Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0398

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Н-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х

Нэхэмжлэгч: Ч.Н-

Хариуцагч:Х аймгийн Засаг дарга,Х аймгийн Б сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд: Э.Ч

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0019 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ч.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Н-гээсХ аймгийн Засаг дарга,Х аймгийн Б сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан ““Ховд аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/01 дүгээр тогтоолын 1-р хавсралтын 1, 2 дахь заалт, 2-р хавсралтын 2, 3 дугаар заалт, 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/02 дугаар “Засаг дарга Ч.Н-г огцруулах тухай”, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолууд,Х аймгийн Засаг даргын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Б сумын Засаг даргыг огцруулах тухай”, Б/31 дүгээр “Э.Чийг ажилд томилох тухай” захирамжуудыг  тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ээр маргасан байна.

2.Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0019 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/01 дүгээр тогтоолын 1-р хавсралтын 1, 2 дахь заалт, 2-р хавсралтын 2, 3 дугаар заалт, 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/02 дугаар “Засаг дарга Ч.Н-г огцруулах тухай”, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2 дахь заалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.3, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Б сумын Засаг даргыг огцруулах тухай”, Б/31 дүгээр “Э.Чийг ажилд томилох тухай” захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Шүүхээс нэхэмжлэгч Ч.Н-гХ аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгч Ч.Н-д маргаан бүхий актуудыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн байх тул Ч.Н-гийн нэхэмжлэл гаргах эрх 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүснэ. Гэвч нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хугацааг 11 хоногоор хэтрүүлсэн гэж үзнэ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир ньХ аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/30 дугаартай Б сумын Засаг даргыг огцруулах тухай захирамж гарснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөж эхэлж байгаа бөгөөд нэхэмжлэгч Ч.Н- нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар мөн хуулийнн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-д заасан хугацаандаа багтаан шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Засаг дарга энэ хуулийн болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасан.

Дээрх хуулийн заалтуудаас харахадХ аймгийн Засаг дарга нь Б сумын Хурлаас ирүүлсэн Засаг даргыг огцруулах тухай саналыг хүлээж авахаас татгалзах эрхтэй байх бөгөөд хууль тогтоомжид нийцээгүй захирамж гаргах боломжгүйгээр хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэлХ аймгийн Засаг дарга Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас нэхэмжлэгч Ч.Н-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гарсан маргаан бүхий актыгХ аймгийн Засаг дарга хууль тогтоомжид нийцээгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзсан бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байх боломжтой байсан.

3.2. ШүүхээсХ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр тус нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шүүхээс тус хуралдаанаас гарсан шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй бөгөөд тухайн шийдвэрүүдийг хүчин төгөлдөр болсон гэж үзнэ хэмээн дүгнэсэн. Энэхүү шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэлээ дээр дэлгэрэнгүй дурдсан.

ИймдХ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0019 дүгээр шийдвэртэй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

1. Нэхэмжлэгчээс “...Х аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/01 дүгээр тогтоолын 1-р хавсралтын 1, 2 дахь заалт, 2-р хавсралтын 2, 3 дугаар заалт, 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/02 дугаар “Засаг дарга Ч.Н-г огцруулах тухай”, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолууд,Х аймгийн Засаг даргын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Б сумын Засаг даргыг огцруулах тухай”, Б/31 дүгээр “Э.Чийг ажилд томилох тухай” захирамжуудыг  тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Ховд аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/01 дүгээр тогтоолын 1-р хавсралтын 1, 2 дахь заалт, 2-р хавсралтын 2, 3 дугаар заалт, 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/02 дугаар “Засаг дарга Ч.Н-г огцруулах тухай”, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолуудыг  тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай нийцсэн байна.

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааныг хууль бус болох талаар тухайн өдөр нь албан тоотоор хуралд хандаж байсан. Намайг огцруулсан шийдвэрийн хувьд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний ширээн дээр тавьчихсан байсан тэгээд мэдсэн ...” гэж тайлбарласан байна.

2.3.  Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөрХ аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын “Ирсэн баримт бичгийн бүртгэл”-д үзлэг хийхэд ирсэн бичгийн бүртгэлийн 205 дугаартХ аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11/02 дугаар Огцруулах тухай тогтоол бүртгэгдэж, шилжүүлсэн сар өдөрт 10 дугаар сарын 18-ны өдөр гэж бичигдсэн байна.

2.4. Мөн шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрчүүдээс мэдүүлэг авсан байх бөгөөд, гэрч Д.Б “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн  хуралдаанаас гарсан тогтоолуудыг  гарын үсэг зуруулж албажуулсан. Ч.Н-г сумын Засаг даргаас огцруулах тухай  11/02 дугаар тогтоолыг  манай хурлын ажлын албаны ажилтан Т.Э-Од Засаг дарга Ч.Н-д хүргүүлээрэй гэж хэлчхээд аймаг руу явсан. Т.Э-О уг тогтоолыг Ч.Н- даргад танилцуулаад тамгын газрын бичиг хэргийн ажилтанд өгчихлөө. Ч.Н- дарга ууртай байна гэж утсаар ярьсан...” гэж, гэрч Т.Э-Оаас “...Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11/02 дугаар тогтоолыг иргэдийн хурлын нарийн бичгийн дарга Д.Б гаргаж намайг Засаг даргын тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Ш.А хүргэж өг гэхэд нь би хүргэж өгсөн...” гэж, гэрч Ш.А-с “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  Б сумын Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын ажилтан Т.Э-О уг тогтоолыг надад авчирч өгсөн. Гэхдээ ямар нэгэн албан бичиггүй ганц тогтоол байсан. Би тогтоолыг ирсэн бичгийн бүртгэлд бүртгээд  тэр өдөр нь буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ч.Н- даргын өрөөнд оруулж Ч.Н- даргад өгсөн. Ирсэн бичгийн бүртгэл дээр бүртгээд өрөөнд нь оруулж өгсөн учраас гарын үсэг зуруулаагүй” гэж тус тус мэдүүлсэн байна.

            2.5. Нэхэмжлэгч Ч.Н- ньХ аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын маргаан бүхий 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/01 дүгээр тогтоолын 1-р хавсралтын 1, 2 дахь заалт, 2-р хавсралтын 2, 3 дугаар заалт, 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 11/02 дугаар “Засаг дарга Ч.Н-г огцруулах тухай”, 11/03 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолуудыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн болох нь тогтоогдож буй тухайн тохиолдолд нэхэмжлэгчээс шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нь нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв байна.

           2.6.  Нэхэмжлэлийн “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Б сумын Засаг даргыг огцруулах тухай”, Б/31 дүгээр “Э.Чийг ажилд томилох тухай” захирамжуудыг  тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

3.Х аймгийн Засаг даргын маргаан бүхий 2023 оны 11  дүгээр сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Б сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжаар Ч.Н-г 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон Б сумын Засаг даргын албан тушаалаас огцруулж, мөн өдрийн Б/31 дугаар “Э.Чийг ажилд томилох тухай” захирамжаар Э.Чийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Б сумын Засаг даргаар томилсон байна.

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн тус шаардлагатай холбогдуулан хэрэгт авагдсан баримтуудад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байна. Тухайлбал,

3.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг ... сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга ... томилно”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 64 дүгээд зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна”, 64.2.3-д “энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно”, 65.1.2-т “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэнгэж заасан тус тус заажээ.

3.3. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр сумын Засаг даргыг чөлөөлөх шийдвэрийг гаргаж, тус шийдвэрийг үндэслэн сумын Засаг даргыг дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргаас томилж, чөлөөлөхөөр хуульчлагдсан байна.

3.4.Х аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байсан Ч.Н-г огцруулж, сумын Засаг даргаар Э.Чийг нэр дэвшүүлж,Х аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн тохиолдолд хариуцагчаас Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11/02, 11/03 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн Ч.Н-г Б сумын Засаг даргаас огцруулж, Э.Чийг Б сумын Засаг даргаар томилсон нь хуульд нийцсэн байна.

3.5. Энэ талаар анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Ч.Н-г  Засаг даргаас огцруулахаар, сумын засаг даргад Э.Чийг томилуулахаар Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гаргасан саналыг тус Хурлын 11 дүгээр хуралдаанаар 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцээд сумын Засаг дарга Ч.Н-г огцруулах гэж хуралдаанд оролцсон нийт 11 төлөөлөгчийн 100 хувийн саналаар, Э.Чийг Засаг даргаар томилуулахаар 11 төлөөлөгчийн 100 хувийн саналаар 11/02, 11/03 тогтоолуудыг батлан гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчХ аймгийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Б сумын Засаг дарга Ч.Н-г огцруулж Э.Чийг Засаг даргаар томилж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй ...гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

3.6. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Маргаан бүхий актуудыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн байх тул нэхэмжлэл гаргах эрх тус өдрөөс эхлэн тооцож 11 хоног хугацаа хэтрүүлсэн гэсэн нь үндэслэлгүй, ... Б/30 дугаар захирамж 11 дүгээр сарын 07-ны өдөр гарсан, ... Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас нэхэмжлэгч Ч.Н-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гарсан маргаан бүхий актыгХ аймгийн Засаг дарга хууль тогтоомжид нийцээгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзсан бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байх боломжтой байсан, ... Шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр тус нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шүүхээс тус хуралдаанаас гарсан шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй бөгөөд тухайн шийдвэрүүдийг хүчин төгөлдөр болсон гэж үзнэ хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн  120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

   ерөнхий ШҮҮГЧ                                               д.баатархүү

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ