Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2023/0741/З |
Дугаар | 221/МА2024/0416 |
Огноо | 2024-06-26 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2024/0416
“М” ХХК, “М сервис” ХХК-иудын
нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Тэмүүлэн
Нэхэмжлэлийн шаардлага: “ЭТТ” ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан ЭТТ/202305001 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт “Сс” ХХК-ийг шалгаруулсан болон “М” ХХК, “М сервис” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үнэлгээг дахин хийлгэх
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0216
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, С.М, А.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2023/0741/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “М” ХХК болон “М сервис” ХХК нараас “ЭТТ” ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан ЭТТ/202305001 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт “Сс” ХХК-ийг шалгаруулсан болон “М” ХХК, “М сервис” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үнэлгээг дахин хийлгэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0216 дугаар шийдвэрээр:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.3.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК, М сервис ХХК-иас ЭТТ ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ЭТТ ХК-иас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан ЭТТ/202305001 дугаартай Цанхийн баруун уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэгчийг сонгох тендер-т Сс ХХК-ийг шалгаруулсан болон М ХХК, М сервис ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг буюу Үнэлгээний хорооны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүх тус захиргааны хэргийг шийдвэрлэж, шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлт байдалд огт дүгнэлт өгөөгүй, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар илэрсэн бодит нөхцөл байдал, шүүх хуралдаанд хийсэн үзлэгээр илэрсэн баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүдэд тухайлан нотлох баримтын эх сурвалжийг заагаагүй, харин маргаан бүхий актыг зөвтгөхдөө, түүний үндэслэлийг хуулбарлах байдлаар “ТШЗ-д ингэж заасан байна” “тиймээс тогтоогдож байна” гэх мэт байдлаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Угтаа шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд тендерийн баримт бичиг, зааварт тусгасан үйл ажиллагаа болон Тендерийн тухай хуулийг маргааны үйл баримтад тулгуурлан хууль тайлбарлах замаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.
3.2. Энэхүү маргааны хувьд
-нэхэмжлэгчээс тендерийн баримт бичигт зааснаар цахимаар илгээх ёстой баримтуудаа цаг хугацаанд нь илгээсэн эсэх,
-нэхэмжлэгчийн цахимаар илгээсэн баримт бичгийг хариуцагч Үнэлгээний хорооноос тендерийн баримт бичигт заасан хугацаанд шалгасан эсэх,
-гуравдагч этгээдийг “хамгийн сайн” гэж үнэлэхдээ түүний илгээсэн баримт бичиг нь тендерийн баримт бичиг болон хуульд нийцсэн эсэх,
-гуравдагч этгээдийг “хамгийн сайн” гэж үнэлж, шалгаруулахдаа бодит нөхцөл байдлыг тогтоосон эсэхэд байгаа юм.
3.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1-1.3-д заасан үндэслэлийн тухайд:
3.3.1. Маргаан бүхий акт болох “ЭТТ” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр буюу Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн нь хэсгийн 1 дэх заалтаар “М” ХХК болон “М сервис” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерээс хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, тендерийн баримт бичгийн 16.2.1, 16.2.2, 17.6.2, 17.6.3 дахь заалтад заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзэж тус тус татгалзав” гэж шийдвэрлэсэн байдаг.
3.3.2. Нэхэмжлэгчийг тендерээс татгалзаж шийдвэрлэхдээ ганцхан үндэслэл буюу тендерийн баримт бичигт заасан баримтуудаа цахимаар илгээгээгүй гэж татгалзсан байдаг юм. /Нэхэмжлэгчийн хүргүүлсэн баримт бичиг нь шаардлага хангасан хүний нөөцтэй эсэх, шаардлага хангасан техник хэрэгсэлтэй эсэх талаар маргаан байхгүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй болно/
3.3.3. Нэхэмжлэгчийн зүгээс тендерийн баримт бичгийн 16.2.1, 16.2.2, 17.6.2, 17.6.3 дахь заалтад заасны дагуу цахимаар баримтуудаа илгээсэн болох нь шүүх хуралдаанд хийсэн /Сиди болон хоёр талын notebook компьютер дээр хийсэн тендерийн цахим системд/ хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог болно.
3.3.4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт “... шүүх хуралдаанд шинжлэн судалсан тендерийн цахим системд авагдсан баримтуудаас үзвэл түншлэлийн гишүүн компани “М сервис” ХХК-ийн тендерийн баримт бичигт заасан холбогдох байгууллагын тодорхойлолтыг түншлэлийн гишүүн бүрээр, 6 ажилтны мэдээлэл, 165 мм-ээс нэмэх, хасах 20 мм өрмийн хошуутай 2 машин, 229 мм-ээс нэмэх, хасах 20 мм өрийн хошуутай 2 машины мэдээллийг тус тус ирүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж, “Хэдийгээр цаасан суурьтай баримтад Шүүхийн тусгай архивын тодорхойлолт хавсаргасан боловч цахимаар шалгахад тухайн баримтууд байгаагүйд хариуцагчийг буруутгах боломжгүй бөгөөд тендерийн баримт бичигт зааснаар тендер оролцогч нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох тендерийн баримт бичгийн тодруулга, нэмэлт мэдээлэл, нэмэлт өөрчлөлтийг тендер хүлээж авах эцсийн хугацаа хүртэл шалган нягталж, түүнд нийцүүлэн тендер бэлтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч компаниудын түншлэлийн тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзлээ” гэсэн нь огт үндэслэлгүй байна.
3.3.5. Учир нь шүүхийн дурдаад байгаа баримтуудаа нэхэмжлэгчийн зүгээс цахимаар илгээсэн, тухайн цаасан гэх баримт нь шүүхийн үзлэгээр илэрсэн буюу цахим системээс авсан болно. Шүүх хуралдаанд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийн эрхээр нэвтэрсэн www.tender.gov.mn сайтад үзлэг хийхэд “нэхэмжлэгч бүхий л баримт бичгүүдээ илгээсэн болох нь тов тодорхой тогтоогдсон”, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга А.Алимаагийн эрхээр www.tender.gov.mn сайтад нэвтрэн орж үзлэг хийхэд нэхэмжлэгчийн илгээсэн баримт бичгүүдийг 2023.07.06-ны өдөр шалгасан болох нь тогтоогдсон байдаг.
3.3.6. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт /Тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, шийдвэрлэсэн асуудал/ нь 2023.07.05-ны өдөр гарсан байхад, шийдвэр гарсны 1 хоногийн дараа нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт бичгийг 2023.07.06-ны өдөр шалгасан болох нь шүүх хуралдаанд хийсэн үзлэг, түүнд хавсаргасан фото зургаар тогтогдож байгаа учраас хариуцагчийг шийдвэр гаргахын өмнө бодит нөхцөл байдал тулгуурлан шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэгчийг www.tender.gov.mn сайтад тендерийн баримт бичгийн 16.2.1, 16.2.2, 17.6.2, 17.6.3 дахь заалтад заасны дагуу ирүүлээгүй гэх үндэслэл нь бүхэлдээ үгүйсгэгдэж байгаа юм.
3.3.7. Харин эсрэгээрээ нэхэмжлэгч талаас хэргийн үйл баримтыг тодруулахаар шүүх хуралдаанд асуулт, хариултын үе шатанд хариуцагч талаас хэд хэдэн асуулт асуухад хариуцагчаас тендерийг 2023.07.03-ны өдрийн 09:00 цаг хүртэл хүлээн авч, 09:30 цагт тендерийг хааж, шалгасан гэдэг. Гэтэл шүүх хуралдааны үзлэгийн үеэр тендерт оролцогч нарын тендерийн баримт бичгийг хүлээн авсан хугацаа, түүнийг хянасан хугацаа зэрэг нь өөр хоорондоо зөрчилдөөнтэй байсан нь тогтоогддог.
3.3.8. Нэхэмжлэгч зүгээс ТШЗ-ын 16.2.1, 16.2.2, 17.6.2, 17.6.3 дахь хэсэгт заасан “Анхааруулга” хэсгийг сайтар уншиж, танилцаж баримт бичгээ илгээсэн. Тодруулбал, хариуцагч Үнэлгээний хорооны нарийн бичгээс гуравдагч этгээдийн санал болгосон цахимаар илгээсэн хүний нөөц, техник хэрэгсэл зэргийг 2023.07.02-ны өдрийн 23:56 цагт бүртгэн хүлээн авч шалгасан атлаа, яг ижил нөхцөлтэйгөөр явуулсан нэхэмжлэгчийн 2023.06.30-ны өдөр илгээсэн баримтыг байхгүй мэтээр нягтлан шалгалгүйгээр түүнийг “цахимаар баримтаа ирүүлээгүй” гэх үндэслэлээр татгалзаж байгаа нь өрсөлдөх тэгш боломжтой байх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхгүй юм.
3.3.9. Энэ талаар шүүхээс үзлэг хийх явцад нэхэмжлэгчийг Үнэлгээний хороо шалгасан талаарх мэдээлэл нь байдаггүй, устгасан байж болох нөхцөл байдал тогтоогдсон буюу нэхэмжлэгчийн баримт бичгийг шийдвэр гаргасны дараа 2023.07.06-ны өдөр шалгаж байгаа нь шийдвэр гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэхгүй. Уг асуудлаа хариуцагч талаас зөвтгөн дахин шалгахад он, сар, өдөр нь өөрчлөгдсөн гэдэг байдлаар хандсан нь ойлгомжгүй. Хэрэвзээ тендерийн баримт бичгийг шалгах ёстой өдрөө шалгасан бол 2023.07.03-ны өдрийн огноотой гарч ирэх ёстой байсан. Хэрвээ 2023.07.03-ны өдөр шалгаад аливаа баримт бичиг илгээгүй, хариуцагчийн зүгээс өөрт хамааралгүй буюу цахим системтэй холбоотой алдаа гарсан бол Тендерийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасныг хэрэгжүүлэх боломжтой байсан байна.
3.4. Иймд нэхэмжлэгчийн зүгээс тендерийн баримт бичигт зааснаар бүхий л нотлох баримтуудаа илгээсэн байхад, илгээгүй мэтээр дүгнэж хариуцагчаас тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр буюу “Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн нь хэсгийн 1 дэх заалт”-аар “М” ХХК болон “М сервис” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерээс хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, тендерийн баримт бичгийн 16.2.1, 16.2.2, 17.6.2, 17.6.3 дахь заалтад заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзэж тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
3.5. “ЭТТ” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр буюу Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн нь хэсгийн 2 дахь заалтаар “Сс” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзсэн нь үндэслэлгүй талаар:
3.5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй “... хариуцагч гуравдагч этгээд хамгийн сайн гэж үнэлэхдээ түүний хүний нөөц болон техник тоног төхөөрөмжүүд ТШЗ-д заасан шаардлага хангаагүй, Зүүн цанхийн уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичгээ мөн Баруун цанхийн уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгон тендерт давхардуулан санал болгосон нь үндэслэлгүй” гэх тайлбар мэдүүлэгт огт дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай.
3.5.2. Тус захиргааны хэргээс өмнө нэхэмжлэгч нь “ЭТТ” ХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зарласан ЭТТ/202102387 дугаартай “Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэгчийг сонгох тендер (цаашид “Тендер” гэх)-т оролцсон. Тус тендер шалгаруулалтад нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “Спейшл майнинг серви” ХХК-иуд тус тус оролцсон байдаг. “ЭТТ” ХК-аас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12/304 тоот албан бичгээр манай тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд www.tender.gov.mn сайтад “Спейшл Майнинг сервис” ХХК-ийг шалгаруулсан талаар нийтэлсэн байсан тул “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”-ын дагуу шалгарсан оролцогчийн материалтай танилцахад тендерийн баримт бичигт заасан хүний нөөц, техникийн чадварыг хангаж чадахгүй байсан тул 2022 оны 02 дугаар 24-ний өдөр сангийн яаманд гомдол гаргасан.
3.5.3. Сангийн яамнаас бидний гомдлыг хянан үзээд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 6-1/1226 тоот албан бичгээр бидний гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгон хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн дахин явуулахыг даалгасан. “ЭТТ” ХК-иас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тендерээс татгалзаж тус тендерийг хүчингүй болгосон талаар оролцогч нарт хариу ирүүлсэн бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дахин тендер зарлагдаж байсан ба тодорхойгүй шалтгаанаар манай тендерээс татгалзан “Спейшл майнинг сервис” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг.
-Үүнийг бид УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан “Нүүрсний сонсгол” -оор Монгол улсын стратегийн томоохон ордууд болох Цанхийн баруун уурхай, Цанхийн зүүн уурхай, Бортээгийн уурхайд 2019-2023 онуудад “Спейшл майнинг сервис” ХХК нүүрсний өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэж байгаагаас тус ЭТТ/202102387 тоот тендерийг шүүхийн шийдвэрийн дагуу гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар дурдсанаар олж мэдсэн байдаг юм.
Нэхэмжлэгчийн зүгээс Цанхийн зүүн уурхайн тендерт оролцох ёстой байсан боловч анхан шатны шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр болсон шүүх хуралдаанд манай компанийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй “Спейшл майнинг сервис” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэсэн байх бөгөөд 128/шш2022/0562 тоот шийдвэрийг шүүхийн цахим системд нууцалсан байгааг юуны өмнө дурдах нь зүйтэй байна. /Shuukhmn нууцлалтай шүүгч С.Ганбат/
Энэ талаар холбогдох хүсэлтээ гарган шүүхийн шийдвэрийг авах гэсэн боловч шүүхийн Тамгын газрын дарга Батхүү нь хэргийн оролцогч биш этгээдэд гаргаж өгөхгүй, шүүхийн шийдвэр нууцлалтай гэх хариуг өгсөн учраас бид нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй, гэвч шүүх хуралдаанд үзлэг хийх явцад гуравдагч этгээд нь Цанхийн зүүн уурхайн тендерт санал болгосон хүний нөөц, техник хэрэгслээ одоогийн маргаж буй Цанхийн баруун уурхайн тендерт давхардуулан санал болгосон нь тогтоогдсон. Энэ талаар мэтгэлцсэн боловч шүүхээс аливаа дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.6. Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэх ажлын даалгаврын 2 дугаар зүйлийн 2.1.4-д “Цаг ашиглалт болон техникийн бэлэн байдлыг 85-аас доошгүй хувьтай байх”, 2.1.5-д “Тэсэлгээний болон тэсэлгээний цооног бэлтгэх ажлыг өгөгдсөн хуваарийн дагуу саадгүй хийж гүйцэтгэхэд шаардлагатай, асуудлуудыг бүрэн шийдвэрлэх чадамжтай байх” гээд 2.3 дахь хэсэгт Тэсэлгээний болон тэсэлгээний цооног бэлтгэх ажилд ашиглагдах техник хэрэгсэл, машин механизм гэж тодорхойлсон. Үүнд 2.3.1-д “Уулын ажлын төлөвлөгөө, зураг төсөл, уурхайн уулын ажлын горим хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн тэсэлгээний болон тэсэлгээний цооног бэлтгэх ажил хийх хангалттай хүчин чадалтай, иж бүрэн үндсэн тоног төхөөрөмжүүдтэй байна”, 2.3.2-д “Уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжүүдийг тоо, бүтээл, ашиглалтад орсон огноо, техникийн бэлэн байдал зэрэг бусад нарийвчилсан үзүүлэлтүүдийг харуулсан дэлгэрэнгүй мэдээлэлтэй байна”, 2.3.4 дэх хэсэгт “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн дагуу техник, тоног төхөөрөмжийн хувьд холбогдох хүчин төгөлдөр зөвшөөрөл шаардлагыг хавсарган ирүүлнэ” гэж заасныг гуравдагч этгээд хангаагүй, түүний санал болгосон техник тээврийн хэрэгслүүд нь Зүүн уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгон тендертэй иж бүрэн үндсэн тоног төхөөрөмж, хүний нөөц зэрэг нь давхардсан болох нь талуудын тайлбараар, тэдгээр техникүүд үзлэг оношилгоонд ороогүй нь Автотээврийн лавлагаа зэргээр тогтоогдсон байхад хариуцагчаас “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзсэн нь хууль бус байна.
3.6.1. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нэг хүний нөөц, нэг техник тоног төхөөрөмжөө давхардуулан 2 уурхайн тендерт санал болгож байгаа нь Зүүн болон Баруун уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэл хэрэгжих боломжгүй нь мөн Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэх ажлын даалгаврын 4 дэх хэсэгт заасан “Үйл ажиллагааны хуваарьт заасан”-аар “... уулын цулын хэмжээ 1-р жилд 1-9 сарын дотор 22,753,444.8 м3, 2-р жилд 10-21 сар 46,800,000 м3, 3-р жилд 67,200,000 м3, 4-р жилд 34-36 сар 16,800,000 м3, нийт 153,553,444.8 м3 талбайн ажлыг хийж гүйцэтгэх” гэж зааснаар тодорхойлогдож байна.
3.6.2. Тодруулбал, хариуцагч Үнэлгээний хороо нэг хүний нөөц, нэг тоног төхөөрөмжүүдээ 2 уурхайн тендерт санал болгосныг мэдээгүй гэх үндэслэл байхгүй, зүүн болон баруун цанхийн уурхайд нэг тоног төхөөрөмжүүдээр энэ ажлуудыг зэрэг хийж гүйцэтгэх боломжгүй бодит нөхцөл байдлыг тодорхойлоогүй, гэрээний хэрэгжилтийг гуравдагч этгээд захиалагч нар хэрхэн яаж хангах эсэхийг нягтлаагүй нь Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага” гэж заасныг зөрчиж шалгаруулсан байхад шүүх үүнийг анхаараагүй, энэ талаар аливаа дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
3.7. Нөгөө талаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Үнэлгээний хороог шийдвэр гаргахдаа ерөнхий нөхцөлийг магадлаагүй гэж маргасан. Тухайлбал, дээр дурдсанаар Зүүн уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерт гуравдагч этгээд шүүхэд хаалттай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа хангуулсан, улмаар захиалагч “ЭТТ” ХК болон гуравдагч этгээд “Сс” ХХК нь гэрээ байгуулж, нэг ашиг сонирхолтой буюу нэг зорилгын төлөө ажиллаж байгаа нэгдмэл ашиг сонирхолтой этгээд болохын хувьд Тендерийн тухай хуулийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ” гээд 14.1.5-д “тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, ... нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” гэж заасан шаардлагыг хангаагүй байхад Үнэлгээний хорооноос гуравдагч этгээдийг ерөнхий нөхцөлийг хангасан мэтээр “хамгийн сайн” гэж шалгаруулсан нь үндэслэлгүй юм.
3.8. “ЭТТ” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр буюу Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн нь хэсгийн 2 дахь заалтаар “Сс” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзсэнтэй уялдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27 дугаар зүйлийн 27.3-т “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад,
-Үнэлгээний хороо нь Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийг зохион байгуулахдаа техникийн тодорхойлолтын салшгүй хэсэг болох Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэх ажлын даалгаврын 2 дугаар зүйлд зааснаар Цанхийн зүүн уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгон тендерт санал болгосон хүний нөөц, техник хэрэгслээ давхардуулан санал болгосон байхад гуравдагч этгээдийн тендерийг хянан үзэх шатнаас хасалгүйгээр, Үнэлгээний шатанд оруулж, хуулийн дээрх заалтыг зөрчсөн, ийм ч учраас нэхэмжлэгч тал тендерт хянан үзэх шатанд гуравдагч этгээд хасагдах байсан, техникийн тодорхойлолтод заасан техник хэрэгсэл, хүний нөөцөө ирүүлээгүй гэж маргасныг үгүйсгэх боломжгүй юм.
3.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заасан тул шаардлагад нийцсэн тендерийг үнэлгээний шатанд оруулах зарчимтай, энэ тохиолдолд гуравдагч этгээд нь Цанхийн зүүн уурхайн тэсэлгээний сонгон шалгаруулалтад нийлүүлсэн хүний нөөц, техник хэрэгслээ Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад санал болгож давхардуулсан тул үнэлгээний шатанд оруулахгүйгээр татгалзах ёстой байсан.
3.9.1. Гэтэл анхан шатны шүүхийн Үндэслэх хэсгийн 3.1-3.2 дахь хэсгээр тухайн асуудлыг зөвтгөж, аливаа дүгнэлт хийлгүйгээр “гуравдагч этгээдийн санал болгосон тендерийн шаардлагыг хангасан болох нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруутгаж, хуулийг буруу тайлбарласан, Үнэлгээний хороо шийдвэр гаргахдаа техникийн тодорхойлолт болон тендерт оролцогчоос ирүүлсэн хүний нөөц, техник хэрэгсэл давхардуулсан талаар дүгнэлт өгөөгүй, ямар үндэслэлээр гуравдагч этгээдийг “хамгийн сайн” шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй тул Үнэлгээний хороог хууль, журмын дагуу техникийн тодорхойлолтыг хянан үзсэн гэж үзэхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юм.
3.10. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нэгэнт бидний хүргүүлсэн цахим баримтуудыг шалгаагүй учраас, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгахаар маргасан. Тухайлбал, нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн эсэхэд хариуцагч “баримтаа цахимаар ирүүлээгүй” гэх үндэслэлийг заасан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
3.10.1. Мөн тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр буюу Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн нь хэсгийн 2 дахь заалтаар “Сс” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т ““тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно” гэж зааснаас үзэхэд тендер шалгаруулалтын үйл ажиллагаанаас гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон тендерийн гэрээг салгаж ойлгох хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна, нэхэмжлэгчийг тендерийн шаардлагыг нийцээгүй гэж татгалзсан атлаа гуравдагч этгээдийг “хамгийн сайн” үнэлэгдсэн гэсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг тендерийн шаардлага хангаагүй гэж татгалзаж, түүний илгээсэн баримтуудыг үнэлээгүй атлаа, хэнтэй ч өрсөлдөөгүй гуравдагч этгээдийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзсэн нь Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудал нь логик уялдаа холбоогүй байна.
3.11. Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно” гээд 27.2.1-д “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”, 27.2.2-д “захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх” гэж тус тус заасан. Дээрх дурдсанаар гуравдагч этгээд хүний нөөц, техник тоног төхөөрөмжүүдээ давхардуулан санал болгосон эсэх талаар шүүх дүгнэлт өгөөгүй, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй тул Тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан өрсөлдөх тэгш боломжтой байх, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс гуравдагч этгээдийн тендер нь шаардлагад нийцээгүй тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх” гэж заасантай үл нийцэх шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
3.11.1. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгчийн илгээсэн баримт бичгүүдийг “ирүүлээгүй талаар” хөтөлбөргүй тогтоогоогүй, хэрэв тогтоосон байсан гэж үзэхэд гуравдагч этгээд нь мөн хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн асуудалд үндэслэж, гуравдагч этгээдийн шаардлагад нийцсэн гэж үзэх нь худалдан авах ажиллагааны зарчим болон зорилгод үл нийцэхээр юм.
3.12. Субьектив санаа зорилгоор гуравдагч этгээдийг шалгаруулсан тухайд:
3.12.1. Хэрэгт авагдсан Үнэлгээний хорооны 2023.05.11-ний өдрийн №02 дугаар хурлын тэмдэглэл хэсгийн сүүлийн хэсгийг судлахад “1-р хавтас хэргийн 110 хуудасны арын хэсэг”, Үнэлгээний хорооны гишүүн Г.Ариунжаргалаас “Одоо хийж байгаа ажилтай бол яах уу”, Үнэлгээний хорооны гишүүн Д.Цагаан-Өвгөн “Гэрээгээр зохицуулагдах байх”, Үнэлгээний хорооны гишүүн Б.Баярцэцэг “Шалгарсан тохиолдолд хэлэлцээнийхээ үед наад асуудлаа тохирчихож болно” гэх зэрэг нь гуравдагч этгээдийг Зүүн уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчээр шалгарсантай холбоотойгоор дахин урьдчилсан байдлаар Баруун уурхайн тэсэлгээний ажлыг гуравдагч этгээдэд өгөх санаа зорилгоо илэрхийлсэн. Энэ нь Үнэлгээний хорооны гишүүд хараат бус байх зарчмаа алдсан гэж үзэхээр байна.
Иймд “М” ХХК, “М сервис” ХХК-иуд “ЭТТ” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “... “ЭТТ” ХК-иас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан ЭТТ/202305001 дугаартай “Цанхийн баруун уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт “Сс” ХХК-ийг шалгаруулсан болон “М” ХХК, “М сервис” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. “ЭТТ” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр “М” ХХК болон “М сервис” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1, 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.2.1, 16.2.2, 17.6.2, 17.6.3-д заасан шаардлагад нийцээгүй буюу Түншлэлийн гишүүд нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг тус тус Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан ирүүлээгүй, тэсэлгээний удирдагч, тэсэлгээчин ... ажилтны мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан санал болгож ирүүлээгүй, тэсэлгээний цооног .... машины мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан санал болгож ирүүлээгүй” гэсэн үндэслэлүүдээр шаардлага хангаагүй гэж үзэж татгалзаж, “Сс” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж, гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч “М” ХХК болон “М сервис” ХХК нараас “ЭТТ” ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан ЭТТ/202305001 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт “Сс” ХХК-ийг шалгаруулсан болон “М” ХХК, “М сервис” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үнэлгээг дахин хийлгэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4. Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичгийн 16-д Ерөнхий нөхцөлийг магадлахад шаардлагатай баримт бичиг гэж заасан байх бөгөөд 16.2-т “Монгол Улсын хуулийн этгээд нь дараах баримт бичгийг ирүүлнэ:” 16.2.1-т “тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн хугацаанд оролцсон иргэний хэрэг, маргааны талаар шүүхийн архивын байгууллагаас холбогдох дүрэм, журмын хүрээнд гаргасан тодорхойлолт” гэж, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 8.2-т “Тендер оролцогч нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох тендерийн баримт бичгийн тодруулга, нэмэлт мэдээлэл, нэмэлт, өөрчлөлтийг тендер хүлээж авах эцсийн хугацаа хүртэл шалган нягталж, түүнд нийцүүлэн тендер бэлтгэх үүрэгтэй”, 16.2.1-д “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) ээр дамжуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолт ирүүлнэ”, 16.2.2-д “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ”, 17.9-д “Түншлэлийн гишүүд дараах нэмэлт шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд: f)түншлэлийн гишүүн бүр энэхүү ТӨХ-д заасан бүх мэдээллийг тус бүрдээ гаргаж, тендерийн хамт ирүүлнэ” гэж тус тус заажээ.
5. Хэрэгт авагдсан тендерийн баримтын нэхэмжлэгч талаас хүргүүлсэн гэх цаасан суурьтай баримтад Шүүхийн тусгай архивын тодорхойлолт хавсаргагдсан байх боловч хариуцагчаас “цахимаар шалгахад тухайн баримтууд байгаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсаныг буруу биш гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь,
5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д ““тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” гэж зааснаар тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарахаар байх бөгөөд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан.
5.2. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу тендерт оролцогч нь тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзэх тохиолдолд энэ талаарх тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрхтэй байна. Гэтэл нэхэмжлэгчээс тендерийн баримт бичигтэй холбоотой шаардлага, үндэслэлийг эс зөвшөөрч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаагүй, захиалагчаас тодруулга авч байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд тендер шалгаруулалтыг зохион байгуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
5.3. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас хүргүүлсэн цахим баримтыг шинжлэн судалсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... “М” ХХК-ийн шүүхийн тусгай архивын тодорхойлолт болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтууд харагдаж байсан боловч “М сервис” ХХК-ийн эдгээр тодорхойлолтууд тендерийн үнэлгээ хийх 7 дугаар сарын 05-ны өдөр байгаагүй, харин маргааш нь дахин шалгахад системд татагдсан байсан” гэж тайлбарласан нь ойлгомжгүй байх боловч хэрэгт хавсаргагдсан CD дээрх М нэртэй файлууд дотор “М” ХХК-ийн шүүхийн тусгай архивын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа байх боловч “М сервис” ХХК-ийн эдгээр лавлагаа байхгүй, энэ талаар үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд туссан болох нь тогтоогдсон байна.
5.4. Иймээс Үнэлгээний хороо “М сервис” ХХК-ийн шүүхийн тусгай архивын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим лавлагаа байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.2.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхээр байна.
5.5. Мөн Үнэлгээний хороо Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.5.2-т ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөц”, тэсэлгээний удирдагч 4 тэсэлгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай, уул уурхайн инженер мэргэжилтэй, тэсэлгээчний нэгдсэн үнэмлэхтэй байх, тэсэлгээний нэгдсэн үнэмлэхтэй, тэсэлгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай тэсэлгээчин 4 байх гэсэн шаардлагыг хангаагүй, мөн зааварчилгааны 17.6.3-т үйлчилгээ гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, машин механизмын мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим системээр санал болгоно” гэж заасан шаардлагуудыг хангаагүй буюу цахим системээр санал болгоогүй гэж тендерээс татгалзсан, энэ талаар үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, шийдвэр, нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт тодорхой туссан байна.
5.6. Анхан шатны шүүхийн “... Хэрэгт авагдсан тендерийн цахим баримт, хариуцагч үнэлгээний хорооны тендер шалгасан цахим баримтууд болон шүүх хуралдаан шинжлэн судалсан тендерийн цахим системд авагдсан баримтуудаас үзвэл түншлэлийн гишүүн компани “М сервис” ХХК тендерийн баримт бичигт заасан холбогдох байгууллагын тодорхойлолтыг түншлэлийн гишүүн бүрээр, 6 ажилтны мэдээлэл, 165 мм-ээс нэмэх, хасах 20 мм өрмийн хошуутай 2 машин, 229 мм-ээс нэмэх, хасах 20 мм өрмийн хошуутай 2 машины мэдээллийг тус тус ирүүлээгүй болох нь тогтоогдож байна. “ гэж дүгнэсэн хэсэгтэй холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж шийдвэрлэхдээ ганцхан үндэслэл буюу тендерийн баримт бичигт заасан баримтуудаа цахимаар илгээгээгүй гэж татгалзсан байдаг юм. Нэхэмжлэгчийн хүргүүлсэн баримт бичиг нь шаардлага хангасан хүний нөөцтэй эсэх, шаардлага хангасан техник хэрэгсэлтэй эсэх талаар маргаан байхгүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй болно/ гэсэн байх тул нэхэмжлэгчийн тендерийн хүний нөөцтэй холбоотой хэсэгт шүүх тухайлан дүгнэлт хийгээгүйг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.
5.7. Хэрэгт авагдсан хариуцагч үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлээр 5 гишүүнтэй буюу 85.7 хувийн ирцтэйгээр хуралдсан байх бөгөөд уг хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан үндэслэлүүд тус бүр дээр цахим системээр илгээгээгүй талаар үнэлгээний хорооны гишүүд санал нэгтэй байсан нь тодорхой тусгагдсан, мөн хэрэгт хавсаргагдсан CD дээрх “М” гэсэн файлууд дотор үнэлгээний хорооны татгалзсан үндэслэлтэй холбоотой баримтууд авагдаагүй байх тул шүүх үнэлгээний хорооны нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан холбогдох баримтуудыг цахим системээр санал болгоогүй гэсэн үндэслэлийг няцаах боломжгүй байна.
5.8. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... баримтуудаа нэхэмжлэгчийн зүгээс цахимаар илгээсэн, ... шүүх хуралдаанд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхээр нэвтэрч үзлэг хийхэд баримтууд илгээсэн нь тогтоогдсон ... харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...ийн эрхээр нэвтрэхэд нэхэмжлэгчийн илгээсэн баримт бичгүүдийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шалгасан нь тогтоогдсон ... тендерийн баримт бичгийн 16.2.1 ... заалтуудад заасны дагуу ирүүлээгүй гэх үндэслэл ... үгүйсгэгдэж байгаа” гэж тайлбарласныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
5.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно”, 16.3-д “Захиалагч энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 16.5-д “Оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна” гэжээ.
5.10. Тендерийн баримт бичгийн 17.2.1-т харилцагч банкны мэдээлэл, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.1-т “харилцагч банкны хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ” гэж харилцаж байгаа банк, тухайн харилцагч банканд зээл хүү, өр төлбөрийн тодорхойлолт заасан буюу бүх банкны мэдээлэл шаардлагатай гэж заагаагүй, ТШЗ 17.6.2-т “тэсэлгээний удирдагч нь тэсэлгээний чиглэлээр ... ажилласан ... байх ...” гэж тус тус заасан байх тул анхан шатны шүүх “... гуравдагч этгээд ... нь Төрийн банканд идэвхтэй данс ашигласан данс байхгүй болох нь тогтоогдсон ... хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөргүй тул төрийн банкнаас тодорхойлолт аваагүй гэж буруутгах үндэслэлгүй ... “... тэсэлгээчнээр ажилласан байх шаардлага тавигдаагүй тул гуравдагч этгээдийн тендерт хавсаргасан ажилтнуудын үнэмлэх баримт бичгүүдээс дээрх шаардлагад хангагдсан нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь буруу биш байна.
5.11. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргасан хүрээнд “гуравдагч этгээдийн тендерийн боловсон хүчин давхацсан байхад мөн машин тоног төхөөрөмж фидуцийн гэрээтэй тул татгалзсан байсан” гэх зэрэг үндэслэлүүдтэй холбогдуулан “... тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-д зааснаар гуравдагч этгээдийн инженер, техникийн ажилтнуудын 50 хувь нь үндсэн ажилтан байх шаардлагад Б.Шинэбаярыг оруулахгүйгээр хүрч байсан учир шалгаруулсан гэх хариуцагчийн тайлбар буруутгах боломжгүй … тоног төхөөрөмж өөрийн эсэх түрээслэх бол гэрээг хавсаргахаар заасан ба фидуцийн гэрээний талаар тендерийн баримт бичигт тусгагдаагүй тул машин механизм фидуцийн гэрээтэй тул тендерээс татгалзах байсан гэх нэхэмжлэгчийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй ... Мөн тендерийн баримт бичигт техник хэрэгсэл, машин механизм заавал улсын үзлэгт орсон байхыг шаардаагүй байна” гэх зэрэг үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн санал болгосон тендерийн материал хэрэгт авагдсан хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн талаар үндэстэй зөв дүгнэлт хийсэн байна.
5.12. Мөн Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-д “Жич: Үнийн саналын хамт тэсэлгээний ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон, нийт үнээр ирүүлнэ. Уг задаргаанд Шүүний үнэ, тэсэлгээний хэрэгсэл ажилтны цалин хөлс, тоног төхөөрөмжийн элэгдэл, түлш шатахуун шатах тослох материал, сэлбэг, дугуй, удирдлага болон кемпийн зардал, хөдөлмөр хамгаалал болон магадалшгүй ажил зэрэг өртөгт нөлөөлөх бүх үзүүлэлтийг оруулсан байна. Тэсэлгээний тоо хэмжээ өндөр жилүүдэд нэгжийн үнийг анхны нэгж өртгөөс хэтрүүлэхгүйгээр бууруулан тооцож болох бөгөөд хэрвээ жил бүр өөр нэгж үнээр үнийн санал ирүүлэх бол дэлгэрэнгүй задаргааг ирүүлнэ. Анхны нэгж үнэ гэж тендерт оролцогчийн ирүүлсэн 2023 оны тэсэлгээний ажлын суурь нэгж үнийг тооцно”гэж заажээ.
5.13. Хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн тендерийн баримт бичигт хавсаргасан гүйцэтгэх ажлын нэгж үнийн хуваарь болон задаргаа гэх баримтаас үзвэл цалин хөлс, тоног төхөөрөмжийн элэгдэл, түлш шатахуун шатах тослох материал, сэлбэг, дугуй, удирдлага болон кемпийн зардал, хөдөлмөр хамгаалал болон магадалшгүй ажил зэрэг өртөгт нөлөөлөх үзүүлэлтүүдийг тусгаж заасан байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх маргасан үндэслэлийг анхан шатны шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн нь зөв байна.
5.14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д ““тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” гэж зааснаар тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарахаар байх бөгөөд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан.
5.15. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу тендерт оролцогч нь тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзэх тохиолдолд энэ талаарх тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрхтэй байна. Гэтэл нэхэмжлэгчээс тендерийн баримт бичигтэй холбоотой шаардлага, үндэслэлийг эс зөвшөөрч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаагүй, захиалагчаас тодруулга авч байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд тендер шалгаруулалтыг зохион байгуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
5.16. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19-д "түншлэл" гэж гэрээний дагуу нэг тендер ирүүлсэн хэд хэдэн аж ахуй эрхлэгчийг”, 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Түншлэлийн гишүүн тус бүр ерөнхий шаардлага хангасан байх бөгөөд холбогдох мэдэгдэл, баримт бичгийг энэ хуулийн 7.2, 7.3-т зааснаар ирүүлнэ”, 16.6-д “Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих санхүүгийн чадавхын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 17.5-д “Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих техникийн чадавх, туршлагын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж тус тус заасан.
5.17. Хэрэгт авагдсан Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичиг ТШЗ болон Тендерийн өгөгдлийн хүснэгт, Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэх ажлын даалгавар зэрэг тендерийн баримт бичигт “өөр тендерт санал болгосон хүний нөөц, тоног төхөөрөмжийг давхардуулан санал болгохыг хязгаарласан” болон ийм нөхцөл үүссэн эсэхийг үнэлгээний хороо шалгаж нягтлах үүрэгтэй талаар тусгагдаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Зүүн цанхийн уурхайн тэсэлгээний ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичгээ Баруун цанхийн уурхайн тэсэлгээний ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендерт давхардуулан санал болгосон нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй, байна.
5.18. Өөрөөр хэлбэл, нэгэнт Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичиг бүхэлдээ хүчин төгөлдөр байх тул уг хүчин төгөлдөр баримт бичигт үндэслэн тендер шалгаруулалтыг явуулсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүйн дээр нэхэмжлэгчээс гомдлын энэ талаарх агуулгын хууль зүйн үндэслэлийг буюу ямар эрх зүйн баримт бичигт энэ талаарх шаардлага тусгагдсан байхад үнэлгээний хороо зөрчиж шалгаруулалт явуулсан талаар тайлбарлаагүйг дурдах нь зүйтэй байна.
5.19. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендерийн нэхэмжлэгч “М” ХХК болон “М сервис” ХХК-иудын түншлэлээс 198.941.810.079 төгрөгийн, “Спейшл майнинг сервис” ХХК-аас 183.957.026.870 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч Үнэлгээний хороо бага үнийн санал бүхий гуравдагч этгээдийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан худалдан авах ажиллагааны зарчим болон мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д “Шаардлагад нийцсэн тендерийг дараахь байдлаар харьцуулж үнэлнэ:, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасан тендерийг харьцуулж үнэлэх журамд нийцсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ