| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2021/0023/З |
| Дугаар | 123/ШШ2021/0028 |
| Огноо | 2021-08-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 123/ШШ2021/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Н,
Хариуцагч: Төв аймгийн Ж сумын Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Ж сумын Засаг даргын “Төв аймгийн Засаг даргын харьяа Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/353 тоот шийдвэр”-ийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Ц.Нгийн хууль ёсны эрх ашгийг сэргээхийг Төв аймгийн Ж сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дөлгөөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туяацэцэг, Д.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ш.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дуламжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Н нь Төв аймгийн Ж суманд оршин суудаг ба Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үр тарианы усалгаагүй тариалалт зориулалтаар газар эзэмших өргөдлөө Төв аймгийн Ж сумын Буурал багийн Засаг даргад гаргасан. Уг өргөдлийн дагуу Төв аймгийн Ж сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Агьтийн хөндийд 63 га талбай бүхий газар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх А/159 тоот захирамж гарсан. Гэвч 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр А/64 тоот захирамжаар Төв аймгийн Ж сумын Засаг дарга Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, Авилгатай тэмцэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 05/12680 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ашиг сонирхлын зөрчилтэй гээд, Төв аймгийн Ж сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/159 тоот захирамжийг хүчингүй болгосон байдаг. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Засаг даргад Төв аймгийн Ж сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/64 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гомдол гаргасан. Бидний гаргасан гомдлын дагуу Төв аймгийн Засаг даргын харьяа Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/353 тоот чиглэл хүргүүлэх албан бичгээр иргэн Ц.Нд 63 га талбай бүхий газрыг давуу эрхээр эзэмшүүлэх нь хууль зөрчөөгүй бөгөөд газар эзэмшүүлсэн акт нь хүчин төгөлдөр захиргааны акт мөн гэж үзсэн. Түүнчлэн Ж сумын Засаг дарга Н.Энхболдод Ж сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/64 тоот захирамжийг хүчингүй болгож, газар эзэмшигчийн эрхийг сэрээх үүргийг өгөөд, энэ талаар 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариу мэдэгдэх ёстой гэж үүрэг өгсөн боловч өнөөдрийг хүртэл тус шийдвэрийг биелүүлээгүй, иргэн Ц.Нгийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг сэргээгээгүй байна. Иймд иргэн Ц.Н нь дор дурдсан үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1. “Төв аймгийн Ж сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 09-ний өдрийн А/159 тоот газар эзэмшүүлэх захирамжтай холбогдуулан Авилгатай тэмцэх газраас “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасныг үндэслэн хяналт шалгалт хийгдсэн. Уг шалгалтаар газар эзэмшүүлэх захирамж гаргасан Төв аймгийн Ж сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын биелэлтийг хангаж, газар эзэмшүүлэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт 2020 оны 11 сарын 11 өдрийн 05/12687 тоот албан бичгээр гарсан. Уг дүгнэлтээр энэхүү газар эзэмшүүлэх захирамж нь ашиг сонирхлын зөрчилгүй байгаа нь тогтоогдож байна.
2. Мөн Төв аймгийн Ж сумын Засаг дарга нь газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгосон захирамж гаргахдаа Авилгатай тэмцэх газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 05/12680 тоот албан бичгийг үндэслэсэн. Энэхүү албан бичиг нь Төв аймгийн Ж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид тариалангийн газрыг эзэмшүүлэх асуудлыг хэлж, тогтоол гаргаж, хэрэгжүүлэхийг Засаг даргад даалгасан нь Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэнд халдсан мөн "Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд энэ нь Засаг даргын газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.
3. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ". 84 дүгээр зүйлийн 84.1.2-т "Дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага” гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т "Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно", 39 дүгээр зүйлийн 39.1-т "Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ" гэж тус тус заасан байдаг. Гэвч Төв аймгийн Ж сумын Засаг дарга нь Төв аймгийн Засаг даргаас Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар дамжуулан 2021 оны 6 сарын 02-ны өдрийн 07/353 тоот чиглэл хүргүүлэх албан бичгээр өгсөн үүргийг үл биелүүлж, иргэн Ц.Нгийн газар эзэмших эрхийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна. Иймд Төв аймгийн Ж сумын Засаг дарга Төв аймгийн Засаг даргын өгсөн үүрэг, чиглэлийг үл биелүүлж, газар эзэмших эрхийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус шийдвэрт зааснаар иргэн Ц.Нгийн газар эзэмших эрхийг сэргээхийг Төв аймгийн Ж сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус сумын Бууралын багийн иргэн Ц.Нгийн газар эзэмших эрхтэй холбогдуулан Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/353 дугаар "Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн хүрээнд дараах тайлбарыг хүргүүлж байна.
1. Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам"-ын 6. 7. 10 дахь хэсэгт давуу эрхээр газар олгох асуудлыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэнэ гэж заасан байхад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн давуу эрх олгох тухай 65 дугаар тогтоолоор давуу эрхээр баталсныг хууль журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзсэн.
2. Сумын Засаг даргын 2021 оны А/64 дүгээр захирамжаар иргэн Ц.Нгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэн гаргасныг нягтлан үзэж хянаагүйгээр захиргааны илт хууль бус акт гэж үзэж уг захирамжаа хүчингүй болгох үүрэг чиглэл өгсөн нь эрх бүхий байгууллага холбогдох хуулийг заалтыг судлан үзээгүй төрийн байгууллага албан тушаалтны хариуцлагагүй үйлдэл буйг илтгэж байна. Сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/64 дүгээр захирамжид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 заалтад "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөрт нь хамаарах бүхий этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах гэж заасныг зөрчиж тухайн үеийн Засаг дарга өөрийн эхнэр Ц.Нд газар олгосон асуудлыг огт судалж үзэлгүйгээр "Чиглэл хүргүүлэх тухай" Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/323 тоот албан бичиг ирүүлснийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байна” гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон тэдний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Сумын Засаг даргын 2021 оны А/64 дүгээр захирамжид маргаагүй. Хуулиар захирамжийг хууль бус бол дээд шатны Засаг дарга, эсхүл сумын Засаг дарга өөрөө хүчингүй болгох боломжтой. Энэ шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргаагүй байхад чиг үүрэг өгсөн, дотогш чиглэсэн албан бичгээр захирамжийг хүчингүй болгож, хууль бусыг тогтоохгүй. Сумын Засаг дарга өөрийн гаргасан захирамжаа үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Сумын засаг даргад Газрын албанаас чиг үүрэг өгсөн баримтаар хэрэгжүүлэх үүрэг хүлээхгүй тул Захиргааны хэргийн шүүхээс хэрэгжүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нгаас “Төв аймгийн Ж сумын Засаг даргын “Төв аймгийн Засаг даргын харьяа Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/353 тоот шийдвэр”-ийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Ц.Нгийн хууль ёсны эрх ашгийг сэргээхийг Төв аймгийн Ж сумын Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Маргааны үйл баримтад холбогдуулан үзвэл Төв аймгийн Ж сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Ц.Нд тариалангийн газар давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/159 дүгээр захирамжаар иргэн Шаварт овгийн Цогтын Нансалмаад Баянбулаг 3-р баг Агьтийн хөндийн 152/85 га-аас үр, тарианы зориулалтаар 63 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж.[1] 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 04149-2020/00079 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулжээ.[2] Харин хариуцагч Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Ц.Нгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/64 дүгээр захирамжаар Баянбулаг 3-р баг Агьтийн хөндийд 146/345 га-гаас үр тарианы зориулалтаар 63 га газар эзэмшигч Ц.Нд газар эзэмшүүлсэн дээрх 2020 оны А/159 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.[3]
Энэхүү сумын Засаг даргын 2021 оны А/64 дүгээр захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх ба уг гомдлыг шийдвэрлэхдээ Төв аймгийн Засаг даргаас Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хуваарилан шийдвэрлүүлсэн байх ба уг газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 07/353 дугаартай албан бичгээр Ж сумын Засаг дарга, газрын даамал нарт хаяглан чиглэл өгч, бичгийн хувийг нь гомдол гаргагч Ц.Нд хүргүүлсэн байдлаар хариуг нь тус тус өгчээ. [4]
Үүнд нэхэмжлэгчээс “...Төв аймгийн Засаг даргын харьяа Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/353 тоот чиглэл хүргүүлэх албан бичгээр иргэн Ц.Нд 63 га талбай бүхий газрыг давуу эрхээр эзэмшүүлэх нь хууль зөрчөөгүй бөгөөд газар эзэмшүүлсэн акт нь хүчин төгөлдөр захиргааны акт мөн гэж үзсэн. Түүнчлэн Ж сумын Засаг дарга Н.Энхболдод Ж сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/64 тоот захирамжийг хүчингүй болгож, иргэний эрхийг сэргээж, энэ талаар 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариу мэдэгдэх ёстой гэж үүрэг өгсөн боловч өнөөдрийг хүртэл тус шийдвэрийг биелүүлээгүй, иргэн Ц.Нгийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхгүй байна” гэж,
Хариуцагч талаас “...Монгол улсын газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам"-ын 6. 7. 10 дахь хэсэгт давуу эрхээр газар олгох асуудлыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэнэ гэж заасан байхад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн давуу эрх олгох тухай 65 дугаар тогтоолоор баталсан нь хууль журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/64 дүгээр захирамжид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 заалтад "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөрт нь хамаарах бүхий этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах гэж заасныг зөрчиж тухайн үеийн Засаг дарга өөрийн эхнэр Ц.Нд газар олгосон асуудлыг огт судалж үзэлгүйгээр Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Чиглэл хүргүүлэх тухай" 07/323 тоот албан бичиг ирүүлснийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байна” гэж, мөн “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь сумын Засаг даргад үүрэг чиглэл өгөх эрх хэмжээгүй, сумын газрын даамалд чиглэл өгч болно. Энэ нь заавал биелэх захиргааны акт болохгүй, санал болох учир үүнийг биелүүлээгүй гэх эс үйлдэхүй тогтоогдохгүй ... “ гэж тус тус маргаж байна.
Уг Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 07/353 тоот албан бичгээс үзвэл “Танай сумын нутагт газар эзэмшигч иргэн Ц.Нгаас аймгийн Засаг даргад ирүүлсэн гомдлыг хууль тогтоомжийн дагуу судлан үзэж дараах чиглэлийг хүргүүлж байна ...” гээд, сумын Засаг даргын 2021 оны А/64 дүгээр захирамж гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05/12680 тоот албан бичиг зэргийг үндэслэн гаргасан тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг үндэслээгүй, ... “Илт хууль бус” захиргааны акт байна” гэж дүгнээд, сумын Засаг даргад чиглэл хүргүүлж шийдвэрлэхдээ, 1-д нь “... акт гаргахдаа зөвхөн хуульд үндэслэх зарчмыг баримтлах”, 2-т нь “Захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27, 29 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагааг явуулах, захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх, хуульд заасан ажилбаруудыг явуулсны үндсэн дээр шийдвэрлэж байх”, 3-т нь Сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг А/64 дүгээр захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн иргэний хууль ёсны эрх ашгийг сэргээж, 2021 оны 06 дугаар 10-ны дотор хариу мэдэгдэх” гэсэн хугацаатай үүрэг, чиглэл өгч шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах” гэсэн аймгийн Засаг даргын эрх хэмжээнд аймгийн Засаг даргаас газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг бүхий газар зохион байгуулалт хариуцсан агентлагт гомдлыг шилжүүлэн шийдвэрлэж хариу өгснийг Засаг даргын эрх хэмжээний асуудал гэж үзэх ба тус агентлаг нь Засаг даргын өмнөөс гомдлыг шийдвэрлэж, гомдол гаргагчид хариу өгсөн байна. Тухайн албан бичигт дурдсанаар нэхэмжлэгч иргэнээс аймгийн Засаг даргад гаргасан гомдлыг шийдвэрлэж, холбогдох асуудлыг хянасан болохоо цохон тэмдэглэсэн байх бөгөөд энэхүү асуудлаар гомдол гаргагчийн гомдолд дурдсан асуудлыг хэрхэх талаар хариуцагчид хугацаатай үүрэг өгөн шийдвэрлэж, зохих үүргийг өгөхийн сацуу сумын Засаг даргад тухайн төрлийн асуудлыг шийдвэрлэхдээ анхаарч, хэрэгжүүлж ажиллах чиг үүргийг зааж өгсөн гэж үзэх үндэслэлтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар гомдол гаргагчийн гомдлыг хянаад, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана”, 98.1.3 дахь хэсэгт “захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж зааснаар зохих акт гаргах хугацаатай үүрэг даалгавар өгч, цаашид юуг анхаарч ажиллахыг чиглэл өгч шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хариуцагч сумын Засаг даргаас мөн дээрх хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ”, мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх” гэж сумын Засаг даргын эрх үүргийг тодорхойлсноор дээрх шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байх ба энэ үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь “Газрын тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын Засаг дарга Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь чиглэл хүргүүлсэн албан бичгийг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй, хуульд зааснаар энэ байгууллага дээд шатны байгууллага биш, дээд шатны Засаг дарга актыг хүчингүй болгох эрхтэй, хүчингүй болгоогүй, энэ чиглэл өгсөн албан бичиг нь заавал биелэгдэх акт биш, дотогшоо чиглэсэн зөвлөмж нь хэрэгжүүлэх үндэслэл байгаагүй” гэсэн тайлбараар нотлогдож байна. Улмаар нэхэмжлэгч иргэнээс аймгийн Засаг даргад гаргасан гомдлоор нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болохыг тогтоож шийдвэрлэсэн, шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон 2021 оны А/64 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших зөрчигдсөн эрхийг нь сэргээх үүргийг хариуцагч сумын Засаг даргаас биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн энэ маргаанд хамаарах актын хувьд, хариуцагч сумын Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэсэн захирамжийн хэлбэр, агуулгаар 2021 оны А/64 дугаартай захирамжийг гаргасан байх боловч нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамжийг нь хүчингүй болгохоор гаргасан, нөгөө талаар сумын Засаг дарга нь өмнөх Засаг даргын эрх залгамжлах этгээдийн хувьд өмнө гаргасан захиргааны актаа зөвтгөсөн мэтээр тайлбарлах хэдий ч тайлбарт дурдсанаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байхад шууд шийдвэр гаргасан байгааг, мөн нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчиж, газар эзэмших эрхийг нь зөрчсөн болохыг дээрх дээд шатны Засаг даргын гомдол шийдвэрлэсэн шийдвэрт тогтоосон байгааг дурьдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч иргэний Төв аймгийн Засаг даргад гаргасан гомдлыг шийдвэрлэсэн “Төв аймгийн Засаг даргын харьяа Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/353 тоот шийдвэр”-ийг биелүүлэхгүй байгаа Төв аймгийн Ж сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож, нэхэмжлэгчээс хариуцагчийн дээд шатны байгууллага албан тушаалтанд хандан гомдлоо гаргаж, шийдвэрлүүлсэн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь сэргээгүй байх тул тус урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарсан шийдвэрийн дагуу нэхэмжлэгч иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон 2021 оны А/64 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших зөрчигдсөн эрхийг нь сэргээхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 98 дугаар зүйлийн 98.1, 98.1.3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Ц.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Засаг даргын буюу Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/353 тоот шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Төв аймгийн Ж сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Ц.Нгийн газар эзэмших хууль ёсны эрх ашгийг сэргээхийг хариуцагч Төв аймгийн Ж сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Төв аймгийн Ж сумын Засаг дарга нь нэхэмжлэгч иргэн Ц.Нгийн газар эзэмших эрхийг сэргээхдээ, Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 07/353 тоот албан бичгээр гаргасан шийдвэрийн чиглэл өгсөн хэсгийн 3-д “Сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн иргэний хууль ёсны эрх ашгийг сэргээж” гэж заасны дагуу сумын Засаг даргын 2021 оны А/64 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч иргэний уг эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг гэрчилгээг олгон эзэмшүүлэх замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нд олгосугай.
4. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.