Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/733

 

2022        7          06                                      2022/ШЦТ/733      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс:185/2022/0682/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч Я.Мөнхзаяа,

шүүгдэгч Б.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ... хүнсний дэлгүүрт бараа өрөгчөөр ажилладаг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ... овогт Б.А /РД: ......./

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цахим орчин болох "Фейсбүүк"-т хувцас зардаг хүн мэтээр хуурамч зар байршуулан, "хувцас зарна" хэмээн Б.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны 23 тоот гэртээ байхдаа "Хаан" банкны ..... дугаарын данснаас 50,000 төгрөг, "Худалдаа хөгжлийн банк"-ны ...... дугаартай данснаас 50,000 төгрөг, нийт 100,000 төгрөг шилжүүлснийг Д.Д гэх хүний "Хаан" банкны .....дугаарын дансаар авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр цахим орчин болох "Фейсбүүк"-т хувцас зардаг хүн мэтээр хуурамч зар байршуулан, "хувцас зарна" хэмээн Д.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ...........тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 25,000 төгрөгийг "Голомт" банкны ..... дугаарын дансаар авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цахим орчин болох "Фейсбүүк"-т хувцас зардаг хүн мэтээр хуурамч зар байршуулан, "хувцас зарна" хэмээн Н.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ......... тоотод байхдаа "Хаан" банкны .......... дугаартай данснаас шилжүүлсэн 50,000 төгрөгийг Д.Д гэх хүний "Хаан" банкны ...........дугаарын дансаар авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цахим орчин болох "Фейсбүүк"-т хувцас зардаг хүн мэтээр хуурамч зар байршуулан, "пүүз зарна" хэмээн Б.О-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ........... тоот гэртээ байхдаа "Хаан" банкны ....... дугаарын данснаас шилжүүлсэн 50,000 төгрөгийг Д.Дэлгэрмаа гэх хүний "Хаан" банкны ........ дугаарын дансаар авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цахим орчин болох “Фейсбүүк”-т хувцас зардаг хүн мэтээр хуурамч зар байршуулан пүүз зарна хэмээн Н.Э-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Төв аймгийн Цээл сумын 3 дугаар баг, 131 тоот гэртээ байхдаа "Хаан" банкны ......... дугаартай данснаас шилжүүлсэн 50,000 төгрөгийг Д.Д.... гэх хүний “Хаан” банкны ....... дугаарын дансаар авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цахим орчин болох “Фейсбүүк"-т хувцас зардаг хүн мэтээр хуурамч зар байршуулан, "хувцас зарна" хэмээн Н.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ....... 1-2 тоот гэртээ байхдаа "Төрийн банк"-ны .......дугаарын данснаас 55.,000 төгрөгийг шилжүүлснийг Д.Д гэх хүний "Хаан" банкны ..... дугаарын дансаар авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цахим орчин болох "Фейсбүүк"-т "сүү зарна" гэж хуурамч зар байршуулан, "сүүний урьдчилгаа өгвөл захиалга баталгаажна" хэмээн Г.Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ...........тоот гэртээ байхдаа Худалдаа хөгжлийн банкны ... дугаартай данснаас шилжүүлсэн 50,000 төгрөгийг "Хаан" банкны ........ дугаарын дансаар авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цахим орчин болох "Фейсбүүк"-т хослол зарна гэж хуурамч зар байршуулан, "төлбөрөө урьдчилж өгсөн байх шаардлагатай" хэмээн хохирогч Б.Н-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ...........тоот гэртээ байхдаа өөрийн "Хаан" банкны .... дугаарын данснаас шилжүүлсэн 50,000 төгрөгийг Д.Д гэх хүний "Хаан" банкны ....... дугаарын дансаар авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цахим орчин болох "Фейсбүүк"-т хувцас зарна гэж хуурамч зар байршуулан, "хувцас авахын тулд урьдчилгаа төлбөрөө 100 хувь бүрэн төлсөн байх шаардлагатай" хэмээн хохирогч П.Х-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын .........тоотод гэртээ байхдаа "Хаан" банкны ..... дугаартай данснаас шилжүүлсэн 50,000 төгрөгийг Д.Дэлгэрмаа гэх хүний "Хаан" банкны ........дугаарын дансаар авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цахим орчин болох "Фейсбүүк"-т бараа зарна гэж хуурамч зар байршуулан, "хүргүүлж авахын тулд урьдчилгаа төлбөрөө 100 хувь бүрэн төлсөн байх шаардлагатай" хэмээн хохирогч Б.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, .......... тоот гэртээ байхдаа "Хаан" банкны .... дугаартай данснаас шилжүүлсэн 50,000 төгрөгийг Д.Д гэх хүний "Хаан" банкны ..... дугаарын дансаар авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цахим орчин болох "Фейсбүүк"-т хүүхдийн сүү зарна гэж хуурамч зар байршуулан, "захиалга өгөхийн тулд урьдчилгаа өгсөн байх шаардлагатай" хэмээн хохирогч О.Г-ийг хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн "Хаан" банкны .......дугаартай данснаас шилжүүлсэн 50,000 төгрөгийг Д.Дэлгэрмаа гэх хүний "Хаан" банкны ..... дугаарын дансаар авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй. Миний буруу” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ......... тоот хаягт байхдаа фейсбүүк цахим орчинд “Хөөрхөн бараа” гэсэн нэртэй хэрэглэгчийн байршуулсан “хувцас зарна” гэсэн зарын дагуу тухайн зар байршуулсан хэрэглэгчтэй холбогдоод зарын талаар асуусан юм. Тэгтэл бүх бараа 50.000 төгрөг гэж хэлэхээр нь би 2 хувцас сонгоод худалдаж авъя гэж хэлэхэд над руу Хаан банкны .....тоот Д.Д гэсэн нэртэй данс явуулсан. Тэгэхээр нь өөрийн Хаан банкинд эзэмшдэг ...... тоот данснаас 50.000 төгрөгийг, өөрийн Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг ...... тоот данснаас 50.000 төгрөгийг, нийт 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тус хэрэглэгчтэй хэсэг чаталж байгаад очиж үзье гэж хэлтэл И-Мартын ...... дугаар байр гэж надад хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа намайг блок хийсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 25 дахь тал)

Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нэг зүс таних найз /өөрийгөө Г.Г гэдэг/ над руу фейсбүүкээр найз болоод тэгээд найздаа данс байвал өгөөч, мөнгө хийх гэсэн юмаа гэсэн. Тэгээд би өөрийнхөө ..... дугаарын дансыг явуултал захиалгын мөнгө орно шүү гэж хэлсэн. Тэгээд анх 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхэлж 50,000 төгрөг орж ирсэн ба "хай хай" сүү гэсэн утгатай байсан. Тэгээд би мөнгө орсон гэж хэлэхэд надад дахиж нэг данс өгөөд энэ данс руу хийчих гэсэн юм. Тэгээд над руу мөнгө орж ирэхээр нь би хэлсэн данс руу нь буцаагаад хийчихдэг байсан юм. Тэгээд хамгийн сүүлд 04 дүгээр сарын 17-ны өдөр 3, 4 хүнээс мөнгө орж ирсэн ба хэлсэн дансанд нь би буцаагаад хийсэн. Тэр хүнтэй би өчигдөр нэг л удаа уулзсан. Мараалаг эмэгтэй хүн байгаа. Өөрийгөө Г гэж танилцуулсан. Би тэр эмэгтэйг харвал шууд танина... Надад анх хэлэхдээ орж ирсэн мөнгөнөөс 5,000 төгрөгийг өөртөө авч байгаарай гэсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 29 дэх тал)

Хохирогч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн гэртээ байж байгаад фейсбүүк дээр Дарханы зарын групп дээр бэлэн бараа хямдарсан байна гэсэн зарын дагуу "Хөөрхөн бараа" гэсэн фейсбүүк хэрэглэгчтэй харьцаад зарын тухай асуусан. Захиалах гэж байгаа барааны төлбөрийг 100 хувь төлж байж баталгаажна гээд байхаар нь би 50 хувийг нь төлье гэж хэлэхэд над руу Голомт банкны ..... гэсэн данс явуулахаар нь тухайн данс руу 25,000 төгрөгийг 9..... гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа залилуулснаа мэдсэн... Би өөрийн шилжүүлсэн 25,000 төгрөгийг буцааж авмаар байна... Эмэгтэй хослол худалдаж авахаар мөнгө шилжүүлсэн...." гэх мэдүүлэг (хх-ийн 44 дэх тал)

Яллагдагч Б.А-ын Голомт банкны ...... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 13 дахь тал)

Хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр фейсбүүк ухаж байгаад "Хөөрхөн бараа" гэсэн фейсбүүк хаягаас хослолын зураг хийгээд зар тавьсан байсан. Тэгээд тэр хүнтэй холбогдож чат бичээд авахаар болсон ба тэр хүн надад ....... гэсэн Хаан банкны Д гэдэг хүний данс өгсөн. Би тэр хүний дансанд эгчийнхээ данснаас 50,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр хүнд шилжүүлсэн гэж хэлээд 2 цагийн дотор хүргэлт хийнэ гэсэн. Тэгээд дахиж холбоо барилгүй алга болчихсон. Уг мөнгийг гэртээ байхдаа буюу ....... тоотод байхдаа шилжүүлсэн. Захиалсан бараагаа аваагүй. Тэр хүн надтай холбоо барихаа больчихсон..." гэх мэдүүлэг (хх-ийн 59 дэх тал)

Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 90,000 төгрөгийн пүүз 50,000 төгрөг болж хямдарлаа гэсэн зар фейсбүүк дээр байсан. Тэр зарын дагуу "Энхүүнээ Энхүүнээ" нэртэй, өлгийтэй хүүхдийн зурагтай хаягтай хүнтэй чатлаж авахаар болсон. Тэгсэн пүүзнийхээ мөнгийг шилжүүлэхэд 52 цагийн дараа хүргээд өгнө гэсэн. Мөнгөө заавал шилжүүлж, баталгаажуулсан байж хүргэлтээр очно гэсэн. Би 2 пүүз авна гэсэн чинь 100,000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгэхээр нь би пүүзээ ирэхээр нь харж байж үлдэгдэл мөнгөө өгье. Одоо 50,000 төгрөгийг шилжүүлье гэсэн чинь болно гэсний дагуу Хаан банкны .......... дугаарын данс руу өөрийн .... дугаарын данснаас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 52 минутад 50,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлээд пүүзээ хүргэж ирэхийг хүлээгээд ирэхгүй болохоор нь буцаад чат бичсэн чинь чатаа хаасан байсан. Дараа нь "Хөөрхөн бараа" гэсэн нэртэй болсон байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 74 дэх тал)

Хохирогч Б.О-ийн "Хаан" банкны ....... дугаартай дансны
дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 70 дахь тал)

Хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр фейсбүүк дээр байгаад Э гэсэн фейсбүүк хаягаас пүүзний зураг хийгээд зар тавьсан байсан. Тэгээд тэр хүнтэй холбогдож, чат бичиж авахаар болсон ба тэр хүн надад 5753980712 гэсэн Хаан банкны Д гэдэг хүний данс өгсөн. Би тэр хүний дансанд өөрийнхөө данснаас 50,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр хүнд шилжүүлсэн гэж хэлээд тэгээд 2 цагийн дараа гүйлгээ батлагдаад маргааш нь хөдөө орон нутаг руу хийж өгнө гэсэн. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй. Уг мөнгийг гэртээ байхдаа Төв аймгийн Цээл суманд байхдаа шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 88 дахь тал)

Хохирогч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр фейсбүүк цахим орчинд "Хөөрхөн бараа" гэх фейсбүүк хаягаас хослол зарна гэсэн утгатай зар байсан. Тэгэхээр нь би тухайн хаяг руу өөрийнхөө Н.М гэх фейсбүүк хаягаас ямар үнэтэй юм бэ гэхэд уг хослол 50,000 төгрөгийн үнэтэй, хүргэлттэйгээ 55,000 төгрөг гэж зурвас бичсэн. Тэгэхээр нь би хослолыг чинь худалдаж авъя гээд тухайн хүний дансны дугаарыг асуухад тухайн хүн ... дугаарын данс руу өөрийнхөө Төрийн банкны ...... дугаарын данснаас 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 55,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн надтай харилцаж байсан хүн Дарханы таксинд өгөөд явуулчихаар тосоод аваарай гэж зурвас бичсэн. Тэгээд маргааш нь би яасан бэ, бараа юу болсон бэ гэж зурвас бичихэд ямар нэгэн хариу ирээгүй. Тэгээд өөрийгөө залилуулчихлаа гэж мэдсэн. Би өөрийнхөө Төрийн банкны ..... дугаарын данснаас шилжүүлсэн. Надад нийт 55,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 100 дахь тал)

Хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн гэртээ байж байхад фейсбүүк дээрээс "Япон хая хая сүү зарна, захиалга авна" гэсэн зарын дагуу Г Г гэсэн цахим хэрэглэгчтэй харьцаад зарын дагуу асуухад 3 хоногийн дараа бууна. Урьдчилгаа авч байж
баталгаажна гэсний дагуу 10 сүүний урьдчилгаа гээд Хаан банкны .... дугаартай Д гэх данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл зарын групп дээр нэг ээж энэ залилан гэсэн утгатай зар байршуулсан байсан. Тэгээд залилуулснаа мэдсэн. Хөдөөний хүүхний зурагтай Г.Г  гэсэн нэртэй байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 113 дахь тал)

Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр фейсбүүк цахим орчинд "Хөөрхөн Бараа" гэх фейсбүүк хаягаас “хослол зарна” гэсэн утгатай зар байсан. Тэгэхээр нь би тухайн хаяг руу ямар үнэтэй юм бэ гээд зурвас бичээд тухайн хүний гар утасны дугаарыг авсан. Тэгээд тухайн хүнээс авсан гэх .... дугаарын утас руу залгаж яриад, тухайн хувцсыг 50,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод тухайн хүний ...... дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны .... дугаарын данснаас 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлчхээд тухайн хүнээс худалдаж авсан хувцсаа хаанаас очиж авах вэ гэж асуухад тухайн хүн би Улаанбаатар хотод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл мөнгөө авчихъя гэж хэлэхэд тухайн хүн манай нэг эгч наана чинь байдаг юм. Би тэр эгч рүүгээ залгаадахъя. Наана чинь нэг хослол байгаа гэж хэлсэн. Тэгээд би хүлээж байгаад тухайн өдрийнхөө орой залгахад тухайн гар утсаа авахгүй, миний фейсбүүк хаягийг блок хийсэн... Би өөрийнхөө ......... дугаарын данснаас шилжүүлсэн. Надад нийт 50,000 төгрөгийн хохирол учирсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 126 дахь тал)

Хохирогч П.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би фейсбүүк хаягаа үзэж байгаад 90,000 төгрөгөөс 50,000 төгрөг болж хямдарлаа гэх зар байхаар нь би чатаар харилцаа үүсгэтэл төлбөрөө заавал 100 хувь төлсөн байх ёстой гэхээр нь барааны үнэ болох 50,000 төгрөгийг ирүүлсэн дансны дугаар руу нь шууд шилжүүлсэн. 2 цагийн дараа хүргэлт гарна гэхээр нь хүлээж байгаад оройн 20 цагийн үед залгатал манайх ачаалал ихтэй байна. Түгжрэлтэй байгаа болохоор өнөөдөр амжихгүй бол маргааш хүргээд өгнө гээд дахиж холбоо бариагүй. Мөн 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр миний фейсбүүк цахим хаяг нэвтэрч орох боломжгүй болоод миний зураг устаад найз байсан хүмүүс маань блоклогдсон байсан. Энхүүнээ Энхүүнээ гэх хаягтай цахимаар холбоо барьсан. Тухайн үедээ барааны төлөлтөө заавал бүрэн хийх ёстой гэхээр нь ........ гэх Дэлгэрмаа гэх хүний эзэмшлийн Хаан банкны данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн хүний данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 139 дэх тал)

Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын сүүлээр фейсбүүк дээрээс пүүз зарна гэсэн зарын дагуу .... гэх фейсбүүк хэрэглэгчтэй чатаар холбогдоод зарын талаар асуухад 100 хувь төлбөрөө төлж байж хүргэлтээ хийдэг гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны 5....дугаартай данснаас 50,000 төгрөгийг Хаан банкны ...... дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлээд удаагүй байтал намайг фейсбүүк дээр блок хийсэн юм..." гэх мэдүүлэг (хх-ийн 151 дэх тал)

Хохирогч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байж байхад фейсбүүк дээрээс Японы хая хая гэсэн сүү зарна, захилга авна гэсэн зарын дагуу Г гэсэн цахим хэрэглэгчтэй харьцаад зарын дагуу асуухад 3 хоногийн дараа бууна, урьдчилгаа авч байж баталгаажна гэсний дагуу 2 сүүний урьдчилгаа гээд Хаан банкны ...... дугаартай Д гэх данс руу шилжүүлсэн ба захиалга авлаа гэж хэлсэн юм. Тэгээд би тус зарын сэтгэгдлүүдийг унштал энэ луйвар гэх мэт зүйл байхаар нь би залилуулсан талаараа мэдээд мөнгөө авъя гэж хэлтэл намайг блок хийчихсэн. Хөдөөний хүүхний зурагтай Г гэсэн нэртэй байсан. Өнөөдөр бас харсан чинь Э............ гэсэн нэртэй улаан цамцтай бондгордуу зурагтай хүүхэн байсан. Би 50,000 төгрөг шилжүүлж залилуулсан...." гэх мэдүүлэг (хх-ийн 164 дэх тал)

Д.Д-ийн "Хаан" банкны ..... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 6-10 дахь тал)

Яллагдагч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 7 настай хүү, 3 настай хүүгийн хамт ....... тоот нийтийн байранд түрээсээр оршин сууж байна. Тус нийтийн байранд 2022 оны 03 дугаар сараас эхлэн нөхрөөсөө салж ирээд одоог хүртэл амьдарч байна. Би өөрийн фейсбүүк хаягаар онлайнаар хувцас болон өөр эд зүйл захиалж өөртөө авдаг байсан. Тухайн үед би түрээсийн нийтийн байранд 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Тэр үед би нөхрөөсөө салсан ч гэсэн 5 сартай жирэмсэн байсан. Нөхөр маань эргэж ирээгүй тул хүүхэд зулбуулдаг эм авах гэсэн юм. Эм зардаг хүнийг хайж олоод асуухад 1 ширхэг эм байгаа. 350,000 төгрөгийн үнэтэй гэсэн. Надад ямар ч мөнгө байгаагүй. Тэгээд би фейсбүүк цахим орчинд "..." нэртэй хуурамч фейсбүүк хаяг нээж өөрийгөө онлайнаар хувцас зардаг мэтээр пост оруулж, хүмүүстэй харилцаж, 1 хүнээс 50,000 төгрөг шилжүүлж авч байсан. Нийтдээ 11 хүнээс мөнгө авч байсан. Тухайн мөнгийг авахдаа би Д-д хэлэхдээ найз нь онлайнаар бараа захиалга авч байгаа. Чиний дансыг ашиглаж болох уу, 50,000 төгрөг чамд орж ирлээ гэхэд чи 5,000 төгрөгийг нь авч бай гэж хэлж байсан. Тэгээд Д зөвшөөрч мөнгө ирэхээр би өөр хүмүүсийн дансыг хэлээд аваад болгоод байдаг байсан Гэхдээ намайг Д бусдаас залилан мэхэлж авч байгааг мэдээгүй. Сүүлд цагдаагаас Д руу ярихад мэдсэн юм байна лээ. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна..." гэх мэдүүлэг (хх-ийн 174 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.А-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр буюу 11 удаагийн үйлдлээр 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим орчинд өөрийгөө хувцас болон хүүхдийн сүү зэрэг бараа бүтээгдэхүүн зардаг хүн мэтээр хуурамч зар байршуулан, "хувцас зарна", "пүүз зарна" "хүүхдийн сүү зарна" хэмээн хохирогч Б.Б, Д.Д, Н.Б, Б.О, Н.Э, Н.М, Г.Г, Б.Н, П.Х, Б.Э, О.Г нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, тэднээс нийт 580.000 /таван зуун наян мянга/ төгрөгийг Д.Д гэх хүний Хаан банк..... дугаарын дансаар авч залилсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.А-ын хувьд амьдралын бэрхшээлт байдлын улмаас амар хялбар аргаар эд мөнгөний ашиг хонжоо олох гэсэн шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ.

Шүүгдэгч Б.А нь нэр бүхий 11 хохирогчид нийт 580.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан ба хавтаст хэрэгт хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.А-ыг бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Б.А нь нэр бүхий 11 хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх боловч түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлаар нэр бүхий 11 хохирогчид нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.А нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж ч А, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.А-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 3 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б. А нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс эрх бүхий байгууллагаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                         

   1. Шүүгдэгч .. овогт Б.А-ыг үргэлжилсэн үйлдлээр  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар  бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлаар нэр бүхий 11 хохирогчид нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР