Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 123/ШШ2021/0019

 
 

 

 

 

 

 

 

 

 

                     Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Одсүрэн би иргэн П.Даас Зэвсэгт Хүчний Хуурай Замын Цэргийн командлагчид холбогдуулан гаргасан “Зэвсэгт Хүчний Хуурай Замын Цэргийн Командлагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1001 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч П.Дыг урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Цэргийн цагдаагийн бүлгийн жолооч зохицуулагч дэд ахлагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагч Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал А нараас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч П.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, өмгөөлөгч Н.О, хариуцагч Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлагч хошууч генерал А бид нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тохиролцож дараах нөхцөлөөр харилцан эвлэрлээ.

1. Нэхэмжлэгч, хариуцагч талууд нь Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1001 дугаартай “Дэд ахлагч П.Дыг сахилгын шийтгэл ногдуулж, цэргийн жинхэнэ албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Дыг Зэвсэгт Хүчний 123 дугаар ангийн Уулын хөнгөн ротын жолооч буудагч албан тушаалд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр томилон ажиллуулах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлээ.

2. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг харилцан тохиролцож эвлэрсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч П.Д нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан эвлэрэхээр тохиролцсон.

3. Энэхүү гэрээг хэргийн оролцогч нар сайн дураар хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан бөгөөд эвлэрлийн гэрээ байгуулж байгаа эрх зүйн үр дагаврыг ойлгож мэдлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн П.Дын нэхэмжлэлтэй Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчид холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулан хариуцагч тал “Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1001 дугаартай Дэд ахлагч П.Дыг сахилгын шийтгэл ногдуулж, цэргийн жинхэнэ албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Дыг Зэвсэгт Хүчний 123 дугаар ангийн Уулын хөнгөн ротын жолооч буудагч албан тушаалд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр томилон ажиллуулах”, нэхэмжлэгч П.Д нь “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах”-аар талууд эвлэрэн тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, мөн зүйлийн 68.4 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж гэж тус тус заасантай нийцсэн, хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч нарын  “Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч А Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1001 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Дыг Зэвсэгт Хүчний 123 дугаар ангийн Уулын хөнгөн ротын жолооч буудагч албан тушаалд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр томилон ажиллуулах, нэхэмжлэгч П.Д ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан” эвлэрснийг баталж, П.Дын нэхэмжлэлтэй Зэвсэгт Хүчний Хуурай Замын Цэргийн Командлагчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.ОДСҮРЭН