Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхбаярын Алдар |
Хэргийн индекс | 185/2016/0122/Э |
Дугаар | 121 |
Огноо | 2016-10-24 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Прокурор: Н.Булганчимэг;
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;
Шүүгдэгч: Т.Азжаргал, түүний өмгөөлөгч Ш.Хандсүрэн нарыг оролцуулан
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000741 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, шүтээн урлаач мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гандантэгчинлэн хийдэд шүтээн урлаач ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-239Б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ИТ80090614, Гэгээн шавь овогт Тойлоогийн Азжаргал.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.Азжаргал нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, завсрын буудлын явган хүний гарц бүхий замд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 21 цаг 35 минутын орчим Ноndа СR-V маркийн 24-26 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 13.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч БНХАУ-ын харъяат Feng Yue-г мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Азжаргал мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч Fengyue /хх-ийн 50-51/, гэрч П.Батзориг /хх-ийн 63/, яллагдагч Т.Азжаргал /хх-ийн 85-87/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11264 дугаартай дүгнэлт /хх-ийн 65/, Техникийн шинжээчийн ¹507 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73/, шүүгдэгч Т.Азжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэх талаарх баримт /хх-ийн 105/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Азжаргал нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, завсрын буудлын явган хүний гарц бүхий замд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 21 цаг 35 минутын орчим Ноndа СR-V маркийн 24-26 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 ,13.1 заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч БНХАУ-ын харъяат FengYue-г мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч FengYue мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 08 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим харих гээд зам хөндлөн явган хүний гарцаар гарах гээд явах үед 7-н буудал руу чиглэлтэй явж байсан машинуудыг өнгөрөөгөөд замын голд очоод зогсоход хойноосоо ирж байсан цагаан өнгийн машин гарцан дээр зогсож өгөхөөр нь би урд талаар нь гараад өнгөртөл гэнэт нэг машин ирээд мөргөчихсөн. Тэгээд би мөргөгдөөд уначихаад эргэж босоод биеэ шалгасан чинь гар хөл зүгээр байх шиг байхаар нь буудал дээр зогсож байсан хүмүүс рүү тусламж гуйхаар очих гээд явж байтал өөдөөс нэг охин ирээд “та ингэж мөргүүлчихээд явж болохгүй дороо хэвтээ” гэсэн. Тэгээд би утсаа өгөөд хүү Бөхцэнгэл рүү залгуулж хэлүүлсэн. ...Явган хүний гарцаар гарч байсан замын 2-р эгнээгээр ирж байсан цагаан өнгийн машин зам тавьж өгсөн юм. Тэгээд тэрний урдуур гарч байтал замын 1-р эгнээгээр ирсэн машин мөргөсөн. Ослын улмаас гавалын яс цуурсан, тархинд хий орсон зөөлөн эдийн хавдаруудтай ууц нуруу хөхөрсөн байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 50, 51/,
Гэрч П.Батзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2016 оны 08 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна гэх/ орой 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6-н буудлаас засварын буудалд байх ахындаа орчихоод гэрлүүгээ харих зорилгоор гэр хорооллын гудамжаар ертөнцийн зүгээр замынхаа баруун талд баруунаас зүүн чиглэлтэй ганцаараа алхаад явж байтал түс гэх чимээ гарахаар нь булан эргээд гараад ирсэн чинь хойноосоо урагш чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бараан өнгийн Хонда Си 10 маркийн улсын дугаарыг нь анзаараагүй автомашин нь нэг эмэгтэй хүнийг мөргөчихсөн зогсож байсан ба ойр орчмын хүмүүс бужигналдчихсан байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө 96665166 гэсэн дугаараас 102, 103-т дуудлага өгсөн. Тэгээд 20 орчим минутын дараа цагдаа ирэхээр нь “би дуудлага өгсөн хүн нь байна” гэж хэлээд яваад өгсөн. Тэгтэл гэртээ харьсан хойно над руу түргэн тусламжийн эмч нь яриад зам тээврийн осол нь хаана болсон талаар нь асуухаар нь хэлж өгсөн юм. Зорчих хэсгийн нэгдүгээр болон хоёрдугаар эгнээний голд настай эмэгтэй нь дээшээгээ хараад ёолоод хэвтэж байсан. Ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх анзаарагдаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 63/,
Техникийн шинжээчийн 507 дугаартай дүгнэлтэд “...Ноndа СR-V маркийн 24-26 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Т.Азжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө…” мөн 2.7-д Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Fengyue /Д.Уламбаяр/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна..." /хх-ийн 72-73/,
Шүүгдэгч Т.Азжаргалын буруутай үйлдлийн улмаас хохирогч “...Д.Уламбаярын / FengYue/ биед дагз ясанд хугарал, тархи доргилт, дагз, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, бүсэлхий, зүүн тахимны хонхорт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна..." гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11264 тоот дүгнэлт /хх-ийн 65/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.Азжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч FengYue /Уламбаяр/ нь шүүгдэгчээс нийт 3.448.000 төгрөг хүлээн авсан байх бөгөөд тэрээр цаашил гарах эмчилгээний заодалтай холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Т.Азжаргалд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Т.Азжаргалын 300540 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэгээн шавь овогт Тойлоогийн Азжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Азжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Азжаргалын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.Азжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Хохирогч FengYue /Д.Уламбаярын/ өөрт учирсан гэм хорын талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 300540 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Азжаргалд оногдуулсан 02 жилийн ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Азжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР