Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
Хэргийн индекс | 185/2022/0014/Э |
Дугаар | 2022/ШЦТ/134 |
Огноо | 2022-02-14 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/134
2022 02 14 2022/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч М.Отгонбаатар,
Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ц г овогт ГГ-ын Х-т холбогдох эрүүгийн 2109 00000 1433 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, Урьд
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил, 06 сарын хугацаагаар тэнссэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 702 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан Ц г овогт Г-ын Х /РД:000000000/,
2. Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.Х нь 2021 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Лакс баарны гадна иргэн Х.Э-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, “эрүү ясны баруун хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал, Г.Х нь 2021 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Лакс баарны гадна иргэн Х.Э-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, “эрүү ясны баруун хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Үүнд,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Э-ийн өгсөн “... Би 2021 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Лакс бааранд найзуудын хамт орсон. Тэр бааранд Ш гэх залуутай би маргалдсан. Тэгэхэд барзгар царайтай залуу надад хандаж, “Ийшээ гараад ярилцаад учраа ольё гээд гарцгаая” гэж хэлээд би Лакс баарны урд талын хашааны хаалгаар гарсан. Би тухайн үед хамгийн урд талд алхаж байгаад эргээд хартал нөгөө барзгар царайтай залуу миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Миний эрүү хугарсан асуудалд би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 83/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.М-ийн өгсөн “...Тэр үед Х, С 2 үл таних залуучуудтай маргалдаж байгаад салсан бөгөөд баарнаас гарсны дараа тухайн маргалдаж байсан залуучууд биднийг дуудаж гурав гурваараа зодолдъё гэж хэлсэн. Тэгэхэд Х, С 2 тухайн залуучуудтай зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ш-ийн өгсөн “...Биднийг бааранд бүжиглэж байхад үл таних залуу намайг мөрлөөд маргаан эхлүүлсэн. Тэр үед С тай бас нэг залуу маргалдаж байсан. Х , С нар нөгөө залуучуудтай зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/-р тал,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9854 дугаартай “...Х.Э-ийн биед доод эрүү ясны баруун хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Х-ийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Манай найз нэг залуутай маргалдаад байхаар нь би машинаасаа бууж очоод “Одоо боль” гэж хэлтэл хохирогч гэх залуу асуудалгүй сайхан зодолдъё гэж хэлээд өдөөд байхаар нь би тухайн залуутай зодолдож тухайн залууг гэмтээсэн. Би эмчилгээний зардал болгож, 4.000.000 төгрөгийг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Хийн тухайд өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмтлийн зэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн ангиллаар тогтоох бөгөөд дараах үндсэн шалгуур шинжээр гэмтлийн зэргийг тогтооно. Үүнд,
-Амь насанд аюултай эсэх;
-Эрүүл мэндийн байдлыг сарниулсан хугацаа;
-Гэмтлээс үүссэн үлдэц уршиг байгаа эсэх;
-Хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг үндсэн шалгууруудаар гэмтлийн зэргийг тогтоодог.
Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:
-Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарна.
Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмтэл нь учирсан үедээ хүний амь насанд аюулгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан ноцтой үр дагаварт хүргэхгүй зэргээрээ хүнд гэмтэл учруулахаас ялгаатай ч нөгөөтээгүүр тухайн гэмтэл нь хохирогчийн хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулах буюу, эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулдаг.
Шүүгдэгч Г.Х нь хохирогч Х.Э-ийн эрүүл мэндэд доод эрүү ясны баруун хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь хохирогчийн хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15-35 хувь алдагдуулсан хүндэвтэр зэрэгт хамаарах нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Хийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Иймд, шүүгдэгч Г.Хийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгч Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Г.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Х.Э нь хохирол нөхөн төлөгдсөн, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй талаараа /хх-ийн 96/-р тал хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Г.Хийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц Г овогт Г-ын Х-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хт 500 /таван зуу/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хт оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР