Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/776

 

2022          8            02                                     2022/ШЦТ/776     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0744/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Г.Цогтмагнай,

шүүгдэгч Ч.Л /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Л-д холбогдох эрүүгийн 2209000001202 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 02-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисгэгч мэргэжилтэй, ...ХХК-д агаарын хөлгийн дарга ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ч.Л

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.Л нь 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо .....-ын 1 давхарт иргэн Б.А-г үл ялих зүйлээр буюу “тус төвөөс гарах хаалгыг гараараа зааж өгсөн” гэсэн зүйлээр шалтаглан түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөг, духанд цус хуралт, баруун ташаа, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Гэвч тэр зүйлд буруу өгөөгүй, миний буруу, үйлдсэн хэргээ маргаангүй хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчтой уулзах бүртээ эмнэлэг орох уу гэж асуухад хохирогч нь өөрөө зүгээр би өөрөө үзүүлнэ гэдэг байсан. Би хохирол 1 сая төгрөгийг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ...-ын 1 давхарт явж байхад Ч.Л гэх залуу нь баруун хөмсөг болон баруун нүд, шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. Мөн намайг явж байхад зүүн хөл рүү өшиглөж хавирч унагаасан ба тэр үед би баруун ташаа хэсгээрээ газар унасан. Тэр үед гэмтэл үүссэн. Тухайн үед Ч.Л нь өөрийн найз А.Наранбат гэх залуутай явж байсан ба тэр найз нь миний баруун бугалга хэсэг рүү нэг удаа түлхсэн. Гэхдээ гэмтэл учрах хэмжээнд түлхээгүй болно. Харин Ч.Л нь нүүрэн тус газарт 2-3 удаа, зүүн шилбэ рүү нэг  удаа өшиглөсөн. Бас дээр дарж унасан. Эмчилгээнд 80,000 төгрөгийг зарцуулсан. Би тухайн эрэгтэй хүнд зодуулчихаад ажлаа хийгээгүй ажил маань 5 хоног цалгардсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал)

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 5-9 дэх тал)

Гэрч А.Наранбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гарах гэж байгаад тухайн барилгын 1 давхарт нэг хүнтэй үл ойлголцох шалтгааны улмаас муудалцсан. Тэгээд би тухайн хүний мөр хэсэг рүү нь нэг удаа цохисон ба манай найз Ч.Л нь тухайн хүнтэй муудалцаж нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиод зүүн хөл рүү нь өшиглөөд газар унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжавын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №7619 дугаартай: “Б.А-н биед баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөг, духанд цус хуралт, баруун ташаа, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй .” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

Яллагдагч Ч.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд үүдэнд Б.А гэх залуутай таарсан ба тухайн хүнтэй үл ойлголцох шалтгаанаас болж муудалцсан. Тэгээд муудалцах үедээ би тухайн хүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Тэгээд би тухайн хүнийг зүүн хөл рүү нь хавирч унагаагаад дээр нь гарсан. Тэгээд удалгүй хамгаалагч нар ирээд зодооныг салгасан...” гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 20, 46 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ч.Л-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ч.Л нь  2022 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “...”-ын 1 давхарт тус төвд үйл ажиллагаа явуулдаг “.....” нэртэй ресторанаар үйлчлүүлсэн хохирогч Б.А-с тус төвөөс гарах хаалгыг 2 удаа асуухад Б.А үгээр бус үйлдлээр буюу гараараа гарах хаалгыг зааж өгсөн гэх үл ялих зүйлээр шалтаглан түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөг, духанд цус хуралт, баруун ташаа, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Ч.Л нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Ч.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ч.Л-н хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд бусадтай зүй бус харьцаж, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдан довтолж, үүссэн аливаа асуудлыг эв зүйгээр бус хүч бяраар шийдвэрлэх гэсэн балмад түрэмгий, хүлээцгүй зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ч.Л нь хохиролд 1 сая төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 53 дахь талд авагдсан банкны шилжүүлгийн мэдээлэл, мөн хохирогч Б.А-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгч Ч.Л-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж байгаа боловч хохирогч Б.А-н тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Ч.Л-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Ч.Л-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.Л нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Ч.Л-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад: энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх... гэж заасныг журамлан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа  байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Л-г ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Л нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                         

1. Шүүгдэгч Ч.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Ч.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Хохирогч Б.А нь шүүгдэгч Ч.Л-н үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ч.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР