Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 4

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01050/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1180 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.О-т холбогдох

          “290.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Т-, хариуцагч Ц.О-, түүний өигөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т-аас:

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр  Ц.У-аар Ц.О-тэй утсаар яриулаад зөвшөөрөл авч би бас яриад иргэн Ц.О-ийн 5055365439 тоот дансанд 62.500 төгрөгийг хийсэн. Иймд Ц.О-ээс үндсэн шилжүүлсэн 62.500 төгрөг 6 хүний тус бүр 36.500 төгрөг байхаар бодож 290.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.О-ээс:

2017 оны 01 дүгээр сарын 17-нд Ц.У- над руу утсаар ярьж би өөрийнхөө араас М-, Д.Т- нарыг орууллаа гээд миний дансанд эдгээр хүмүүсийн мөнгийг шилжүүлсэн. Би Ж- гэдэг хүнээр дээрх хүмүүсийн мөнгийг 5046257708 данс руу нь шилжүүлж, шивэлт хийлгэсэн байгаа. Ц.У- нь 187.500 төгрөгийн  цалин   гарч   түүнийгээ  дансаараа  авсан  байдаг. Миний  хувьд  Ц.У-ын хэлснээр дээрх 2 хүний мөнгийг дансаараа аваад тэр дор нь шивэлт хийлгэсэн учир дээрх нэхэмжилсэн мөнгийг төлөх хариуцлага хүлээхгүй гэж ойлгож байна. Д.Т- нь өөрөө энэ сүлжээнд элсэн орчихоод араасаа хүн оруулж байж цалин авдаг гэдгийг мэдсээр байж өөрөө ажиллаагүй, Ц.У-ын оруулж байгаа хүмүүсийг өөрийн араас орсон гэж ярьж, надад цалин өгөх ёстой гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1180 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.О-ээс 62 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгон, 227.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Т-ын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 4.800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 62.500 төгрөгийн тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч Ц.О-ээс биш Ц.У-аас мөнгөө нэхэмжлэх ёстойгоо ойлгоогүй. Матрикс сүлжээ нь олон хүнийг хохироосон эрүүгийн шинжтэй гэмт хэрэг тул ЦЕГ-ын харьяа Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хэрэг эрүүгийн журмаар эцэслэгдэн шийдэгдсэний дараа хохирлын асуудал яригдах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Т- хариуцагч Ц.О-т холбогдуулан сүлжээнд элсэн орохоор шилжүүлсэн 62.500 төгрөг, сүлжээнд элсэн орсноос цалинжих байсан 227.000 төгрөг нийт 290.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.О-ээс 62.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 227.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч нь Ц.О-ээс биш Ц.У-аас мөнгөө нэхэмжлэх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн болно.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянан үзэхэд хариуцагч Ц.О- нэхэмжлэгч Д.Т-аас өөрийн дансаар 62.500 төгрөгийг шилжүүлж авсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй.

Нэхэмжлэгч Д.Т- иргэн Ц.У-тай мөнгөний сүлжээнд элсэн орж хамтран ажиллах талаар тохиролцсон ба сүлжээний элсэлтийн мөнгө болох 62.500 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр  Ц.У-ыг Ц.О-тэй  утсаар яриулж иргэн Ц.О-ийн 5055365439 тоот дансанд 62.500 төгрөгийг хийсэн нь хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулгаар нотлогджээ. /хэргийн 22 дугаар тал/

         Хариуцагч дээрх мөнгийг Ц.У-ын хэлснээр аваад Ж-ийн 5046257708 тоот  данс руу нь шилжүүлж, шивэлт хийлгэсэн учир дээрх нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй  гэж тайлбар гаргасан боловч Д.Т-аас шилжүүлж авсан 62.500 төгрөгийг зохих этгээдийн дансанд хийсэн тухай нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан үүргийн дагуу шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

          Хариуцагч Ц.О- хавтас хэргийн 23 дугаар талд байгаа ХААН банкны дансны хуулгаар нэхэмжлэгч Д.Т-аас шилжүүлж авсан 62.500 төгрөгийг цааш нь зохих эзэнд нь шилжүүлж өгсөн гэж тайлбарладаг ба энэ нь иш татаж буй баримтаар нотлогдоогүй байна.

          Хэрэгт авагдсан дээрх баримтыг судлан үзэхэд хэний дансанд хэдэн төгрөг ямар агуулгаар шилжүүлсэн нь тодорхойгүй өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбар нь энэхүү баримтаар нотлогдохгүй байна.

          Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.Т-, хариуцагч Ц.О- нарын хооронд сүлжээнд элсэж хамтран ажиллах талаар үүргийн харилцаа үүсээгүй гэж үзнэ.

          Зохигчид мөнгөний сүлжээний Mатrix компаний ажилтан гэдгээ хэн аль нь  шүүхэд нотлоогүй байх тул  энэ байгууллагын ажилтан гэж үзэх боломжгүй юм.

          Зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй тул анхан шатны шүүхийг хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

           Анхан шатны шүүх зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсч хариуцагч тал нэхэмжлэгчийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

           Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                         ДАРГАЛАГЧ

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ                 

                                         ШҮҮГЧИД                                              Л.АМАРСАНАА

                                                                                                        С.ОЮУНЦЭЦЭГ