Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/764

 

2022          7             27                                     2022/ШЦТ/764     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс:185/2022/0742/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч Г.Ц,

шүүгдэгч Б.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... овогт Б.Г-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /Онлайн шопоор үнэт эдлэл, бараа бүтээгдэхүүн худалдаалдаг гэх/ ам бүл 3, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ........ тоотод амьдарч байгаа, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ....дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ...овогт Б.Г /РД:..../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  үйл ажиллагаа явуулдаг .... нэртэй караокегоор үйлчлүүлж байхдаа тус караокены тамхины өрөө, 3 дугаартай өрөө болон тус өрөөний ариун цэврийн өрөөнд хохирогч Б.Б маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан үснээс зулгаах, хоолойноос нь багалзуурдах, нүүрэн тус газар нь алгадах, гишгэх, толгойн тус газар өшиглөх, зэрэг аргаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархай, баруун хацарт зулгаралт, баруун хөмсөгний гадна булан, баруун дээд зовхи, баруун зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... караокены 3 дугаар өрөөний “Хорни рүүм” /Horny room/ хаалгыг хууль бусаар устгаж эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний буруу. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 04 дугаар сарын 15-наас 2022 оны 04 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Б.Г, Н.А болон тэдний найзуудын хамт “.....” нэртэй бааранд үйлчлүүлж байгаад шөнө 04 цагийн үед .......... нутаг дэвсгэрт байрлах .... төвийн B1 давхарт үйл ажиллагаа явуулдаг ... караокед орж сууцгаасан. Тэгээд би Б.Г-тай хамт тухайн караокены ариун цэврийн өрөөнд ороход Б.Г над руу шууд дайраад эхэлсэн. Тэгээд маргалдаж байхад Б.Г намайг шууд үснээс зулгаагаад чирээд ариун цэврийн өрөөнөөс караокены өрөө рүү оруулж зодсон. Намайг ойролцоогоор 1 цаг 30 минут зодсон. Миний санаж байгаагаар намайг Г зодсон. .....дугаартай шинжээчийн дүгнэлтэд миний биед хөнгөн зэргийн гэмтэл гарсан гэжээ. Уг дүгнэлтэд гаргах санал хүсэлт байхгүй байна. . дугаартай шинжээчийн дүгнэлтэд Б.Ггийн биед хөнгөн  зэргийн гэмтэл гарсан гэжээ. Б.Г-гийн биед би огт халдаж хүрээгүй учир уг дүгнэлтэд би хамааралгүй гэж үзэж байна. Энэ нь тухайн караокены хяналтын камерын бичлэгээр тогтоогдоно. Гомдолтой байна. Нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгөх баримт байхгүй байна. Дээрх гэмтлийг аваад уг гэмтэлтэй холбоотой хийгдсэн эмчилгээ байхгүй байгаа. Миний нүүрэн дээр хумсны сорвинууд үлдсэн учир тухайн үедээ сорвины тоснууд авч түрхэж байсан. Гэхдээ сорви арилаагүй байна. Иймд хумсны сорвийг лазердуулах шаардлагатай. Мөн толгой өвдөж байгаа учир КТГ зураг болон MRI хйлгэх шаардлагатай байна. Урьд нь би Б.Г-гийн гэрт нь очиж сууж байхад миний цүнхэнд байсан бичиг баримттай түрийвч алга болж байсан юм.Тэгээд би караокены ариун цэврийн өрөөнд Б.Г-тай уулзаж байхдаа өөрийн бичиг баримтаа асуусан чинь Б.Г уурлаж намайг зодсон. Мөн тухайн караокед сууж байхад жолоо барьж явсан нэг залуу миний хажууд суугаад байсан юм. Тэгсэн чинь Б.Г тэр залуутай намайг хардаж уурлаж байсан. Наад залуу чинь Н.А-ийн нөхөр гээд орилоод байсан. Намайг зодох шалтгаан нь ерөөсөө л ийм асуудал байна. Би тэр залууг нь таних ч үгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас)

Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Миний бие Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” төвийн B1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “...... нэртэй караоке ажиллуулж байна. “2022 оны 04 дүгээр сарын 15-наас 2022 оны 04 дүгээр сарын 16-нд шилжих шөнө манай караокед үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо маргалдаж караокены /Horny room/-ийн хаалгыг эвдсэн” гэж манай менежер Н.О хэлсэн юм. Тэгээд маргааш өглөө нь намайг хороо хариуцсан цагдаа дуудсан. Тэгээд би цагдаа дээр очиж уулзахад “Танайх эвдлүүлсэн хаалгаа хэдэн төгрөгөөр хийлгүүлж байсан бэ? ” гэж асуухаар нь “600,000 төгрөг” гэж хэлсэн. Тэгээд манай хаалгыг эвдэж танхайрсан эмэгтэй 600,000 төгрөг төлж барагдуулсан юм... Учирсан хохирлыг тэр эмэгтэй бүрэн төлж барагдуулсан учир манай караокены зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Модон шахмал хаалга байгаа юм. Хаалга нь 350,000 төгрөг, хаалганы гадуур хийсэн улаан өнгийн хуулга нь 150,000 төгрөг, ажлын хөлс нь 100,000 төгрөг байгаа юм. Нэг хаалгыг 120,000-200,000 төгрөгийн хооронд  суулгадаг юм байна лээ.Суулгалтын мөнгийг би төлүүлж аваагүй. Манайхаас цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас)

Гэрч Н.О-ийн “…Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” төвийн B1 давхарт үйл ажиллагаа явуулдаг ...... нэртэй караокед менежерээр ажилладаг. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 18 цагийн үед ажил дээрээ ирээд байж байтал шөнийн 04 цагийн үед гаднаас 8 хүн орж ирээд 3 дугаартай өрөөнд орсон ... 04 цаг 50 минутын үед 1 эмэгтэй нь 1 эмэгтэйгээ зодож эхэлсэн. Тэгээд зодооныг нь салгаад зарим хүмүүсийг нь явуулсан. Тэгээд тооцоогоо авах гэж байтал 05 цаг 30 минут болсон байсан. Тэгээд тэр 2 эмэгтэй болихгүй зодолдоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн чинь зодуулсан эмэгтэй нь ухаан алдаж унаад өөр өрөөнд оруулаад сэргээх арга хэмжээ авч байсан чинь нөгөө зодсон эмэгтэй араас нь орох гэж байгаад манай караокены хаалгыг эвдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд тэр 2 эмэгтэйг аваад явсан... Манай караокены хаалга эвдэлсэн. Гэхдээ хаалгыг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас)  

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ......дугаартай: “Б.Б биед тархи доргилт, баруун чамархай, баруун хацарт зулгаралт, баруун хөмсөгний гадна булан, баруун дээд зовхи, баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Б.Б биед үүссэн биед тархи доргилт, баруун чамархай, баруун хацарт зулгаралт, баруун дээд зовхи, баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэг, баруун хөмсөгний гадна булан, баруун бугалга, шуу, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн гуянд үүссэн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас)

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ..... дугаар “Үнэлгээний дүн: 320,000₮/Гурван зуун хорин мянган төгрөг/” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас)

Яллагдаг Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Тогтоолтой уншиж танилцлаа. Гаргах санал, хүсэлт байхгүй байна. Б.И-тэй тамхины өрөөнд орсон. Тэгсэн чинь Б.И намайг хэл амаар доромжлоод “Шархад-ны эмнэлэгт хэвтээд гарч ирсэнээс чинь хойш хэн ч чамайг гэхээ больсон. Чи бол хэн ч биш. Чамайг бол яаж бол яаж ч чадна.” Гээд байсан. Тэгэхээр нь “Шархад-ны өвчтэй хүн ямар байдгыг харах уу” гээд шууд хоолойг нь боочихсон. Тэгсэн чинь хүмүүс салгасан. Тэгээд л хоёулаа “Эвлэрье” гээд тулгаж ууж байсан. Тэгж байгаад эргээд муудалцаад наана цаана гэж байхад цагдаа ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн ...... дугаартай: “тархи доргилт, баруун чамархай, баруун хацарт зулгаралт, баруун хөмсөгний гадна булан, баруун дээд зовхи, баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37 дахь тал)

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Г-гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Б. Г нь согтуугаар 2022.04.15-наас16-нд шилжих шөнө .......... төвийн B1 давхарт үйл ажиллагаа явуулдаг ....... нэртэй караокед хохирогч Б.Б-г “өөрийнх нь бичиг баримт алга болсон асуудалд сэрдлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар хохирогчийн эрх чөлөө, биед нь халдан түүнийг өрөө хооронд дамжуулан үсдэн чирж өшиглөж дэвсэх зэргээр хэрцгийгээр удтал зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархай, баруун хацарт зулгаралт, баруун хөмсөгний гадна булан, баруун дээд зовхи, баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн бугалга, нуруу, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, мөн хохирогч Б.Б-г зодох явцдаа тус .........нэртэй караокены хаалгыг гэмтээж, эвдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын Эд хөрөнгө устгаж гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Б.Г нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Г-гийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай зүй бус харьцаж, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдан довтолж, үүссэн аливаа асуудлыг эв зүйгээр бус хүч бяраар шийдвэрлэх гэсэн балмад түрэмгий, хэрцгий догшин зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Б бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Б. Б-н зүгээс шүүгдэгчид санал хүсэлт байхгүй гэж мэдэгдсэн, мөн хохирогч С.Б “...манай хаалгыг эвдэж танхайрсан эмэгтэй 600,000 төгрөг төлж барагдуулсан юм... Учирсан хохирлыг тэр эмэгтэй бүрэн төлж барагдуулсан учир манай караокены зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн тул шүүгдэгч Б.Г-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж байгаа боловч хохирогч Б.Б тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Б.Г-гаас нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Б.Г-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Г нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн тус хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн тус хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, тус бүр оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, Б.Г-гийн биечлэн эдлэх ялыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлэх ялаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлан анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                          

1. Шүүгдэгч ........овогт Б.Г-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус бүр оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Г.гийн биечлэн эдлэх ялыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.        

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.  

6. Хохирогч Б.Б нь шүүгдэгч Б.Г-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР