Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022          01           17                                           2022/ШЦТ/116

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч А.Оргилбаяр /цахим/,

шүүгдэгч П , түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм /цахим/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П холбогдох эрүүгийн 2016 00139 0023 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П  нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч төөрөгдөлд оруулж, бараа зарж ашиг олох хүсэл эрмэлзлэлийг нь ашиглан БНХАУ-аас хувцас нийлүүлэх захиалга авч, хуурч мэхлэн Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс 2.602.080 төгрөгийг “Хаан банк” дахь өөрийн эзэмшлийн 0 дугаар дансаар 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... би 4 хохирогчтой хохирогч нарынхаа хохирлыг барагдуулаад явсан. Энэ хэрэг нэг өдөр Баянзүрх дүүрэгт шалгагдаж, мэдүүлэг өгсөн. Би удаа дараа хэлсэн. Мэдээж миний өөрийн хийсэн хэрэг гэм буруугаа хүлээж байгаа. Гэхдээ нэг хэрэгт хоёр удаа яллагдаж байгаагаа хүлээн зөвшөөрмөөргүй байна гэж мөрдөгч, прокурорын шатанд хэлсэн. Оргилбаяр гэдэг прокурор шүүх хуралд 2-4 удаа яллаж оролцож байгаа. Надтай нэг ч удаа уулзаж байгаагүй. Миний өмнөх хэрэгтэй нэг ч удаа танилцаж байгаагүй. Өршөөлийн хуульд хамрагдсан хэргийг нэг хугацаанд шалгагдаж эхэлсэн байна уу, хохирлоо барагдуулсан байна уу, мөн Энх-Амгалан гээд яллах дүгнэлт үйлдээд явуулсан мөрдөгч нь намайг 409-т байхад манай гэрийнхэнтэй ярилцаад О эгчийн хохирлыг барагдуулчхаад за гараад ирсэн үү, би хэргээ шалгаж байгаа, тэр чамд хамаагүй Говь Алтайд хүрээд ир гэдэг. Энэ талаар Оргилбаярт хэлэхэд яллах дүгнэлтээ үйлдчихээд ажил дээрээ байдаггүй. Энэ хоёр дахь удаагаа яллагдаж байна уу гэдгийг нэг ч удаа харгалзаж үзээгүй. Би даргад нь удаа дараа хэлж байсан. Өөрт нь удаа дараа хэлэх гэж оролдсон. Мөнхбаатар гэдэг хүнтэй шинээр илэрсэн нөхцөл байдал гээд яриад байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. О эгчийг хохироосон байсан нь миний буруу. Нэг удаагийн бараа захиалгатай холбоотой асуудал байсан. Би 2 жил дамнаад, өнөөдрийн ийм асуудалд би өөрийгөө оруулсан гэдгийг ойлгож байгаа ч гэсэн яг нэг хэрэгт давтан давтан яллагдаж байгаа нь хэцүү байна. Баянзүрх дүүрэгт байгаа юм шиг Говь Алтай аймгаас дууддаг. Очихоор өөрөө амралтаа авсан, эсхүл КОВИД гээд байдаггүй. Говь Алтайд очиход таньж мэдэх хүн байхгүй тул 7-10 хоног буудалд байрладаг. Ийм байна шүү дээ, аль тал руу нь ч хамаагүй шийдээд өгөөч гэхээр хот руу явж бай гэчхээд яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлдэг. Энэ асуудал үнэхээр хэцүү байна. Өнөөдөр эцэслэж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар       

 

Хохирогч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Компанийн захиалга авдаг утас болох 0 гэх дугаар байсан бөгөөд би тус дугаарын утсаар холбогдоход компанийн менежер Пүрэвсүрэнгийн О танилцсан. Би тус компаниас бараа захиалахаар болж яаж захиалах талаар О-аас асуутал П  нь “та 0 дугаарын дансанд барааныхаа мөнгийг шилжүүлчих, тэгээд 8-10 хоногийн дотор таны захиалсан бараа Улаанбаатар хотод ирнэ. Тэгээд тань руу ярина” гэж хэлсэн. Би тухайн үед 2.602.080 төгрөгийн бараа авахаар болоод 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өөрийн 0 дугаартай данснаас 1.300.000 төгрөгийн урьдчилгааг О-ийн өгсөн 0 дугаартай дансанд шилжүүлсэн. Гэтэл О нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “таны бараа БНХАУ-ын Эрээн хотод ирчихсэн байна, та барааныхаа үлдэгдэл мөнгө болох 1.302.080 төгрөгийг шилжүүлчих” гэж хэлэхээр нь би хаширлаад өөрийн хүү болох Чагнаадоржийн Эрхэм-Төгөлдөрийг “яг тийм “Гранд Гүүр транс” ХХК байдаг юм байна уу үзээдэх” гэж хэлээд явуултал манай хүү “компани байдаг юм байна, 13 дугаар хорооллын Хос Өргөө худалдааны төвд оффис байдаг юм байна” гэж хэлэхээр нь би О-д итгээд үлдэгдэл мөнгө болох 1.302.080 төгрөгийг өөрийн нөхөр Д.Чагнаадоржийн Хаан банкны 0 дугаартай данснаас О-ийн өгсөн 0 дугаартай дансанд утга хэсэгт нь нэр, утасны дугаараа бичээд шилжүүлсэн. Тэгээд бараа ирэх хугацаа болмогц би О ярьтал “таны бараа маргааш ирнэ” гэж 4, 5 өдөр хойшлуулсан... олон шалтаг тоочоод явуулаагүй. Би аргаа бараад “Гранд гүүр транс” ХХК-ийн захирал Мөнхчулууны 0 дугаарын утсаар холбогдтол “манай компани өөрийн 0 гэх дансаар үйлчлүүлэгчдээсээ мөнгө авч байгаа. О-аас таны хийсэн гэх 2.302.080 төгрөг манай компанид орж ирээгүй. Та цагдаад ханд” гэж хэлсэн... Би одоо хохиролгүй болсон тул надад тус хэрэгт гомдол санал гэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-110 дугаар хуудас),

 

Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О нь манай компанид ажиллаж байх үедээ хувийн дансаа ашиглах ёсгүй. Компанийн 0 дугаарын дансанд мөнгө оруулах ёстой байтал хувийнхаа 0 гэсэн дугаарын дансаар болон өөр нэг дансаар мөнгө авсан байсан. Манай компанид бараа захиалсан хүмүүс нь гомдол гаргаж ирэх болсон... Би "Гранд гүүр транс” ХХК-д худалдаа хариуцсан менежер ажилтай. 2.602.080 төгрөг манай компани болон миний дансанд ороогүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115, 134 дүгээр хуудас),

 

Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Гранд гүүр транс” ХХК-ийн захирал ажилтай. Манай компани болон миний хувийн дансанд 2.602.080 төгрөг орсон зүйл байхгүй... П тай холбоотой асуудлууд 7 сараас эхлэн гарч эхэлсэн. Өөрийн дансаар хүмүүсээс мөнгө авч залилж компанийн нэр хүндийг унагаасан. 2020 оны 08 дугаар cap гэхэд ажлаас чөлөөлөгдсөн байсан. 0 нь манай компанийн дугаар бөгөөд О ашигладаг байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 129, 152 дугаар хуудас),

 

П гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “0 тоот дансыг 2019 оны 12 дугаар сараас хойш ашиглаж байгаа. 0 тоот дансыг 2020 оны 6 юм уу 7 дугаар сараас хойш ашиглаж байгаа. Би тухайн үед Гранд гүүр ХХК-д менежир ажил хийдэг байсан бөгөөд тухайн компани нь БНХАУ-ын гуанжу хотоос бэлэн хувцсыг худалдаачдад нийлүүлдэг байсан. Тэр үед О эгч 2.602.080 төгрөгийн бараа бэлэн хувцас захиалсан. Өрөө дарсан. Өөрийнхөө хувийн хэрэглээнд хэрэглэсэн. Ковидын нөхцөл байдлаас болж хил үе үе хаагдаж захиалгууд бага зэрэг удааширч байсан. Тийм болохоор би О эгч болон бараа захиалж байсан хүмүүстэй захиалга нь удаашраад байгаа талаар хэлсэн. О эгчтэй бараа захиалах хуудас, бараа захиалгын гэрээ байдагм боловч тус хуудаст би гарын үсэг зурсан. Харин О эгч хол байдаг тул түүний хүү манай ажил дээрээс ирж тус гэрээ хуудсыг авч явсан. Тус гэрээний хуудаст манай байгууллагын тамга байгаагүй. Тамга нь манай захиралд байдаггүй. Би захиалга авах эрхтэй бөгөөд Гранд гүүр компанийн 2020 оны 4 дүгээр сард байгуулагдснаас хойш захиалгын хуудас гэрээг би өөрөө боловсруулсан. Мөн бүх захиалгын гэрээнд ганцхан миний гарын үсэг байдаг. Энэ Гранд гүүр ХХК-ийн захиалгатай холбоотой хэрэг дээр намайг шалгаж байсан Баянзүрх дүүргийн 3 мөрдөгчид би бараа захиалгатай холбоотой 4 хүний гомдлыг нэгтгүүлж шалтгах талаар мэдүүлэгтээ болон хоёр шатны шүүхэд хэлж байсан. Гэтэл О холбоотой асуудлыг нэгтгээгүй үлдээж миний хувийн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. О бид хоёрын хооронд иргэд хоорондын гэрээ хэлцэл хийгдсэн. Отгонтуяагийн хүүхэд нь гэрээг хүлээж авчхаад гарын үсгээ зураагүй байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас),

 

2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас),

Говь-Алтай аймаг дах Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, ахмад Д.Энх-Амгалангийн илтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 5, 6, 7 дугаар хуудас)

Хохирогчид хохирлын мөнгийг барагдуулсан гэх дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 15, 39 дүгээр хуудас),

П гийн эзэмшлийн Хаан банкны 0 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 31-35 дугаар хуудас)

П гийн эзэмшлийн Хаан банкны 0 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас),

Хохирогч Ч.О-ийн эзэмшлийн Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

Д.Чагнаадоржийн эзэмшлийн Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

Мөрдөгчийн даалгавар (1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2027 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 213-220 дугаар хуудас),

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаартай магадлал (1 дүгээр хавтаст хэргийн 209-212 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1345 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж (2 дугаар хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудас),

Хяналтын шатны шүүхэд бичсэн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай прокурорын дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

П гийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 186 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 205 дугаар хуудас), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тухай тогтоол зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч П  нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч төөрөгдөлд оруулж, бараа зарж ашиг олох хүсэл эрмэлзлэлийг нь ашиглан БНХАУ-аас хувцас нийлүүлэх захиалга авч, хуурч мэхлэн Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс 2.602.080 төгрөгийг “Хаан банк” дахь өөрийн эзэмшлийн 0 дугаар дансаар 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч П  “Гранд гүүр” ХХК-д менежерээр ажилладаг байхдаа байгууллагын 0 дугаарыг ашиглан, өөрийгөө хохирогчид менежер гэж танилцуулан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Ч “та 0 дугаарын дансанд барааныхаа мөнгийг шилжүүлчих, тэгээд 8-10 хоногийн дотор таны захиалсан бараа Улаанбаатар хотод ирнэ, тэгээд би тань руу ярина” гэж, “таны бараа Эрээн хотод ирчихсэн байна, та барааныхаа үлдэгдэл мөнгийг шилжүүлчих” гэж хэлж, улмаар “таны бараа маргааш ирнэ” гэж удаа дараа худалж хэлж, түүнээс 2.302.080 төгрөгийн өөрийн Хаан банкин дахь 0 тоот дансанд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Гэрч Д, М нарын мэдүүлгүүдээр олон хүмүүс иймэрхүү асуудлаар гомдол гаргасан учраас П г ажлаас халсан, “Гранд гүүр” ХХК-д тус мөнгө орж ирээгүй, ямар нэгэн хувцас нийлүүлэх захиалга хийгдээгүй болох нь тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос П гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч П  нь “Гранд Гүүр Транс” ХХК-д ажиллаж байх хугацаанд тухайн байгууллагын 0 дугаарыг ашиглан, өөрийгөө хохирогчид менежер гэж танилцуулан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Ч та 0 дугаарын дансанд барааныхаа мөнгийг шилжүүлчих, тэгээд 8-10 хоногийн дотор таны захиалсан бараа Улаанбаатар хотод ирнэ, тэгээд би тань руу ярина гэж хуурч, таны бараа Эрээн хотод ирчихсэн байна, та барааныхаа үлдэгдэл мөнгийг шилжүүлчих гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар таны бараа маргааш ирнэ гэж удаа дараа худалж хэлж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, түүнээс 2.302.080 төгрөгийн өөрийн Хаан банкин дахь 0 тоот дансанд залилан авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

 

Шүүгдэгч П гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч П гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

                                  

Хохирогч Ч.О нь 2.302.080 төгрөгийг шүүгдэгчээс авсан гэж мэдүүлсэн мөн, 1 дүгээр хавтаст хэрэгт хохирлыг шилжүүлсэн гэх дансны хуулга авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч П д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “... гэм буруугийн тал дээр миний үйлчлүүлэгч маргадаггүй. Энэ 2 жилийн хугацаанд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Давж заалдах шатны шүүхээс тэнссэн шийдвэрийг өршөөлд хамрагдсан байдаг... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг, хохирлоо  төлсөн, өмнө нь тэнссэн шийдвэр гарч байсан тул анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялаас нөхцөл байдал, прокурорын саналын хүрээнд шийдэх боломж, өршөөлийн хуульд хамруулах зэрэг миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх буюу аль ашигтай байдлаар нь шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтийг  тус тус гаргаж мэтгэлцэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршихоор 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, улмаар 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

 

Шүүгдэгч П гийн үйлдэл нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд байх боловч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2027 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаартай магадлалаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон байх тул түүнд дахин Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”  гэж заасан. 

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П гийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

                      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч П  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч П д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

             

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч П  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П д урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                                         ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ