Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 123/ШШ2021/0015

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, нэхэмжлэгч “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ундрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нарыг оролцуулан “М” ХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н  шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С сумын Засаг дарга Л.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Нэхэмжлэгч “М” ХК-ийн “Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67, 97 дугаар зүйлд зааснаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“М” ХК-иас Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан  Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 02/105 дугаар албан бичгээр Хууль, эрх зүйн мэргэжилтэн Ц.Нг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна. Тус итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нд олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нэхэмжлэгч “М” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд энэ хэрэгт гуравдагч этгээдээр хэн нэгнийг татаагүй, мөн хэн нэгэн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХК-ийн Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, “М” ХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн С сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгосугай.  

3.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.ЗОРИГТБААТАР