Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/737

 

2022          7            07                                     2022/ШЦТ/737     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:185/2022/0694/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч С.Э,

шүүгдэгч Г.Т /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л овогт Г.Т-д холбогдох эрүүгийн ...........дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын бизнесийн харилцаа, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Улаанбаатар хот, ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Л овогт Г .Т /РД: ....../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогч Д.Т-тай “зам хөндлөн гарахдаа удаан явлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хүзүүнээс нь гараараа боож хүзүүнд нь цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний буруу, өөрийн буруутай үйлдлээс болж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа харамсаж байна. Дахин энэ төрлийн алдаа гаргахгүй.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Драмын хойд уулзварын гарцаар хойшоо гарч явахад машинтай хүн хараагаад, хажуугаар гарахдаа машиныхаа толиор гар руу тохой мөргөөд би яараад байна гээд уурлаад байхаар нь гарцаар гарч байгаа хүн хүлээж чадахгүй юм бол явган яваач гэж хэлэхэд машинаа гарцаас чөлөөлж зогсон бууж ирээд намайг цамцнаас боож унагаах гээд боож байгаад цагдаагаа дуудаарай гэж хэлээд машинтайгаа яваад өгөхөөр нь цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал)

Дамно ХХК хөрөнгө, үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 13 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ----- дугаартай: “хүзүүний урд хэсэгт 8х3 см, 2х1 см, 2х2 см, төвөнхийн хэсэгт 3х2 см, эрүүний баруун булангаас хүзүүний баруун хажуугаар ар хэсгээр тойроод хүзүүний зүүн хажуу хэсэгт төгссөн 42х0,5 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Хүзүү тэмтрэлээр нэлэнхийдээ эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. Д.Т-ийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал)

Г.Т-гийн Хаан банкны эзэмшлийн 5082100162 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 47-49 дэх тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Э, О.Б, Б.Г нарын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ..... дугаартай: “...2022 оны 5-р сарын 13-ны өдрийн ..... дугаартай дүгнэлтийг Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12-р сарын 05-ны өдрийн .... дугаар тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмыг баримтлан гаргасан байна. Д.Т-ийн биед хүзүүний урд хэсэгт болон төвөнхийн хэсэгт, эрүүний баруун булангаас хүзүүг тойрсон цус хуралт гэмтэл үүссэн байна. Д.Т-ийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Т-ийн биед тухайн үед үүссэн гэмтэлтэй холбоотойгоор хоолой өвдөх, сөөх, шүлсээ залгихад хөндүүрлэх зовиур илэрч байсан байна.  Д.Т-ийн биед үүссэн дээрх хүзүүний эргэн тойрны болон төвөнхийн хэсгийн цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Д.Т-ийн биед үүссэн гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 55-57 дахь тал)

Яллагдагч Г.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Драмын уулзвар дээр зам гарч байгаа хүмүүст зам тавьж өгөөд явах гэтэл Т утсаа оролдоод доошоо хараад удаан гарцаар гараад байсан учраас би Т.т утсаа оролдохоо болиод хурдан яваач гэж хэлэхэд Т миний унаж явсан машины толь руу нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад би машинаасаа буухад Т намайг заамдаад авахаар нь би заамдаж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Т-гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Г. Т нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогч Д. Т-тай “зам хөндлөн гарахдаа удаан явлаа” гэх үл ялих шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогчийг цамцны захаар нь хоолойг нь боомилон эрүүл мэндэд нь хүзүүний урд хэсэг болон төвөнхийн хэсэг, эрүүний баруун булангаас хүзүүг тойрсон цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Г.Т нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Г.Т-гийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд бусадтай зүй бус харьцаж, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдан довтолж, үүссэн аливаа асуудлыг эв зүйгээр бус хүч бяраар шийдвэрлэх гэсэн балмад түрэмгий, хүлээцгүй  зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Т нь “шүүгдэгчээс 300.000 төгрөг хүлээж авсан бөгөөд, гомдол санал байхгүй” /хх-25/ гэсэн байх тул шүүгдэгч Г.Т-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж байгаа боловч хохирогч Д.Т-ийн тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Г.Т-гаас нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Г.Т-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Т нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Г.Т-д 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Т нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                         

1. Шүүгдэгч Л овогт Г. Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г Т-г 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч Д.Т нь шүүгдэгч Г.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР