Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 768

 

                                                       

 

 

 

 

 

2019          7            30                                                2019/ДШМ/768

 

 

                                                     Э.Ү-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Ариунтуяа,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1503 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ариунтуяагийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай прокурорын эсэргүүцлээр яллагдагч Э.Ү-д холбогдох эрүүгийн 1908014950655 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Э-ийн Ү, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр ............... аймгийн ............... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, “................” ХХК-д ахлах гагнуурчин ажилтай, ам бүл 1, .............. дүүргийн ......... дугаар хороо, Хайрханы ... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХМ................./;

 

Э.Ү нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хайрханы 7 дугаар гудамжинд ээжийг архи уулгалаа гэж хэлсний улмаас 15 настай З.Гэрэлтуяаг гар луу нь гараараа цохиж баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Ү-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар 17 асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж заасан.

Шүүхээс яллагдагч Э.Ү-д холбогдох хэрэгт шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, дээрх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь заалтад заасан асуудлыг хэлэлцэж, тус эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэв. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хууль ёсны төлөөлөгчийн талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.1 дэх заалтад “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг;” тогтооно гэж, 2 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.1 д заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно” гэж тус тус заасан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хавтаст хэргийн 13 дугаар талд насанд хүрээгүй хохирогч З.Гэрэлтуяагийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ах гэх З.Галбадрахыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, түүнийг байлцуулан хохирогчоос мэдүүлэг авах ажиллагааг явуулан хууль зөрчсөн байна.

Иймд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хуульд заасны дагуу зөв тогтоох шаардлагатай ба, төрсөн эцэг, эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох, эсхүл тогтоогдвол зохих хүн байхгүй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг тогтоох ажиллагааг хийх шаардлагатай.

Мөн хууль зөрчиж тогтоогдсон З.Галбадрахыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт болон хэргийн бусад материалыг танилцуулах ажиллагаа хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд хуульд зааснаар тогтоогдох хууль ёсны төлөөлөгчид эрх, үүргийг танилцуулж, холбогдох бусад ажиллагааг хийх шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнээд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч Э.Ү-д холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн шүүгчийн захирамжийг хучингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь яллагдагч Э.Ү-д холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр товлож, шүүх хурлын зарыг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гаргаж, мөн өдөр прокурорт хүргүүлсэн байх ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хийсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр 9 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг “нээлттэй” хэлэлцүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төр, байгууллага, хувь хуний нууцыг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг нээлттэй явуулж болно” гэснийг тус тус зөрчжээ.

Шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хууль ёсны төлөөлөгчийн талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно. 1.1-д өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг;” тогтооно гэж, 2 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.1-д заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасны дагуу 18 насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих төрсөн эх нь “эрүүл мэндийн шалтгаанаар хохирогчийн эрх ашгийг хамгаалж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй, эрүүл мэндийн хувьд боломжгүй байгаа тул харин хамт амьдардаг төрсөн ах нь буюу анх цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан З.Галбадрахыг насанд хүрээгүй хохирогч З.Гэрэлтуяагийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож өгнө үү” гэж хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүн буюу төрсөн ах З.Галбадрахыг насанд хүрээгүй хохирогч З.Гэрэлтуяагийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуулиар хориглосон заалт байхгүй тул хууль зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Иймд Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн байх тул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1503 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Э.Ү нь 15 настай З.Гэрэлтуяаг “ээжийг архи уулгалаа” гэж хэлсний улмаас түүний гар луу гараараа цохиж, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж дүгнээд, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

 

Насанд хүрээгүй хохирогч З.Гэрэлтуяагийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ах З.Галбадрахыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, түүнийг байлцуулан хохирогчоос мэдүүлэг авчээ. /х 13/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь анхан шатны шүүхэд хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох ёстой.

 

Хэдийгээр шүүгчийн захирамжид дурдсан хуульд нэрлэн заагаагүй хүнийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон зөрчлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос гаргасан боловч энэхүү зөрчил нь шүүхээс гарах шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлөх, эсхүл нөлөөлж болзошгүй талаар анхан шатны шүүх огт дүгнээгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд нэрлэн заагаагүй хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хэргийн бодит байдлыг тогтооход тэрээр ямар саад учруулсан, насанд хүрээгүй хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг яаж хасаж, хязгаарласан үйл баримт хэрэгт алга.

 

Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хуульд нэрлэн заагаагүй хүнийг насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгчөөр тогтоосон нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх эсэхийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар хуульчилсан байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэхгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйл 1 дэх хэсэгт “...арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг нээлттэй явуулж болно”, 33.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ хуульд заасан үндэслэлээр хаалттай явуулж болно” тус тус заажээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл насанд хүрээгүй хохирогчтой хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг нээлттэй явуулсан байх бөгөөд нээлттэй явуулах болсон шалтгаан, үндэслэлээ заагаагүй нь дээрх хуулиудад нийцэхгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Э.Ү-д холбогдох хэргийг дахин урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1503 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Э.Ү-д холбогдох хэргийг дахин урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд хүргүүлэх хүртэл Э.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ