Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Н.Мөнгөнсүх,

Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа,

            Шүүгдэгч Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батбаатарын Мөнхбатад холбогдох эрүүгийн 201625021738 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эх, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 42-1125 тоотод оршин суух, урьд

2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 2 жил хорих ялаар,

2005 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар,

2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар ЧЕ82050479, Боржигон овогт Батбаатарын Мөнхбат.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Б.Мөнхбат нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Монгол Улсын Багшийн Их Сургуулийн урд талын цагдаагийн постонд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа иргэн Х.Мөнхбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мөнхбат мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Мөнхбаяр /хх-ийн 9-10/, гэрч Н.Нармандах /хх-ийн 11-12/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №7979 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/, Б.Мөнхбатын урьд ял эдэлж байсан баримтууд /хх-ийн 33-42/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Мөнхбатыг согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Монгол Улсын Багшийн Их Сургуулийн урд талын цагдаагийн постонд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа иргэн Х.Мөнхбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Х.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 09 цагаас 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг хүртэл Тамир-116 чиглэлд цагдаагийн ахмад Н.Нармандахын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд 17 цаг 50 минутын үед МУБИС-ийн урд талын цагдаагийн кобонд станцаа цэнэглэхээр ороод байж байтал араас архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн этгээд гаднаас орж ирэхдээ өөрийгөө сансарын том Заяа гэсэн 35-40 орчим насны эрэгтэй "би нэг янханыг 150.000 төгрөгөөр ярьж авсан чинь намайг мурьчихлаа, чи тэр хүүхнээс мөнгө олж өг" гээд үгийн зөрөөгүй шууд над руу дайраад хантаазнаас зуурч ураад цээж рүү маань гараараа 2 удаа цохиод, хөлөөрөө баруун гуя руу 1 удаа өшиглөөд, нүүр рүү маань толгойгоороо 1 удаа мөргөсөн... тэгсэн чинь гаднаас цагдаагийн ахмад Н.Нармандах орж ирж намайг зуурсан байсныг салгаад гавалж Тамир 120-д өгч саатуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 

Гэрч Н.Нармандах мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...Тамир-116 чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Х.Мөнхбаярын хамтаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороог хариуцсан хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 17 цаг 50 минутын үед МУБИС-ийн урд талын цагдаагийн кобонд станцаа цэнэглэхээр ороод би хэсгийн байцаагч д/ч Ганхуягтай ярьж байтал нөгөө өрөөнд станцаа цэнэглэж байсан цагдаагийн ахлах ахлагч Х.Мөнхбаярыг нэг үл таних хүн орж ирээд “танай хүүхнүүд 150.000 төгрөг мурьчихлаа” гэж чангаар орилоод байсан. Удалгүй ахлах ахлагч Х.Мөнхбаярыг үл таних эрэгтэй багалзуурдан цонх руу шахаж байсан бөгөөд би гүйж гаран уг этгээдийн үйлдлийг таслан зогсоож дарж унаган гавалсан. Уг этгээд нэрээ хэлээгүй бөгөөд бид хоёрыг “хүнгүй газар гэрчгүй ална, та нарыг болон шүүгч нартай чинь цуг ална, би шорондоо ормоор байна, лаларын 2 бандиа би шоронд ороод 2 пиздагийн аав болно” гэх мэтээр их дарамталсан тэгээд би уг этгээдийг ахлах ахлагч Х.Мөнхбаяраас салгаж гавлан Тамир 120-д саатуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

Сэжигтэн Б.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2 найзтайгаа голын эрэг дээр архи уучихаад нэлээн согтоод бараг тасарсан шахуу муудчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаагийн 2 албан хаагч намайг Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн постонд оруулж ирээд бичиг баримтаа үзүүл гээд согтуурхаад байлгүй харьж амар гэж байсан. Би байхгүй гэж маргаад хантаазнаас нь татаж маргалдаад гуя руу нь өшиглөсөн. Тэгээд намайг авчирч эрүүлжүүлсэн. Би өөрийн гэм буруугаа ойлгож хохирогч болох цагдаатай уулзан хохиролоо барагдуулан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

Шүүгдэгч Б.Мөнхбатын буруутай үйлдлийн улмаас хохирогч "...Х.Мөнхбаярын биед баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрхий хуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №7979 тоот дүгнэлт /хх-ийн 14/, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул Б.Мөнхбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдээгүй атлаа “ялтай байхдаа” гэж хүндрүүлж ирүүлсэн нь буруу байна. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Мөнхбатын хувийн байдлаас үзэхэд тэрээр урьд нь:

2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16, 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж,

2005 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймаг дах Сум дундын 2 дугаар шүүхийн 261 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 03 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 479 дүгээр шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5, 96.2.6 дахь хэсэгт зааснаар нийт 8 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 7 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

 

Дээрх ял шийтгэгдсэн байдлаас дүгнэлт хийж үзэхэд тэрээр хамгийн сүүлд хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдэж 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эдлээгүй үлдсэн 02 жил 04 сар 01 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан байх бөгөөд энэ хугацаанд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсан байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Мөнхбатыг дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн аль хэсэгт зааснаар өршөөлд хамруулсан нь тодорхойгүй байх бөгөөд шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл “…Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг…”, “…хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа…”-ны альныг өршөөлд хамруулсан нь тодорхойгүйн гадна энэ талаар холбогдох байгууллагаас баримтыг ирүүлээгүй байна.

Иймд шүүхээс Б.Мөнхбатыг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэг буюу “…Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг…” хэрэгсэхгүй болгох нь түүнд илүү ашигтай байна. Харин хорих ялыг тэнссэн хугацаанаас үлдсэн хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнхбатад ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн зэргийг хөнгөрүүлэн үзсэний гадна энэ хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой байна.

Харин түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэх нөхцөлд тооцон үзэв.

           

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Батбаатарын Мөнхбатыг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатыг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад энэ тогтоолоор оногдуулсан 03 жил 01 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 479 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 04 сар 01 хоногийн хорих ялын зарим болох 05 сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нь Б.Мөнхбатад урьд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Энэ тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР