Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: А.Дэлгэрмөнх,

Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа,

Шүүгдэгч А.Гансүх, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт Адилбишийн Гансүхэд холбогдох эрүүгийн 201625021006 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 32-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ГЖ94062616, Гал овогт Адилбишийн Гансүх.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч А.Гансүх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөрмонгол зочид буудлын урд иргэн М.Даваажаргалыг "мөрлөж түлхэлцлээ" гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь цохиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Гансүх мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Даваажаргал /хх-ийн 15/, гэрч Э.Содбилэг /хх-ийн 17/, гэрч Н.Эрдэнэбат /хх-ийн 18/, гэрч Ц.Төгсжаргал /хх-ийн 19/, гэрч Б.Мөнхцацрал /хх-ийн 21/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэгийн шүүх эмнэлэгийн шинжээчийн 4423 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, шүүгдэгч А.Гансүхийн /хх-ийн 59/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Гансүх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөрмонгол зочид буудлын урд иргэн М.Даваажаргалыг “мөрлөж түлхэлцлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь цохиж, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч М.Даваажаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө би ах Мөнхцацралын хамт Холивүүд баарны хажуугаар явж байсан чинь өөдөөс хэдэн залуучууд нэг согтуу залууг чирчихсэн явж байсан. Тэгтэл ах “хоёулаа энүүгээр нь явъя” гэхээр нь би “за тэгье” гээд тэд нартай зүгээр зөрсөн. Тэгээд зөрөөд хэд алхаж байсан чинь нөгөө залуучуудаас нэг нь бид хоёрыг араас дуудахаар нь ах зогсоод эргээд харсан чинь нөгөө залуучууд хүрээд ирсэн. Тэгтэл нэг залуу нь “зүгээр хажуугаар явахгүй яагаад мөрлөөд байгаа юм бэ, асуудал байна уу” гэхээр нь би “асуудал байхгүй ээ, зүгээр” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу “асуудал байгаа юм биш үү” гэж хэлтэл нэг согтуу залуу намайг цохих гэхээр нь би бултчихсан чинь гар нь хажуугаар зөрсөн юм. Тэгэхэд хамт явж байсан залуу нь нөгөө хэдийгээ хориод байсан. Тэгэхээр нь ах бид хоёр зугтаах гэсэн чинь цүнхнээс зуураад аваад үлдчихсэн. Тэгэхээр нь цүнхээ авах гээд зууралдаж байсан чинь нэг залуу архины шил шиг зүйлээр миний хөмсөг рүү цохичих шиг болсон. Тэгээд нөгөө хэдэн залуучууд зугтаах шиг болохоор нь бид хоёр цүнхээ үлдээгээд араас нь хөөсөн юм. Тэгж байх хоорондоо цагдаад дуудлага өгсөн. Яг зууралдаж байх үед тэр залуучуудаас нэг нь архины шил барьчихсан байсан. Би тэр залуутай зууралдаж байх үед миний зүүн хөмсөгний дээд талд цохисон. Тухайн үед архины шилээр цохисон уу, гараараа цохисон уу мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг / хх-ийн 15/,

 

Гэрч Э.Содбилэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би Төгсжаргал гэдэг найзтайгаа тоглоод ноцолдож байсан чинь урдаас хоёр залуу ирж явахдаа Төгсжаргалтай шүргэлцсэн. Тэгтэл тэр хоёр залуу эргэж хараад “ахын дүү нар дошин дээр жаахан аятайхан явахгүй байна уу” гээд цүнхээ газар тавьсан. Тэр залуу зодолдох гээд байсан ба тэгтэл урд явж байсан манай 3 найз хүрээд ирсэн чинь тэр хоёр залуу цүнхээ орхиод зугтах гээд хойшоогоо гүйсэн юм. Тэгэхээр нь би араас нь цүнхээ ав гээд шидчихсэн. Тэгтэл тэр залуу гартаа чулуу шиг юм барьчихсан хүрээд ирж байгаа харагдсан, би тэрийг нь сайн анзаараагүй. Тэгсэн чинь нэг залуу нь гартаа барьсан чулуу шиг зүйлээрээ цохих гэж байсан чинь Гансүх гэдэг найз харчихаад цохих юм бол ална шүү гээд гартаа архины шил барьчихсан байсан. Тэгтэл Идэрмөнх, Гансүхийн гартаа барьсан архины шилийг булаагаад авчихсан. Тэгтэл нэг залуу цаанаа утсаар ярьж байсан нь хальт сонсогдоход хурдан хүрээд ир гээд л байх шиг байсан. Тэгээд бид нар Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд очсон. Тэгтэл араас Приус 20-той хүмүүс араас хөөгөөд байсан. Тэгээд бид нар урлан бүтээх төвийн арын байр руу орж нуугдсан. Тэгээд тэндээсээ гарч явж байгаад цагдаад баригдсан юм. Даваажаргал гэдэг залууг архины шилээр цохих боломж гараагүй. Идэрмөнх булаагаад авчихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч Н.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл хойно хүмүүс маргалдах чимээ гарахаар нь эргээд хартал хойно явж байсан манай гурав 2 залуутай маргалдаж байсан. Тэгэхээр нь гүйж очоод тэд нарыг салгасан юм. Тэгээд салгаад байж байтал тэр 2 залуу чулуу шиг юм газраас авахаар нь манай найз Гансүх шил аваад гартаа барьчихсан. Тэгтэл Идэрмөнх шилийг нь булааж аваад Гансүх дээр очоод гарт нь байсан шилийг авсан. Тэгээд Идэрмөнх Гансүх хоёр нөгөө зодуулсан гээд байсан залуу тэр хоёрыг салгасан. Тэгээд бид нар явъя явъя гээд тэндээсээ явж байсан чинь араас нөгөө хоёр залуу орилоод та нар зогсож бай гэхээр нь бид нар энэ хоёр хүмүүс дуудсан юм шиг байна гээд зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Гэрч Ц.Төгсжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл урдаас 2 залуу халамцуу явж таараад хажуугаар өнгөрөхдөө надтай шүргэлцсэн юм. Тэгтэл тэр хоёр залуу “дошин дээр эвтэйхэн яваарай” гэж хэлээд маргаан болсон. Яг юунаас болж маргаан болсныг санахгүй байна. Тэгээд тэр хоёр залуу газраас чулуу авахаар нь Гансүх газар байсан архины шил аваад гартаа бариад хоёр тийш нь савчуулаад байсан. Тэгсэн чинь урд явж байсан Идэрмөнх, Эрдэнэбат хоёр ирээд салгах гэж оролдсон. Гансүхийн гарт байсан архины шилийг Идэрмөнх булааж авсан. Тэгээд салгаж байхад Идэрмөнх явъя гэж хэлсэн. Тэгээд бүгд салаад явцгаасан. Тэгтэл нөгөө хоёр залуу араас хөөхөөр нь бид нар зугтаасан. Учир нь тэр хоёр залууг хүн дуудсан гэж айгаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Гэрч Б.Мөнхцацрал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...Тухайн хэрэг болсон өдөр би Даваажаргалын хамт бааранд хоёр, хоёр шил пиво уучихаад гэрлүүгээ Авто плаза талруугаа алхаад явж байсан. Тэгээд явж байсан чинь Өвөр Монгол зочид буудлын харалдаа явж байтал өөдөөс хэдэн хүүхдүүд зөрж гарахдаа нэг хүүхэд нь намайг мөрлөчихсөн юм. Тэгэхээр нь би “ахын дүү нар ууж идсэн зүйлээ зүгээр шингээгээд явж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд эргэж хараад явах гэтэл араас нэг хүүхэд нь  янз янзын юм яриад байсан. Тэгээд бид хоёр эргэж хараад яагаад юу болоод байгаа юм бэ гээд маргалдсан. Тэгээд тэд нар дундаасаа хамгийн өндөр залуу нь эхлээд бид нарыг салгаж байснаа дараа нь бид хоёр руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би айсандаа газар байсан чулууг авч гартаа барьсан. Тэгтэл нөгөө өндөр залуу хажуудаа байсан шил аваад маргалдсан. Тэгтэл нэг хүүхэд нь архины шилийг нь булааж аваад хаячихсан. Тэгээд Даваажаргал тэр өндөр хүүхэдтэй барилцаж аваад зууралдаж байсан чинь нөгөө хүүхэд Даваажаргалыг цохиод авах шиг болсон. Тэгтэл хамт байсан хүүхдүүд нь нөгөө өндөр хүүхдийг салгаад аваад явсан. Би тэр дор нь цагдаад дуудлага өгсөн чинь нөгөө хүүхдүүд зугтаасан юм. Тэгээд би тэд нарын араас нь гүйж байгаад Метро Моллын урд цагдаа нартай таараад тэгээд нөгөө хүүхдүүдийг замд явж байхад нь барьж авсан юм. Нөгөө өндөр залуу Даваажаргалыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон өөр зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Шүүгдэгч А.Гансүхийн буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Даваажаргалын биед “…зүүн хөмсөгт шарх, зовхинд цус хуралт, зүүн чихэнд цус хуралт, хөхлөгт зулгаралт, цус хуралт бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл…” учирсан болохыг тогтоосон /хх-ийн 25/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4423 дугаартай дүгнэлт, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул А.Гансүхийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс энэ хэрэг хувийн сэдэлттэй үйлдэгдсэн тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэх талаар санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. Учир нь танхайрах гэмт хэрэг нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй буюу А.Гансүхийн хувьд хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “мөрлөж, түлхэлцлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон хохирогчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүч хэрэглэн танхайрсан үйлдэл нь догшин авирласан шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Гансүхэд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн зэргийг хөнгөрүүлэн үзэв.

 

Харин түүний хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч М.Даваажаргал нь шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохиролдоо нийт 140.000 төгрөг хүлээн авсан. Шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдвал зохино.

Шүүгдэгч А.Гансүхийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь урьдчилан цагдан хоригдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Шүүгдэгч Гал овогт Адилбишийн Гансүхийг догшин авирлаж танхайрсан

гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гансүхийг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гансүхэд оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гансүхийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч А.Гансүх нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гансүхэд оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Гансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгсүгэй.

 

8. Энэ тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Гансүхэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР