч хийж байсан болохоор ахаар дамжуулж ашигладаг байсан. Б.Д миний данс руу мөнгө хийх бүртээ над руу ярьдаг байсан. Би тэр хүнтэй тийм ямар нэгэн харилцаа байдаггүй. Миний дансанд мөнгө хийгээд өөрөө тэр мөнгөө авдаг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал)

Гэрч Г.Дэлгэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 4-6-р сарын хооронд “...” ХХК-ийн захирал Б.Д-ийн жолоочийн ажил хийдэг байсан. Манай захирал Б.Д надад хэлэхдээ өөрийн банкны данс хаагдаад, мөнгө төгрөг гүйхээ больчихоод байна гэж хэлээд надаас хэрэглэчих карт байна уу? гэж асуухад нь би өөрийн төрсөн дүү Байгалмаа, эхнэр Оюунтөгс нарын картыг хэсэг хугацаанд хэрэглүүлж байсан. Манай захирал Б.Д надаас авсан картаа өөрөө авч яваад өөрөө гүйлгээ хийдэг байсан. Би эхнэр, дүү хоёрынхоо картыг өгөхдөө дансны дугаар, эзэмшигчийн нэртэй цаасан дээр бичээд карттайгаа цуг өгч байсан юм. Намайг ажиллаж байхад мах боловсруулж, гялгар уутанд савалж БНХАУ-руу гаргадаг байсан, өөр ажил хийж байгаагүй. Би Б.Д гэх хүнтэй сүүлийн нэг жил гаруй уулзаагүй. Одоо ажлаа хийж байгаа байх. Би Цэцэгмаа гэх хүнийг танихгүй.” Гэх мэдүүлэг  (1-р хавтаст хэргийн 94 дэх тал)

Гэрч А.Хүрэлчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ компанид 2018 оны 06 дугаар сард туслах ажилтнаар ажилд орсон. 2019 оны өвөл менежер тушаалд томилогдсон. Манай компани 2019 онд миний мэдэхээр 2 төсөл бичсэн, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээгээр нэг төсөл, нөгөөх нь Хүнс хөдөө аж ахуйн яам руу Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд “махны үйлдвэр байгуулах" төсөл бичиж хүргүүлсэн. Махны үйлдвэр барих төслийг би 2018 оны 9,10 дугаар сард бичсэн. Тэр төсөл 2 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй төсөл би бичсэн. Би 80-90 хуудас орчим төсөл бичсэн. Манайх Эмээлтэд үйлдвэр барих гэж тэр төслийг бичсэн. Би өөр ямар нэгэн төсөл бичээгүй. Намайг энэ ажилд орсноос хойш манай компани огт захиалгаар төсөл бичих ажил хийж байгаагүй. Өмнө нь өөр байгууллагаас захиалга авч төсөл бичиж байсан эсэхийг мэдэхгүй байна. Манай компани өөрийн данстай, компани руу орж байгаа орлого шууд манай компанийн данс руу ордог...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 195-198 дахь тал)

Гэрч Н.Даваасамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний мэдэхээр 2019 онд 2 төсөл бичсэн. Нэг нь Авто ломбардны төсөл, нөгөөх нь ХААЯ-нд өгсөн мах боловсруулах үйлдвэрийн төсөл бичсэн. Авто ломбардны төслийг Энхсүрэн гэж хүн бичсэн махны төслийг Хүрэлчулуун гэж манай менежер бичсэн. Хүрэлчулууны бичсэн төсөл манай компанид байгаа тэр төслийг үзэж болно..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 199-200 дахь тал)

Гэрч Д.Моёорын биед явсан флашинд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-11 дэх тал)

ХААН банкны орлогын мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 37-43 дахь тал)

Консервны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх төслийн хуулбар  (хавтаст хэргийн 120-153, 155-192 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Б.Д нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хөдөө аж ахуйн яамны хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл бичиж өгнө гэж хохирогч Д.М-с 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкны дансаар 1,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,500,000 төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч хохирогчид нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М нь хохирогч Д.М-д “Хөдөө аж ахуйн яамны хөнгөлөлттэй зээлд хамруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчоор төслийн материал бэлтгүүлэн уг материалыг хүлээн авч,  төслийг нь ажил хэрэг болгон Хөдөө аж ахуйн яамнаас зээлийг нь бүтээж өгөх гэж байгаа, зээл нь болж бүтэж байгаа гэж төөрөгдөлд оруулан зээл бүтээж өгсний  хариуд хөлс мөнгө авна гэж бусдын дансаар дамжуулан 5.000.000 төгрөгийг хүлээн авсан боловч хариуд нь төслийг хохирогч Д.М-д хүлээлгэж өгөөгүй бөгөөд ерөөс анхнаасаа хохирогчийг хуурч мэхэлж мөнгийг нь авахын  тулд энэ төрлийн заль мэх зохиосон болох нь гэрч С.Цэцэгмаа, А.Хүрэлчулуун, Н.Даваасамбуу, Г.Дэлгэрмөрөн, Г.Байгалмаа, Ж.Оюунтөгс, Түвшинжаргал нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.М-н хувьд амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгийн ашиг хонжоо олж амьдрах гэсэн түүний шууд санаатай шунахай сэдэлттэй гэмт зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Д.М-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирол нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдаанаас завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн ба завсарлага авсан хугацаанд шүүгдэгчээс хохирол төлбөрт 5.000.000 төгрөгийг хохирогч Д.М-д төлж барагдуулсан тул, шүүгдэгч Д.Мг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй байгаа боловч хохирогч Д.М-н тухайд шүүгдэгч Д.М-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар цаашид нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.М-д 01 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Д.М-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан 5 000 000 төгрөгийн торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.М-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлаар хохирогч Д.М-д нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хүчингүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР