Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч И.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуасай овогт Иваны Золжаргалд холбогдох эрүүгийн 2221000000298 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг, “Мардай” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/131 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялаас 7 сар 24 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Хуасай овогт Иваны Золжаргал /РД: ЦЗ 78022371/.

Шүүгдэгч Иваны Золжаргал нь Дорнод аймгийн Дашбалбар сумын “Мардай” гэх газарт байх өөрийн гэртээ хамтран амьдрагч П.Саруултуяаг гэр бүлийн харьцааны үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И.Золжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа зөвшөөрч байна. Гурван удаа зодсонд маргах зүйлгүй” гэв. 

Хохирогч П.Саруултуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дашбалбар сумын 1-р багийн нутаг “Мардай” гэх газарт одоогоор хамтран амьдрагч Золжаргал өөрийн охин Цэлмүүн нарын хамтаар оршин сууж байна. ...2022 оны 07 дугаар сард манай хамтран амьдрагч Золжаргал бид 2 хөршүүд болох Шонхоо буюу Түмэн-Эрдэнэ, түүний нөхөр Баатарын хамтаар Дашбалбар сумын 1-р багийн нутагт оршин суух гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед манай гэрт бид дөрвөөс өөр хүн байгаагүй бөгөөд энэ үед Золжаргалтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсан. Тэгтэл Золжаргал уурлаад миний хөл рүү хэд хэдэн удаа өшиглөж, гараараа миний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисон. Энэ үед Баатар тухайн асуудлыг харсан бөгөөд Шонхоо буюу Түмэн-Эрдэнэ тасраад уначихсан байсан. Тухайн асуудлын улмаас миний хөл гар, нүүр ам хавдсан. Үүнээс хэд хоногийн дараа манай охин Цэлмүүн гэртээ ирсэн бөгөөд миний биеийн байдлыг хараад “Та яагаа вэ” гэхээр нь “Ээж нь мотоциклоос унаад гэмтсэн юм аа” гэж тухайн үедээ худлаа хэлсэн. Гэхдээ сүүлд тухайн үед Золжаргалд зодуулсан талаар түүнд болон гэрийнхэндээ хэлсэн. ...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэртээ би хамтран амьдрагч Золжаргал, охин Цэлмүүн нарын хамтаар байж байхад Золжаргал бид 2 үхрийн махны наймаан дээрээс болж маргасан. Энэ үед Золжаргал уурлаад гараараа миний толгой руу нэг удаа цохиод сууж байсан сандлыг маань өшиглөж байсан. Тухайн үед Цэлмүүн айгаад уйлтал Золжаргал намайг зодохоо больсон. Золжаргал архи уугаагүй эрүүл байсан ба миний толгой тухайн үедээ их өвдөж байсан. Гэхдээ эмнэлэгт үзүүлээгүй учраас ямар нэгэн баримт байхгүй. ...2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрийн гадаа хамтран амьдрагч Золжаргал, охин Цэлмүүн, хөрш Шонхоо буюу Түмэн-Эрдэнэ, түүний нөхөр Баатар бид нар байж байхад Золжаргал надаас цайны идээ, давс асуусан. Тэгэхээр нь дууссан шүү дээ гэж хэлэхэд тэрээр уурлаад гартаа барьж явсан хог түүдэг төмрөөр миний бөгсөн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд Баатар, Түмэн-Эрдэнэ нар намайг хашгирах үед ирээд Золжаргалыг надаас салгасан. Энэ үед охин маань уйлсан бөгөөд Золжаргал гараараа түүнийг түлхээд газарт унагасан. Сүүлийн үед жаахан ууртай болчихсон бөгөөд нийтдээ намайг энэ онд 3 удаа зодож байна. ...Миний хувьд гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 14-16, 19-20/

Насанд хүрээгүй гэрч Д.Цэлмүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 4ë ангид суралцдаг бөгөөд 2022 оны 06 дугаар сард хичээл амарсан учраас ээж Саруултуяагийн оршин суух Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “Мардай” гэх газарт ирсэн. Тухайн үед ээжтэй хамт нэг танихгүй ах байсан бөгөөд ээж надад хэлэхдээ “манай найз” гэж хэлж байсан. Тэгээд бид 3 хамтдаа амьдрах болсон. Миний хувьд 2022 оны 06 дугаар сарын сүүлээр 7 дугаар сарын эхээр би ах Тэлмэний хамтаар өөрийн оршин суух гэрээсээ ээж Саруултуяагийн төрсөн ах Дамдин гэдэг айл руу очоод 4-5 хоног болоод гэртээ ирсэн. Энэ үед манай ээж Саруултуяагийн маань нүүр ам нь урагдаж, халцарсан, хөл нь нэлэнхүйдээ хөхөрч няцарсан сорвитой байсан бөгөөд тэр тухай ээж маань надад хэлэхдээ “мотоциклоос унасан юм" гэж худлаа хэлсэн байна. Сүүлд сонсоход намайг эзэнгүй хойгуур Золжаргал ах согтуу ээжтэй муудаад түүнийг зодсон юм шиг байсан. Үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Золжаргал ах, ээж Саруултуяа бид 3 гэртээ байж байхад Золжаргал ах, ээж 2 мал махны наймаан дээрээс болоод хоорондоо маргаад байсан. Тухайн үед ээж Саруултуяа, ах Золжаргал нар архи уугаагүй, эрүүл саруул байсан. Ингээд Золжаргал ах уурлаад ээжийн толгойн тус газарт миний санаж байгаагаар 2-3 удаа цохиод, ээжийн сууж байсан сандлыг нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би уйлаад хашгирсан бөгөөд энэ үед Золжаргал ах ээжийг зодохоо больсон. ...Үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт Золжаргал ах, ээж Саруултуяа, хөрш ах Баатараа, түүний эхнэр Шонхоо бид нар байж байсан бөгөөд ээжийг Шонхоо эгчийн хамтаар үнээ сааж байхад Золжаргал ах түүнээс цайны идээ асуух үед “дуусчихсан” гэж хэлэхэд Золжаргал ээжтэй муудаад гартаа барьж байсан төмрөөр ээж Саруултуяагийн гуяны арын хэсэгт нь миний харснаар 2-3 удаа цохиж байсан. Энэ үед би хашхираад болиочээ гэхэд болихгүй байсан бөгөөд миний гарыг мушгиад түлхээд газар чулуудсан. Энэ үед би газарт хавиргаараа чулуун дээр унасан. Энэ асуудлын улмаас миний гарын бугуй өвдөж, хавирга хэсэгт хөндүүр байна...” гэжээ. /хх-ийн 29-31/

Гэрч Э.Түмэн-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн өдөр Саруултуяагийн гэрт нь Золжаргал, Саруултуяа, Отгонбаатар бид хамтдаа 1 литрийн орос архи уусан бөгөөд би түрүүлээд тасраад унтсан. Маргааш өглөө 7 цагийн үед сэрээд Саруултуяаг харсан нүүр ам нь хөхөрч хавдсан, хөл нь нэлэнхүйдээ хавдсан байсан. Юу болсон талаар Саруултуяагаас асуухад "Золжаргал нэлээд согтуу үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгээд намайг зодсон” гэж хэлж байсан. ...Ингээд 2022 оны 08 дугаар сарын 06-ны орой Отгонбаатар, Саруултуяа бид 3 үхрээ саах гэж гараад 7 цагийн үед дууссан. Энэ үед Золжаргал гадаа цай чанах гээд сууж байсан ба Саруултуяад хандаж “цайны идээгүй байдаг юм уу” гээд уурлаад байсан. Тэгтэл Золжаргал гартаа барьж байсан төмрөөр Саруултуяагийн гуя руу цохиод байсан. Энэ үед охин Цэлмүүн нь “ахаа болиочээ” гэхэд Золжаргал түүнийг түлхээд унагаасан. Би нөхөр Отгонбаатарыг дуудаж Отгонбаатар бид 2 Саруултуяа, Золжаргал хоёрыг салгасан. Тухайн асуудлын улмаас Саруултуяагийн хоёр гуя нь цус шүүрээд хөхөрсөн байсан. Золжаргалын хувьд уудаг Саруултуяаг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн...” гэжээ. /хх-ийн 36-37/

Гэрч Л.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “Мардай” гэх газарт эхнэр Шонхоо буюу Түмэн-Эрдэнийн хамтаар мал маллаж амьдарч байна. 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Түмэн-Эрдэнэ, хөрш Саруултуяа түүний нөхөр Золжаргал нарын хамтаар Саруултуяагийн гэрт нь архи уусан. Эхлээд Түмэн-Эрдэнэ тасраад тэдний гэрт унтаад өгсөн. Гарчихаад эргээд ороод ирсэн чинь Золжаргал, Саруултуяаг зодоод Саруултуяагийн хоёр хөл нь хавдсан байсан. Үүнээс хойш 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үхэртээ яваад ирэхэд Саруултуяа, Золжаргал, Түмэн-Эрдэнэ нар гадаа зогсож байсан ба Золжаргал Саруултуяа нар цайны идээ дээрээс болж муудалцаад Золжаргал төмрөөр Саруултуяагийн хөл рүү цохиод байсан юм шиг байсан. Түмэн-Эрдэнэ бид хоёр Золжаргал, Саруултуяа нарыг салгасан ба охин Цэлмүүн нь уйлаад байсан...” гэжээ. /хх-ийн 39-40/

Гэрч Б.Төвшинжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Гурванзагал сумын 2 дугаар багийн нутагт нөхөр Өнөрбаярын хамтаар мал маллан амьдарч байна. Манай дүү Саруултуяагийн хувьд 2022 оны 03 дугаар сараас эхлэн Иван овогтой Золжаргал гэдэг хүнтэй Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “Мардай” гэх газарт хамтран амьдрах болсон. Түүний хөршүүд болох Шонхоо Баатар нар нь “Шинь Шинь” ХХК-д сүү нийлүүлдэг бөгөөд Саруултуяа, Золжаргал нар тэр хоёрт тусалж ажилладаг байсан гэж ойлгож болно. ...Улмаар манай дүү Саруултуяа 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр над руу утсаар залгаад “Золжаргал намайг зодсон, би нуугдаад байж байна, гэр рүү орвол намайг алчих гээд байна” гэж хэлсэн. Тухайн үед хажууд нь хөрш эмэгтэй Шонхоо байсан ба түүнтэй утсаар яриад юу болсон талаар асуухад “Золжаргал Саруултуяаг ална гээд зодоод байсан, манай нөхөр Баатар бид хоёр арай гэж салгаж авлаа” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би аймгийн төвд ирэхэд араас Саруултуяа ирсэн. Тэрээр надад бүх зүйлээ хэлсэн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд удаа дараа Золжаргалд зодуулсан талаараа хэлсэн...” гэжээ. /хх-ийн 33-34/

И.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны орой ... бид 4 хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хэсэг хугацааны дараа Саруултуяа согтчихоод намайг Шонхоотой хардаад хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгэхээр нь би тэсэлгүй уурлаад түүний хөл рүү хэд хэдэн удаа өшиглөж, гараараа 1-2 удаа алгадаж байсан удаатай. ...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэртээ Саруултуяа, охин Цэлмүүн нарын хамтаар байж байсан. Түүний хувьд манай хамаатны үхрийг хүнд зарж өгнө гэсэн боловч тухайн асуудлаа шийдвэрлэж өгөхгүй байхаар нь би түүнтэй маргалдаж байхдаа толгой руу нь гараараа нэг удаа цохиж, сууж байсан сандлын хөл рүү нь өшиглөж байсан. ...2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ Саруултуяа, охин Цэлмүүн нарын хамтаар байж байхад манай хөршүүд болох Шонхоо, Баатар нар орж ирсэн. ...Саруултуяагаас цайны идээ асуухад “байхгүй” гээд уурлаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд гартаа барьж явсан хог түүдэг төмрөөр түүний бөгсөн тус газарт 1 удаа цохисон...” гэжээ. /хх-ийн 59-60/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 515 тоот дүгнэлт /хх-ийн 42-43/

Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 48/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-72/

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 2022/ХМШЗ/27 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 75-77/

И.Золжаргалын иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /хх-ийн 78-79/

П.Саруултуяагийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 87/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч И.Золжаргалд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд, халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөж хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Хуасай овогт Иваны Золжаргал нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “Мардай” гэх газарт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Саруултуяатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүнийг 2022 оны 07 дугаар сарын 02, 2022 оны 08 дугаар сарын 02, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд буюу байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2022 оны 07 дугаар сарын 02-ны орой ... би тэсэлгүй уурлаад түүний хөл рүү хэд хэдэн удаа өшиглөж, гараараа 1-2 удаа алгадаж байсан удаатай. ...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэртээ Саруултуяа, охин Цэлмүүн нарын хамтаар байхдаа манай хамаатны үхрийг хүнд зарж өгнө гэснээс болж маргалдаж толгой руу нь гараараа нэг удаа цохиж, сууж байсан сандлын хөл рүү нь өшиглөж байсан. ...2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ цай чанах гэхэд цайны идээ байгаагүйгээс болж хэрүүл хийгээд гартаа барьж явсан хог түүдэг төмрөөр түүний бөгсөн тус газарт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч П.Саруултуяагийн “...2022 оны 07 дугаар сард манай хамтран амьдрагч Золжаргал бид 2 хөршүүд болох Шонхоо буюу Түмэн-Эрдэнэ, түүний нөхөр Баатарын хамтаар Дашбалбар сумын 1-р багийн нутагт оршин суух гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед Золжаргалтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдахад миний хөл рүү хэд хэдэн удаа өшиглөж, гараараа миний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисон. ...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэртээ би хамтран амьдрагч Золжаргал, охин Цэлмүүн нарын хамтаар байж байхад Золжаргал бид 2 үхрийн махны наймаан дээрээс болж маргасан. Энэ үед Золжаргал уурлаад гараараа миний толгой руу нэг удаа цохиод сууж байсан сандлыг маань өшиглөж байсан. ...2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрийн гадаа хамтран амьдрагч Золжаргал, охин Цэлмүүн, хөрш Шонхоо буюу Түмэн-Эрдэнэ, түүний нөхөр Баатар бид нар байж байхад Золжаргал надаас цайны идээ, давс асуусан. Тэгэхээр нь дууссан шүү дээ гэж хэлэхэд тэрээр уурлаад гартаа барьж явсан хог түүдэг төмрөөр миний бөгсөн тус газарт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй гэрч Д.Цэлмүүний “...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Золжаргал ах, ээж Саруултуяа бид 3 гэртээ байж байхад Золжаргал ах, ээж 2 мал махны наймаан дээрээс болоод хоорондоо маргаад байсан. Ингээд Золжаргал ах уурлаад ээжийн толгойн тус газарт миний санаж байгаагаар 2-3 удаа цохиод, ээжийн сууж байсан сандлыг нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би уйлаад хашхирсан бөгөөд энэ үед Золжаргал ах ээжийг зодохоо больсон. ...Үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт Золжаргал ах, ээж Саруултуяа, хөрш ах Баатараа, түүний эхнэр Шонхоо бид нар байж байсан бөгөөд ээжийг Шонхоо эгчийн хамтаар үнээ сааж байхад Золжаргал ах түүнээс цайны идээ асуух үед “дуусчихсан” гэж хэлэхэд Золжаргал ээжтэй муудаад гартаа барьж байсан төмрөөр ээж Саруултуяагийн гуяны арын хэсэгт нь миний харснаар 2-3 удаа цохиж байсан...” гэх, гэрч Э.Түмэн-Эрдэнийн “...тухайн өдөр Саруултуяагийн гэрт нь Золжаргал, Саруултуяа, Отгонбаатар бид хамтдаа 1 литрийн орос архи уусан бөгөөд би түрүүлээд тасраад унтсан. Маргааш өглөө 7 цагийн үед сэрээд Саруултуяаг харсан нүүр ам нь хөхөрч хавдсан, хөл нь нэлэнхүйдээ хавдсан байсан. Юу болсон талаар Саруултуяагаас асуухад "Золжаргал нэлээд согтуу үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгээд намайг зодсон” гэж хэлж байсан. ...Ингээд 2022 оны 08 дугаар сарын 06-ны орой Отгонбаатар, Саруултуяа бид 3 үхрээ саах гэж гараад 7 цагийн үед дууссан. Энэ үед Золжаргал гадаа цай чанах гээд сууж байсан ба Саруултуяад хандаж “цайны идээгүй байдаг юм уу” гээд уурлаад байсан. Тэгтэл Золжаргал гартаа барьж байсан төмрөөр Саруултуяагийн гуя руу цохиод байсан. Энэ үед охин Цэлмүүн нь “ахаа болиочээ” гэхэд Золжаргал түүнийг түлхээд унагаасан. Би нөхөр Отгонбаатарыг дуудаж Отгонбаатар бид 2 Саруултуяа, Золжаргал хоёрыг салгасан. Тухайн асуудлын улмаас Саруултуяагийн хоёр гуя нь цус шүүрээд хөхөрсөн байсан...” гэх, гэрч Л.Отгонбаатарын “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Түмэн-Эрдэнэ, хөрш Саруултуяа түүний нөхөр Золжаргал нарын хамтаар Саруултуяагийн гэрт нь архи уусан. Эхлээд Түмэн-Эрдэнэ тасраад тэдний гэрт унтаад өгсөн. Гарчихаад эргээд ороод ирсэн чинь Золжаргал, Саруултуяаг зодоод Саруултуяагийн хоёр хөл нь хавдсан байсан. Үүнээс хойш 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үхэртээ яваад ирэхэд Саруултуяа, Золжаргал, Түмэн-Эрдэнэ нар гадаа зогсож байсан ба Золжаргал Саруултуяа нар цайны идээнээс болж муудалцаад Золжаргал төмрөөр Саруултуяагийн хөл рүү цохиод байсан юм шиг байсан. Түмэн-Эрдэнэ бид хоёр Золжаргал, Саруултуяа нарыг салгасан ба охин Цэлмүүн нь уйлаад байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 515 тоот дүгнэлт, эмчийн үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Золжаргал, хохирогч П.Саруултуяа нар нь 2022 оны 04 дүгээр сараас хойш хамтран амьдарч байгаа учир Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарахаас гадна мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тодорхойлсноор хохирогч П.Саруултуяаг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Байнга” гэдэгт тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн хэвшмэл маягтай гурав ба түүнээс дээш удаа хүчирхийлэл үйлдсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч И.Золжаргал нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Саруултуяаг 2022 оны 07 дугаар сарын 02-ний өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд гурван удаа зодсон үйлдэл нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч И.Золжаргалд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Иваны Золжаргалыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч И.Золжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч И.Золжаргалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх санал хүсэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч И.Золжаргалд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч И.Золжаргал нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/131 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон 7 сар 24 хоногийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч И.Золжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Золжаргалын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Саруултуяагийн  эрүүл мэнд, халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгч И.Золжаргал нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч И.Золжаргал нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч И.Золжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хуасай овогт Иваны Золжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ааснаар шүүгдэгч Иваны Золжаргалд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.Золжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Золжаргалд оногдуулсан 1 жил 1 сар 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч И.Золжаргал нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Саруултуяа нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЦЗ 78022371 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Золжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА