Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/730

 

2022          7             06                                     2022/ШЦТ/730     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс:185/2022/0292/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч Д.М,

шүүгдэгч Н.М /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .. овогт Н.М-д холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .............. мэргэжилтэй, одоогоор .......ам бүл ......, ......, иргэний бүртгэлээр ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........ оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ..... овогт Н.М /РД:....../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.М нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-д харуул хамгаалалтын ажил үүрэг гүйцэтгэж байсан Л.Д-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Хэрэг гарах үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан тул дээрх хэргийг үйлдсэн. Миний буруу гэмшиж байна. Хохирол төлбөрт 300.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б гэрээт харуул хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай юм. 2022 оны 02 дугаар сарын 13-ны 02 цаг 10 минутын орчим шинэ замд байрлах ... барилгын оффист үүрэг гүйцэтгэж байхад цахилгаан шатнаас 2 үл таних эрэгтэй хүн хоорондоо муудалцаж бууж ирээд нэгийгээ цохиж аваад хамраас нь цус гараад доошоо суухад нь дээрээс нь цохиод байхаар нь би очиж тэр зодоод байсан залууг салгахад эргэж харснаа миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний зүүн хөмсөгнөөс цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13 дахь тал)

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай: “...Л.Д­-ийн биед зүүн хөмсөг няцарсан шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 36-37 дахь тал)

Гэрч У.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х гээд найзын төрсөн өдөрт очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрөө амнаасаа болж байгаад тэр М гэх залуутай маргалдсан. Тэгээд М гэх залуу нь миний нүүр рүү 1 удаа цохисон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Хүмүүстэй зодолдож л байдаг учраас би тоогоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 76-77 дахь тал)

Яллагдагч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд найз Х-ийн төрсөн өдрийг тэмдэглэхээр дүү А, найз Т-ийн хамт Сүхбаатар дүүргийн 11-р хороо ... оффист байх караокед очсон. Дуулж байх явцдаа Хүслэнгийн төрсөн өдрөөр ирсэн танихгүй хүмүүстэй нь маргаан үүсэх гээд байсан учир найз охины хамт харих гээд лифтээр бууж байхад 1 давхарт Х-ийн төрсөн өдөрт байсан залуучуудын нэг нь байсан. Би тэр залуутай муудалцаад зодолдсон. Хамгаалагч ирээд бид хоёрыг салгах гэж байхад би тэр хамгаалагчийн зүүн талын хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон. Барилгын үүдэнд байхад өөр нэг хамгаалагч нь гарч ирээд цагдаа дуудсан байгаа чи байж бай гэж хэлээд би цагдаа хүлээж байгаад эрүүлжүүлэх байр руу явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 5 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Н.М-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Н.М нь согтуугаар 2022.02.13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-ийн оффист бусадтай хэрүүл зодоон үүсгэж энэ үед нь түүнийг таслан зогсоохоор очсон тус оффист харуул хамгаалалтын ажил үүрэг гүйцэтгэж байсан хохирогч Л-ийн Д-ийн толгой нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Э.Э нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н.М-ийн хувьд согтуурсан үедээ бусадтай хэрүүл зодоон үүсгэж зүй бус ааш авир гаргаж түүнийг бусдыг зодох үйлдлийг болиулах, таслан зогсоохоор шаардлага тавьж очсон хүнийг шалтгаангүйгээр эрүүл мэндэд нь халдаж зодож цохиж байгаа балмад түрэмгий, хэрцгий зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Л.Д нь хавтаст хэргийн 43-р талд “миний бие өөрт гарсан хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад одоо гомдол санал байхгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Н.М-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж байгаа боловч хохирогч Л.Д-ийн тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Н.М-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Н.М-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.М нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Н.М-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг 3 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.М нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                         

1. Шүүгдэгч ..... овогт Н.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч Л.Д нь шүүгдэгч Н.М-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР