Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/112

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

2022           01            17                                         2022/ШЦТ/112

 

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,   

шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Д  холбогдох эрүүгийн 2103 00000 0392 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  Ч.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намяанжүгийн гудамж, Буламба хүнсний дэлгүүрийн урд талын замд “Toyoto Saiмаркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Л.Г-ыг мөргөж эрүүл мэндэд нь баруун хөлийн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, баруун шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

                       

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн: “Осол болсон газар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Буламба гэх хүнсний дэлгүүрийн урд зам байв. Үзлэг болон ослын газарт очиход явган зорчигч ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй, зам хөндлөн гарсан байв. Toyoto Sai маркийн 0 улсын дугаартай авто машин ертөнцийн зүгээр хойшоо урагш чиглэлтэй явж байгаад баруун гар тийш иргэв. Ослын газарт очиход явган зорчигч Toyoto Sai маркийн 0 улсын дугаартай авто машины жолооч нар ГССҮТ-рүү явсан байв... явган зорчигч анх машинд мөргүүлсэн гэх цэгийг А үсгээр, машинд мөргүүлээд унасан гэх цэгийг Б үсгээр, үл хөдлөх цэгийг дугааргүй гэрлийн шон В үсгээр тэмдэглэв. Ослын газрын зам орчны газар цастай нойтон ... , явган хүний замтай, гарцтай, хашлагатай, ... сөрөг чиглэлтэй хоёр эгнээ зам байв. А цэгээс Б цэг хүртэл 0.5м, А цэгээс В цэг хүртэл тэгш өнцөгт хэмжигчээр хэмжихэд 2.9х1.4м, А цэгээс В цэг хүртэл шулуун хэмжигчээр хэмжихэд 3.2м, Б цэгээс хашлага хүртэл 0.2м, зорчих хэсгийн нийт өргөн 7.3м, явган хүний замын нийт өргөн 1.7м, явган хүний замын гарцын ... 5.19 дугаартай тэмдэг тус тус байв...” гэх тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-13 дугаар хуудас),

 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Буламба хүнсний дэлгүүрийн гадна талын хяналтын камерт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн: “... Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Намяанжүгийн гудамж Буламба хүнсний дэлгүүрийн урд замд байх гадна талын хяналтын камерын бичлэгийг үзэхэд: 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 18 цаг 28 минутаас 18 цаг 33 минут хүртэлх бичлэг байв. Орой 18 цаг 30 минутад үзэгдэх орчин чөлөөтэй замын гэрэлтүүлэгтэй байх үед ертөнцийн зүгээр урд талаасаа хойшоо тийш чиглэлтэй зорчих хэсгийн ертөнцийн зүгээр урдаас хойш явган хүний гарцаар явж байсан хар өнгийн ноосон малгай, юүдэнтэй саарал өнгийн куртик, хар өнгийн түрүүтэй гутал, хар өнгийн өмд өмссөн эрэгтэй хүн 18 цаг 30 минут 40 секундийн үед зам хөндлөн гарахаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй гүйж байгаад 18 цаг 30 минут 41 секундэд ертөнцийн зүүнээс баруун чиглэлтэй явж байсан Т.Приус маркийн саарал өнгийн машины баруун урд талын дугуйнд мөргүүлж газар унаж байгаа нь бичигдсэн байв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

 

Хохирогч Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нэг машин булан тойрч маш хурдан гарч ирээд замын боржур дээр гарч амжаагүй явтал зүүн хөлийг маань мөргөөд би хажуу тал руу унасан... Одоо бодоод байхад яах ч аргагүй явган хүний гарцаар гарснаа санаж байгаа. Явган хүний гарц гэсэн тэмдэгтэй хэсгээр гарсан. Цагаан тэмдэглэгээ арилсан байх. Одоо надад эмчилгээнд зарцуулсан баримт байхгүй. Бүх төлбөрийг жолооч гаргасан... Би Нарантуул зах дээр 33 дугаар лангуун дээр түрээсэлж гутал зардаг. 2008 оноос хойш сарын түрээс 80.000 төгрөг. Сард олдог орлого нь 3.000.000-3.500.000 төгрөгийн хооронд хэлбэлздэг. Осолд орсноос хойш... ажилуулаагүй. Цаашдаа 3 сар таг хэвтэнэ. Нэмээд бодохоор 10.000.000 төгрөг нэхэмжилнэ. Би Хаан банкинд 530.000 төгрөг төлдөг. Одоо яаж төлөхөө мэдэхгүй, гомдолтой байгаа... цаашид гарах эмчилгээний төлбөрийг тухайн үед нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас),

 

Гэрч Т.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 27-ны 18 цагийн орчим манай нөхөр Д болон манай хоёр насанд хүрээгүй хүүхэд бид 4 гэрээсээ гараад гэр хороолол дундаар яваад Нарантуул олон улсын худалдааны төвийн хажуу талаар гараад Халдварт руу явж байсан. Тэгээд Нарантуул олон улсын худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байгаад баруун гар тийш иргээд явж байтал зам хөндлөн гарчихсан байсан явган зорчигчийг манай нөхөр машинаараа шүргээд харин нөгөө явган зорчигч газарт уначихсан. Тэгээд манай нөхөр машинаасаа буугаад тэр явган зорчигчийг машиндаа суулгаад шууд ГССҮТ-рүү яваад эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгээд хөлийнх нь зургийг авхуулсан. Тэгээд манай нөхөр цааш яваад ГССҮТ-н цагдаа дээр очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Тэр явган зорчигч зам хөндлөн гарчихсан байсан харагдсан. Тэгээд манай нөхөр машинаараа шүргэчихсэн...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас)

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11923 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт. Баруун тавхайн урд хэсгээс шилбэний дунд хэсэг хүрсэн гөлтгөнөн аравчтай. Биед ил харагдах гэмтэлгүй. 2021.11.27-ны өдрийн ЭХО-д: ... Хэвлийн хөндийд сул шингэн тодорхойлогдохгүй гэжээ. Гэмтлийн өөрчлөлтгүй байна. 2021.11.27-ны өдрийн баруун шилбэ, шагайн үений рентген зурагт: Баруун шагайн үений гадна хавчаар яс хугаралтай байна. Клиникийн онош: Баруун шагайн гадна хавчаар ясны далд хугарал гэжээ. ДҮГНЭЛТ: 1. Л.Г-ын биед баруун хөлийн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, баруун шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),  

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 31307486 дугаар: “Хариул-1 Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, баруун зүүн талын холын толийн тусгал, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, зогсоолын тоормос, баруун зүүн талын ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна. Автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна. Хариулт-2 Уг тээврийн хэрэгсэл учирсан эвдрэл гэмтэл байхгүй байна. Хариулт-3. Учирсан эвдрэл гэмтлүүд байхгүй. Тухайн осолд нөлөөлсөн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм. Хариулт-4 Учирсан эвдрэл гэмтлүүд байхгүй. Тухайн осолд нөлөөлсөн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм. Хариулт-5 Уг автотээврийн хэрэгсэл нь ABS бүхий шингэн дамжуулгат тоормосны системтэй. Хариулт-6 Уг автотээврийн хэрэгсэл нь ABS бүхий шингэн дамжуулгат тоормосны системтэй. Тоормоз бүрэн ажиллаж байсан. Хариулт-7 Toyota Sai маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2020, 2021 оны техникийн хяналтын үзлэгт орон тэнцсэн байна. Хариулт-8 Асуултад дурдаагүй боловч илэрсэн нөхцөл байдалгүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-55 дугаар хуудас),

 

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн 327 дугаар: “...Гэрч /жолооч / Ч.Д өгсөн мэдүүлэг: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн орчим би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул олон улсын худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй гэр хороолол дундаас төв зам руу гарах гээд явж байгаад Нарантуул захын хойд талын уулзвараар баруун гар тийш эргэж Халдварт тал руу явах гээд баруун гар тийш эргээд явж байтал нэг явган зорчигч зам хөндлөн гарч байхад нь Toyota Sai маркийн 0 улсын дугаартай автомашинаараа шүргэж гэмтээсэн тухайн үед би машинаасаа буугаад явган зорчигчийг шууд машиндаа суулгаад өргөж суулгаад ГССҮТ-н цагдаад бүртгүүлж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг.

Гэрч Т.Ренчинбадамаас өгсөн мэдүүлэг: “...Нарантуул олон улсын худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байгаад баруун гар тийш эргээд явж байтал зам хөндлөн гарчихсан байсан явган зорчигчийг манай нөхөр машинаараа шүргээд харин нөгөө явган зорчигч газарт уначихсан. Тэгээд манай нөхөр машинаасаа буугаад тэр явган зорчигчийг машиндаа суулгаад шууд ГССҮТ-рүү яваад эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгэсэн ...” гэх мэдүүлэг.

Хохирогч Л.Г-ын өгсөн мэдүүлэг: “... 18 цаг өнгөрч байхад Нарантуул захаас гараад хойд нүхэн хаалгаар ертөнцийн зүгээр баруун талын явган хүний замаар яваад тойрог хэсэг өнгөрч яваад хартал Нарантуул зах руу орох хөдөлгөөн бараг байхгүй байхаар нь би явган хүний гарц уг нь баруун талд байдаг юм. Тэр гарцаар гарахаар арай хол юм шиг харагдаад хажууд машин байхгүй болохоор нь арай амар юм уу гэж бодоод явган хүний гарцгүй хэсгээр гарч явтал гэнэт нэг машин булан тойрч маш хурдан гарч ирээд замын боржур дээр гарч амжаагүй явтал зүүн хөлийг мөргөөд би хажуу тал руу унасан. Намайг мөргөсөн жолооч эхнэр хүүхдийн хамтаар гарч ирсэн. Тэгээд намайг Т.сай маркийн машинд суулгаад гэмтлийн эмнэлэг орж цагдаад бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн №11923 дугаартай дүгнэлт.

2021.12.08-ны өдрийн шинжээч эмч Г.Золжаргалын гаргасан 5655 дугаартай дүгнэлт.

2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн гаргасан дүгнэлт хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн фото зураг, гэрч хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудыг үндэслэн дараах магадалгааг гаргаж байна.

Toyota Sai маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна.

1. Явган зорчигч Л.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадалгаа (хавтаст хэргийн 65 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... явган хүний гарцаар гарч явсан эрэгтэй хүний зүүн хөлийг машины баруун урд талын дугуйгаар мөргөж гэмтээгээд явган зорчигчийг аваад ГССҮТ явсан... би хохирогчийн эмчилгээний зардалд 1.215.900 төгрөгийг зарцуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас),  

 

Дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

Эд мөрийн баримтаар тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

Хохирогч Л.Г-ын ГССҮТ-д хэвтэн эмчлүүлэх үеийн өвчний түүх (хавтаст хэргийн 85-95 дугаар хуудас),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 111-117 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Гэрч М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ч.Д нь миний төрсөн ах 4 хүүхэдтэй айлын дээрээсээ 2 дахь, эхнэр 2 хүүхэдтэй баяжуулагч мэргэжилтэй, мэргэжлээрээ хувийн байгууллагад ажил хийдэг. ШУТИС бакалавр, магистраар төгссөн. Түрээсийн байранд амьдардаг төлөв даруу зарчимч шударга өөрийн гэсэн байр суурьтай. Замын хөдөлгөөнд оролцох үедээ маш их соёлтой оролцдог хүн байгаа юм. Архи тамхи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй. Муу зуршил байхгүй. Д ахын эхнэр ажил хийдэг. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

 

Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ч.Д нь миний аавын дүүгийн хүү байгаа юм. Ах Ч.Д эхнэр 2 хүүхэдтэй хамт цуг амьдардаг. Муу зуршил байхгүй. Гэр бүлдээ халамжтай сайн хүн, архи дарс уухгүй. Өөр надаа мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

                                           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 97 дугаар хуудас),

Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт болон жолооны үнэмлэхийн хуулбар, жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 98, 100 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 99 дүгээр хуудас),

Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 102 дугаар хуудас),

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 103 дугаар хуудас),

            “Цариг ресурс” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 106 дугаар хуудас),  

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ (хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас),  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи, хохирогч Л.Г-ын дансанд 5.000.000 төгрөгийг 2021 оны 12  дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн гэх ХААН БАНКНЫ шилжүүлгийн мэдээлэл (1 хуудас) зэрэг болно.

                                 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч: “Шүүгдэгч  Ч.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намяанжүгийн гудамж, Буламба хүнсний дэлгүүрийн урд талын замд “Toyoto Sai” маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Л.Г-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Д Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч  Ч.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намяанжүгийн гудамж, Буламба хүнсний дэлгүүрийн урд талын замд “Toyoto Sai” маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа гарцаар гарч байсан явган зорчиг Л.Г-ыг автомашины баруун урд талын дугуйгаар мөргөсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримт нь камерын бичлэгт бичигдсэн байх бөгөөд уг камерын бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэгдэж, уг нотлох баримтаар хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

 

Хохирогч Л.Г-ын эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11923 дугаар дүгнэлтээр “баруун хөлийн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, баруун шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

 

Шүүгдэгч Ч.Д нь “Тоёото Сай” маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Л.Г-ын эрүүл мэндэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11923 дугаар дүгнэлтээр “баруун хөлийн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, баруун шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

           

Шүүгдэгч Ч.Д нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монголын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч Л.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ч.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй байсны улмаас буюу хойшоо толиороо харж явж байгаад урьд гарцаар гарч байсан этгээдийг харалгүй мөргөж уг гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

           

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

           

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Г-ын эмчилгээний зардалд шүүгдэгч Ч.Д нь 1.215.905 төгрөгийг зарцуулсан, мөн хохирогчийн 5021347034 тоот Хаан банкин дахь дансанд 5.000.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн байх ба хохирогч Л.Г-ын зүгээс “... эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан тул хохирогч Л.Г миний бие цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал, хүсэлт гомдолгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх гар бичмэлийг шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Д-ыг хохирогчид 6.215.905  төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

           

Харин хохирогч Л.Г нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Ч.Д-аас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Ч.Д-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал,

Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогчид хохирол төлж барагдуулсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

                                              

Шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ч.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ч.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Шүүгдэгч Ч.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 6.215.905  төгрөгийг төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Л.Г нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Ч.Д-аас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ