| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2018/00222/И |
| Дугаар | 103/ШШ2018/00228 |
| Огноо | 2018-08-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2018/00228
| 2018 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 103/ШШ2018/00228 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1985 оны 07 сарын 23-ны Багануур дүүрэгт төрсөн, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 22 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овогт Галсангийн Баярчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1983 оны 01 сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, бага боловсролтой, барилгачин мэргэжилтэй, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 22 дугаар гудамжны 07 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Төв аймгийн Баяндэлгэр сумын Хөвөнтийн 11 тоотод оршин суух Боржигон овогт Жамбаагийн Ганзоригт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2018 оны 07 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Баярчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Г.Баярчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г.Баярчимэг миний бие нь 2006 онд Ганзоригтой танилцан 2009 онд гэрлэлтийн 0118413 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 01 сарын 15-ны өдөр хүү Баттулга төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2011 онд тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү миний асрамжинд хүмүүжиж байна. Бидэнд эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаан байхгүй. Миний бие Ганзоригоос салаад өөр хүнтэй 2011 онд гэр бүлж болж 2 хүүхэдтэй болсон. Нөхөр маань 2017 оны 10 сарын 10 нд нас барсан. Гэрлэлтийн баталгаагүй, урд гэрлэлтийн баталгаагаа салгаагүй учраас хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж авч чадахгүй болоод байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Ганзориг өөр хүнтэй гэр бүл болоод 1 жил гаран болж байна, надтай амьдарч байхдаа байнга архи уудаг байсан учраас хэрүүл салдаггүй, архи уугаад зан харьцаа нь өөрчлөгдөөд хардаж сэрдээд гэртээ ажилгүй суудаг байсан учраас би 2011 оны 2 сард салаад 9 сард өөр хүнтэй суусан , хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй, зундаа аав дээрээ байдаг, хоёр талаасаа хүүхдээ харж хандана гэж тохиролцсон, эргэж амьдрах ямар ч боломжгүй, салаад 7 жил болсон гэв.
Хариуцагч Ж.Ганзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Жамба овогтой Ганзориг нь 2006 онд Галсангийн Баярчимэгтэй гэр бүл болон бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдрах болсон. Бидэнд эд хөрөнгө мөнгө төгрөгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Г.Баярчимэг нь хариуцагч Ж.Ганзоригт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ж.Ганзориг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Г.Баярчимэг, хариуцагч Ж.Ганзориг нар нь 2006 онд гэр бүл болж, 2009 оны 12 сарын 17-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн, 2010 оны 01 сарын 15-нд хүү Г.Баттулгыг төрүүлэн хамтран амьдарч эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэж байгаад 2011 онд хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч эхэлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь 2011 оны 2 сараас хойш 7 жил гаран тус тусдаа амьдарсан, хэн аль нь өөр хүмүүстэй хамтран амьдарч гэр бүл болсон, нэхэмжлэгч Баярчимэг нь тусдаа амьдарснаас хойш өөр хүнтэй хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон, хамтран амьдарч байсан хүн нь 2017 онд нас барж 2 хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл өөр хүнтэй гэрлэлтийн баталгаатай байсны улмаас Ж.Ганзоригоос гэрлэлтээ цуцлуулах шаардлага үүссэн, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гэрлэгчдэд хууль заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж.Ганзоригоос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Ж.Ганзоригт 2018 оны 08 сарын 31-ний өдрийн 09 цагт болох шүүх хуралдааны товыг 2018 оны 08 сарын 27-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч товлогдсон цагт шүүхэд ирээгүй, утсаар машины дугуй хагарсан учраас түр хүлээгээч гэж мэдэгдсэн, нэхэмжлэгч Г.Баярчимэг хариуцагчийн гэрт нь очсон боловч гэртээ байхгүй байсан, товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хариуцагчийг 12 цаг хүртэл хүлээсэн, нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулахгүйгээр хуралдааныг хийх хүсэлт гаргасныг харгалзан түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, гаргаж өгсөн байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар, Боржигон овогт Галсангийн Баярчимэг, Боржигон овогт Жамбаагийн Ганзориг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ