Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч А.Оюунбилэг

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэг /цахим/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Буянбат,

хохирогч нарын өмгөөлөгч Г.Сүхээ /цахим/,

иргэний хариуцагч Н.Баярмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч Б.Буянзаяа нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Буянзаяад холбогдох эрүүгийн 2215000620076 дугаартай, 163/2022/0133/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хунт овогт Базарын Буянзаяа, Булган аймгийн Сайхан суманд 1978 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Булган аймгийн Сайхан сумын Угалз багт оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 44 настай, эрэгтэй, /РД:......./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Буянзаяа нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн чиглэлд засмал зам дээр ........ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.4б, 11.3 дахь заалтыг тус тус зөрчиж эсрэг урсгалд Булган сумын төвийн чиглэлд явсан жолооч Д.Буянбатын жолоодож явсан........улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хажуу хэсгээс мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Д.Буянбатын жолоодож явсан 95-12 УБЧ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд зорчигч Б.Бүрэнгэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Оюунбилэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Доржсүрэн, Б.Урангэрэл нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000620076 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Буянзаяа нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед Монголын цагаан сарын баяр тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн чиглэлд засмал зам дээр ..... улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.4б, 11.3 дахь заалтыг тус тус зөрчиж эсрэг урсгалд Булган сумын төвийн чиглэлд явсан жолооч Д.Буянбатын жолоодож явсан .... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хажуу хэсгээс мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Д.Буянбатын жолоодож явсан .... улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд зорчигч насанд хүрээгүй хохирогч Б.Бүрэнгэрэлийн эрүүл мэндэд хөнгөн, А.Оюунбилэгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Доржсүрэн, насанд хүрээгүй хохирогч Б.Урангэрэл нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Буянзаяагийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Оюунбилэгийн өгсөн: Миний бие гэр бүлээрээ Булган аймгийн Булган сумын төвд 4 замын уулзвар дээр өөрсдийн тээврийн хэрэгсэлтэйгээ осолд орсон. Гэр бүл 3 хүүхэд, хадам аавын хамт явж байсан. Авто осолд орж хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Эгэмний яс хугарсан байсан учраас хөдөлж чадахгүй байсан. Ингээд хагалгаанд орсон. Тархиндаа гэмтэл авснаас болж юмаа сайн санахгүй болоод байгаа. Мөн маш их мартамхай болсон. Хөдөлмөрийн чадвараа алдаад ажил хийж чадахгүй, мөн гэмтэл авсан хүүхдүүддээ хараад гэртээ сууж байна. Би гоо сайханчаар ажилладаг байсан. Хүүхэд маань хааяа хааяа нүүр ам нь татдаг болчхоод байгаа. Гэмтлийн эмнэлэгт бага хүүтэйгээ эмчилгээ хийлгэсэн. Мөн саяхан тархины эмчилгээний сувилалд гэр бүлээрээ явсан. Миний нүдний хараа гэнэт муудаж нүдний шил зүүдэг болсон. Дунд охины хараа нь бас муудсан байгаа. Хохирол төлбөрийг барагдуулах саналтай байна. Энэ хүний буруутай үйлдлийн улмаас гэр бүлээрээ бэртэж, ажил орлогогүй болж, эмнэлгийн байгууллагаар байнга явах болсонд гомдолтой байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Доржсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэгийн өгсөн: Манай аав тухайн үед тээврийн хэрэгсэлд хамт зорчиж байсан. Анхны тусламж үзүүлсэн эмнэлгээс оношилгоо дутуу хийгдсэн гэж үзэж байгаа. Бид өөрсдөө аавыгаа Булган аймгаас машинтай тээвэрлэсэн. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт дүрс оношилгоонд 300.000 төгрөгөөр шинжилгээ өгсөн. Тархины зүүн хэсэгт харвалт өгсөн, үр дагавар хүндрэл ихтэй яаралтай хэвтүүл гэсэн. Шууд хэвтэх заалттай байсан. Эмнэлэгт хэвтэх үед байнгын сахиуртай байсан. Аав маань энэ тэндэхийн касс дээр ямар ч зорилгогүй очиж зогсдог болсон байсан. Асуухаар мөнгө задлуулах гэж байна гэсэн. Тэгээд түрийвчийг нь үзсэн 100 төгрөг л байсан. Тиймээс хийх гэж байгаа үйлдэл нь үйл хөдлөлөөс нь зөрдөг болсон. Мөн эмнэлэгт хэвтүүлэхээс нь өмнө үсийг нь засуулах гэж үсчинд ороход шууд касс дээр нь очоод зогсчихсон. Зорилготой үйлдэлгүй болсон. 1 дүгээр эмнэлэгт хэвтэж байгаад өрөөнөөсөө алга болсон. 1 давхарт байхад нь очиж авсан. Манай дүү болон бид нарыг таньж байсан. Сэргээн засах эмчилгээ маш чухал. Харвалтын дараах сайн эмнэлэг гэж эмчилгээ хийгдсэн. Хамт байж байгаад эмчид нь үзүүлсэн. Тэгээд зөвлөх эмч өнгөрсөн хоногт хаана байсан талаар асуухад санахгүй байсан. Эмчийн нэрээ л санаж байсан. Гэрээр асрах боломжгүй 3-6 сарын хугацаанд эрчимтэй эмчилгээ хийлгэх байсан боловч тухайн эмнэлэгт ор байхгүй байсан учир хэвтүүлж чадаагүй. Шар хадны эмнэлэгт 20 гаруй хоног хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед хэрэглэж байсан тарианы мөнгийг баримтаар гаргаж өгсөн. Эм тарианы зардлаас бусад зардал маш их гарсан. Би өнөөдөр зөвхөн эмчилгээнд хэрэглэсэн эм тарианы мөнгө нэхэмжилж байгаа. Ослоос хойш манай 2 дүү, би өөрөө сахиж байсан. Сахиж байх хугацаандаа ажлаасаа цалингүй чөлөө авч байсан. Энэ хугацааны цалин, идэж уух зүйл гээд тооцоод байвал хохирол их гарсан. Иймд шүүхэд гаргаж байгаа хохирол төлбөрийг цуглуулсан нотлох  баримтын хэмжээгээр дутуу нэхэмжилж байгаа. Одоо аавыг гадуур гараад алга болчихвий гээд манай ээж бас сэтгэл зүйн дарамттай болсон байна. Энэ хугацаанд осол гаргасан хүний зүгээс нэг удаа ч холбогдож аавын биеийн талаар асууж, уучлалт яриагүй. 2.500.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Хэрэг болсноос хойш удаан хугацаа өнгөрсөн. Гэтэл өнөөдөр хохирол төлбөрийг удахгүй төлнө гэдэг нь худлаа байх гэж бодож байна. Яагаад нэг удаа ч утсаар яриагүй бэ? маш их гомдолтой байна. Манай аавд хүнд гэмтэл учирсан. Шүүх үнэн зөвөөр шүүнэ гэж итгэж байгаа учраас өмгөөлөгч аваагүй. Нэг удаа ч манай талаас Б.Буянзаяа руу утсаар холбогдож мөнгө нэхэж дарамт үзүүлээгүй. Осол маш тодорхой байсан. Осол гаргасан хүн маань нэгэнт гэмт хэрэг үйлдсэн учраас ухамсарлаж хүн чанартай байх ёстой гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Буянбатын өгсөн: Машины зардал, эмчилгээний төлбөр гэж хамт авсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтын хүрээнд болон машины үнэлгээ дахин хийсэн шинжээчийн үнэлгээгээр 1.000.000 төгрөг нэмэгдсэн байгаа тэрийг нэмээд нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2215000620076 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

1. Иргэний нэхэмжлэгч Д.Буянбатын “Б.Урангэрэл нь миний төрсөн охин байгаа юм... нөгөө талаас эвдэрсэн тээврийн хэрэгсэлтэй адил онтой тээврийн хэрэгсэл нэхэмжилж байна. Мөнгөөр нь авсан ч болно. Хүүхдийн эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/,

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Урангэрэлийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Буянбатын “Хүүхдийн эмчилгээний зардлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал/,

  1. Хохирогч А.Оюунбилэгийн “2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би нөхөр, хадам аав, 3 охины хамт Улаанбаатар хотоос Булган аймгийн Булган сум руу ..... улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Нөхөр маань тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Орой 22 цагийн үед Булган суманд орж ирсэн. Орж ирээд 4-н замын уулзвар луу дөхөж байхад гэнэт л би урагшаа юм мөргөх шиг болсон. Сэрэхэд толгой цээжээр өвдөөд хөдөлж чадахгүй, миний өвөр дээр сууж явсан бага охин маань ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд түргэн ирээд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд би тархиндаа гэмтэл авсан, эгэмний яс хугарсан байсан... эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
  2. Хохирогч Ц.Доржсүрэнгийн “миний бие одоо болсон асуудлыг сайн санахгүй байна. Хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн. Гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал/,
  3. Гэрч Идэрнамнангийн “орой 22 цаг дөхөж байхад хадам аав, ээж, эмээ, дүү нар болон эхнэрийн хамт Ганзориг ахынхаас гарсан.... Хадам аав машинаа бариад эхнэр, хүүхдүүдээ аваад түрүүлээд хөдөлсөн.... хадам аав чигээрээ яваад намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн баруун талд хурд сааруулагч дээр явж байхад доод 4 замын цаана машинтай мөргөлдөх шиг харагдсан. Яваад очтол хадам аав эсрэг урсгалд явж байсан машиныг зүүн талаас нь очоод мөргөчихсөн байж байсан. Мөргүүлсэн машины жолоочийн эсрэг талд жоохон хүүхэд тэвэрсэн эмэгтэй хөдөлж чадахгүй, хүүхэд нь ухаангүй байдалтай хойно нь нэг өвөө шоконд орсон бололтой, мөн хойно 2 охин ухаантай шокын байдалтай байж байсан. Тэгээд удалгүй эмнэлэг болон, цагдаагийнхан ирсэн” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал/,
  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн гаргасан №3144 дугаартай дүгнэлтэд “1. Б.Урангэрэлийн биед баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хальсан доорх зайнуудад цус харвалт, шулуун синус 2 талын тенториумын цус харвалт, баруун нүдний зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дахь тал/
  5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн гаргасан №3143 дугаартай дүгнэлтэд “ 1. А.Оюунбилэгийн биед эгэм ясны хугарал, зуун зулай чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал/
  6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн гаргасан №3212 дугаартай дүгнэлтэд “1. Б.Бүрэнгэрэлийн биед тухайн үед бүх биеийн доргилт, баруун хөмсөгний зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, толгойн хуйх, баруун бугалга, цавины зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дахь тал/,
  7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн гаргасан №3142 дугаартай дүгнэлтэд “1. Ц.Доржсүрэнгийн биед зуун тал бөмбөлгийн дух, дагзны эдийн хурцавтар цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 215-220 дахь тал/,
  8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн гаргасан №533 дугаартай дүгнэлтэд “1. Ц.Доржсүрэнгийн биед тархины аксоны тархмал гэмтэл, тархины баруун чамархайн дэлбэнгийн дотор хэсэг, зүүн зулай-дагзны дэлбэнгийн гүний цагаан бодис дахь цус хомсролын харвалт /шигдээс/, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүссэн нь тогтоогдож байна. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүдээс тархины аксоны тархмал гэмтэл, тархины баруун чамархайн дэлбэнгийн дотор хэсэг, зүүн зулай-дагзны дэлбэнгийн гүний цагаан бодис дахь цус хомсдолын харвалт /шигдээс/ нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т тархи, түүний бүрхүүл халсны гэмтэл буюу тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу халсны дээрх, доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж заасан байх бөгөөд гэмтлийн улмаас амь тэнссэн байдал илэрсэн нь тогтоогдохгүй байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3142 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэх дүгнэлт /3 дугаар  хавтаст хэргийн 8-13 дахь тал/,
  9. Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1. Магадлуулагч Ц.Доржсүрэн нь сэтгэцийн хувьд тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгтэй байна. Мэдрэлийн талаас тархины судасны шалтгаант эмгэгшилтэй. Энэ сэтгэцийн эмгэг нь олдмол шалтгаантай. 2. Магадлуулагч Ц.Доржсүрэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тархины MRI шинжилгээний дүгнэлтээс үзэхэд магадлуулагч гэмтэл авахаас өмнө тархины судасны шалтгаант тархины эмгэгшилтэй байсан. Энэ өвчний үед сэтгэцийн талаас үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэг үүсдэг. Магадлуулагч Ц.Доржсүрэнгийн биед учирсан зүүн тал бөмбөлгийн дух дагзны эдийн хурцавтар цус харвалт нь дээрх өвчнийг даамжрахад нөлөөлнө. 3. Магадлуулагч Ц.Доржсүрэн хэсэгчилсэн ойгүйдлийн шинж илэрч байгаа тул өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан жолоодох чадвар сул, хэрэг болсон өдрийн үйл явдлыг санахгүй байна гэж хариулсан тул болсон хэргийн талаар үнэн тайлбарлах, мэдүүлэх чадваргүй гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
  10. Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Төрбатын гаргасан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “жолооч Б.Буянзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх: 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтууд тус тус зөрчсөн байна. 5. Жолооч Б.Буянзаяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоуоtа Соrolla маркийн 03-63 БУН улсын дугаартай автомашин жолоодон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан” гэх дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 180 дахь тал/,
  11. Итгэл эстимэйт ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 77424 дугаартай хохирлын хэмжээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд “.... УБЧ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 9.500.000 төгрөг, эвдрэлийн хохирлын хэмжээг 5.028.500 төгрөг”-өөр тогтоосон дүгнэлт, / 3 дугаар хавтаст хэргийн 37-46 дахь тал/,
  12. Согтуурал шалгасан тэмдэглэл болон Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлийн хуудаст Б.Буянзаяа нь 3.36% согтолттой гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дүгээр хавтаст хэргийн 8, 41,42 дахь тал/,
  13. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 384 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд “Ц.Доржсүрэн нь тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. Ц.Доржсүрэнгийн биед учирсан зүүн тал бөмбөлгийн дух, дагзны эдийн хурцавтар цус харвалт гэмтлийн улмаас Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй болсон байна. Ц.Доржсүрэн нь одоо өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байна. Ц.Доржсүрэн нь болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлах мэдүүлэг өгөх чадваргүй байна” гэх дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 232-235 дахь тал/,
  14. Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “Ц.Доржсүрэнгийн тархин дахь цус хуралтын хэмжээ, биеийн байдал зэргээс хамаарч шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хүндэвтэр зэрэгт хамааруулсан. Ц.Доржсүрэнгийн биед учирсан гэмтлээс үүдэлтэй сэтгэцийн өөрчлөлт, өвчинтэй болох боломжтой. Гэмтлээс үүдэлтэй сэтгэцэд өөрчлөлт орсон бол гэмтлийн зэрэг тогтоох журмын хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал/,
  15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Одончимэгийн Ц.Доржсүрэн нь миний төрсөн эцэг байгаа юм. Эмчилгээний зардалд тооцоогоор 2.500.000 төгрөг гарсан.” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал/,
  16.  Яллагдагч Б.Буянзаяагийн өгсөн "... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. миний хийсэн үйлдэлд тохирч байна. Би 8.000.000 төгрөг дансаар нь өгсөн байгаа. Бэлнээр 1.900.000 төгрөг төлсөн байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 26-27 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч нар болон тэдний өмгөөлөгчөөс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг дахин гаргуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Ц.Доржсүрэнгийн биед учирсан гэмтлийн зэрэг болон сэтгэцийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээч томилж тус тус дүгнэлт гаргуулсныг дурдах нь зүйтэй.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хохирогч А.Оюунбилэг, Д.Буянбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэг нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Идэрнамнангийн “орой 22 цаг дөхөж байхад хадам аав, ээж, эмээ, дүү нар болон эхнэрийн хамт Ганзориг ахынхаас гарсан.... Хадам аав машинаа бариад эхнэр, хүүхдүүдээ аваад түрүүлээд хөдөлсөн.... хадам аав чигээрээ яваад намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн баруун талд хурд сааруулагч дээр явж байхад доод 4 замын цаана машинтай мөргөлдөх шиг харагдсан. Яваад очтол хадам аав эсрэг урсгалд явж байсан машиныг зүүн талаас нь очоод мөргөчихсөн байж байсан. мөргүүлсэн машины жолоочийн эсрэг талд жоохон хүүхэд тэвэрсэн эмэгтэй хөдөлж чадахгүй, хүүхэд нь ухаангүй байдалтай хойно нь нэг өвөө шоконд орсон бололтой, мөн хойно 2 охин ухаантай шокын байдалтай байж байсан. Тэгээд удалгүй эмнэлэг болон, цагдаагийнхан ирсэн” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №3144 дугаартай насанд хүрээгүй хохирогч Б.Урангэрэлийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №3143 дугаартай хохирогч А.Оюунбилэгийн биед учирсан эгэм ясны хугарал, зуун зулай чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №3212 дугаартай насанд хүрээгүй хохирогч Б.Бүрэнгэрэлийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №533 дугаартай “Ц.Доржсүрэнгийн биед тархины аксоны тархмал гэмтэл, тархины баруун чамархайн дэлбэнгийн дотор хэсэг, зүүн зулай-дагзны дэлбэнгийн гүний цагаан бодис дахь цус хомсролын харвалт /шигдээс/ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар  хүндэвтэр гэмтэлд хамаарна, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Төрбатын гаргасан 2022 оны 03 сарын 14-ний өдрийн шинжээчийн “жолооч Б.Буянзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 3.4 б, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч Б.Буянзаяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоуоtа Согоllа маркийн ....... улсын дугаартай автомашин жолоодон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан” гэх дүгнэлт, Итгэл эстимэйт ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 77424 дугаартай хохирлын хэмжээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд “......... улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 9.500.000 төгрөг, эвдрэлийн хохирлын хэмжээг 5.028.500 төгрөг”-өөр тогтоосон гэх дүгнэлт, согтуурал шалгасан тэмдэглэл болон эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлийн “Б.Буянзаяа нь 3.36% согтолттой” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 384 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын “Ц.Доржсүрэн нь тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. Ц.Доржсүрэнгийн биед учирсан зүүн тал бөмбөлгийн дух, дагзны эдийн хурцавтар цус харвалт гэмтлийн улмаас Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй болсон байна....” гэх дүгнэлт, Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1. Магадлуулагч Ц.Доржсүрэн нь сэтгэцийн хувьд тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгтэй байна. Мэдрэлийн талаас тархины судасны шалтгаант эмгэгшилтэй. Энэ сэтгэцийн эмгэг нь олдмол шалтгаантай. 2. Магадлуулагч Ц.Доржсүрэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тархины MRI шинжилгээний дүгнэлтээс үзэхэд магадлуулагч гэмтэл авахаас өмнө тархины судасны шалтгаант тархины эмгэгшилтэй байсан. Энэ өвчний үед сэтгэцийн талаас үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэг үүсдэг. Магадлуулагч Ц.Доржсүрэнгийн биед учирсан зүүн тал бөмбөлгийн дух дагзны эдийн хурцавтар цус харвалт нь дээрх өвчнийг даамжрахад нөлөөлнө. 3. Магадлуулагч Ц.Доржсүрэн хэсэгчилсэн ойгүйдлийн шинж илэрч байгаа тул өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан жолоодох чадвар сул, хэрэг болсон өдрийн үйл явдлыг санахгүй байна гэж хариулсан тул болсон хэргийн талаар үнэн тайлбарлах, мэдүүлэх чадваргүй гэх дүгнэлт, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн “Ц.Доржсүрэнгийн тархин дахь цус хуралтын хэмжээ, биеийн байдал зэргээс хамаарч шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хүндэвтэр зэрэгт хамааруулсан. Ц.Доржсүрэнгийн биед учирсан гэмтлээс үүдэлтэй сэтгэцийн өөрчлөлт, өвчинтэй болох боломжтой. Гэмтлээс үүдэлтэй сэтгэцэд өөрчлөлт орсон бол гэмтлийн зэрэг тогтоох журмын хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.Буянзаяа нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн чиглэлд засмал зам дээр .... улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эсрэг урсгалд Булган сумын төвийн чиглэлд явсан жолооч Д.Буянбатын жолоодож явсан 95-12 УБЧ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хажуу хэсгээс мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Д.Буянбатын жолоодож явсан ..... улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч А.Оюунбилэгийн эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй зорчигч Б.Бүрэнгэрэлийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Ц.Доржсүрэн,  насанд хүрээгүй зорчигч Б.Урангэрэл нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/226, А/422 дугаартай тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2.3 дахь заалтад гэмтлээс үүссэн үлдэц уршигт мөн журмын 3.5.5 дахь заалтад заасан “сэтгэцийн болон донтох өвчтэй болох гэмтэл хамаарагдана” гэж, “...хохирогч Ц.Доржсүрэнгийн биед учирсан зүүн тал бөмбөлгийн дух дагзны эдийн хурцавтар цус харвалт нь Ц.Доржсүрэнгийн тархины судасны шалтгаант тархины эмгэгшил өвчнийг даамжрахад нөлөөлнө...” гэх 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн ... “Ц.Доржсүрэнгийн биед учирсан гэмтлээс үүдэлтэй сэтгэцийн өөрчлөлт, өвчинтэй болох боломжтой. Гэмтлээс үүдэлтэй сэтгэцэд өөрчлөлт орсон бол гэмтлийн зэрэг тогтоох журмын хүнд зэрэгт хамаарна” мэдүүлэг зэргээр хохирогч Ц.Доржсүрэнгийн биед хүнд гэмтэл учирсан нь нотлогдож тогтоогдсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Бүрэнгэрэлийн биед тогтоогдсон хөнгөн, хохирогч А.Оюунбилэгийн биед тогтоогдсон хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч Б.Урангэрэл, хохирогч Ц.Доржсүрэнгийн биед тогтоогдсон хүнд гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийг мөргөлдөх үед авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.Буянзаяагийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Буянзаяа жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Буянзаяа нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Буянзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Буянзаяагийн жолоодож явсан .....улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Королла загварын тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч Н.Баярмаагийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар /2 дугаар хавтаст хэргийн 45 дахь тал/ тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Б.Буянзаяа, иргэний хариуцагч Н.Баярмаа нараар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалтад “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул Н.Баярмаа нь бусдад учирсан гэм хорын хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гадна хариуцан төлөх үүрэгтэй өөр этгээд мөн болно.

Шүүгдэгч Б.Буянзаяагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас жолооч Д.Буянбатын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй зорчигч Б.Бүрэнгэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч А.Оюунбилэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Ц.Доржсүрэн, насанд хүрээгүй зорчигч Б.Урангэрэл нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунбилэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Буянбат, хохирогч Ц.Доржсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэг нар нь эмчилгээний зардалд болон тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн зардалд нийт 23.407.669 төгрөгийг хохирол нэхэмжилж мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт ирүүлсэн байна.

Шүүх насанд хүрээгүй хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Нотлох баримтаар ирүүлсэн 23.407.669 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хэргийн хамааралгүй хүнсний зүйл болох вафли, ус, рашаан, торт, алим, үзэм, жүүс, далайн байцаа, талх, абрикосны компот, паприка чипс, лимоны ундаа, усан үзэм, кола, кимбаб,  банан, хумсны хутга, ном худалдан авсан, Агниста болон Loving hut ресторанаар үйлчлүүлсэн төлбөр, Enkhmaa online, Боззоло, Тумбааш дэлгүүрээс худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд, 

-нотлох баримтын шаардлага хангаагүй буюу хаанаас ямар шалтгаанаар юу худалдан авсан нь тодорхойгүй Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны пос машинд уншуулсан картын зарлагын баримтууд,

-давхардсан буюу үйлчилгээний и-баримт болон банкны пос машинаар хийгдсэн зарлагын баримттай 2.337.197 төгрөг,

-өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нийт 4.337.197 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

-3.000.000 төгрөгийн тээврийн хэрэгслийн засварын нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,

-нотлох баримтын шаардлага хангасан эм, тариа худалдан авсан төлбөр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн төлбөр, тамга тэмдэг бүхий бэлэн мөнгөний орлогын баримт, Шаргалжуут рашаан сувилалд сувилуулсан төлбөр, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ, эмнэлэгээр явах болон Булган аймагт мэдүүлэг өгөх болон хэргийн материалтай танилцахаар Цагдаагийн газарт ирсэн болон шүүх хуралдаанд ирж очих шатахууны төлбөр, галт тэрэгний билетийн үнэ зэрэг нийт 16.070.472 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч Б.Буянзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 10.658.000 төгрөгийг, гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч 2.800.000 төгрөг, нийт 13.458.000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Буянбат, А.Оюунбилэг нарт төлсөн байх тул шүүгдэгч Б.Буянзаяаг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирлоос төлөгдөөгүй 2.612.472 төгрөгийг иргэний хариуцагч Н.Баярмаагаас гаргуулж хохирогч Ц.Доржсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэгт 1.646.064 төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Буянбат, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч А.Оюунбилэг нарт 966.408 тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Одончимэг, Д.Буянбат нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон тээврийн хэрэгслийн засварын зардал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч А.Оюунбилэг нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулахаар заасан бөгөөд мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж заажээ. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д “...төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор” заасан байна. Төлбөрийн чадваргүй хохирогчид улсын өмгөөлөгч томилсон тохиолдолд үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан байх бөгөөд төлбөрийн чадвартай хохирогч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тохиолдолд үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, иргэд хоорондын сайн дурын, чөлөөт сонголтын үндсэн дээр хийгддэг хэлцэл гэж үзэж хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Буянзаяаг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Буянзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Буянзаяагийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

2 дугаар хавтаст хэргийн 28, 31, 32, 33 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Буянзаяа нь ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Булган аймгийн Сайхан сумын Угалз багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Буянзаяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлсөн болон хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын ...заавал хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой... гэх санал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Буянзаяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Буянзаяад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт хавсаргагдаж ирсэн шүүгдэгч Б.Буянзаяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В, ВС, СЕ ангиллын 523672 тоот үнэмлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудасны хамт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хунт овогт Базарын Буянзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Буянзаяаг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Буянзаяад зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянзаяа нь тэнссэн буюу албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянзаяад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас нэхэмжилсэн 23.407.669 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 16.070.472 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч Б.Буянзаяа нь 13.458.000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Буянбат, А.Оюунбилэг нарт төлснийг дурдаж, шүүгдэгч Б.Буянзаяа нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хохирлоос төлөгдөөгүй 2.612.472 төгрөгийг иргэний хариуцагч Н.Баярмаагаас гаргуулж хохирогч Ц.Доржсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэгт 1.646.064 төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Буянбат, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч А.Оюунбилэг нарт 966.408 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.337.197 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 3.000.000 төгрөгийн тээврийн хэрэгслийн засварын хөлсний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Одончимэг, Д.Буянбат, нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон тээврийн хэрэгслийн засварын зардал, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч А.Оюунбилэг нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Буянзаяа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Буянзаяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В, ВС, СЕ ангиллын 523672 тоот үнэмлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудасны хамт хүргүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Буянзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЭНЭРЭЛ