Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар   2022/ШЦТ/­­­­97 

 

 

 

 

 

 

 

 2022 оны   07 сарын 22 өдөр                                  Дугаар  2022/ШЦТ/­­­­97                                              

 

                                                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: С.Цэдэвсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ваанчиг овогт Сарангэрэлийн Цэдэвсүрэнд холбогдох 2229000000024 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо, 2б хэсэг, Баатархайрхан гудамж 1630 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ваанчиг овогт Сарангэрэлийн Цэдэвсүрэн, /РД:ВЖ78100425/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч С.Цэдэвсүрэн нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн 3 дахь километрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Батсүхтэй маргалдаж, түлхэж унаган, ууц, ахар сүүл, зүүн гуяны цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Цэдэвсүрэн нь мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Батсүхийн өгсөн: “... Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн 3 дахь километрт Цээгий гэх эмэгтэйгийн хамтаар цайны газарт хоол хийж зардаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр би 3 дахь километрт би хоёр найзынхаа хамтаар 2.5 литрийн хэмжээтэй том савтай пиво уусан. Ууж дуусаад би Цээгийгийн гэр лүү 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи аваад орсон. Тэр үед Цээгий бид хоёр хоорондоо маргалдсан юм. Тухайн үед би Цээгийгийн гэрийн хойд талын орон дээр сууж байхад Цээгий намайг гар дээр чирээд үүдэндээ очоод намайг гадагшаа түлхээд унагаачихсан юм. Би унахдаа гэрийнх нь гадаа үүдэнд нь байх бөөрөнхий модон хавтан дээр уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 56 дугаартай ‘’Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Д.Батсүхийн биед ууц, ахар сүүл, зүүн гуяны цус хуралт гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.’’ гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч С.Цэдэвсүрэнгийн өгсөн: “... би тухайн өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урд байдаг нүүрс тээврийн 3 дахь километрт хоолны газар ажиллуулдаг байсан... намайг хоолны газарт байж байхад гаднаас Батсүх нэлээн согтуу орж ирсэн орж ирэхдээ 0,5 граммын Хараа нэртэй архи барьчихсан орж ирээд гэрийн хойд талын орон дээр суучхаад над руу уурлаад агсраад байхаар би малгайтай цамцны араас татаж чирээд гэрийн үүд рүү чирээд хаалга руу гар гээд түлхсэн. Тэгэхэд Батсүх манай гэрийн гадаа үүдэнд байсан модон хавтан дээр нуруугаараа уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч С.Цэдэвсүрэнг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Цэдэвсүрэн нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн 3 дахь километрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Батсүхтэй маргалдаж, түлхэж унаган, ууц, ахар сүүл, зүүн гуяны цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Цэдэвсүрэн нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Цэдэвсүрэнгийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Батсүхийн эрүүл мэндэд учирсан ууц, ахар сүүл, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Цэдэвсүрэн нь хохирогч Д.Батсүхийг түлхэн унагасны улмаас ууц, ахар сүүл, зүүн гуяны цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Цэдэвсүрэн нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Цэдэвсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Цэдэвсүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Батсүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 56 дугаартай ‘’Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Д.Батсүхийн биед ууц, ахар сүүл, зүүн гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.’’ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Хохирогч Д.Батсүх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Д.Батсүх би гаргасан гомдолдоо одоо ямар нэг гомдол санал байхгүй, хохиролгүй болсон тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт болон “Далай овогтой Батсүх миний бие Цэдэвсүрэнгээс 150.000 /нэг зуун тавин мянган төгрөг/ авсан нь үнэн болно. Батсүх миний бие Цэдэвсүрэнд гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг тус тус гаргасан байх тул шүүгдэгч С.Цэдэвсүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  /хх-н 51, 52 дугаар хуудас/

Шүүгдэгч нь хохирогчид 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч Д.Батсүх ямар нэг гомдол санал байхгүй, хохиролгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч С.Цэдэвсүрэн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч С.Цэдэвсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Цэдэвсүрэн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 37 дугаар хуудас/,

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Цэдэвсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэдэвсүрэнд 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэдэвсүрэнг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэдэвсүрэн нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч С.Цэдэвсүрэнд мэдэгдэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цэдэвсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ваанчиг овогт Сарангэрэлийн Цэдэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэдэвсүрэнд 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэдэвсүрэнг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэдэвсүрэн нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч С.Цэдэвсүрэнд мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч С.Цэдэвсүрэн бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогчид 150,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Д.Батсүх ямар нэг гомдол санал байхгүй, хохиролгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэдэвсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ