Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 123/ШШ2021/0020

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

                                    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би Ц.Бын нэхэмжлэлтэй Зх хуурай цэргийн командлагчид холбогдуулан гаргасан “ЗХ Хуурай Замын Цэргийн Командлагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1009 дугаартай Ахлагч Ц.Быг сахилгын шийтгэл оногдуулж, цэргийн жинхэнэ албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Ц.Быг урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Мотобуудлагын батальоны хангалт үйлчилгээний салааны захирагч ахлагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар нараас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч Зазгар овогт Цэен-Ойдовын Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлагч хошууч генерал Б.Амгаланбаатар бид нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тохиролцож дараах нөхцөлөөр харилцан эвлэрлээ.

1. Нэхэмжлэгч, хариуцагч талууд нь Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1009 дугаартай “Ахлагч Ц.Быг сахилгын шийтгэл оногдуулж, цэргийн жинхэнэ албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Быг урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Мотобуудлагын батальоны хангалт үйлчилгээний салааны захирагч албан тушаалд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр томилон ажиллуулах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлээ.

2. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг харилцан тохиролцож эвлэрсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Ц.Б нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан эвлэрэхээр тохиролцсон.  

3. Энэхүү гэрээг хэргийн оролцогч нар сайн дураар хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан бөгөөд эвлэрлийн гэрээ байгуулж байгаа эрх зүйн үр дагаврыг ойлгож мэдлээ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Бын нэхэмжлэлтэй Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлагчид холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заасан.

Уг гэрээг талууд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй байна гэж шүүх үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар уг эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй нь тогтоогдож байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Бын нэхэмжлэлтэй Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлагчид холбогдуулан гаргасан “Зэвсэгт Хүчний Хуурай Замын Цэргийн Командлагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1009 дугаартай Ахлагч Ц.Быг сахилгын шийтгэл оногдуулж, цэргийн жинхэнэ албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Ц.Быг урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Мотобуудлагын батальоны хангалт үйлчилгээний салааны захирагч ахлагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй бөгөөд хариуцагч Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлагч Б.Амгаланбаатар нь нэхэмжлэгч Ц.Быг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Мотобуудлагын батальоны хангалт үйлчилгээний салааны захирагчийн ажил албан тушаалд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар хэлэлцэн харилцан тохирч эвлэрсэн, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЗОРИГТБААТАР