Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/707

 

2022         7            04                                     2022/ШЦТ/707     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:185/2022/0679/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Э.Уранчимэг,

шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т-д холбогдох эрүүгийн 2209000000923 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...оюутан, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ...тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А.Т

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ... баарны гадна хохирогч М.Б-ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн гайморын гадна дотор ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, дээд уруул, эрүүнд зулгаралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, дээд үүдэн голын хоёр шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би уг бааранд хамгаалагчаар ажилладаг. Хохирогч тухайн өдөр согтуугаар агсам тавиад байхаар нь манай менежер Балсандорж энэ залууг гарга гэсэн. Би хохирогчийг авч гаргах гэхэд намайг хоёр гурван удаа цохисон. Тэгээд би хохирогчийг нэг удаа цохисон.. Хохирогчийн зөөлөн эдийн гэмтэл нь эдгэрсэн. Ясны цуурал байгаа бөгөөд түүнийг хагалгаанд орж имплантаар бүрэх болсон. Хохирогчтой хамт эмнэлгээр явж эмчилгээний зардалд 3.200.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр манай ажлын ах Батнямын төрсөн өдөр болж байсан манай ажлынхан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... нэртэй бааранд сууж тэмдэглэсэн. ...Батням ахтай хамт яваа нэг найз нь баарны хамгаалагчид зодуулчихлаа гээд ярьж байсан. Тэгээд би яг юу болсон юм, яасан юм гээд асуучихаад тэр хамгаалагч дээр нь очиж уурлаад та нар согтуу хүмүүсийг зодоод байдаг юм уу гээд хамгаалагчтай маргаан болсон. ...би тэр хамгаалагчид хандаж хоёулаа гаръя, гадаа юм яръя гээд хоёулаа гарсан юм. Гадаа гарсан чинь нөгөө хамгаалагч нь миний нүүр рүү пид гээд л нэг юмаар цохиод авсан. Би тэгээд л ухаан алдаж нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэрж байсан. ...Намайг зодуулж байхад хажууд ямар ч хүн байгаагүй. Хамгаалагч бид хоёр л байсан" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал)

Гэрч Г.Балсандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамгаалагч нар болох А.Т, Манлай, Бат-Очир нар ирж зодооныг салгасан. Батням нь нөгөө залуугийн ах нь байсан. Маргаан болоод байж байтал саравчтай малгайтай залуу А.Т рүү хандаж хоёулаа гарья зодолдьё гээд байсан. Би А.Т-д хандаж цохихгүй шүү гэж хэлсэн. Тэгээд А.Т саравчтай малгайтай залуутай хамт гадагш гарахад тэр 2 юм ярьж байгаа харагдсан юм. Би араас нь гарахад А.Т тэр залууг баруун гараараа нэг цохиход шууд газарт унаж унах үедээ замын хажуугийн хашлагийг мөргөж унасан. Тэгээд амнаас нь цус гарч байсан" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

Гэрч Э.Энхнарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Б хамгаалагч нартай маргалдаад муудалцсан тэр үед Чоторо хочтой хамгаалагч нь маргааныг салгах гэж ороод зодоон үүсгээд манай найз М.Б-ийг согтуу байх үед нь авч гараад М.Б-ийг цохиж зодсон ба би нүдээрээ хараагүй үүднээс тухайн хамгаалагч нь одоо хэн бэ? гээд орилоод ороод ирэхээр нь гадагшаа яарч гараад харахад манай найз М.Б нь дээшээ хараад хэвтчихсэн ам, хамраас нь зэрэг цус гарч байсан ...Чоторо гэх хочтой,  “Marquee” баарны хамгаалагч цохиж зодсон ...22-23 орчим настай, 175 см орчим өндөртэй, махлагдуу биетэй, онигор нүдтэй, шар царайтай эрэгтэй байсан тэр үед хамгаалагчийн хар өнгөтэй цамц, малгай өмссөн байсан." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ын өдрийн 5835 дугаартай: “М.Б-ийн биед зүүн гайморын гадна дотор ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, дээд уруул, эрүүнд зулгаралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, дээд үүдэн голын хоёр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

Яллагдагч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би зөрүүлээд гараараа зүүн талынх нь шанаа хэсэгт цохиход М.Б цаашаа замын боржур руу хөл алдаж унаад өгсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.Т-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч А.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  нэртэй бааранд хамгаалагчийн ажил хийж байхдаа хохирогч М.Б-ийг “агсам тавьж согтуурхлаа, шаардлага биелүүлээгүй” гэх шалтгаанаар хурц маргалдан улмаар нүүрэн тус газарт нь  цохиж эрүүл мэндэд нь зүүн гайморын гадна дотор ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, дээд уруул, эрүүнд зулгаралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, дээд үүдэн голын хоёр шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч А.Т нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Т-ийн хувьд баар шөнийн цэнгээний газарт хамгаалагчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа согтуурсан хүмүүсийн хэрүүл маргаан зодоон цохионыг хориглож болиулах ёстой атал харин ч эсрэгээр өөрөө маргаан зодоонд татагдан орж үүссэн асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэж байгаа балмад түрэмгий зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогч М.Б-д эмчилгээний зардал төлбөрт нийтдээ 3 100 000 төгрөгийг төлсөн байх ба хохирогч нь шүүгдэгчид “гомдол санал байхгүй...” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Т-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулж тэрбээр одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй байгаа боловч хохирогч М.Б-ийн тухайд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч А.Т-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч А.Т-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Т нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч А.Т-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг 4 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Т нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:        

1. Шүүгдэгч А.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч М.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч А.Т-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.БОЛДБААТАР