Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

 

 

 

 

 

2022 оны    09 сарын 15 өдөр

Дугаар               2022/ШЦТ/111

                                      Ханбогд сум

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Ганбат /цахимаар/

Шүүгдэгч: Т.Мөнхжаргал,

Шүүгдэгч: Л.Баярцог,

Шүүгдэгч: Т.Төрбаяр,

Шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал нарын өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Т.Төрбаярын өмгөөлөгч Б.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хахандаг овогт Лхамын Баярцог, Боржигон овогт Тогтохбаярын Мөнхжаргал, Бааран овогт Төртайвангийн Төрбаяр нарт холбогдох 2229001000068 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг баруун сайхны 7-5 тоотод түр оршин суух хаягтай, /Үндсэн хаяг Өмнөговь аймаг Сэврэй 3 дугаар баг/ урьд ял шийтгэлгүй, Хахандаг овогт Лхамын Баярцог /РД:КИ90111716/,

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, Бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар баг Оюутын 2-40 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. /Өмнөговь аймгийн сум дундын 15 дугаар шүүхийн 2014.10.28 №66 шийтгэх тогтоолоор 5 сар 25 хоног баривчлах ял/, Боржигон овогт Тогтохбаярын Мөнхжаргал /РД:КЮ89112871/,

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, Хөдөлмөр аюулгүй ажиллагааны мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг баруун сайхны 13-11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Бааран овогт Төртайвангийн Төрбаяр /РД:КЮ96053111/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

   Шүүгдэгч Т.Мөнхжаргал, Л.Баярцог, Т.Төрбаяр нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сум Таван толгойн уурхайн 4 дүгээр амны орчимд байрлах Хавцгайт их хайрхан ХХК-ийн кемпийн контейнерийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч 2022 оны 03 дугаар сарын 16-17-нд шөнө 5 ширхэг дампны дугуйг нууцаар хууль бусаар авч нийт 14.000.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Баярцог нь мэдүүлэхдээ: “04 дүгээр сарын 15-ны өдөр хөдөө гэртээ байхад Мөнхжаргал залгаад “Манай кемпэд хэдэн дугуй байгаа. Тэрийг ачаад ирье” гэсэн. Тэр шөнөө Өмнөговь аймгийн Даланзадгад сум орж Баруун сайханд байрлах гэртээ унтаж амарчхаад 04 дүгээр сарын 16-ны өдөр Т.Төрбаяр руу ярьж холбогдоод шөнө Т.Төрбаярын портер машинтай Даланзадгадаас гарч явсан. Шөнө 02 цагийн орчимд кемп дээр очоод Т.Мөнхжаргалтай хамт контейнерын үүдэнд очоод Т.Мөнхжаргал хүн харж бай гэхээр нь би буцаж хашаанаас гараад хашааны гадна байх овоолсон далангийн гадна талд сууж байгаад Т.Мөнхжаргалыг дугуй түрээд гараад ирэхээр нь шороон далангаас гадагш хамт гаргасан. Контейнерын үүдэнд очиход контейнерын үүд цоожтой байсан. Буцаж явах замдаа яаж онгойлгосон талаар асуухад төмрөөр хөшиж онгойлгосон гэж хэлсэн.” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мөнхжаргал нь мэдүүлэхдээ: “Би машин засаж явж байгаад контейнерт дугуй байгааг харж 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Л.Баярцогтой ярьж манай контейнерт хэдэн дугуй байгаа, аваад ирье гэж ярьсан. 03 дугаар сарын 16-ны өдөр Л.Баярцогтой уулзаад портер машин олох уу гэхэд Т.Төрбаяр байгаа гэсэн. Тэгээд бид 3 ярилцаад дугуй ачихаар явсан. Бид 23 цагийн орчимд аймгаас гараад Л.Баярцог машинд түлш хийсэн. Цогтцэций сум руу уурхай руу явдаг шороон замаар яваад хашааны урд очоод Л.Баярцогийг бууж хар гээд явсан. Контейнерын үүдэнд очоод Л.Баярцогийг чи цаанаа хүн харж бай гээд орхичхоод би хаалгыг нээж дотроос нь 5 ширхэг дугуй аваад зөөж гарган шороон далан руу хийчхээд Л.Баярцогийг дуудсан. Т.Төрбаяр руу ярьж хүрээд ир гэж хэлсэн. Т.Төрбаяр машинаа цаана тавьчхаад ирсэн. Тэгээд бид дугуйнуудаа түрж очоод Т.Төрбаярын машинд ачсан.  Очоод хаана хураах уу гэж яриад Т.Төрбаярын хүн амьдардаггүй байшинд хураая гэж ярьсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Төрбаяр нь мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Л.Баярцог яриад Цогтцэций сум руу 23 цагийн үед явсан. Миний портер машинд 117,000 төгрөгт түлш хийгээд явсан. Төмөр хаалтын хажуугаар эргээд 4,5 кемпийн дунд очоод зогссон. Тэгээд Мөнхөө, Баярцог хоёр буугаад 30-40 минутын дараа Мөнхөө над руу ярьсан. Тэгээд би очоод тэр хоёрын гаргасан байсан 5 ширхэг дугуйг түрэлцээд машинд дээрээ тавиад Өмнөговь руу шууд явцгаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг уучлаарай.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан тайлбар дүгнэлтдээ: “Улсын яллагчийн Т.Мөнхжаргал, Л.Баярцог нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг өмгөөлөгч миний бие хавтаст хэргийн 1-3-р хуудсанд авагдсан байсныг тодорхойлж явсан байгаа. Мөн яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс яллаж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан өмгөөлөгч, хуульч хүнийхээ зүгээс хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж харж байна. Яллаж байгаа нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж яллаж байх тул өмгөөлөгчийн зүгээс хууль хэрэглээ, хэргийн хүрээнд тулгуурлан өөрийн санал дүгнэлтээ шүүхэд оруулж байна. Санал дүгнэлтээ хэлэхээс өмнө миний үйлчлүүлэгч болох Л.Баярцог, Т.Мөнхжаргал нар дугуйг хэрхэн, яаж, ямар оролцоотойгоор авсан нөхцөл байдлаа үнэн, тууштайгаар хүлээн зөвшөөрч үйлдсэн хэргийн гэм буруу, үйлдэлдээ маргахгүй байгааг өмгөөлөгчийн зүгээс тодотгон тайлбарлаж хэлэх нь  зүйтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн санал дүгнэлт, үйлчлүүлэгчийн санал дүгнэлт адил байх ёстой гэх хэт дордуулсан өнцгөөс битгий хараасай хүсэж байна. Эхлээд Т.Мөнхжаргалын үйлдэл холбогдлын талаар саналаа хэлье. Т.Мөнхжаргалын үйлдэлд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Т.Мөнхжаргалыг “Хавцгайт их хайрхан” ХХК-ийн кемпийн контейнерын цоожийг төмрөөр хөшиж онгойлгон гэх үйлдэл байдаг. Миний хувьд хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй яллаж байгаа үг, өгүүлбэр дээр зарим зүйлийг нотлогдохгүй байна гэж үзэж байна. “Хавцгайт их хайрхан” ХХК-ийн кемпийн контейнерын цоожийг төмрөөр хөшиж онгойлгосон гэх үг, өгүүлбэрийн төмрөөр хөшиж онгойлгосон гэх хэсэг хавтаст хэргийн хүрээнд нотлогдоогүй байна. Цоожийг эвдэлж орсон гэх үг, өгүүлбэрээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Т.Мөнхжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэгт “Би төмрөөр хөшиж онгойлгосон” гэж байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд мэдүүлгийг хэрхэн нотлох баримтаар тооцох талаар тусгайлан хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй гэж заасан. Хэргийн хүрээнд дамжтал байдлаар Т.Мөнхжаргал төмрөөр хөшиж онгойлгосон гэж мэдүүлдэг. Өөрсдийнх нь гэм буруугийн асуудлыг шийдэх гэж байхад өөрсдийнх нь мэдүүлгийг үнэлээд төмрөөр хөшиж онгойлгосон гэж яллаж байгаа нөхцөл байдал хэргийн хүрээнд нотлогдохгүй байна гэж үзэж байна. Мэдүүлгээс өөр ямар нотлох баримтаар нотлогдсон талаар хавтаст хэргээс үзэхэд хөшиж онгойлгосон гэх төмөр эд мөрийн баримтаар авагдаагүй, тухайн цоожийг эвдсэн ямар хэмжээтэй, ямар төмөр байсан талаар мэдүүлгийг газар дээр нь шалгасан зүйл байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй гэж заасан тул үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Кемпийн контейнерт нэвтэрч орсон гэх үйлдэлд маргахгүй. Т.Мөнхжаргал ганцаараа орсон байдаг. Т.Мөнхжаргалыг үйлдлийг гэмт хэрэг мөн эсэхэд маргахгүй, гэм буруутай эсэхэд маргахгүй, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Хохирогч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож, хохирол төлбөрөө авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаар илэрхийлсэн тул Т.Мөнхжаргал бусдад төлөх төлбөргүй гэсэн эрх зүйн дүгнэлтийг хийж байна. Л.Баярцогийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 нөхцөл байдлыг үндэслэн яллаж байгаа. Л.Баярцогийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйл буюу бүлэглэн санаа зорилго нэгдсэн гэх үйлдэлд маргахгүй. Бүлэглэсэн үйлдэл болгоныг адилхан зүйлчлэх эсэхэд өөрийн саналыг оруулж байна. “Хавцгайт их хайрхан” ХХК-ийн кемпийн контейнерын цоожийг төмрөөр хөшиж онгойлгон Т.Мөнхжаргалтай бүлэглэсэн гэж байгааг хүлээг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед контейнерыг хэн онгойлгосон талаар шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд Т.Мөнхжаргал ганцаараа нэвтэрсэн, Л.Баярцог, Т.Төрбаяр нар нэвтрээгүй талаар хэлж байна. Орон байранд нэвтэрсэн гэх ойлголтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 511 дугаартай тогтоолд тайлбарласан байдаг. Л.Баярцогийн үйлдэлд өмчлөгчийн зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдэл байдаггүй. Нэвтэрсэн гэх үйлдлийг дээд шүүхийн тайлбарт хууль бусаар орсон бол гэж орсон гэх үгийг сайн тайлбарласан байгаа. Мэдүүлгээс харахад Л.Баярцог контейнер руу орсон эсэх тодорхой байгаа. Т.Мөнхжаргалаас Л.Баярцог контейнер руу орсон уу гэхэд ороогүй гэж мэдүүлдэг. Л.Баярцог өөрөө би контейнер руу ороогүй гэж мэдүүлдэг. Улсын дээд шүүхийн тайлбараар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзнэ гэж тайлбарласан тул Л.Баярцогийг контейнер, агуулах саванд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Үүнийг ялган зааглаж өгнө үү. Мөн цоожийг хөшиж онгойлгосон гэж байгаа. Т.Мөнхжаргал цоожийг хөшиж онгойлгосон гэдгээ өөрөө хэлсэн. Т.Мөнхжаргалыг хөшиж онгойлгоход Л.Баярцог туслалцаа үзүүлсэн зүйл байхгүй. Иймд Л.Баярцогийг контейнер төмрөөр хөшиж онгойлгон, нэвтэрсэн гэх үйлдлүүд хавтаст хэргийн хүрээнд нотлогдоогүй, өөрсдийнх нь мэдүүлгээр нэвтэрсэн байна гэж эрх зүйн байдлыг нь дордуулсан байна. Нууцаар, хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Үйлдэл холбогдлын хувьд контейнерт нэвтэрч ороогүй, цоожийг төмрөөр эвдэж ороогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад хамтран оролцсон оролцоо байна гэж үзэж харж байна. Иймд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна.

Кемпийн хашааны зурвас газар аль юм бэ? хаана гэмт хэрэг эхэлж, хаана төгсөөд байгаа юм бэ гэдэг дээр ялган зааглаж дүгнэх хэрэгтэй. Л.Баярцогийн хувьд дугуй хулгайлах санаа зорилго байснаа өөрөө илэрхийлж байгаа. Т.Мөнхжаргалыг хулгайлах үйлдэл хийхэд Л.Баярцог компанийн хязгаарлалтын зурвасын дотор байсан уу гэдгийг өмгөөлөгч миний бие сая тодрууллаа. Т.Мөнхжаргал дугуй хулгайлах үйлдэл хийж контейнерын цоожийг эвдээд, дугуйг овоолсон шорооны нүх рүү хийх үед Т.Мөнхжаргалын үйлдэл, хулгайн гэмт хэрэг уг зурваст дуусгавар болж байгаа. Хулгайн гэмт хэргийг дэмжин туслалцаад шороог давуулахад оролцсон үйлдэл байгаа. Т.Мөнхжаргал, Л.Баярцог нарын үйлдлийг ялган зааглаж, гэм буруугийн асуудлыг бодитойгоор хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “2022 оны 03 сарын 16-аас 17-нд шилжих шөнө кемпийн агуулахад байсан гэх 5 ширхэг дугуй шүүгдэгч нарын хамтарсан үйлдлийн үр дүнд Даланзадгад сум дахь Т.Төрбаярын байшинд байсан. Үүнээс хохирогчийн өмчлөх эрх зөрчигдөж байх тул орон байранд нэвтэрсэн хулгайлах гэмт хэрэг юм гээд дүгнэх бол амархан зүйл. Гэхдээ шүүх хуралдаанд бүгд хуульч, эрх зүйч хүмүүс оролцож байгаагийн хувьд хууль хэрэглээний тал дээр анхаарах шаардлагатай. Шүүхийн шийдвэрээр энэ гурван залуу ямар буруутай вэ гэдгийг шийдэхээс гадна шүүхийн шийдвэр цахим санд байршиж, тойм нь нийтэд ил болдог тул цаашид хуулийг хэрхэн хэрэглэх, хуулийн үг, өгүүлбэр, таслал цэг бүрийг яаж ойлгож, хэрхэн ашиглах, цаашид ямар практик тогтох вэ гэдэгт нөлөөлнө. Тийм учраас энэ гурван залуу гэм буруугаа хүлээж байгаа юм чинь ингээд зүйлчлээд шийдчихье гэхгүйгээр гэмт үйлдэл хэзээ эхэлж, хэзээ дуусаж байгаа болон шүүгдэгч нарын үйлдлийг ялган зааглах хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний зүгээс 2022 оны 06 сарын 15-ны өдөр хяналтын прокурор Т.Солонгод хүсэлт гаргаж байсан. Уг хүсэлтэд ойролцоо төрлийн 2,3 гэмт хэрэг шийдсэн улсын дээд шүүхийн тогтоолыг жишиг болгосон. Заавал адил шийдэх хэрэгтэй гэсэн байдлаар биш хулгайлах гэмт хэрэг хэзээ эхэлж, хэзээ дуусах, орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэж үзвэл тэр нь хэзээ эхэлж, хэзээ дууссан, Даланзадгадаас гараад буцаад Даланзадгадад ирэх хүртэл эхлэл, төгсгөлийг тооцох юм уу гэдэг асуудлыг улсын дээд шүүх болон давж заалдах шатны шүүхүүд нэлээн анхаарч хууль хэрэглээний нарийн дүгнэлт хийсэн байдаг. 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 90 дугаартай улсын дээд шүүхийн тогтоол, 2018 оны 05 сарын 21-ний өдрийн 228, 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 679 дугаартай улсын дээд шүүхийн тогтоолуудыг 06 сарын 15-ны өдөр прокурорт гаргасан хүсэлтдээ дурдаж байсан. Үүнийг анхаарч үзнэ үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ганбат нь мэдүүлэхдээ “3 сард дугуй алга болоод би тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагад мэдэгдээд хууль ёсны төлөөлөгчөөр Батжаргалыг томилсон. Батжаргал очиж мэдүүлэг өгсөн байгаа. Мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүх хуралдааны байдлыг сонсоход манай мэдүүлэг хэвээрээ байгаа. Мэдүүлэгт нэмж хэлэх зүйл байхгүй. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

     Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 22-30- р хуудас/,

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Батжаргалын “...Би ЦТУ ХХК-д ээлжийн ахлахын албан тушаалд ажилладаг юм.Манай компани Цогтцэций сумын Таван толгойн уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулдаг Хавцгайт их хайрхан ХХК-д түрээсийн гэрээгээр 3 тээврийн хэрэгсэл явуулж Хавцгайт их хайрхан ХХК-ний кемп дээр 11 ажилтан байрлан ажилладаг.Би 2022 оны 03 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотоос 60 тонны 8 ширхэг дугуйг өгч явуулсныг хүлээн авч компани эзэмшлийн агуулах болох контейнерт 8 ширхэг дугуйгаа хийсэн юм.Уг дугуйнаас 2 ширхгийг нь машинд угсарч ажилд нь гаргасан. Тэгээд контейнерт хуучин байсан 1 дугуйтайгаа нэлээд 7 ширхэг дугуй үлдсэн байсан. Би 2022 оны оны 03 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчимд контейнер дотроос кондейшн аваад буцаагаад түгжээд явсан.Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд контейнер дотроос сэлбэг авахаар очиход хаалга онгорхой, дотор нь байсан 5 ширхэг дампны дугуй алдагдсан байсан. Тэгэхээр нь би захирал Ганбат руу залгаж мэдэгдэхэд Ганбат захирал Цогтцэций сумын цагдаа руу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-н 45-46-р тал/

             Хас Үнэлгээ ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 631 дугаартай хохирлын үнэлгээ /5 ширхэг Дампны дугуй 14.000.000//хх-н 77-р тал/

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Л.Баярцогтын “... Би Мөнхжаргал, Төрбаяр бид гурав 2022 оны 03 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгаас хөдлөөд колонкоос түлш аваад Цогтцэций сум руу явсан. Тэгээд урагшаа уурхайн замаар ороод уурхайн ам руу ороод Төрбаярыг үлдээчхээд Мөнхжаргал бид хоёр цаашаа явган явж кемпийн хураалттай дугуйн хашаагаар давж ороод төмөр контейнер луу очиж хаалгыг цоожтой байхад цоожийг урт төмрөөр Мөнхжаргал хөшиж эвдлээд ороод дотроос 5 ширхэг том машины дугуйг гаргаж ирээд Мөнхжаргал бид хоёр авсан дугуйнуудаа хашаа давуулж цааш нь гаргачхаад Төрбаярыг дуудаж авсан дугуйнуудаа машинд нь ачаад ирсэн замаараа буцаад аймаг руу явсан зарвал үнэтэй байдаг гээд авсан юм..Хашаанд 2. 3 төмөр контейнерууд байсан. тэгээд хашааны баруун талд байсан 20 тонны төмөр контейнер байсан... Мөнхжаргал төмрөөр хөшиж эвдсэн тэр үед би хүн амьтан харж байсан...Бид гурав авсан 5 ширхэг дугуйг Төрбаярын байшинд оруулж тавьсан...Портер машинаар явсан. Машиныг Төрбаяр унаж явсан. Машин хучиж байсан эрээн гялгараар дугуйг даруулж бүтээсэн юм... Авсан 5 ширхэг дугуйгаа буцаагаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 106-р хуудас/,

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Мөнхжаргалын “...Дугуйг авч зарах гэж байсан юм. би энэ Хавцгайт их хайрхан ХХК ний 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл ажиллаж байсан. 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр кемпийн үйл ажиллагаа зогссон. Би тэр үед төмөр контейнерт байсан дампны дугуй байгааг харсан юм. Тэгээд аймаг дээр очоод Баярцогтой уулзаад тэнд миний ажиллаж байсан кемп дээр дугуй байгаа хэдүүлээ очиж авъя гэж хэлээд би Баярцогтыг машин унаагаа олчих тэгээд очиж авъя гэж хэлсэн...Төмөр контейнер нь цоожтой байсан, би төмрөөр цоожийг төмрөөр хөшиж эвдсэн...Бид гурав шөнийн 02 цаг өнгөрч байхад кемп дээр очсон юм...Бид хоёр Төрбаярын хүн байдаггүй байшинд оруулж тавьсан...Тухайн үед Төрбаярын Портер машинаар явсан. Машиныг Төрбаяр унаж явсан...Бид нар авсан 5 ширхэг дугуйгаа буцаагаад бүрэн бүтэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 117-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Төрбаярын “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвд байдаг гэртээ байж байхад манай найзууд болох Мөнхөө. Баярцог хоёр над руу залгаад портер машин чинь явж байгаа юу Цогтцэций сум руу явчхаад ирье. төлбөр мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Би тухайн үед нь машин явж байгаа гэж хэлсэн. Үүнээс хойш хоёр хоногийн дараа буюу 2022 оны дугаар 03 сарын 16-ны орой 23 цагийн үед намайг гэртээ байж байхад Баярцогт над руу залгаад орой Цогтцэций руу явна шүү гэж хэлээд Мөнхөө бид хоёр цуг явж байна. Манай гэрээс ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд Би Баярцогийн гэрт нь очоод Мөнхөө тэр хоёрыг машиндаа суулгаад Цогтцэций сум руу явцгаасан. Цогтцэций сумын төв руу оролгүйгээр наана төмөр хаалтын ойролцоо ирэхэд Мөнхөө намайг урагшаа эргэчих гээд шороон замаар салаад шууд уурхайн тосгон руу явсан. Тэгээд цаашаа нэлээн яваад Таван толгойн уурхайн ам гэх газар 02 цаг өнгөрөөгөөд 4-5 кемпийн дундуур явж байгаа нэг кемпийн хажууд овоолсон шорооны дэргэд очиход Мөнхөө намайг машиныхаа гэрлийг унтраагаад зогсоож бай дуудахаар хүрээд ирээрэй гэж хэлээд Баярцогтыг дагуулаад машинаас буугаад явцгаасан. Би тэгээд машин дотроо суугаад 30-40 орчим минут болсон байх Мөнхөө над руу залгаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би буцаж яваад ухсан шороон далангийн хажууд нь очиход Мөнхөө намайг машинаа цаашаа жаахан зайтай байрлуулж тавьчхаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би машинаа тухайн кемпээс 100 орчим метрийн зайд зогсчхоод машинаа унтраачхаад машинаас буугаад явган яваад Мөнхөө Баярцог хоёр дээр очиход нэг кемпийн хашааны гадна талаар ухсан шороон далан дотор том машины таван ширхэг дугуй гаргаад тавьчихсан байсан. Тэгээд Мөнхөө, Баярцог бид гурав нөгөө дугуйнуудыг миний 0215 ӨМҮ улсын дугаартай Портер маркийн машин руу өнхрүүлж аваачиж машины баруун талын порчикыг буулгаж байгаад босоогоор нь тавьж орчхоод хөдлөөд явцгаасан. Бид гурав машинтайгаа шууд 06 цагийн орчимд аймгийн төв рүү орсон. Би тухайн дугуйнуудаа хаана буулгах юм гэж нөгөө хоёроос асуухад Баярцогийн гаршид битүү юм хураачихсан байгаа, танай байшинд түр тавья гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд одоо ашиглагдахгүй байгаа байшиндаа оруулаад жижиг өрөөндөө оруулж тавьсан тэгэхэд Баярцог, Мөнхөө хоёр удахгүй зараад мөнгө өгнө гэж байсан. Тэгээд тухайн дугуйнууд нь манай байшинд байхад нь цагдаа нар ирсэн... Би Баярцогтой найзалж нөхөрлөөд гурван жил болж байна. Харин Мөнхөөгийн жинхэнэ нэрийг нь тухайн үед сайн мэдэхгүй байсан. Одоо нэрийг Мөнхжаргал гэдэг юм. Баярцогийн найз гээд анх танилцаж байсан. Одоо найзалж нөхөрлөөд гурван жил болж байна. Би Баярцогт Мөнхөө гэх хүмүүстэй ямар нэгэн садан төрлийн харилцан хамаарал байхгүй...Цогтцэций сумын нутагт байрлах уурхайн амны урд талдаа баахан гэртэй кемпүүд байсан. Том машины 5 ширхэг шинэ дугуйнууд байсан. тэр дугуйнуудыг миний портер дээр ачсан... Бид гурваас өөр хүн байгаагүй... Манай байшинд аваачиж тавьсан. Тэгээд цагдаа нар ирээд манай байшинд байсан дугуйнуудыг авсан... Би Алтантүлхүүр гэдэг хүнээс 2021 оны 11 дүгээр сард 5.000.000 төгрөгөөр тохирч авсан. Би 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо Алтантүлхүүр гэдэг хүнд 2.500.000 төгрөгийг өгнө. Би тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй бүх төлбөрөө барагдуулчхаад дараа нь нэр дээрээ шилжүүлнэ гэж хоорондоо тохирсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 129-130-р хуудас/

Шүүгдэгч Л.Баярцогийн хувийн байдалтай холбогдох баримт /хавтаст хэргийн 179-190, 201-213 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Мөнхжаргалын хувийн байдалтай холбогдох баримт /хавтаст хэргийн 144-148, 150-152, 155-176, 214-223 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Төрбаярын хувийн байдалтай холбогдох баримт /хавтаст хэргийн 136-142, 193-200 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэв.

          Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сум Таван толгойн уурхайн 4 дүгээр амны орчимд байрлах Хавцгайт их хайрхан ХХК-ний кемпийн контейнерын цоожийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч 2022 оны 03 дугаар сарын 16-17-ны шөнө 5 ширхэг дампны дугуйг нууцаар хууль бусаар авч нийт 14.000.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Баярцог нь мэдүүлэхдээ: “04 дүгээр сарын 15-ны өдөр хөдөө гэртээ байхад Мөнхжаргал залгаад “Манай кемпэд хэдэн дугуй байгаа. Тэрийг ачаад ирье” гэсэн. Тэр шөнөө Өмнөговь аймгийн Даланзадгад сум орж Баруун сайханд байрлах гэртээ унтаж амарчхаад 04 дүгээр сарын 16-ны өдөр Т.Төрбаяр руу ярьж холбогдоод шөнө Т.Төрбаярын портер машинтай Даланзадгадаас гарч явсан. Шөнө 02 цагийн орчимд кемп дээр очоод Т.Мөнхжаргалтай хамт контейнерын үүдэнд очоод Т.Мөнхжаргал хүн харж бай гэхээр нь би буцаж хашаанаас гараад хашааны гадна байх овоолсон далангийн гадна талд сууж байгаад Т.Мөнхжаргалыг дугуй түрээд гараад ирэхээр нь шороон далангаас гадагш хамт гаргасан. Контейнерын үүдэнд очиход контейнерын үүд цоожтой байсан. Буцаж явах замдаа яаж онгойлгосон талаар асуухад төмрөөр хөшиж онгойлгосон гэж хэлсэн.” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мөнхжаргал нь мэдүүлэхдээ: “Би машин засаж явж байгаад контейнерт дугуй байгааг харж 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Л.Баярцогтой ярьж манай контейнерт хэдэн дугуй байгаа, аваад ирье гэж ярьсан. 03 дугаар сарын 16-ны өдөр Л.Баярцогтой уулзаад портер машин олох уу гэхэд Т.Төрбаяр байгаа гэсэн. Тэгээд бид 3 ярилцаад дугуй ачихаар явсан. Бид 23 цагийн орчимд аймгаас гараад Л.Баярцог машинд түлш хийсэн. Цогтцэций сум руу уурхай руу явдаг шороон замаар яваад хашааны урд очоод Л.Баярцогийг бууж хар гээд явсан. Контейнерын үүдэнд очоод Л.Баярцогийг чи цаанаа хүн харж бай гээд орхичхоод би хаалгыг нээж дотроос нь 5 ширхэг дугуй аваад зөөж гарган шороон далан руу хийчхээд Л.Баярцогийг дуудсан. Т.Төрбаяр руу ярьж хүрээд ир гэж хэлсэн. Т.Төрбаяр машинаа цаана тавьчхаад ирсэн. Тэгээд бид дугуйнуудаа түрж очоод Т.Төрбаярын машинд ачсан.  Очоод хаана хураах уу гэж яриад Т.Төрбаярын хүн амьдардаггүй байшинд хураая гэж ярьсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Төрбаяр нь мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Л.Баярцог яриад Цогтцэций сум руу 23 цагийн үед явсан. Миний портер машинд 117,000 төгрөгт түлш хийгээд явсан. Төмөр хаалтын хажуугаар эргээд 4,5 кемпийн дунд очоод зогссон. Тэгээд Мөнхөө, Баярцог хоёр буугаад 30-40 минутын дараа Мөнхөө над руу ярьсан. Тэгээд би очоод тэр хоёрын гаргасан байсан 5 ширхэг дугуйг түрэлцээд машинд дээрээ тавиад Өмнөговь руу шууд явцгаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг уучлаарай.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан тайлбар дүгнэлтдээ: “Улсын яллагчийн Т.Мөнхжаргал, Л.Баярцог нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг өмгөөлөгч миний бие хавтаст хэргийн 1-3-р хуудсанд авагдсан байсныг тодорхойлж явсан байгаа. Мөн яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс яллаж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан өмгөөлөгч, хуульч хүнийхээ зүгээс хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж харж байна. Яллаж байгаа нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж яллаж байх тул өмгөөлөгчийн зүгээс хууль хэрэглээ, хэргийн хүрээнд тулгуурлан өөрийн санал дүгнэлтээ шүүхэд оруулж байна. Санал дүгнэлтээ хэлэхээс өмнө миний үйлчлүүлэгч болох Л.Баярцог, Т.Мөнхжаргал нар дугуйг хэрхэн, яаж, ямар оролцоотойгоор авсан нөхцөл байдлаа үнэн, тууштайгаар хүлээн зөвшөөрч үйлдсэн хэргийн гэм буруу, үйлдэлдээ маргахгүй байгааг өмгөөлөгчийн зүгээс тодотгон тайлбарлаж хэлэх нь  зүйтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн санал дүгнэлт, үйлчлүүлэгчийн санал дүгнэлт адил байх ёстой гэх хэт дордуулсан өнцгөөс битгий хараасай хүсэж байна. Эхлээд Т.Мөнхжаргалын үйлдэл холбогдлын талаар саналаа хэлье. Т.Мөнхжаргалын үйлдэлд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Т.Мөнхжаргалыг “Хавцгайт их хайрхан” ХХК-ийн кемпийн контейнерын цоожийг төмрөөр хөшиж онгойлгон гэх үйлдэл байдаг. Миний хувьд хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй яллаж байгаа үг, өгүүлбэр дээр зарим зүйлийг нотлогдохгүй байна гэж үзэж байна. “Хавцгайт их хайрхан” ХХК-ийн кемпийн контейнерын цоожийг төмрөөр хөшиж онгойлгосон гэх үг, өгүүлбэрийн төмрөөр хөшиж онгойлгосон гэх хэсэг хавтаст хэргийн хүрээнд нотлогдоогүй байна. Цоожийг эвдэлж орсон гэх үг, өгүүлбэрээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Т.Мөнхжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэгт “Би төмрөөр хөшиж онгойлгосон” гэж байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд мэдүүлгийг хэрхэн нотлох баримтаар тооцох талаар тусгайлан хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй гэж заасан. Хэргийн хүрээнд дамжвал байдлаар Т.Мөнхжаргал төмрөөр хөшиж онгойлгосон гэж мэдүүлдэг. Өөрсдийнх нь гэм буруугийн асуудлыг шийдэх гэж байхад өөрсдийнх нь мэдүүлгийг үнэлээд төмрөөр хөшиж онгойлгосон гэж яллаж байгаа нөхцөл байдал хэргийн хүрээнд нотлогдохгүй байна гэж үзэж байна. Мэдүүлгээс өөр ямар нотлох баримтаар нотлогдсон талаар хавтаст хэргээс үзэхэд хөшиж онгойлгосон гэх төмөр эд мөрийн баримтаар авагдаагүй, тухайн цоожийг эвдсэн ямар хэмжээтэй, ямар төмөр байсан талаар мэдүүлгийг газар дээр нь шалгасан зүйл байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй гэж заасан тул үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Кемпийн контейнерт нэвтэрч орсон гэх үйлдэлд маргахгүй. Т.Мөнхжаргал ганцаараа орсон байдаг. Т.Мөнхжаргалыг үйлдлийг гэмт хэрэг мөн эсэхэд маргахгүй, гэм буруутай эсэхэд маргахгүй, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Хохирогч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож, хохирол төлбөрөө авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаар илэрхийлсэн тул Т.Мөнхжаргал бусдад төлөх төлбөргүй гэсэн эрх зүйн дүгнэлтийг хийж байна. Л.Баярцогийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 нөхцөл байдлыг үндэслэн яллаж байгаа. Л.Баярцогийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйл буюу бүлэглэн санаа зорилго нэгдсэн гэх үйлдэлд маргахгүй. Бүлэглэсэн үйлдэл болгоныг адилхан зүйлчлэх эсэхэд өөрийн саналыг оруулж байна. “Хавцгайт их хайрхан” ХХК-ийн кемпийн контейнерын цоожийг төмрөөр хөшиж онгойлгон Т.Мөнхжаргалтай бүлэглэсэн гэж байгааг хүлээг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед контейнерыг хэн онгойлгосон талаар шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд Т.Мөнхжаргал ганцаараа нэвтэрсэн, Л.Баярцог, Т.Төрбаяр нар нэвтрээгүй талаар хэлж байна. Орон байранд нэвтэрсэн гэх ойлголтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 511 дугаартай тогтоолд тайлбарласан байдаг. Л.Баярцогийн үйлдэлд өмчлөгчийн зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдэл байдаггүй. Нэвтэрсэн гэх үйлдлийг дээд шүүхийн тайлбарт хууль бусаар орсон бол гэж орсон гэх үгийг сайн тайлбарласан байгаа. Мэдүүлгээс харахад Л.Баярцог контейнер руу орсон эсэх тодорхой байгаа. Т.Мөнхжаргалаас Л.Баярцог контейнер руу орсон уу гэхэд ороогүй гэж мэдүүлдэг. Л.Баярцог өөрөө би контейнер руу ороогүй гэж мэдүүлдэг. Улсын дээд шүүхийн тайлбараар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзнэ гэж тайлбарласан тул Л.Баярцогийг контейнер, агуулах саванд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Үүнийг ялган зааглаж өгнө үү. Мөн цоожийг хөшиж онгойлгосон гэж байгаа. Т.Мөнхжаргал цоожийг хөшиж онгойлгосон гэдгээ өөрөө хэлсэн. Т.Мөнхжаргалыг хөшиж онгойлгоход Л.Баярцог туслалцаа үзүүлсэн зүйл байхгүй. Иймд Л.Баярцогийг контейнер төмрөөр хөшиж онгойлгон, нэвтэрсэн гэх үйлдлүүд хавтаст хэргийн хүрээнд нотлогдоогүй, өөрсдийнх нь мэдүүлгээр нэвтэрсэн байна гэж эрх зүйн байдлыг нь дордуулсан байна. Нууцаар, хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Үйлдэл холбогдлын хувьд контейнерт нэвтэрч ороогүй, цоожийг төмрөөр эвдэж ороогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад хамтран оролцсон оролцоо байна гэж үзэж харж байна. Иймд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна.

Кемпийн хашааны зурвас газар аль юм бэ? хаана гэмт хэрэг эхэлж, хаана төгсөөд байгаа юм бэ гэдэг дээр ялган зааглаж дүгнэх хэрэгтэй.  Л.Баярцогийн хувьд дугуй хулгайлах санаа зорилго байснаа өөрөө илэрхийлж байгаа. Т.Мөнхжаргалыг хулгайлах үйлдэл хийхэд Л.Баярцог компанийн хязгаарлалтын зурвасын дотор байсан уу гэдгийг өмгөөлөгч миний бие сая тодрууллаа. Т.Мөнхжаргал дугуй хулгайлах үйлдэл хийж контейнерын цоожийг эвдээд, дугуйг овоолсон шорооны нүх рүү хийх үед Т.Мөнхжаргалын үйлдэл, хулгайн гэмт хэрэг уг зурваст дуусгавар болж байгаа. Хулгайн гэмт хэргийг дэмжин туслалцаад шороог давуулахад оролцсон үйлдэл байгаа. Т.Мөнхжаргал, Л.Баярцог нарын үйлдлийг ялган зааглаж, гэм буруугийн асуудлыг бодитойгоор хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “2022 оны 03 сарын 16-аас 17-нд шилжих шөнө кемпийн агуулахад байсан гэх 5 ширхэг дугуй шүүгдэгч нарын хамтарсан үйлдлийн үр дүнд Даланзадгад сум дахь Т.Төрбаярын байшинд байсан. Үүнээс хохирогчийн өмчлөх эрх зөрчигдөж байх тул орон байранд нэвтэрсэн хулгайлах гэмт хэрэг юм гээ дүгнэх бол амархан зүйл. Гэхдээ шүүх хуралдаанд бүгд хуульч, эрх зүйч хүмүүс оролцож байгаагийн хувьд хууль хэрэглээний тал дээр анхаарах шаардлагатай. Шүүхийн шийдвэрээр энэ гурван залуу ямар буруутай вэ гэдгийг шийдэхээс гадна шүүхийн шийдвэр цахим санд байршиж, тойм нь нийтэд ил болдог тул цаашид хуулийг хэрхэн хэрэглэх, хуулийн үг, өгүүлбэр, таслал цэг бүрийг яаж ойлгож, хэрхэн ашиглах, цаашид ямар практик тогтох вэ гэдэгт нөлөөлнө. Тийм учраас энэ гурван залуу гэм буруугаа хүлээж байгаа юм чинь ингээд зүйлчлээд шийдчихье гэхгүйгээр гэмт үйлдэл хэзээ эхэлж, хэзээ дуусаж байгаа болон шүүгдэгч нарын үйлдлийг ялган зааглах хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний зүгээс 2022 оны 06 сарын 15-ны өдөр хяналтын прокурор Т.Солонгод хүсэлт гаргаж байсан. Уг хүсэлтэд ойролцоо төрлийн 2,3 гэмт хэрэг шийдсэн улсын дээд шүүхийн тогтоолыг жишиг болгосон. Заавал адил шийдэх хэрэгтэй гэсэн байдлаар биш хулгайлах гэмт хэрэг хэзээ эхэлж, хэзээ дуусах, орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэж үзвэл тэр нь хэзээ эхэлж, хэзээ дууссан, Даланзадгадаас гараад буцаад Даланзадгадад ирэх хүртэл эхлэл, төгсгөлийг тооцох юм уу гэдэг асуудлыг улсын дээд шүүх болон давж заалдах шатны шүүхүүд нэлээн анхаарч хууль хэрэглээний нарийн дүгнэлт хийсэн байдаг. 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 90 дугаартай улсын дээд шүүхийн тогтоол, 2018 оны 05 сарын 21-ний өдрийн 228, 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 679 дугаартай улсын дээд шүүхийн тогтоолуудыг 06 сарын 15-ны өдөр прокурорт гаргасан хүсэлтдээ дурдаж байсан. Үүнийг анхаарч үзнэ үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ганбат нь мэдүүлэхдээ “3 сард дугуй алга болоод би тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагад мэдэгдээд хууль ёсны төлөөлөгчөөр Батжаргалыг томилсон. Батжаргал очиж мэдүүлэг өгсөн байгаа. Мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүх хуралдааны байдлыг сонсоход манай мэдүүлэг хэвээрээ байгаа. Мэдүүлэгт нэмж хэлэх зүйл байхгүй. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

     Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 22-30- р хуудас/,

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Батжаргалын “...Би ЦТУ ХХК-д ээлжийн ахлахын албан тушаалд ажилладаг юм.Манай компани Цогтцэций сумын Таван толгойн уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулдаг Хавцгайт их хайрхан ХХК-д түрээсийн гэрээгээр 3 тээврийн хэрэгсэл явуулж Хавцгайт их хайрхан ХХК-ний кемп дээр 11 ажилтан байрлан ажилладаг.Би 2022 оны 03 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотоос 60 тонны 8 ширхэг дугуйг өгч явуулсныг хүлээн авч компани эзэмшлийн агуулах болох контейнерт 8 ширхэг дугуйгаа хийсэн юм.Уг дугуйнаас 2 ширхгийг нь машинд угсарч ажилд нь гаргасан. Тэгээд контейнерт хуучин байсан 1 дугуйтайгаа нэлээд 7 ширхэг дугуй үлдсэн байсан. Би 2022 оны оны 03 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчимд контейнер дотроос кондейшн аваад буцаагаад түгжээд явсан.Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд контейнер дотроос сэлбэг авахаар очиход хаалга онгорхой, дотор нь байсан 5 ширхэг дампны дугуй алдагдсан байсан. Тэгэхээр нь би захирал Ганбат руу залгаж мэдэгдэхэд Ганбат захирал Цогтцэций сумын цагдаа руу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-н 45-46-р тал/

             Хас Үнэлгээ ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 631 дугаартай хохирлын үнэлгээ /5 ширхэг Дампны дугуй 14.000.000//хх-н 77-р тал/

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Л.Баярцогтын “... Би Мөнхжаргал, Төрбаяр бид гурав 2022 оны 03 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгаас хөдлөөд колонкоос түлш аваад Цогтцэций сум руу явсан. Тэгээд урагшаа уурхайн замаар ороод уурхайн ам руу ороод Төрбаярыг үлдээчхээд Мөнхжаргал бид хоёр цаашаа явган явж кемпийн хураалттай дугуйн хашаагаар давж ороод төмөр контейнер луу очиж хаалгыг цоожтой байхад цоожийг урт төмрөөр Мөнхжаргал хөшиж эвдлээд ороод дотроос 5 ширхэг том машины дугуйг гаргаж ирээд Мөнхжаргал бид хоёр авсан дугуйнуудаа хашаа давуулж цааш нь гаргачхаад Төрбаярыг дуудаж авсан дугуйнуудаа машинд нь ачаад ирсэн замаараа буцаад аймаг руу явсан зарвал үнэтэй байдаг гээд авсан юм..Хашаанд 2. 3 төмөр контейнерууд байсан. тэгээд хашааны баруун талд байсан 20 тонны төмөр контейнер байсан... Мөнхжаргал төмрөөр хөшиж эвдсэн тэр үед би хүн амьтан харж байсан...Бид гурав авсан 5 ширхэг дугуйг Төрбаярын байшинд оруулж тавьсан...Портер машинаар явсан. Машиныг Төрбаяр унаж явсан. Машин хучиж байсан эрээн гялгараар дугуйг даруулж бүтээсэн юм... Авсан 5 ширхэг дугуйгаа буцаагаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 106-р хуудас/,

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Мөнхжаргалын “...Дугуйг авч зарах гэж байсан юм. би энэ Хавцгайт их хайрхан ХХК ний 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл ажиллаж байсан. 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр кемпийн үйл ажиллагаа зогссон. Би тэр үед төмөр контейнерт байсан дампны дугуй байгааг харсан юм. Тэгээд аймаг дээр очоод Баярцогтой уулзаад тэнд миний ажиллаж байсан кемп дээр дугуй байгаа хэдүүлээ очиж авъя гэж хэлээд би Баярцогтыг машин унаагаа олчих тэгээд очиж авъя гэж хэлсэн...Төмөр контейнер нь цоожтой байсан, би төмрөөр цоожийг төмрөөр хөшиж эвдсэн...Бид гурав шөнийн 02 цаг өнгөрч байхад кемп дээр очсон юм...Бид хоёр Төрбаярын хүн байдаггүй байшинд оруулж тавьсан...Тухайн үед Төрбаярын Портер машинаар явсан. Машиныг Төрбаяр унаж явсан...Бид нар авсан 5 ширхэг дугуйгаа буцаагаад бүрэн бүтэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 117-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Төрбаярын “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвд байдаг гэртээ байж байхад манай найзууд болох Мөнхөө. Баярцог хоёр над руу залгаад портер машин чинь явж байгаа юу Цогтцэций сум руу явчхаад ирье. төлбөр мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Би тухайн үед нь машин явж байгаа гэж хэлсэн. Үүнээс хойш хоёр хоногийн дараа буюу 2022 оны дугаар 03 сарын 16-ны орой 23 цагийн үед намайг гэртээ байж байхад Баярцогт над руу залгаад орой Цогтцэций руу явна шүү гэж хэлээд Мөнхөө бид хоёр цуг явж байна. Манай гэрээс ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд Би Баярцогийн гэрт нь очоод Мөнхөө тэр хоёрыг машиндаа суулгаад Цогтцэций сум руу явцгаасан. Цогтцэций сумын төв руу оролгүйгээр наана төмөр хаалтын ойролцоо ирэхэд Мөнхөө намайг урагшаа эргэчих гээд шороон замаар салаад шууд уурхайн тосгон руу явсан. Тэгээд цаашаа нэлээн яваад Таван толгойн уурхайн ам гэх газар 02 цаг өнгөрөөгөөд 4-5 кемпийн дундуур явж байгаа нэг кемпийн хажууд овоолсон шорооны дэргэд очиход Мөнхөө намайг машиныхаа гэрлийг унтраагаад зогсоож бай дуудахаар хүрээд ирээрэй гэж хэлээд Баярцогтыг дагуулаад машинаас буугаад явцгаасан. Би тэгээд машин дотроо суугаад 30-40 орчим минут болсон байх Мөнхөө над руу залгаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би буцаж яваад ухсан шороон далангийн хажууд нь очиход Мөнхөө намайг машинаа цаашаа жаахан зайтай байрлуулж тавьчхаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би машинаа тухайн кемпээс 100 орчим метрийн зайд зогсчхоод машинаа унтраачхаад машинаас буугаад явган яваад Мөнхөө Баярцог хоёр дээр очиход нэг кемпийн хашааны гадна талаар ухсан шороон далан дотор том машины таван ширхэг дугуй гаргаад тавьчихсан байсан. Тэгээд Мөнхөө, Баярцог бид гурав нөгөө дугуйнуудыг миний 0215 ӨМҮ улсын дугаартай Портер маркийн машин руу өнхрүүлж аваачиж машины баруун талын порчикийг буулгаж байгаад босоогоор нь тавьж орчхоод хөдлөөд явцгаасан. Бид гурав машинтайгаа шууд 06 цагийн орчимд аймгийн төв рүү орсон. Би тухайн дугуйнуудаа хаана буулгах юм гэж нөгөө хоёроос асуухад Баярцогийн гаршид битүү юм хураачихсан байгаа, танай байшинд түр тавья гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд одоо ашиглагдахгүй байгаа байшиндаа оруулаад жижиг өрөөндөө оруулж тавьсан тэгэхэд Баярцог, Мөнхөө хоёр удахгүй зараад мөнгө өгнө гэж байсан. Тэгээд тухайн дугуйнууд нь манай байшинд байхад нь цагдаа нар ирсэн... Би Баярцогтой найзалж нөхөрлөөд гурван жил болж байна. Харин Мөнхөөгийн жинхэнэ нэрийг нь тухайн үед сайн мэдэхгүй байсан. Одоо нэрийг Мөнхжаргал гэдэг юм. Баярцогийн найз гээд анх танилцаж байсан. Одоо найзалж нөхөрлөөд гурван жил болж байна. Би Баярцогт Мөнхөө гэх хүмүүстэй ямар нэгэн садан төрлийн харилцан хамаарал байхгүй...Цогтцэций сумын нутагт байрлах уурхайн амны урд талдаа баахан гэртэй кемпүүд байсан. Том машины 5 ширхэг шинэ дугуйнууд байсан. тэр дугуйнуудыг миний портер дээр ачсан... Бид гурваас өөр хүн байгаагүй... Манай байшинд аваачиж тавьсан. Тэгээд цагдаа нар ирээд манай байшинд байсан дугуйнуудыг авсан... Би Алтантүлхүүр гэдэг хүнээс 2021 оны 11 дүгээр сард 5.000.000 төгрөгөөр тохирч авсан. Би 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо Алтантүлхүүр гэдэг хүнд 2.500.000 төгрөгийг өгнө. Би тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй бүх төлбөрөө барагдуулчхаад дараа нь нэр дээрээ шилжүүлнэ гэж хоорондоо тохирсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 129-130-р хуудас/

Шүүгдэгч Л.Баярцогийн хувийн байдалтай холбогдох баримт /хавтаст хэргийн 179-190, 201-213 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Мөнхжаргалын хувийн байдалтай холбогдох баримт /хавтаст хэргийн 144-148, 150-152, 155-176, 214-223 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Төрбаярын хувийн байдалтай холбогдох баримт /хавтаст хэргийн 136-142, 193-200 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Баярцогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-50, 67-68/, шүүгдэгч Т.Төрбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53, 59-60/, шүүгдэгч Т.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56, 63-64/-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олж өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр бусдад мэдэгдэлгүйгээр бусдын  тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн орж хууль бусаар бусдын өмчлөх эрхэнд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг үйлдэгдэж дууссанд тооцогддог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдэж хохирогчид хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилготойгоор хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн, тэдний үйлдэл нь бие биеийнхээ үйлдлийг дэмжсэн, өөр хоорондоо харилцан уялдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасантай нийцсэн байх тул шүүгдэгч Т.Төрбаярын өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан “... заавал адил шийдэх хэрэгтэй гэсэн байдлаар биш хулгайлах гэмт хэрэг хэзээ эхэлж, хэзээ дуусах, орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэж үзвэл тэр нь хэзээ эхэлж, хэзээ дууссан, Даланзадгадаас гараад буцаад Даланзадгадад ирэх хүртэл эхлэл, төгсгөлийг тооцох юм уу гэдэг асуудлыг улсын дээд шүүх болон давж заалдах шатны шүүхүүд нэлээн анхаарч хууль хэрэглээний нарийн дүгнэлт хийсэн байдаг. 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 90 дугаартай улсын дээд шүүхийн тогтоол, 2018 оны 05 сарын 21-ний өдрийн 228, 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 679 дугаартай улсын дээд шүүхийн тогтоолуудыг 06 сарын 15-ны өдөр прокурорт гаргасан хүсэлтдээ дурдаж байсан. Үүнийг анхаарч үзнэ үү.” гэх санал дүгнэлт болон шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал нарын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан “... Т.Мөнхжаргал, Л.Баярцог нарын үйлдлийг ялган зааглаж, гэм буруугийн асуудлыг бодитойгоор хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү.” гэх санал, дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нарын бүлэглэсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус  заажээ.

Шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “ЦТУ” ХХК-д 14,000,000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ганбатын  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ганбат нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу эдлэх 2 жилийн ялыг багасгаж буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна эдлүүлэх” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Баярцогоос “ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна.” гэх саналыг

Шүүгдэгч Т.Мөнхжаргалаас “ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Хоёр найзыгаа ийм хэрэгт холбогдуулсанд уучлаарай.” гэх саналыг,

Шүүгдэгч Т.Төрбаяраас “маш их гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг хэзээ ч үйлдэхгүй. Анх удаа ийм хэрэгт орооцолдож байна. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү. Маш их гэмшиж байна. Уучлаарай.” гэх саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаагаас “Миний үйлчлүүлэгч нар дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа шүүх хуралдааны явцад илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэргээ тууштай хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тал дээр маргаагүй зэрэг нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа анхааран үзнэ үү гэж хүсэж байна. Улсын яллагчийн санал болгосон ялаас доош буулгах буюу ялыг багасгах эрх зүйн боломжгүй байгаа тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатаас “Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаа. Хохирол төлбөр төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн зүгээс тухайн зүйл ангид оногдуулж болох хамгийн бага ялыг оногдуулах санал гаргаж байгааг дэмжиж байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ганбатаас “саналгүй.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Л.Баярцог, Т.Төрбаяр нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал, 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Мөнхжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Баярцог, Т.Төрбаяр нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 134, 177 дугаар хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шиж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хахандаг овогт Лхамын Баярцог, Боржигон овогт Тогтохбаярын Мөнхжаргал, Бааран овогт Төртайвангийн Төрбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нарт оногдуулсан 1  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

         5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ганбат нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж, шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баярцог, Т.Мөнхжаргал, Т.Төрбаяр нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.БАТМӨНХ