Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0415

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О, хяналтын улсын байцаагч А.У нар

Гуравдагч этгээд: Д.З

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0298 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч А.У, Т.О, гуравдагч этгээд Д.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2024/0143/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О, хяналтын улсын байцаагч А.У нарт холбогдуулан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О, хяналтын улсын байцаагч А.У нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Үйлдвэрлэлийн ослын тухай” 07/00-02/006/03 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0298 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.4.2-т тус тус заасныг баримтлан ЭХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О, хяналтын улсын байцаагч А.У нарт холбогдох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О, хяналтын улсын байцаагч А.У нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Үйлдвэрийн ослын тухай 07/00-02/006/03 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагч Г.О, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У нар нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07/27 дугаартай, "Хяналт шалгалтын удирдамж /Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай/-аар, иргэн Д.Зын гаргасан гомдлын дагуу "Э" ХХК-д хяналт шалгалтын ажиллагааг явуулж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/00-02/006/03 дугаартай, "Үйлдвэрлэлийн ослын тухай Улсын Ахлах байцаагчийн дүгнэлтийг гаргасан байна.

            3.1.1. Энэхүү дүгнэлтэд "... Иргэн Д.З-аас “Э” ХХК-д материалын инженерээр ажиллаж байсан Эрдэнийн Г нь С аймгийн Т сумын 2 дугаар багийн нутаг "Ц" гэх авто замын бүтээн байгуулалт хийгдэж байсан зам дээр ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бөгөөд тус аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх ажиллагааг хийгээгүй, ослын акт, дүгнэлтийг гаргуулж, яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн гомдлыг бичгээр ирүүлжээ ..." гэж, ДҮГНЭХ нь хэсгийн 1-д "... “Э” ХХК-д материалын инженерээр ажиллаж байсан Э.Г нь ... 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлын талбай руу ажил үүргээ гүйцэтгэхээр тус компанийн 76-40УНР улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 76 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа ... том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ослын улмаас ажлын байран дээрээ нас барсан байна ..." гэж, 3-д “... “Э” ХХК нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан Э.Г-ийн гэр бүлд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-д заасны дагуу 1 сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй болно ..." гэж, 4-д “... Амь хохирогч Э.Г-ийн гэр бүл нь Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хувь хэмжээгээр тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг “Э" ХХК-иас гаргуулах эрхтэй ..." гэжээ.

            3.1.2. Улсын Ахлах байцаагчийн Дүгнэлтэд дурдсан "... “Э” ХХК-д материалын инженерээр ажиллаж байсан Эрдэнийн Г нь С аймгийн Т сумын 2 дугаар багийн нутаг "Ц" гэх авто замын бүтээн байгуулалт хийгдэж байсан зам дээр ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан ..." гэх асуудал нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, С аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “шүүх, прокурорын хяналт ... тус тусын хууль тогтоомжоор зохицуулна ..." гэдэгт хамаарч, иргэн Д.Зын өргөдөлд дурдсан асуудал нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдан шийдвэрлэгдэх харилцаа юм.

            3.1.3. Тус эрүүгийн хэргийг шалгах явцад өргөдөл гаргагч Д.З-ыг "хохирогч"-оор тогтоосон, Улсын Ахлах байцаагчийн дүгнэлтийн ДҮГНЭХ нь хэсгийн 3, 4-д заасан нөхөн төлбөр, тэтгэврийн зөрүүг гэм буруутай этгээдээс гаргуулах нь эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэгдэх асуудал байхад Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд хамааруулж, дахин шалгасан нь давхардлыг үүсгэж байна.

            3.1.4. Тухайлбал: Д.З нь тухайн эрүүгийн хэргийн оролцогч, эрүүгийн хэрэг нь эцэслэж шийдвэрлэгдээгүй байхад "ердийн иргэний журмаар" гомдол гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 52 дугаар зүйл, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан "хяналт шалгалтыг давхардуулахгүй ..." гэсэн зарчим зөрчигдсөн.

            3.1.5. Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.О, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У нарын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07/27 дугаартай, "Хяналт шалгалтын удирдамж" /Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай/ нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.7-д "өмнө хийсэн шалгалтын талаарх мэдээлэл" гэснийг зөрчсөн.

            3.1.6. Удирдамжид дурдсан асуудлыг өмнө нь иргэн Д.Зын өргөдлийн дагуу С аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Б нь хяналт шалгалт хийсэн талаар Улсын Ахлах байцаагчийн хяналт шалгалт хийх удирдамжид дурдаагүй.

            Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.О, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У нар нь "Э" ХХК-д хяналт шалгалт хийж байх явцад Салбарын хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нарангарав гэсэн гарын үсэг бүхий 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/3284 дугаартай албан бичгээр "/Э ХХК-ийн захирал Б.Ананда танаа/... С аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т. Биндэрьяа нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай удирдамжаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхдээ иргэн Д.З-ын гомдолд дурдсан асуудлын хүрээнд шалгаагүй ... үүргээ хангалтгүй биелүүлсэн байна ..." гэсэн хариуг өгснөөс үзэхэд Д.З-ын өргөдөлд дурдсан асуудлыг шалгахдаа эрх бүхий этгээд нь анхнаасаа хууль зөрчсөн үйл ажиллагааг явуулсан гэж үзэж, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар дээд шатны албан тушаалтанд хандсан боловч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13/05 дугаартай, "Хариу хүргүүлэх тухай", Салбарын хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н гэсэн гарын үсэг бүхий албан бичгээр "... дүгнэлтийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна" гэсэн хариуг өгсөн.

            3.1.7. Анхан шатны шүүх үүнийг дүгнэхдээ "... нэхэмжлэгчээс тухайн осолтой холбоотойгоор актыг судлан бүртгээгүй, дүгнэлт гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Учир нь осол гаргасан тохиолдолд тухайн ослын талаар ажил олгогч буюу нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн ослыг бүртгэх үүрэгтэй болохоос бус захиалагч буюу "Монгол ЛЗ зам гүүр" ХХК судлан бүртгэх дүгнэлт гаргах үүрэггүй ..." гэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д "Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна" гэсэнтэй зөрчилдөж байна.

            3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:        3.2.1. Нэхэмжлэгч талаас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “... нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ ..." гэснийг үндэслэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О, хяналтын улсын байцаагч А.У нарыг хариуцагчаар татсан байдаг.

            3.2.2. Дээрх хүмүүсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагдан ажиллаж байгаа, төрийн эрх бүхий албан тушаал эрхэлж байгаа эрх бүхий этгээдийн хувиар хариуцагчаар татсан байхад 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралд хариуцагч Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.О нь өөрийн төлөөлөгчөөр Ш.Хонгорзулд тухайн өдрийн огноотой, бүртгэлийн 0637 дугаартай "Итгэмжлэл"-ийг олгож, хамт хуралд оролцсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д "... хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө ..." гэснийг ноцтой зөрчсөн болно. Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.О нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш, мөн "иргэний" хувиар тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, бүхэл бүтэн салбарын яамны Улсын Ахлах байцаагчийн хувиар оролцсон байхад өөрийн дураар, хэн нэгнийг төлөөлөгчөөрөө томилж оролцох эрх бүхий этгээд биш юм.

            Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0298 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгчээс “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О, хяналтын улсын байцаагч А.У нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Үйлдвэрлэлийн ослын тухай” 07/00-02/006/03 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “ ... Төрийн хяналт, шалгалтыг давхардуулж хийсэн, ... осол тухайн замын ажлыг гүйцэтгэгч компанийн бүсэд болсон тул “М” ХХК судлан бүртгэх дүгнэлт гаргах ёстой” гэж, хариуцагчаас “... Э.Г-ийн үйлдвэрлэлийн ослын актыг судлан бүртгээгүй, осолд өртсөн өдрөө аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, ... 2023 онд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, ажилтныг уртын ээлжийн горимоор ажиллуулаагүй гэх зөрчлүүд гаргасан ...” гэж, гуравдагч этгээдээс “... хариуцагч нарын гаргасан дүгнэлт нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийг зөрчөөгүй ...” гэж тус тус тайлбарлан маргажээ

            3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О, хяналтын улсын байцаагч А.У нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Үйлдвэрлэлийн ослын тухай” 07/00-02/006/03 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            4. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            4.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О, хяналтын улсын байцаагч А.У нар нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Үйлдвэрийн ослын тухай 07/00-02/006/03 дугаартай дүгнэлтийн Дүгнэх нь хэсгийн 1 дэх заалтад “ ... “Э” ХХК-д материалын инженерээр ажиллаж байсан Э.Г нь ажлын талбай руу ажил үүргээ гүйцэтгэхээр тус компанийн 76-40 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ослын улмаас ажлын байран дээрээ нас барсан байна”, 2 дахь заалтад “... “Э” ХХК-д материалын инженерээр ажиллаж байсан Э.Г нь ажлын байр, нэгж, хэсгийн хооронд тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөн амь насаа алдсан байх тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.3 дахь хэсэгт хамаарч байна ...” гэжээ.

            4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Э” ХХК-д материалын инженерээр ажиллаж байсан Э.Г нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр С аймгийн Т сумын 2 дугаар багийн нутаг “Ц” гэдэг газарт ажиллаж байхдаа ажлын талбай руу ажил үүргээ гүйцэтгэхээр тус компанийн 7*** УНР улсын дугаартай Тоёото Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа 1*** СЭН улсын дугаартай Норт бенз маркийн том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ослын улмаас нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан С аймгийн Цагдаагийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4611-1228 дугаар албан бичгийн хавсралтаар шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2431001710255 дугаартай хэргийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

            4.3. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Э.Г-ийг тус газарт материалын инженерээр ажиллаж байсан, тус компанийн 7*** УНР улсын дугаартай Тоёото Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон тухайн өдөр ажлын талбай руу явж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн, талийгаач нь “М” ХХК-тай ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ байгуулсэн гэж нэхэмжлэгчээс маргаагүй байх тул тухайн өдөр талийгаач С аймгийн Т сумын 2 дугаар багийн нутаг “Ц” гэдэг газарт ажлын талбай руу ажил үүргээ гүйцэтгэхээр явах замдаа авто тээврийн осолд орж нас барсныг үйлдвэрлэлийн осолд тооцсон хариуцагчийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гомдолд дурдсан үндэслэлээр буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

            4.4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9. "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг”, 3.1.20-д “"үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.4-д Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 29 дүгээр зүйлийн 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэжээ.

            4.5. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”, 2.1.3-д “ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед”, 3 дугаар зүйлийн 3.11-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана” гэж тус тус заасан байна.

            4.6. Хууль дүрмийн дээрх зохицуулалтаас үзэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Г.О, хяналтын улсын байцаагч А.У нар нь Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлтийг гаргахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай болон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-д зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдлыг хяналтын улсын байцаагч тусгайлан судалж, дүгнэлт гаргах талаар заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан нь хууль журамд нийцсэн байх бөгөөд уг дүгнэлтээр “Э” ХХК-ийг материалын инженерээр ажиллаж байсан Э.Гийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамруулаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг судлан хариуцсан орон тооны ажилтангүй нь холбогдох хууль эрх зүйн баримт бичгийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй, уг дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4.7. Маргаан бүхий дүгнэлтийн “Э” ХХК-ийг материалын инженерээр ажиллаж байсан Э.Гийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамруулаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг судлан хариуцсан орон тооны ажилтангүй нь холбогдох хууль эрх зүйн баримт бичгийн зүйл заалтыг зөрчсөн” гэж үзсэн нь үндэслэлүүдийг нэхэмжлэгчээс баримтаар үгүйсгэж маргаагүй байна.

4.8. Түүнчлэн хариуцагч улсын байцаагч нарын дүгнэлтэд дүгнэгдсэн “Э” ХХК нь материалын инженерээр ажиллаж байсан Э.Гийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамруулаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг судлах хариуцсан орон тооны ажилтангүй нь холбогдох хууль эрх зүйн баримт бичгийн зүйл, заалтыг зөрчсөн гэх ажил олгогчийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгээгүйтэй холбоотой асуудлаар гарсан шийдвэр нь талийгаач Э.Гийн нас барсан шалтгаантай холбоотой эрүүгийн гэмт хэрэгтэй хамааралгүй ажил олгогч үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, дүгнэлт гаргуулах, нөхөн төлбөр олгох үүрэгтэй холбоотой харилцаа байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Д.З нь эрүүгийн хэргийн оролцогч, эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар гомдол гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн ... хяналт шалгалтыг давхардуулахгүй ...” гэсэн зарчимд зөрчигдсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ