| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0735/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/765 |
| Огноо | 2022-07-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/765
2022 7 28 2022/ШЦТ/765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0735/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,
улсын яллагч Д.Д,
шүүгдэгч Б.У /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б.У-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, охины хамт Улаанбаатар хот, ..........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн ..... овогт Б.У /РД: ....../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.У нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “.....” ХХК-ийн худалдагчаар ажиллаж байсан нөхцөл байдлаа давуу тал болгож, “.......” ХХК-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаас тус компанийн захиалсан 240 литрийн багтаамжтай 7 ширхэг савыг нийлүүлэх мэтээр хуурч, “танай захиалсан барааг нийлүүлнэ, би одоогийн байдлаар ажлаа өгсөн байгаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” төв дотроос шилжүүлсэн савны үнэ болох 2.063.600 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ..... тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 500.000 төгрөг төлсөн. Ажилгүй байгаа тул хохирлыг бүрэн төлж барагдуулж чадаагүй байгаа. Би ажлын зар харж байгаад ажил хөдөлмөр эрхэлнэ. Хохирлын хэсэгчлэн төлж барагдуулах бөгөөд 8 дугаар сард багтааж хуваан төлнө.” гэв.
Хавтаст хэргээс:
Б.У-ын Хаан банкинд эзэмшдэг .... тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн: “...... ХХК-ийн ...... тоот данснаас Хаан банкны ...... тоот данс руу 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 2.063.000 төгрөг шилжиж орсон...” гэм тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал)
Б.У-ын Хаан банкинд эзэмшдэг ........тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 18 дахь тал)
Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сард манай байгууллага “......” ХХК-аас 12 ширхэг хогийн савыг 1.473.000 төгрөгөөр худалдсан авсан. Тэгээд 7 ширхэг хогийн савны захиалга үлдсэн юм. Дараа нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр У над руу ........ дугаараас залгаад “таны захиалсан бараа ирсэн байна, худалдан авалт хийх үү, үгүй бол өөр хүмүүс авах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд би өмнө нь Уас 5 ширхэг хогийн сав авч байсан болохоор итгэл төрөөд түүний Хаан банкны ......... тоот данс руу ......... төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2022.02.29-ний өдөр У руу бараагаа авахаар залгахад тэрээр “таны захиалсан барааны өнгө нь таарахгүй байна, өөр өнгөтэй бараа ирсэн байна” гэх мэт зүйлсийг хэлж хойшлуулаад байсан. Уг өдрөөс хойш 2 долоо хоногийн дараа би Уянгын ажил болох “..............” ХХК дээр очиход тэрээр аль хэдийн ажлаасаа гарсан байсан. Дараа нь У над руу өөрөө .......... дугаараас залгаад “би хогийн сав өгнө, би ажлаасаа гарсан байгаа” гэх мэт зүйлийг ярьж байсан. Сүүлдээ хогийн сав өгч чадахаа болиод “мөнгө буцааж өгнө” гэж хэлээд одоог хүртэл мөнгө өгөөгүй байгаа юм. Харин У нь надад 2.063.600 төгрөгийг төлөхөөр график гаргаж өгсөн. Тус графикийн дагуу 2022.05.25-ны өдөр 500.000 төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2022.7.10-ны өдөр 563.600 төгрөг шилжүүлэхээр болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 35-37 дахь тал)
Яллагдагч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би Хаан банкны ....... дугаарын данс руу өөрийн Хаан банкинд эзэмшдэг ......... тоот данснаас интернэт банк ашиглан шилжүүлж хувьдаа зарцуулсан юм. Уг мөнгийг буцааж өгье гэж бодсон боловч би ажлаасаа гарсан болохоор М гэдэг хүнд буцааж өгч чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б.У нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “......” ХХК-ийн худалдагчаар ажиллаж байсан нөхцөл байдлаа давуу тал болгож, “.......” ХХК-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаас тус компанийн захиалсан 240 литрийн багтаамжтай 7 ширхэг савыг нийлүүлэх мэтээр хуурч, “танай захиалсан барааг нийлүүлнэ, би одоогийн байдлаар ажлаа өгсөн байгаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, савны үнэ болох 2.063.600 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны .........тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг мөн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Б.У-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.У-ын хувьд амар хялбар аргаар амьдрах гэсэн шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч “.............” ХХК-ийн төлөөлөгч О.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоосоо 500.000 төгрөг хүлээж авсан. Хохирол төлөх график гаргасан боловч одоог хүртэл төлөөгүй. Иймд үлдсэн хохирол 1.563.600 төгрөгийг нэхэмжилж байна. Би шүүх хуралдаанд очиж амжихгүй байна.” гэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.У-с 1.563.600 төгрөгийг гаргуулж, хохирогч “..........” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.У-д 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Б.У-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.У нь урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан, нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн- 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ......... овогт Б.У бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан урьд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Б.У-ын биечлэн эдлэх торгуулийн ялыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.У-аас 1.563.000 /нэг сая таван зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч “......” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР