Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022          01            05                                     2022/ШЦТ/70

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллаглагч Н.Уранбайгаль,

хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунбуян,

шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н холбогдох эрүүгийн 2106 00534 0351 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н  нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Нарт” Хотхоны хойд замд “Toyota” маркийн “Prius” загварын 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т, мөн дүрмийн 3.5-д заасныг тус тус зөрчсөний улмаас 33 настай, эмэгтэй Ө.О-ийг мөргөн, улмаар тээврийн хэрэгслээр чирж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гэмт хэрэгт холбогдуулан ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Н , түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

                          

Шүүгдэгч Б.Н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 17, 100 дугаар хуудас),

                                          

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн: “Осол хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 9 дүгээр гудамжны зүүн үзүүрт Нарт хотхоны арын замд үйлдэгдсэн байв... Хэргийн газарт ирэхэд явган зорчигч Ө.О ирсэн. Эд мөрийн баримт болох хяналтын камерын бичлэгийг үндэслэж үзлэг хийхээр болов. А цэг буюу автомашин ухарч хүн мөргөсөн цэгийг ... үндэслэж зорчих хэсэг дээр байрлуулав. Б цэг буюу хүн автомашинд чирэгдэж яваад унасан цэгийг камерийн бичлэгийг үндэслэж зорчих хэсэг дээр байрлуулав. В цэг буюу үл хөдлөх цэгийг гэрэлтүүлгийн шонгоор авав. А цэгээс Б цэг хүртэл 24.0м, Б цэгээс ... хүртэл 1.1м, А цэгээс В цэг хүртэл шулуун тэгш өнцөгөөр хэмжихэд 1.0х5.1м байв...” гэх тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 113-118 дугаар хуудас),

 

2021 оны 7 дугаар сарын 19-нийт өдрийн Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “1. Үзлэгээр: Бичлэг №2 2021_23_23_50_00_1611991678.avi, 9 минут 59 секунд гэсэн дүрс бичлэгт орж уншуулахад гэр хорооллын гудам харагдах ба, дундуураа далантай далангийн дундуур жалгатай байна. Камертай талын далан дээгүүр 4 автомашин эгнүүлж байрлуулсан байх ба хажуугаар нь явган хүн явж байгаа харагдана. Бичлэг эхлэхэд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны 23 цаг 49 минут 57 секунд болж байх ба 23 цаг 50 минутын орчимд камерийн дурангийн эсрэг талаас далангийн хажуугаар явах автомашины шороон замаар тод гэрэлтэй автомашин гарч ирж байна. Тэр үед 23 цаг 50 минут 47 сек орчимд тухайн автомашины урдаас жижиг суудлын автомашин очих ба тэр үед эхний автомашин зогсоод баруун гар талын урд хаалга онгойж хүн буугаад тухайн автомашиныхаа ард очиж суув. Тэр үед 2 автомашин зөрсөн ба сүүлийн камертай талаас ирсэн. Автомашин тухайн газар сууж байгаа хүн дээр машинтайгаа тулж зогсоод автомашинаасаа бууж алхаад тухайн хүнийг буулгасан автомашинтай хүнтэй 23 цаг 51 минут 57 секунд орчимд уулзаж хэсэг хугацаанд юм ярьсан. 23 цаг 52 минут 17 сек орчимд тухайн автомашин нь хөдлөж явааад 23 цаг 25 минут 30 сек орчимд камерийн дэлгэцнээс гарч байна. (Тухайн уулзсан иргэн нь автомашинаас буулгасан хүнээ ав гэсэн байж болзошгүй) Тухайн автомашинтай уулсан явган хүн нь буцаж алхаад өөрийнхөө автомашины хажуугаар гараад 23 цаг 52 минут 48 сек орчимд газар шороон зам дээр бууж үлдсэн явган хүн дээр очиж уулзаж байна. Энэ үед камерийн доор бага оврын ачаатай, ачаан дээрээ зүйл даруулсан автомашин ирээд буцаад явсан. (Энэ хэрэгт хамааралгүй дүрс) Тухайн хүн нь газар сууж байгаа хүнийг замын хажуу талд гаргаад 23 цаг 53 минут 29 сек орчимд өөрийнхөө автомашинийг унаад тухайн хүний хажуугаар нь гараад яваад өгч байна. Тухайн газар сууж байгаа иргэн байрлалаа солихгүй сууж байх ба тэр иргэнийг буулгасан автомашин нь 23 цаг 54 минут 08 сек орчимд камерийн дэлгэцэнд ухарч гарж ирээд чигээрээ ухарсаар байна. 23 цаг 54 минут 59 секундэд зогсоод 23 цаг 55 минут 07 секундэд урагшаа хөдлөөд 23 цаг 55 минут 11 секундэд зогсоод маневер хийж буцаж ухраад 23 цаг 55 минут 17 секундэд тухайн зам дээр буулгасан хүнээ мөргөж унагаж байна. Тухайн автомашины урд талын их гэрэл асаалттай орчныг нэлээд хэмжээнд гялбуулж гайлаа. 23 цаг 55 минут 30 секундэд тухайн автомашин нь дахин урагшаа хөдөлж камерийн чиглэлд явах ба автомашины баруун гар талын доод ирмэгт өмнө нь зам дээр сууж үлдсэн хүнийг чирээд явах ба 23 цаг 55 минут 45 секунд орчимд хашааны буланд тухайн иргэн автомашинаас салж газар хэвтэж үлдсэн ба 23 цаг 55 минут 49 секундэд автомашин камерийн дэлгэцнээс нилээд хэмжээний хурдтайгаар гарч байна. Тухайн иргэн газар хөрвөөгөөд хөдлөөд байх ба 23 цаг 59 минут 26 сек орчимд камерийн дэлгэцэнд 2 эрэгтэй хүн орж ирээд тухайн иргэн дээр ирж юм асуугаад байгаа бололтой байв. Уг бичлэг 23 цаг 59 минут 55/56 сек орчимд дуусч байна... удалгүй 00 цаг 15 минут 32 сек орчимд бараан өнийн суудлын автомашин ирээд тухайн хүний хажууд байсан энгийн 2 иргэний хамт юм ярьж байх ба тухайн хүнийг хашааны ёроолд дэвссэн юмны хамт аваачиж тавьж хувцасаар нь хучиж байв. 00 цаг 17 минут 50 секунд орчимд цагдаа үлдээд тухайн хоёр иргэн явлаа. Тухайн алба хаагч нар ойр орчимд нь алхаж эргэлдсээр байх ба 00 цаг 22 минут 35 секунд орчимд хашааны ёроолд хэвтэж байгаа хүний хучлагыг засаж байна. 00 цаг 23 минут 58 секунд орчимд эмнэлгийн машин ирж үзэж байх ба үзэж байгаа дүрс нь эмнэлгийн автомашины гэрэл гялбаж тодорхой сайн харагдахгүй байх ба 00 цаг 29 минут 56 секундэд тухайн бичлэг дууслаа... тухайн хүнийг эмнэлгийн автомашины гэрэлд эмч үзэж байна. 00 цаг 32 минут 33 секундэд дээрээ дохиотой цагдаагийн прогон автомашин ирэх ба нэг цагдаагийн алба хаагч бууж ирээд 00 цаг 35 минут 45 секунд орчимд тухайн хүмүүс хамтран газар хэвтэж байсан хүнийг цагдаагийн автомашинд суулгаж байгаа дүрс үлджээ...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас),

 

Хохирогч Ө.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 23-нд ... Чука намайг манай хашаанд буулгасан. Намайг О цохисон гээд над руу уурлаад байсныг би санаж байна. Тэгээд удаагүй би машинаас нь чирэгдчихсэн, миний бүх бие өвдөөд байсныг санаж байна. Тэгээд эмнэлэгт ирсэн. Хагалгаанд ороод өчигдрөөс ухаан орж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

 

Хохирогч Ө.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Т.С миний найз. Бид 3-4 жил найзалж байгаа. Нөгөө хоёр хүнийг сайн танихгүй. Тэр өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 16-17 цагийн орчим байх Т.С залгаад уулзья би хороололд байна гэсэн... намайг очиход Асай эмнэлгийн өөдөөс харсан гудманд трансформатрын хажууд машиндаа гурвуулаа пиво уугаад сууж байсан. Цайвар өнгийн Приус 30 байсан... Б.Н гийн машин гэсэн. Өөрөө жолооны ард сууж байсан... юунаас болсныг мэдэхгүй. Т.С , О нар хоорондоо маргалдаж хэрэлдсэн. Нэг их сүйдтэй юм болоогүй. О үлдээд Б.Н , Т.С бид гурав Баянзүрх дүүрэг хүү хөдөлсөн. Т.С г Кино үйлдвэр орчим буулгаад би ах Пүрэвнямтайгаа утсаар ярьж хүргүүлж байна. Хашааны хаалгаа онгойлгоорой. Машинтай очиж байна гэсэн... Тэгээд бид хоёр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2-82 тоотод байх манай хашаанд машинтайгаа орсон. Ах хашааны хаалга хаах гэхэд бид хоёр буцаад гарсан... Тэгээд нэг мэдэхэд Б.Н гийн машинд чирэгдсэн сайн санаж байна. Тэгээд би машинаас салаад үлдсэн. Тэр үедээ ямартай ч салаад үлдлээ гэж бодож байсан юм. Нэг мэдэхэд хоёр цагдаа ирсэн. Намайг гэрт ахад хүргэж өгсөн... Н машин дотор Сансармаа бид хоёры авчирсан архинаас уусан. Би харж байсан... ил шархнууд үрэвсээд өвдөж байгаа, хоол идэхээр гэдэс цанхайн, шөнө нойр хүрэхгүй, урьд өмнөх шигээ ажилаа хийж чадахгүй байгаа учир сэтгэл санаа тавгүй байна... Н жолоодож явсан... манай гэрийн гадаа сүүлд бид хоёр машинд архи уусан. Тухайн үед бид хоёр согтолттой байсан... би тухайн үед согтуу байсан учир мөргүүлсэн газраа зааж өгч чадахгүй... эмчилгээний зардад гарсан байгаа. Баримтаар гаргаж өгнө. Жолооч ямар нэгэн төлбөр гараагүй осол болсоны дараа надад 500.000 төгрөг хагалгааны дараа өгсөн байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26, 119 дүгээр хуудас),

 

Гэрч Т.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэгээд тэндээ Ө.О бид хоёр дэлгүүр орж 1 шил 0.75 архи, 1 том пиво чипс гэх мэт юм аваад мөн л автомашин дотроо уусан. Бүгдийг нь уугаагүй. Зарим нь асгарсан. Тэгээд байж байгаад Очмаа бид хувийн асуудлаас болж жаахан маргалдаж хэрэлдсэн. ... Номин худалдааны төвийн арын зам дээр буугаад үлдсэн. Үүнээс хойш юу болсоныг мэдэхгүй. Дараа нь би Оюунцэцэгийг эмнэлэгт хэвтээд хагалгаанд ороход мэдсэн. ...Н архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас),

 

Гэрч Э.Оч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... архийг Ө.О уусан. Пиво Т.С бид хоёр уусан. Б.Н  машиндаа сууж л байсан. Архи уугаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас),

 

Гэрч Ө.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... О гэрт ирэх үедээ согтолт нь гайгүй болчихсон. Бие нь өвдөж байгаа бололтой ёолоод байсан юм. Тухайн үед О өөрийнхөө үилдэл болон тухаин үеийн үйл явдлыг ухамсарлах чадвартай байсан. Нурууны сүүжний ойролцоо их зулгарчихсан. Куртка нь нэлэнхүйдээ цус болчихсон байдалтай байсан.  01 цагийн үед дугаарыг нь сайн санахгүй байна дугаараас залгаж цагдаа байна. Танай дүү урд гудамжинд тасраад хэвтэж байна. Та гэрийнхээ гадаа гарч ирээд аваарай гэж хэлээд би гэрийнхээ гадаа гараад очтол нэрийг нь сайн мэдэхгүй хоёр цагдаа манай дүүг авч ирсэн. Би дүүгээ хартал манай дүүгийн хувцас урагдаж тоос, шороо болсон бие нь шалбарсан улайсан байдалтай байхаар би гэр лүүгээ орж унтуулсан. Маргааш өглөө нь манай дүү сэрээд ахаа миний бие нэг л муу байна. Та түргэн дуудаач гэж хэлж би 103 дуудаж эмч ирээд эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60, 63 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1317 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Баруун сарвууны ард 2x0.1см тав хуурсан зулгаралттай. хэвлийд мэс заслын шарханд цэвэр боолттой. Уг шархны зүүн талд хэвлийд 1ш, баруун талд 1см зайтай хөндлөн цуваа байрласан Зш тус тус 1ш оёдол бүхий шархтай. Хэвлийн зүүн доод хэсэгт цэвэр боолттой, гуурстай. Зүүн ташаа бүсэлхийн зүүн хэсэгт 8x2.5см шархтай. Бүсэлхийн баруун хэсэгт 20x6.8см тав тогтсон зулгараллттай.

УХТЭ-ийн өвчний түүхээс №269857/... түүх нээсэн эмнэлэгт хэвтсэн 2021.01.24  17:28... 2021.01.24 19:41 УХТЭ КТГ-д: Зүслэгт орсон 2 уушгины суурь хэсэгт голомтот болон эзэлхүүнт өөрчлөлтгүй. 2 талын плеврийн хөндийд шингэн тодорхойлогдохгүй. Эпэгний гадаргуу тэгш, элэгний S4-p сегментийн гадаргуу тэгш бус, элэгний S4-ийн гадаргуу дотогшоо 4.1см хүртэлх хэмжээтэй О.6см зузаантай гипиденсив өөрчлөлттэй/laceration/. Элэгний S5-д 5.1х1.6см хэмжээтэй +50 нягттай, мөн цөсний хүүдий орчим 2.9х1.66см хэмжээтэй +65 нягттай гематомтой. Хэвлийн моррисоны зай, 2 хажуу суваг, дэлүүний зай бага аарцгийн хөндийд +34 нягттай шинэг цустай. Цөсний хүүдий тодорхойлогдохгүй. ЦЕС-0.4см, ЦЕС-т рентгенд тодрох сүүдэр, чулуу тодорхойлогдохгүй. Дэлүү хэлбэр, хэмжээ 10.2x4.1см. дэлүүний нягт +45, гадаргуу жигд голомтот болон эзэдхүүнт өөрчлөлт илрээгүй. Нойр булчирхайн хэлбэр хэвийн, толгой 2.2см, их бие 1.9см, сүүл 2.4см хэжээтэй, гадаргуу жигд, голомтот болон ззэлхүүнт өөрчлөлт илрээгүй. Нойр булчирхайн суваг өргөсөөгүй. 2 бөөрний дээд булчирхай хэлбэр, хэмжээ хэвийн, голомтот болон эзэлхүүнт өөрчлөлтгүй. 2 бөөрний гадаргуу тэгш, хэлбэр, хэмжээ хэвийн, эзэлхүүнт өөрчлөлт илрээгүй. 2 бөөрний аяганцар тэвшинцрийн бүтэц хэвийн. Шээлүүрт өргөсөлт илрээгүй. Ходоод бүрэн тэлэгдээгүй, бүдүүн нарийн гэдэсний гогцоонд хий өтгөний агуулагдахуунтай, хана өтгөний гэдэсний гогчоонууд өргөсөөгүй. Ясанд деструкци, хугарал илрээгүй. Нугалам хоорондын зай хэвийн. Дүгнэлт: Элэгний 4,5-р сегментийн урагдал, 5-р сегментийн паренхимийн доорх цусан хураа, хэвлий болон аарцгийн хөндийд шингэн хуралт гэжээ эмч Нинж гэжээ. 2021.01.24 02:48:42 хэвлийн цуллаг эрхтний болон бусад эрхтний хэт авиан шинжилгээнд: Элэгний хэмжээ баруун дэлбэнгийн ташуу хэмжээ 11.2см, зүүн дэлбэнгийн ташуу босоо хэмжээ 5.7см, гадаргуу тэгш, бүтэц жигд бус, хэт авиан ойлт кэвийн. Үүдэн венийн голч 0.9см, элэгний вен хэвийн, элгэн доторх цөсний цорго хэвийн, голомтот өөрчлөлтгүй. Элэгний S5-p сегментийн эхо йолт жигд бус, цөсний орчим S5-д 3.0x1.8см эхонегатив зонтой/ S5-ийн урд гадаргуугаас 7.1см гүн эхон?гатив үона харагдана/. Элэгний S5-ийн урд хэсгээр капсул ялгарч харагдахгүй, лэгний гадаргуу тэгш бус харагдана. Хэвлий моррисоны зай бага аарцгийн хөндий, дэлүүний зайд шингэн ихтэй /цус/... хэвлийн хөндийд сул шингэнтэй гэжээ... мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас: Санал болгож буй мэс засал-хэвлийг нээж шалгах... ажилбарын үед хийгдэж болох нэмэлт ажилбар-элэг тайрах, цөсний замыг нөхөн сэргээх, гэдэсний замтай холбох, бусад эрхтэн гэмтсэн байх тохиолдолд мэс заслын үед шийднэ. Санал болгож буй мэс засал-гэмтсэн эрхтний цус алдалтыг зогсоох... 2021.01.24 23:18 мэс засалд оров. Эмч Э.Анхбаяр гэжээ... ДҮГНЭЛТ 1. Ө.О-ийн биед элэгний урагдал, цусан хураа, хэвлий, аарцгийн хөндийн цус хуралт, бүсэлхий ташаанд шарх, баруун сарвууны бүсэлхийд гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-66 дугаар хуудас),

 

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Үзүүлэгч Ө.О-ийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тээврийн хэрэгсэлд мөргөгдөх, цохигдсон, чирэгдэх үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121 дүгээр хуудас),

 

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн 278 дугаар: “... Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар 1. Toyota приус 30 маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Н  нь /ЧИ83020661/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 3. Явган зорчигч Ө.О /ГЙ87060203/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 122 дугаар хуудас),

 

Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би болсон хэргийг мэдэхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 23-24-ний өдөр жижүүрт дуудлагын цагдаагаар ажил үүргээ гүйцэтгэж байхад 24-ний өдөр 00 цаг өнгөрч байхад У-10 жижүүрээс “Нарт хотхоны ард ухаангүй согтуу эмэгтэй байна” гэсэн дуудлагыг хүлээн авч цагдаагийн ахлагч Эрдэнэбулганы хамт явсан. Ингээд бид хоёрыг очиход Нарт хотхоны хойд талын гудамжны үзүүрт эмэгтэй хүн согтсон байдалтай байсан бөгөөд тухайн эмэгтэйг 103-ийн эмч үзээд эрүүлжүүлж болно гэсэн бичиг хийж өгөөд бид хоёрт хүлээлгэж өгөөд явсан. Тэр хүнийг бид хоёр машиндаа суулгаад эмэгтэй эрүүлжүүлэх болоод Төмөр замын цагдаагийн хэлтэс дээр очиод хүлээлгэж өгөх гэсэн боловч тухайн эрүүлжүүлэх байрны алба хаагчид “хөл хорионы үе, ар гэрт нь хүлээлгэж өг” гэсэн учир тухайн эмэгтэйг буцаагаад хэлтэс рүүгээ аваад явж байхад нөгөө эмэгтэй сэрэхээр нь ар гэрийнхэн дугаарыг асуугаад төрсөн ахынхаа утасны дугаарыг өгсөн. Бид хоёр ахтай нь холбогдоод тухайн эмэгтэй нь анх хэвтэж байсан газраас хойшоо 4 гудамжны ард зүүн тийшээ харсан нүүрний хашаанд очиж ах дүү хоёрт хүлээлгэж өгсөн. Ах нь бид хоёрт “манай дүү орой нэг найзтайгаа цуг машинтай хашаанд орж ирээд архи уусан, буцаад хоёулаа цуг хашаанаас гарахдаа муу усны нүх, хашааны хаалга мөргөөд гарсан” гэж хэлсэн. Ингээд бид хоёр хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагандаа явсан. Маргааш нь өдөр нь ээлжнээс буугаад гэртээ амарч байхад манай жолооч ахлагч Эрдэнэбулган залгаад “нөгөө өгчигдөр орой хүлээлгэж өгсөн эмэгтэй чинь сая залгаад та нар намайг зодлоо, би хагалгаанд орох гээд эмнэлэгт байна гэж хэлээд байна” гэж хэлэхээр нь би “наад хүн чинь дахиад залгавал холбогдох гомдол гаргах газраа гомдолоо гаргавал гаргаж болно, өөрийн чинь хэвтэж байсан газарт манай хэлтсийн камер байдаг тэрийг шүүж үзээд наад асуудлаа шийдүүлээрэй” гэж хэлээд тасалсан. Түүнээс хойш бид хоёр луу тэр эмэгтэй залгаагүй ээ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас),

 

Гэрч Х.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би болсон хэргийг мэдэхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 23-24-ний өдөр жижүүрт дуудлагын жолоочоор ажил үүргээ гүйцэтгэж байхад 24-ний өдөр 00 цаг өнгөрч байхад У-10 жижүүрээс “Нарт хотхоны ард ухаангүй согтуу эмэгтэй байна” гэсэн дуудлагыг хүлээн авч хамт гарч байсан цагдаагийн ахлах ахлагч Ч-ийн хамт явсан. Ингээд бид хоёрыг очиход Нарт хотхоны хойд талын гудамжны үзүүрт 103-ийн эмч тухайн хүнийг үзээд эрүүлжүүлж болно гэсэн бичиг хийж өгөөд явсан. Тэр хүнийг бид хоёр аваад эмэгтэй эрүүлжүүлэх болоод Төмөр замын цагдаагийн хэлтэс дээр очиход “хөл хорионы үе, ар гэрт нь хүлээлгэж өг” гэсэн учир тухайн эмэгтэйг сэрэхээр нь ар гэрийнхэн дугаарыг асуугаад төрсөн ахтай нь холбогдоод гэрт нь хүргэж өгөхөд ах нь бид хоёрт “манай дүү түрүүн нэг найзтайгаа машинтай хашаанд орж ирээд архи ууж байгаад буцаж гарахдаа хашааны хаалга мөргөөд гарсан” гэж хэлээд дүүгээ хүлээн авсан. Ингээд бид хоёр хүлээлгэж өгөөд явсан байгаа. Маргааш нь өдөр нь жижүүрээс буусаны дараа тухайн эмэгтэй над руу залгаад “чамд зодуулсан эмэгтэй байна, миний элэг бяцарсан хагалгаанд орох гэж байна" гэж хэлэхээр нь би “таныг ухаангүй согтуу гудамжинд хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу би очиж гэрт чинь хүргэж өгсөн байгаа, таны хэвтэж байсан газарт манай хэлтсийн камер байдаг тэрийг шүүж үзээд наад асуудлаа шийдээрэй” гэж хэлээд тасалсан. Түүнээс хойш над руу залгаагүй ээ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Очмаагийн гэрээс ээж дүү хоёр нь гарч ирээд О аваад орсон. Тэгээд бид гурав машинтай яваад Баянзүрх дүүргийн тэнд байх Номин дэлгүүрийн хойно С-г буулгаад О “манайх дүүргийн гудамжинд байдаг юм, замд чинь бууна” гэж хэлээд би хүргэж өгөхөөр явсан. Тэгээд гудамжаар яваад О дэлгүүр лүү ороод Цагаан нэртэй архи аваад гарч ирээд би хүргэж өгөхөөр машинаа жолоодоод далан дагаад ертөнцийн зүгээр хойшоо яваад нэг цэнхэр хаалган дээр ирэхэд нэг эрэгтэй хүн хаалга онгойлгосон зогсож байсан... би зогсоод байж байтал нэг бүдүүн хар курткатай ах машин ирээд “хөөе чиний машинаас сая буусан хүүхэн уначихлаа чи очоод босгооч” гэж хэлэхээр нь би “за за ахаа” гэж хэлээд нөгөө машинтай зөрөөд би машинтайгаа ухраад очсон чинь О хашааны булан дээр сууж байсан. Тэгэхээр нь би машины цонхоо онгойлгоод “яасан хөгшөөн зүгээр үү” гэж асуухад “зүгээрээ найз нь ганц архи авчихмаар байна” гэж хэлэхээр нь би “одоо тийм юм байхгүй, чи гэртээ ор, би оройтоод байна харилаа” гэж хэлээд би урагшаагаа яваад өгсөн. Тэгээд би гэр лүүгээ харьсан... нэгт би тэр хүнийг мөргөөгүй, хоёрт тэр хүн машины араас өөрөө гараараа барьсан байх гэж бодож байна...” тухайн үед 500.000 төгрөгийг Сансармаа надаас зээлээд эмчилгээнд өгсөн байгаа. Өөр төлбөр төлөөгүй... би мөргөөгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 174-175 дугаар хуудас)

 

Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №499 дугаар: “Ө.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байна. Ө.О нь орон зай, цаг хугацаа болон өөрийн баримжаалалтай байна. Ө.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас),

 

Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 126-154 дүгээр хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа, техникийн тодорхойлолт (хавтаст хэргийн 155, 158 дугаар хуудас),

Жолооны үнэмлэхийн хуулбар, жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 157, 162 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),

Б.Н гийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ хуулбарууд (хавтаст хэгийн 159-160 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 164 дүгээр хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлгаа (хавтаст хэргийн 165 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 166 дугаар хуудас) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Н  нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Нарт” Хотхоны хойд замд “Toyota” маркийн “Prius” загварын 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т, мөн дүрмийн 3.5-д заасныг тус тус зөрчсөний улмаас 33 настай, эмэгтэй Ө.О-ийг мөргөн, улмаар тээврийн хэрэгслээр чирж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч С.О нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Н  нь хохирогч Ө.О хамт  2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Нарт” Хотхоны хойд замд “Toyota” маркийн “Prius” загварын 0 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд явж байсан байх бөгөөд хохирогч Ө.О-ийг буулгаж, хохирогч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хашааны буланд сууж байж байхад  шүүгдэгч Б.Н  нь ухарах хөдөлгөөн хийхдээ хохирогчийг харалгүй  мөргөн, улмаар тээврийн хэрэгслээр чирж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн үйл баримт нь камерийн бичлэгт бичигдсэн байх бөгөөд уг камерийн бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэгдэж, уг нотлох баримтаар хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1317 дугаар дүгнэлтээр Ө.О-ийн биед элэгний урагдал, цусан хураа, хэвлий, аарцгийн хөндийн цус хуралт, бүсэлхий ташаанд шарх, баруун сарвууны бүсэлхийд гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн байх тул хохирогч Ө.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Улмаар шүүгдэгч Б.Н  нь хохирогчийг мөрдөж чирсэний дараа зогсож шаардлагатай арга хэмжээ авалгүй хэргийн газрыг зориуд орхиж явсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Н гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэж хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

 

Шүүгдэгч Б.Н  нь Toyoto Prius XW30 маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Ө.О-ийн эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1317 дугаар дүгнэлтээр “элэгний урагдал, цусан хураа, хэвлий, аарцгийн хөндийн цус хуралт, бүсэлхий ташаанд шарх, баруун сарвууны бүсэлхийд гэмтэл” гэмтэл тогтоогдсон ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд санаатай, уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохиролд болгоомжгүйгээр хандсан байх тул гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Н нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14, 3.5 дахь заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч Ө.О-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг хуульчилсан.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг шүүгдэгч Б.Н  зөрчиж, хэргийн газрын орхиж зугтаасан байна.

 

Шүүгдэгч Б.Н  нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж, хэргийн газрыг зориуд орхиж зугтааж явсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

            505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.О баримтаар 1.624.369 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунбуянтай “2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.600.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.400.000 төгрөг төлөхөөр тохиролцсон болно...” гэх тохиролцоо хийсэн бөгөөд өмгөөлөгч Б.Ариунбуян “... тохиролцсон тул өмгөөлөгч Б.Ариунбуян миний бие шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсанаа үүгээр илэрхийлж байна.” гэх хүсэлтийг тус тус гаргасан байх тул шүүгдэгч Б.Н г хохирогчид 3.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

            Мөн хохирогч Ө.О нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Б.Н гээс холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

                                           

Шүүгдэгч Б.Н  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч Ө.О-т учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан.

 

Дээрх хүсэлтийн хүрээнд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчтай ял тохиролцож, “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байх тул эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” санал улсын яллагчаас гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-н өдөр баталсан Эрүүгийн хуульд заасна гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,

мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршүүл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж тус тус заасан. 

 

Шүүгдэгч Б.Н  нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өмнөх Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдаж байгаагүй байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж,

4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “…энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заажээ.

 

Дээр дурдагдсан Өршөөлийн тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Н гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг тус тус багтаагүй байна.

Шүүгдэгч Б.Н  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн  2106 00534 0351 дугаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэснийг дурдав.

 

Шүүгдэгч Б.Н гийн В ангиллын 251251 дугаар жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр хүчинтөгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

                                         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д холбогдох эрүүгийн  2106 00534 0351 дугаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Н  нь хохирогчид 3.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж харилцан тохиролцсон болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Н гийн В ангиллын 251251 дугаар жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр хүчинтөгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

6. Хохирогч Ө.О нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Б.Н гээс холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

                                          

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                             М.ТҮМЭННАСТ