Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/254

 

 

 

 

 

 

 

                                 2022/ШЦТ/254

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Хохирогч: А.М

Шүүгдэгч: Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Хт холбогдох 2212001010238 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Архангай аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. багийн .. байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байсан, Б овогт Дгийн Х /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр “Залуус" караокегийн зүүн талын уулзвар дээр 21-30 АРХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, хохирогч А.Мын жолоодож явсан Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөн, зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: Зам тээврийн осол гаргасан нь миний буруу. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй буюу хохирогч жолооны үнэмлэхгүй, хамгаалах малгай зүүгээгүй байсан. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр зуун хувь миний буруугаас болж зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн гэв.

 

 Шүүх хуралдаанд хохирогч А.М мэдүүлэхдээ: 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа явж байгаад машинд мөргүүлсэн. Хөл хугарсан, толгойдоо гэмтэл авсан. Ажлаа хийгээгүй 4 сар болж байна. Би сард 1.050.000 төгрөгийн цалин авдаг. Ажилдаа 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр орсон. Одоо ажил хийгээгүй 3 сарын цалингаа нэхэмжилж байна. Хөл сайн эдгэхгүй, доголон болсон учраас гомдолтой байна гэв.

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212001010238 дугаартай эрүүгийн хэргээс:

 

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Мын мэдүүлсэн: ...Миний баруун хөлийн шилбэ хэсгээр хугарсан, одоо эмчилгээ хийлгэж байна. Хөл эдгэрч зүгээр болох хүртэл зардлыг нэхэмжилнэ. Мөн би Улаанбаатар хот руу явж толгойн зураг авхуулах шаардлагатай байгаа. Энэ бүх зардал хэд болохыг би одоогоор хэлж мэдэхгүй байгаа тул гарсан зардлыг сүүлд баримтын хамт нэхэмжилнэ. Миний өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. Тухайн мотоцикльд баруун хөлийн гишгүүр хойш нугаларсан, хөл тоормосны пидал /гишгүүр/ нугаларч эвдэрсэн байна лээ. Үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй. Үнэлгээ гаргуулахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Мын дахин мэдүүлсэн: ...Би хохирлоо барагдуулж аваагүй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 350.000 төгрөг л өгсөн. Өөр зүйл өгөөгүй байгаа. Би Хаас 3 сая төгрөг нэхэмжилнэ. Би “Талын булаг” авто засварын газар ажиллаж байхдаа сард 1.500.000 төгрөг авдаг байсан бөгөөд хөл хугарснаас хойш ажлаа хийж чадаагүй. 3 сарын хугацаанд би ажил хийж болохгүй болсон тул тухайн мөнгийг нэхэмжилж байгаа юм. Цалингийн тодорхойлолтыг өмгөөлөгч Б.Алтанчимэгт өгсөн байгаа. Хэрэгт хавсаргуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд А.Мын гэрчээр мэдүүлсэн: ...Би тухайн өглөө 10 цагийн үед ажил руугаа өөрийнхөө улсын дугааргүй цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ганцаараа “Алтан туул” авто угаалгын газрын урдуур өнгөрөөд “Залуус” караоке 4 замын уулзвар 24 тойргийн чиглэлд явж байтал 4 замын уулзвар дээр цагаан өнгийн Приус-20 маркийн машин “Залуус” караоке чиглэл рүү зүүн гар тал руугаа буюу ертөнцийн зүгээр баруун тийш эргэсэн. Тэгээд дохио өгсөн үгүйг нь би анзаараагүй. Тухайн машин миний урдуур тулаад ороод ирэхээр нь тоормос гишгэсэн боловч явсаар байгаад тухайн машины баруун хойд хэсгийг нь мөргөөд мотоциклиосоо шидэгдээд засмал зам дээр унасан. Удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан. Миний баруун шилбэ хугарсан байна гэж хэлсэн. Би дохио өгч байгааг нь хараагүй. Яг уулзвар дээр ирээд урдуур эргээд ороод ирэхээр нь тоормос гишгэсэн. Дугуй зуурч тоормос ажилласан боловч засмал зам дээр зуурч /чирэгдэж/ явсаар байгаад очоод мөргөсөн. Миний мотоциклийн хянах самбар ажилладаггүй юм. Ойролцоогоор 30-40 км цагийн хурдтай явж байсан. Манай ажил яг тухайн 4 замын уулзварын зүүн гар талд “Талын булаг” нэртэй авто засварын газар байдаг юм. Чигээрээ яваад гэртээ очиж хувцсаа солих гэж явсан. Урд шөнө би найзындаа хоносон юм. Би урд шөнө буюу 2022 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө найзтайгаа хамт 0.5 литрийн 2 лааз пиво уусан юм. Өөр зүйл уугаагүй. Осол болох үед эрүүл байсан юм. Би зөвхөн “В” ангиллын үнэмлэхтэй. Мотоцикль жолоодох “А" ангиллын үнэмлэх байхгүй. Хамгаалах малгайгүй явсан юм. Би ямар нэгэн эм бэлдмэл уусан зүйл байхгүй. Ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Би мэдэхгүй байна. Миний бодлоор 30 орчим км цагийн хурдтай явсан байх. Намайг уулзварын ойролцоо ус зайлуулах хоолой дөнгөж өнгөрч байх үед тухайн “Приус-20” машин зүүн гар тийш эргэсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Хын мэдүүлсэн: ...Би хяналтын прокурор Ж.Угийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2212000000238 дугаартай тогтоолтой мөрдөгчөөр уншуулж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлэгтээ өмгөөлөгч оролцуулахгүй. Өмгөөлөгч сонгон авахгүй. Өөрийнхөө эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөр татгалзаж байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохиролд эмнэлэгт хэвтсэн эмнэлгийн төлбөр 350.000 төгрөг, толгойн зураг авхуулсан, 36.000 төгрөг, эмнэлэгт хэвтэж байхад нь хүнсэнд 60.000 төгрөг, өвчин намдаах эм, барагшун авч өгсөн 12.000 төгрөг тус тус өгсөн. Цаашид баримтаар гаргаж өгсөн хохирлыг барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 205 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. А.Мын биед баруун хөлийн шаант ясны дунд хэсгийн далд хугарал, зүүн шанаа, хөмсөг, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Осол болох цаг хугацаанд үүснэ. 4. Баруун шаант ясны далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтлүүд нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 35 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Д.Хын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 36 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. А.Мын гэх цусанд 0.8 промилли спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 35-36 хуу/

 

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. 21-30 АРХ улсын дугаартай Приус маркийн автомашины жолооч Д.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Улсын дугааргүй цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй) гэсэн заалт, мөн дүрмийн 3.4.В-д заасан “Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт, мөн дүрмийн 3.7.а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жич: Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Отгонжаргалын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтэд А.Мын гэх цусанд 0.8 промиль спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байна. 2. 21-30 АРХ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Д.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 3. Осол болоход замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Мотоциклийн хэдэн км цагийн хурдтай явсан хурдыг тогтоох боломжгүй байна. 5. Д.Хыг /РД:АЭ78110570/ регистрийн дугаараар ТРS программд шүүж үзэхэд В ангиллын 421937 дугаарын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. А.Мыг /РД:АА01290911/ регистрийн дугаараар ТРS программд шүүж үзэхэд В ангиллын 1391468 дугаарын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Жич хуулбарыг хавсаргав...гэх дүгнэлт /хх-ийн 42-43 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-05 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 06 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 07 хуу/

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 45 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 хуу/

“Талын булаг” авто сэлбэг, засвар, барилгын материалын дэлгүүрийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот тодорхойлолт /хх-ийн 77 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээ 1 хуудас, тасалбар 1 хуудас, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбарын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 136 тоот албан бичиг 1 хуудас, “Хаан” банкны мөнгөн шилжүүлэг 1 хуудас, тодорхойлолт 1 хуудас, “Талын булаг” авто сэлбэг, засвар, барилгын материалын дэлгүүрийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17 тоот тодорхойлолт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр “Залуус" караокегийн зүүн талын уулзвар дээр зам тээврийн осол гарч, А.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр “Залуус" караокегийн зүүн талын уулзвар дээр 21-30 АРХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, хохирогч А.Мын жолоодож явсан Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөн, зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч А.Мын мэдүүлсэн “Миний баруун хөлийн шилбэ хэсгээр хугарсан, одоо эмчилгээ хийлгэж байна. Хөл эдгэрч зүгээр болох хүртэл зардлыг нэхэмжилнэ. Мөн би Улаанбаатар хот руу явж толгойн зураг авхуулах шаардлагатай байгаа”,” Би хохирлоо барагдуулж аваагүй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 350.000 төгрөг л өгсөн. Өөр зүйл өгөөгүй байгаа. Би Хаас 3 сая төгрөг нэхэмжилнэ. Би “Талын булаг” авто засварын газар ажиллаж байхдаа сард 1.500.000 төгрөг авдаг байсан бөгөөд хөл хугарснаас хойш ажлаа хийж чадаагүй. 3 сарын хугацаанд би ажил хийж болохгүй болсон тул тухайн мөнгийг нэхэмжилж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52, 58/,

 

хохирогч А.Мын гэрчээр мэдүүлсэн “Би тухайн өглөө 10 цагийн үед ажил руугаа өөрийнхөө улсын дугааргүй цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ганцаараа “Алтан туул” авто угаалгын газрын урдуур өнгөрөөд “Залуус” караоке 4 замын уулзвар 24 тойргийн чиглэлд явж байтал 4 замын уулзвар дээр цагаан өнгийн Приус-20 маркийн машин “Залуус” караоке чиглэл рүү зүүн гар тал руугаа буюу ертөнцийн зүгээр баруун тийш эргэсэн. Тэгээд дохио өгсөн үгүйг нь би анзаараагүй. Тухайн машин миний урдуур тулаад ороод ирэхээр нь тоормос гишгэсэн боловч явсаар байгаад тухайн машины баруун хойд хэсгийг нь мөргөөд мотоциклиосоо шидэгдээд засмал зам дээр унасан. Удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан. Миний баруун шилбэ хугарсан байна гэж хэлсэн. Би дохио өгч байгааг нь хараагүй. Яг уулзвар дээр ирээд урдуур эргээд ороод ирэхээр нь тоормос гишгэсэн. Дугуй зуурч тоормос ажилласан боловч засмал зам дээр зуурч /чирэгдэж/ явсаар байгаад очоод мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Хын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг “Би хяналтын прокурор Ж.Угийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2212000000238 дугаартай тогтоолтой мөрдөгчөөр уншуулж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,

 

хохирогч А.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 205 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,   

 

зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-05/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 06/, ослын газрын схем зураг /хх-ийн 07/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Х нь гэм буруутай байна.

 

Д.Хын үйлдэл авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байдал хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан, мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул Д.Х нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу жолооч мөн гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Х болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Д.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Д.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

                                                                                                                                                                                           Шүүгдэгч Д.Х нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч А.М нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд эмчилгээтэй холбоотой зардал болон ажилгүй байсан хугацааны цалин, нийт 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Хаас нэхэмжилсэн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардалд шүүгдэгч Д.Х нь 350.000 төгрөгийг төлсөн байна.

 

            Хохирогч А.М нь зам тээврийн осолд орох үедээ “Талын булаг” авто сэлбэг, засвар, барилгын материалын дэлгүүрт сарын 1.050.000 төгрөгийн цалинтай засварчнаар ажиллаж байсан талаар Талын булаг” авто сэлбэг, засвар, барилгын материалын дэлгүүрийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тодорхойлолт, “Талын булаг” авто сэлбэг, засвар, барилгын материалын дэлгүүрийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17 тоот тодорхойлолтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч А.Мын ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, цалинг олгосон дансны хуулга, эмнэлгийн магадлагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын баримтууд нь тус тус хэрэгт авагдаагүй, хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь цалингийн тодорхойлолттой зөрүүтэй байх тул түүний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Хын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Дгийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Хын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

                                                                                                                                                                         

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ