| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2022/1198/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1248 |
| Огноо | 2022-08-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1248
2022 08 22 2022/ШЦТ/1248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Э.Н-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206000001685 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Х овогт Э.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ноос 27-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот хашаанд байсан хохирогч Ө.Д-н эзэмшлийн Солонгос улсад үйлдвэрлэсэн шавар зуурагч миксерыг 83-65УАМ улсын дугаартай Хьюндай Бонго тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Иргэн Ө.Д-аас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
-Хохирогч Ө.Д-ийн “Хамгийн сүүлд 2022 оны 4 дүгээр сарын 22- ны өдөр 13:00 цагийн үед байшингийн хажууд шавар зуурагч миксер байсан. Би шөнөөр хоолны хүргэлтийн ажил хийдэг, бараг гэртээ байдаггүй юм. Тэгсэн өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 13:00 цагийн үед машинаа хашаанд байрлуулах гэж байгаад шавар зуурагч миксер хашаанд байхгүй болсныг мэдээд цагдаад хандсан. ...улбар шар өнгөтэй, өндөр нь 2 метр, өргөн нь 2 метр хавьцаа, 380 вольтын хүчин чадлаар ажилладаг, Солонгос улсад үйлдвэрлэсэн шавар зуурагч миксер байсан. 2020 оны 8 сард хуурай ах Алтанцолоос худалдан авч байсан. Би гэртээ ганцаараа амьдардаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн “...1 ширхэг миксер 1,600,000 төгрөгөөр үнэлсэн” гэх БЗДЗ-22-307 дугаартай тайлан /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40 дүгээр хуудас/,
- Яллагдагч Э.Н-ын “...над руу 2-3 хоногийн дараа залгаад миксер алга болчихлоо, чи авсан уу гэхээр нь би “аваагүй” гэж хэлсэн. ...тухайн миксерээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байх хашаандаа аваачсан. ...би мексерийг хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ноос 27-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот хашаанд байсан хохирогч Ө.Д-ийн эзэмшлийн Солонгос улсад үйлдвэрлэсэн шавар зуурагч миксерыг 83-65УАМ улсын дугаартай Хьюндай Бонго тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ө.Д, шүүгдэгч Э.Н нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн эд зүйл үнэлгээний тайлан, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Н-ыг машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулагдаж бэхжигдсэн, хохирогч шүүгдэгчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, хяналтын камерийн бичлэгээр давхар нотлогдсон эргэлзээгүй байх тул шүүх үнэн зөв гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Э.Н нь хохирогч Ө.Д-ийн эзэмшлийн шавар зуурагч миксерийг машин механизм ашиглан барилгын хашаанаас авч явсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмч, эд хөрөнгийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Э.Н-н гэмт үйлдлийн улмаас хохирогчид 1600,000 төгрөгний хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Н-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Н нь гэм буруу дээр маргахгүй гэж хэлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч Ө.Д-д 1.600.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол нөхөн төлөгдсөн буюу хулгайлагдсан миксерийг буцаан бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Э.Н-д холбогдох гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож нээлттэй хорих ангид хорих ял эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй. Эрүүгийн хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Н нь ээж аавтайгаа амьдардаг. Өөрөө бол хэвлэлийн мэргэжилтэй. 2019, 2020 онуудад нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байсан гэж яллах дүгнэлтэд тусгагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээж дууссан нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар учруулсан хохирлоо төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй. Ааш зан дөлгөөн, ажилсаг, тусархуу зан чанарууд байгаа. Хохирогч гомдол саналгүй. Өндөр настай ээж аавтайгаа амьдардаг. Энэ бүгдийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл ангийн доод ялын 2/1 буюу 1 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.
Шүүх шүүгдэгч Э.Н-д ял оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд нь ял шийтгүүлж байсан нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тал бүрээс нь харгалзан үзэж, хохирол төлбөргүй байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба шүүгдэгч Э.Н нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул шүүгдэгч Э.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э.Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Н-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ