Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0417

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: НЗД, Ч дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Л.Э-

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0093 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.М-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2022/1010/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б-с НЗД, Ч дүүргийн Засаг дарга нарт тус тус холбогдуулан “Ч дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Л.Э-д холбогдох хэсгийг, Нийслэл Засаг даргын 2020оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дүгээр захирамжийн мөн Л.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0093 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийг Ч дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Ч дүүргийн 16-р хороо, Согоот 83-11*** хаягт байрлах газрыг Б.Бид эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй Ч дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах. тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, 2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ч дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Л.Э-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дүгээр захирамжийн мөн Л.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Шүүгч шүүхийн шийдвэрээ гаргаагүй байхад та нарын хэн нэгэн нь газаргүй болж хоцорно шүү хэлээд байна шүү гэж дахин хэлье гэхдээ ингэж хэлэх нь бас юу юм бэ шүүх шийднэ гэж хэлээд эцсийн шийдвэрээ гаргахдаа шууд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, гуравдагч этгээд Л.Э-гийн Ч дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаартай газар эзэмших гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр гаргасан.

            3.2. Анхан шатны шүүх хурал дээр шүүгч шүүхийн шийдвэр гараагүй байхад та нарын хэн нэгэн нь газаргүй болж хоцорно шүү гэж хэлээд байна шүү гэж дахин дахин хэлье гэхдээ ингэж хэлэх бас юу юм бэ шүүх шийднэ гэж хэлээд эцсийн шийдвэр гаргахдаа шууд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            3.3. Энэ нь шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасны дагуу албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, мөн хуулийн 50.1.4-т заасны дагуу шүүхээр хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх илэрхийлэхийг хориглоно гэж заасан байна.

            3.4. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

            Гуравдагч этгээд Л.Э- нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Г” ХХК-иар 630.5 м.кв талбайтай кадастрын зураг хийлгэж газраа хашаалж, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хүсэлт, хүсэлтэд хавсаргасан баримтуудыг үндэслэн Ч дүүргийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжаар Ч дүүргийн 16 дугаар хороо, Согоот 83-1*** тоотод байрлах 630 м.кв газрыг гуравдагч этгээд Л.Э-д эзэмшүүлсэн.

            3.5. Мөн НЗД нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь дүүргийн Засаг даргын дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дүгээр захирамжаар Ч дүүргийн 16 дугаар хороо, Согоот 83-1*** тоотод байрлах 630 м.кв газрыг гуравдагч этгээд Л.Э-д өмчлүүлсэн шийдвэрлэсэн нь хуулийн дагуу гуравдагч этгээд Л.Э- газраа авсан байна.

            3.6. Гэтэл нэхэмжлэгч Б.Б нь 2012, 2014 онуудад газар эзэмших гэрчилгээ хүссэн өргөдөл гаргасан нь Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байх ба өргөдөл шийдвэрлэлтийн талаар тэмдэглэл үйлдээгүй, архивд тус иргэний өргөдөл хадгалагдаагүй байгаа нь нэхэмжлэгч Б.Б нь маргаан бүхий газарт хуулийн дагуу эзэмших эрх үүсээгүй байхад захиргааны анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            3.7. Нэхэмжлэгч нь Б.Б би газар эзэмших хүсэлтээ удаа дараа гаргасан боловч шийдэхгүй орхисон байдаг гэсэн тайлбар хэлдэг. Тэгвэл Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор шийдэхгүй бол дээд шатны Засаг даргад гомдлоо гаргана. Тухайн 30 хоногт гомдлоо гаргаад шийдвэрлэхгүй бол шүүхэд хандах эрхтэй гэж заасан байхад нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байна. Иймд удаа дараа хүсэлт гаргаж байсан гэж хариу тайлбар хэлж байгаа боловч уг хүсэлтүүд нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгчээс Ч дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Л.Э-д холбогдох хэсгийг, Нийслэл Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дүгээр захирамжийн мөн Л.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Миний эзэмшиж, өмчлөхөөр 2011 оноос хойш хүсэлт гаргаж байсан газрыг маань 2018 онд анх Л.Э-д эзэмшүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж, хариуцагч нараас “... Маргаан бүхий дүүргийн болон Нийслэлийн Засаг даргын захирамжуудаар гуравдагч этгээд Л.Э-д маргаан бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй” гэж, гуравдагч этгээдээс “... Миний бие маргаан бүхий газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр өмчилж байгаа” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

            3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж Б.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            4. Дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Г” ХХК-иар Ч дүүргийн 16 дугаар хороо, Согоот 83-11*** тоотод байрлах 700 м.кв газрын кадастрын зургийг хийлгэж, тус газрыг эзэмшиж, өмчлөх талаарх хүсэлтүүдийг 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд тус тус Ч дүүргийн Газрын албанд гаргасан байх боловч дүүргийн Засаг дарга, газрын албанаас ямар нэгэн байдлаар шийдвэрлэж хариу өгөөгүй байна.

            4.2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01-11/299 дугаар албан бичгээр “... Иргэн Б.Б-н 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших гэрчилгээ хүссэн 6 хуудас бүхий өргөдлийг Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2012 оны өргөдөл, гомдлыг бүртгэлийн дэвтэрт 2447 дугаарт бүртгэсэн байх ба өргөдөл шийдвэрлэлтийн талаар тэмдэглэл үйлдээгүй, архивд тус иргэний өргөдөл хадгалагдаагүй байна ...” гэх хариуг шүүхэд ирүүлсэн байна.

            4.3. Улмаар нэхэмжлэгч Б.Б-н 2021 онд гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн Ч дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/287 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Бид Ч дүүргийн 16-р хороо, Согоот 83-11*** тоотод байрлах 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

            4.4. Харин Гуравдагч этгээд Л.Э-гийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хүсэлт, хүсэлтэд хавсаргасан баримтуудыг үндэслэн Ч дүүргийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжаар Ч дүүргийн 16-р хороо, Согоот 83-1*** тоотод байрлах 630 м.кв газрыг эзэмшүүлж, Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гуравдагч этгээд Л.Э-д 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр маргаан бүхий газрын эзэмших эрхийн 000744618 дугаартай гэрчилгээг олгосон байна.

            4.5. Уг захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дүгээр захирамжаар Ч дүүргийн 16-р хороо, Согоот 83-1*** тоотод байрлах 630 м.кв газрыг гуравдагч этгээд Л.Э-д өмчлүүлж шийдвэрлэжээ.

            4.6. Ч дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 957 дугаар тодорхойлолт[1]-оор Б.Б нь 2011 оноос хойш тус газарт оршин суугаа болохыг тодорхойлсон, мөн хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдэд[2] мөн энэ талаар мэдүүлсэн байна.

            4.7. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 1/332 дугаар албан бичиг[3]-ээр 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б.Б-н нэр дээр үйлдсэн 700 м.кв талбайтай газрын кадастрын зураг нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Л.Э-гийн нэр дээр үйлдсэн 630.5 м.кв талбайтай газрын кадастрын зурагтай 517 м.кв талбайгаар давхцалтай, Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэдээлэлд иргэн Л.Э-д эзэмших эрхээр бүртгэгдсэн нэгж талбарын 1500***** дугаар бүхий 630 м.кв талбайтай газрыг Б.Б-н 700 м.кв талбайтай газартай давхцуулан үзэхэд мөн адил 517 м.кв талбайгаар давхцалтай гэж, хавсралтын хамт тус шүүхэд ирүүлсэн байна.

            4.8. Түүнчлэн Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15/637 дугаар албан бичгээр “... Та иргэн Б.Б-н 2015 оноос хойш оршин сууж байсан газрыг хууран мэхэлж эзэмшиж авсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье. Үүгээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу сонсгох арга хэмжээ авч байгаа болно” гэх мэдэгдлийг гуравдагч этгээд Л.Э-д хүргүүлсэн байжээ.

            4.9.  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана”, 20.3.4-д “хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус хариуцан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

            4.10. Дээрх хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хүсэлт гаргасан газар нь бусад этгээдийн эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байхаар хуульчлан тогтоосон байхад хариуцагчаас 2018 онд гуравдагч этгээд Л.Э-д газар өмчлүүлэхдээ бодитоор тухайн газар 2011 оноос хойш амьдарч байсан бөгөөд түүний 2012 оны 07 дугаар сарын 05, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Ч дүүргийн газрын албанд уг газрыг өмчлөх талаар гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлээгүй атлаа, нэхэмжлэгч Б.Б-н хүсэлт гаргасан, амьдарч буй газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж шийдвэрлэснийг хууль ёсны шийдвэр гэж үзэх боломжгүй байна.   

             4.11. Анхан шатны шүүх “...Б.Б-н 2011 онд газрын кадастрын зураг хийлгэж, 2012 онд эзэмшиж, өмчлөхөөр хүсэлт гаргаж байсан газартай давхцуулан хариуцагч Ч дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий Ч дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжаар маргаан бүхийг газрыг гуравдагч этгээд Л.Э-д эзэмшүүлсэн, ... хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актуудаар нэхэмжлэгч Б.Б-н эзэмшиж, өмчлөхөөр хүсэлт гаргаж байсан газартай давхцуулан гуравдагч этгээд Л.Э-д маргаан бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлтэй байна” гэж дүгнэн Ч дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Л.Э-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дүгээр захирамжийн мөн Л.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

            4.12. Хэдийгээр Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан, нэхэмжлэгч нь 2012, 2014 онуудад хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй тохиолдолд уг хуульд зааснаар дараагийн шатны байгууллага, албан тушаалтанд хандах боломжтой байсан байх боловч дүүргийн Засаг дарга, газрын алба нь иргэний гаргасан өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй, мөн нэхэмжлэгч нь 2011 оноос уг газарт тасралтгүй амьдарч байхад гуравдагч этгээдээс газар эзэмших хүсэлт гаргах үед бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаж байгаа эсэх, уг газрыг эзэмшиж өмчлөхөөр бусад этгээдээс хүсэлт гаргасан эсэхийг нягтлан шалгаж шийдвэр гаргах үүрэгтэй, уг үүргээ хэрэгжүүлээгүй нь бодитоор тогтоогдсон, мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт гаргаж, Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18/762 дугаар албан бичгээр хариуг өгсний дагуу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байх тул гуравдагч этгээдийн “... нэхэмжлэгч Б.Б нь ... Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын тухай хуулийн дагуу 30 хоногт шийдвэрлээгүй бол шүүхэд хандах байтал хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй  ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

4.13. Харин гуравдагч этгээдийн тухайд нэхэмжлэгчийн газартай давхцаагүй хэсгийг эзэмших, өмчлөх талаар эрх бүхий төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах эрх нь нээлттэй, хариуцагчаас энэ талаар хүсэлт гаргах тохиолдолд хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

   ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас, 11 дэх тал

[2] Хэргийн 2-р хавтас, 32-36 дахь талууд

[3] Хэргийн 1-р хавтас, 224-226 дахь талууд