| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0680/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/708 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/708
2022 7 04 2022/ШЦТ/708
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0680/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
улсын яллагч П.Бямбасүрэн,
нарийн бичгийн дарга Б.Жанерке,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 2209006980985 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, “...” ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Улаанбаатар хот,... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б.Ц /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... үйлчилгээний газраас эд зүйлстэй цүнхийг хүч хэрэглэхгүйгээр хохирогч, эзэмшигч Г.М-д мэдэгдэхгүйгээр нууцаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш буюу 1.335.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “дахиж хүний эд хөрөнгийг хэзээ ч авч явахгүй, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлсөн.” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ... бааранд ажлынхаа 3 хүний хамт орж бүжиглээд уусан. Бүжиглэх гээд гарахдаа ажлынхаа залуу болох Сүх-Эрдэнэд өөрийн цүнх болон эд зүйлээ захиж орхиод талбай руу гарч бүжиглэсэн. Ажлын залуу миний цүнхийг үүрээд сууж байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тухайн байгууллагын хяналтын камерыг үзэхэд үл таних эмэгтэй Сүлд-Эрдэнийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд биеэ авч явах чадваргүй байх үед толгой руу нь цохиод миний цүнхийг булааж аваад үүрээд явж байгаа бичлэг байсан. Тухайн үедээ Сүлдээг миний цүнхийг аваад явсан юм байх гэж бодоод тоолгүй яваад өгсөн. Тухайн үед Сүлдээгийн утас холбогдохгүй, 2 хоног болоод ажил цуглах буюу 1 дэх өдөр асуухад чи аваа биздээ би аваагүй гэж хэлсэн. ...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрээсээ гарахдаа цүнхэндээ иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, банкны карт зэрэг эд зүйлсээ картныхаа гэрэнд хийгээд гарсан. Б.Ц гэх алдагдсан эд зүйлсээ хүлээн авахад карт, бичиг баримтын гэр байсан мөртлөө дотор байсан бичиг баримт картууд байхгүй байсан. Алдагдсан эд зүйлсээсээ зөвхөн гар утас, чихэвчээ үнэлүүлсэн, бусад зүйлсийг үнэлүүлэх шаардлагагүй, өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан. Гар утас, чихэвчээ бүгдийг буцааж хүлээлгэн өгөөд 1.600.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 13 дахь тал)
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “..... баарны камерын бичлэгийг СД-нд буулган ирүүлснийг үзэхэд 2022 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 02 цаг 29 минутад иргэн Г.М-ын цүнхийг 160-165 см орчим өндөртэй, цэнхэр өнгийн гадуур хувцастай, цагаан ороолт зүүсэн, үсээ задгай тавьсан эмэгтэй хүн аваад гарч байгаа нь бичигдсэн байх ба тухайн этгээдийн баарны дотор талд Сүлд-Эрдэнээс цүнхийг нь аваад гарч байгаа нь бичигдсэн байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 33-35 дахь тал)
“Дамно” хөрөнгө үнэлгээ, зуучлалын компанийн: “...эд зүйлс зах зээлийн үнэлгээгээр 1.335.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэм буруугийн тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: шүүгдэгч Б.Ц нь 2022. 02.18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....баарнаас хохирогч Г.М-ын дотроо эд зүйлстэй цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1.335.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч Б.Ц нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-д эд зүйлийн үнэлгээгээр 1.335.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гар утас, чихэвч, цүнх, бусад жижиг эд зүйлсийг хохирогчид хүлээлгэн өгсөн ба хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц-н гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР